Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 148

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.А

Улсын яллагч Л.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э

Шүүгдэгч У.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт У.М-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т аймгийн Ж суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, Говьсүмбэр аймгийн шуухийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 8 сарын хорих ялаар, Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар, Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, хугацаа дуусч суллагдсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл Б овгийн У.М,

Холбогдсон хэргийн талаар:           

Шүүгдэгч У.М нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 08 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт Ж.А-н эзэмшлийн Vivo маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч У.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 08 цагийн үед Б-н гэрт очиход гэрийнх нь хаалга онгорхой, гэрт нь нэг хүүхэд унтаж байсан. Гэрийнх нь хойд талын зурагтын тавиур дээр гар утас байхаар нь авсан. Тухайн үед би Б-г гэртээ байгаа утас руу залгаж магадгүй гэж бодоод авчихсан юм. Би гар утсыг нь аваад шууд гэртээ харьсан. Би өөрийнхөө хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Ж.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө 08 цагт манай нөхөр Б бага хүү болох Б-г  цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр явж, том хүү Б бид хоёр гэртээ үлдсэн. Нөхөр Б, бага хүү Б-тэй нарыг гарч явсаны дараа би гарч бие засч орж ирээд өөрийнхөө хэрэглэдэг ... дугаартай ViVo маркийн хар өнгийн гар утсаар ярих гээд хайсан боловч олоогүй. Тэгээд нөхөр Б.Б бага хүү Б-г цэцэрлэгт нь хүргэж өгөөд гэртээ 08 цаг 20 минутын орчим эргэж ирэхээр нь би нөхөр Б миний гар утсыг хаана тавьсан бэ? гэж асуусан чинь манай нөхөр Б миний гар утсыг цэнэглээд зурагтын урд талд тавьсан гэж хэлсэн. Би бие засахаар гарахдаа гэрийнхээ хаалгыг цоожлоогүй, хаалгаа онгорхой орхисон байсан. Намайг бие засахаар гарахад манай том хүү Б орон дээр унтаж байсан. Би алдсан ViVo маркийн гар утсаа танил эгч Ц-с 2019 оны 08 дугаар сард 170.000 төгрөгөөр худалдан авсан. Миний алдсан гар утас ViVo маркийн хар өнгийн гар утас байсан, дэлгэцний гол хэсэгт нь цуурсан байсан. Загварыг нь сайн мэдэхгүй байна... Надад хүлээлгэн өгсөн хар өнгийн Vivo маркийн гар утас гэрээсээ алдсан миний гар утас мөн байна. Миний гар утасны дэлгэц нь ар талын таг нь салдаг байсан, яг мөн байна. Надад санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө 08 цагт бага хүү Б-г цэцэрлэгт хүргэж өгөхөөр гэрээсээ гарсан. Гэрээсээ гарахдаа эхнэр А-н гар утсыг зурагтны өмнө цэнэглээд үлдээсэн. Бага хүү Б-г цэцэрлэгт хүргэж өгөөд 08 цаг 20 минутын орчим гэртээ ирсэн чинь манай эхнэр А гар утсаа надаас асуухаар нь зурагтны өмнө цэнэглээд тавьсан гэж хэлээд эхнэр А-н гар утсыг цэнэглээд тавьсан газраа зааж өгсөн чинь гар утас нь байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 08/

Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ийн дүгнэлтэнд Vivo маркийн гар утсыг 120.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 13-15/

Таньж оруулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 18-20/

Эд  зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 21/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 23/

Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31/

Шүүгдэгч У.М-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 34/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 35/

У.М-н төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 38/

Шүүгдэгч У.М-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-41/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч Б овогт У.М нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өглөөний  08 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт оршин суух Б.Б орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хохирогч Ж.А-н эзэмшлийн Vivo маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 120.000 төгрөгийн хохирол учруулжээ.

Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч У.М-н хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... нөхөр Б, бага хүү Б-тэй нарыг гарч явсаны дараа би гарч бие засч орж ирээд өөрийнхөө хэрэглэдэг ... дугаартай ViVo маркийн хар өнгийн гар утсаар ярих гээд хайсан боловч олоогүй. Тэгээд нөхөр Б.Б бага хүү Б-г цэцэрлэгт нь хүргэж өгөөд гэртээ 08 цаг 20 минутын орчим эргэж ирэхээр нь би нөхөр Б-сээ миний гар утсыг хаана тавьсан бэ? гэж асуусан чинь манай нөхөр Б миний гар утсыг цэнэглээд зурагтын урд талд тавьсан гэж хэлсэн. Би бие засахаар гарахдаа гэрийнхээ хаалгыг цоожлоогүй, хаалгаа онгорхой орхисон байсан. Намайг бие засахаар гарахад манай том хүү Б орон дээр унтаж байсан. Би алдсан ViVo маркийн гар утсаа танил эгч Ц-с 2019 оны 08 дугаар сард 170.000 төгрөгөөр худалдан авсан. Миний алдсан гар утас ViVo маркийн хар өнгийн гар утас байсан, дэлгэцний гол хэсэгт нь цуурсан байсан. Загварыг нь сайн мэдэхгүй байна... Надад хүлээлгэн өгсөн хар өнгийн Vivo маркийн гар утас гэрээсээ алдсан миний гар утас мөн байна. Миний гар утасны дэлгэц нь ар талын таг нь салдаг байсан, яг мөн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/, гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын26-ны өглөө 08 цагт бага хүү Б-г цэцэрлэгт хүргэж өгөхөөр гэрээсээ гарсан. Гэрээсээ гарахдаа эхнэр А-н гар утсыг зурагтны өмнө цэнэглээд үлдээсэн. Бага хүү Б-г цэцэрлэгт хүргэж өгөөд 08 цаг 20 минутын орчим гэртээ ирсэн чинь манай эхнэр А гар утсаа надаас асуухаар нь зурагтны өмнө цэнэглээд тавьсан гэж хэлээд эхнэр А-н гар утсыг цэнэглээд тавьсан газраа зааж өгсөн чинь гар утас нь байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 08/, хөрөнгийн үнэлгээний А ХХК-ийн дүгнэлтэнд Vivo маркийн гар утсыг 120.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 13-15/, таньж оруулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 18-20/, эд  зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 21/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 23/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр батлагдан тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх  үзлээ.

Шүүгдэгч У.М нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэж, нууцаар, хууль бус аргаар үйлдэж бусдад 120.000 төгрөгийн хохирол учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

А ХХК-ний шинжээчийн үнэлгээний дүгнэлтээр хулгайд алдагдсан Vivo маркийн гар утасны үнийг 120.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд хохирогч уг гар утсаа буцаан олж авсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгчийг бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч У.М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 -т заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч У.М урьд нь 5 удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайн гэмт хэргээр ял шийтгүүлж байсан ч шүүгдэгчид эрүүгийн ял оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар арилсан,гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэмжээ бага зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан энэ хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээний хорих ял оногдуулж, түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн У.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч У.М-г 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.М-д оногдуулсан 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч У.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Д.Ц