| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2016/00968/И |
| Дугаар | 00944 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 00944
| 2016 оны 10 сарын 13 өдөр | Дугаар 183/ШШ2016/00944 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*********, хариуцагч З.******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.********* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие З.******тай хамтран амьдрах хугацаанд 2016 оны 3 дугаар сарын 06-нд охин М.***** төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлаас болж цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2014 оноос тусдаа 1 жил гаран амьдарсан бөгөөд эргээд нийлсэн. Гэтэл дахин үл ойлголцол үүсч одоо тусдаа амьдарч байна. Охин маань эхийнхээ асрамжинд байгаа. Бидний хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн асуудал дээр маргаан байхгүй, охиноо ээжид нь үлдээж, хуульд заасан тэтгэлэг төлнө. Миний хувьд тусдаа амьдралтай болсон тул эвлэрэх боломжгүй. З.******ын нэр дээр цалингийн зээл авсан нь үнэн бөгөөд сард 500 000 орчим төгрөг төлдөг, би үүнийг нь маргахгүй төлнө, төлөх бололцоотой. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч З.****** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2016 оны 4 сараас хойш тусдаа байгаа. Мөн эд хөрөнгийн маргаангүй ч миний нэр хамтран авсан цалингийн зээл байгаа. Би Ц.*********той 2002 онд оюутан байхдаа танилцаж 2005 онд гэр бүл болж 2006 онд охин М.***** төрсөн. Бид хоёр 2005 оноос хойш өөрийн гэсэн гэр орон байхгүй учраас хэн хэнийхээ эцэг эхийнд амьдардаг байсан. Хадмынд амьдарч байх хугацаанд нөхөр маань ажил хийдэг байсан бөгөөд байнга 3-7 хоногоор архи ууж гэртээ ирэхгүй гадуур хонодог байсан. Нэг хоног гадуур явах бол хэвийн үзэгдэл болсон бөгөөд үүнээс болж хэрүүл маргаан тасардаггүй цаашлаад намайг зоддог болсон. Би сэтгэл санааны дарамтанд амьдардаг байсан. Би охиноо 2 нас хүрэхэд 2008 онд хорооны зохион байгуулагчаар ажилд орсон. Ц.********* 2009 онд Санхүү эдийн засгийн дээд сургуульд Бямба гарагийн ангид сурна, мөн түүний дүү нь сургуульд сурч байгаа мөнгө хэрэгтэй байна гээд 2 500 000 төгрөгийн цалингийн зээл авахуулсан. Гэвч нөхөр маань хэсэг хугацааны дараа хичээлдээ явахгүй болохоор нь асууж сураглахад аль хэдийн сургуулийн төлбөрт өгнө гэж авсан мөнгөө буцааж аваад буудалд хэдэн өдөр архидсан гэдгийг хожим хойно өөрийнх нь найзаас сонссон. 2011 онд манай хадам эмээ бид хоёрт 1 өрөө байр бэлэглэсэн. Гэвч нөхрийн талын ах мөнгө хэрэгтэй гээд тэр байрыг 3 жил түрээслүүлчихээд та хоёрт өгнө гэж хэлсэн. Бид хоёр олон жил хадмындаа амьдарсан болохоор тусдаа гарахыг мөрөөддөг байсан болохоор тэр байрны 3 жил түрээслэх мөнгийг өгөөд тусдаа гарахаар шийдсэн. Би тухайн үед 8 сая төгрөгийн цалингийн зээл авч Ц.*********ийн ахад нь 4 сая төгрөг өгөөд үлдсэн мөнгөөр нь гэр орноо тохижуулсан. Тухайн үед байрны ордер шилжүүлээгүй байсан. Нөхөр маань тогтсон ажилгүй би цалингийн зээлээ төлдөг байсан. 2013 онд би ажилгүй болж цалингийн зээлээ төлөхөд маш хэцүү болж байрны төлбөрөөс 8 сая дутуу байсныг би эгчээсээ зээлж төлсөн. Би хадмынхаа байрыг ББСБ-ийн барьцаанд тавьж зээл авсан ч бүтэлгүй болсон. Ингээд бид өртэй хэцүү байх үед 2015 оны 5 сард нөхөр маань намайг хөөсөн. Надад явахаас өөр сонголт байгаагүй. Тухайн байранд миний нэр ороогүй байсан учраас өмч хөрөнгийн талаар маргаан гаргаагүй, олон жил энэ доромжлуулж эцэст нь залхаад хөөгдөөд гарсан. Ц.********* тухайн байрыг зараад миний зээлсэн мөнгийг төлсөн гэсэн. 2015 онд нөхөр маань буцааж хамт амьдарья гэж хэлсэн. Надад тухайн үед буцаж суух хүсэл байгаагүй ч охиноо өнчрүүлээд яахав гэж бодоод хамт амьдарья гэж шийдсэн. 2015 оны 5 сараас хамт амьдарч нөхөр маань охин бид хоёрыг хайр халамжаар дутаагаагүй, би өмнө нь амталж байгаагүй гэр бүлийн аз жаргалаа оллоо гэж бодсон. Гэвч энэ бүхэн удаан үргэлжлээгүй. Тэр үед байр хөлслөн амьдарч байсан бөгөөд байрныхаа мөнгийг төлж чадахгүй байна, хүнээс мөнгө зээлсэн гээд охин бид хоёрыг 2 сар ээж дээрээ байж бай гээд нүүлгэсэн. Ц.********* надаас хүн мөнгөө нэхээд байна гээд дахин 12 800 000 төгрөгийн цалингийн зээл авахуулсан. 10 сая төгрөгийг нөхөр маань зарцуулсан. Би өөрийгөө бодоод нөхөртөө туслахгүй байж чадаагүй, хүүтэй мөнгө зээлдэг хүнээс мөнгө зээлж өгсөн. Ингээд 4 сараас хойш нөхөр маань надтай уулзахаа больж намайг өөрөөсөө байнга түлхэж байсан. Би тэвчээртэй хүлээж байсан боловч миний утас руу салья, өөр хүнтэй болсон тухайгаа хэлсэн. Миний хувьд өөрөөсөө гарч болох тэсвэр тэвчээр, мөнгө төгрөг, бие сэтгэлээ зориулсан. Цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөрийнхөө асрамжид авч Ц.*********оос хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.********* нь хариуцагч З.******д холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Ц.*********, З.****** нар нь 2005 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсноо 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлж хууль ёсны гэр бүл болсон бөгөөд 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдөр охин М.***** төрсөн болох нь 1******** дугаар төрсний бүртгэлийн лавлагаа зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 56 дугаар ажиллагаагаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон байна. /хх-8/
Гэрлэгчид цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилгагүй, тусдаа амьдраад 6 сар гаруй хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгч нь тусдаа амьдралтай болсон бөгөөд хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүй гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын тохиролцооны дагуу охин М.*****г эх З.******ын асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ...эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэснээр эх З.****** нь охин М.*****г эцэг Ц.*********той уулзуулах нөхцлөөр хангаж, эцэг нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэдгийг дурдах нь зүйтэй.
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг төлөх хуулийн шаардлагын дагуу төлөгдсөн дээрх мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэгт тохирсон улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан улсын орлогод оруулж, гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ********* /ХЕ /,н ****** /ШЕ / нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин М.*****г эх З.******ын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин М.*****г 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.*********оос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан охин М.*****г эцэг Ц.*********той уулзуулахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх З.******д даалгасугай.
5. Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.*********оос улсын тэмдэгтийн хураамжинд 31 727 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ