Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 208

 

 

      Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б, шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Ц-ын Б-т холбогдох 1935004150217 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Зүүнхангай сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Ц овогт Ц-ын Б,  регистрийн дугаар:..............

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 16-ны орой Увс аймгийн Зүүнхангай сумын 1 дүгээр багийн нутагт 44-95 УВА улсын дугаартай Вонго пронтер загварын автомашин жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 10.1 дэх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч М.О-ын амь насыг хохироосон, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр 1935004150217 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн  баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-09 дүгээр хуудас/,

2. Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Н-гийн “...2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Д ахынд булангийн найр болж хүмүүс цуглаж найрлаж байсан. ...Тэгээд багийн төв дээр Д ахын гэрт ирхэд үдээс хойш болсон байсан, шинэ гэрт хүмүүс цай уугаад сууж байхаар нь орж цай ууж байхад Б, Г, Х хоёрыг аваад П-ийн гэр рүү явж тэндээ архи уучихсан орой 18 цагийн үед ирсэн. Тэнд ирэнгүүт О ажил руугаа явна гэхэд хэрэггүй одоо харанхуй боллоо харьж амраад өглөө ажилдаа яв гээд Бийн машинд О бид хоёр хүүхдээ авч суугаад Х мөн орж ирж сууж бид нар манай гэр рүү чиглээд явж багийн төвөөс 2 километр орчим газар явж байгаад Б замаасаа гараад төөрөөд зогсож байтал урдаас 1 машин ирж зогссон. ...нөгөө машин дахин ирээд зогсоход Х ах бууж машиныхан цонхон дээр очоод зогсоод байхаар нь миний нөхөр О Х ахыг дуудах гээд буухад нөгөө машин нь Х-г суулгаад яваад өгсөн. ...Би Оыг бие засаж байна гэж бодоод хүлээж байгаад 1-2 минут болоод орж ирэхгүй болохоор нь би машинаас бууж машины ард гараад харахад байхгүй байсан. Тэгээд би машинаас 2-3 метр яваад байхгүй болохоор буцаж машины хаалга онгойлгож орж ирээд Бт энэ О Х ахтай цуг сая ирсэн машинд суугаад явсан юм байхдаа алга байна гэхэд Б тэгвэл хоёулаа явъя гээд машинаа асаагаад урагш хөдлөхөд ямар нэгэн юм дээгүүр гарах шиг болсон. Тэгээд би Б-ийг зогсоогоод бууж ирээд харахад машины доор жолоочийн хажуугийн суудал талд байсан дугуйнд дайрагдсан амьд байсан тэгээд би харчхаад цээжин дээр нь машины дугуй байхаар нь айж орилоход Б бууж ирээд яачихваа хаана юу байсан бэ гэж орилсон. ...хүн дуудах гээд уйлаад гүйж байхад миний дэргэдүүр Бийн машин хурдтай зөрөөд өнгөрсөн. Тэгээд би ...Д ахын гэрт ирээд ...ухаан алдаад унасан. Маргааш нь буюу 10 дугаар сарын 17-ны өдөр талийгаачийг олсон.

...Миний сууж байсан талаар дайрсан болохоор би бууж харахад хайрцагтай дүнсэн тамхи дэргэд нь байсан. Талийгаач тамхи татах гээд сууж байсан юм шиг байна лээ. ...Б огт анзаараагүй ба бууж ирээд хөлөөс нь татаад гаргах гэхэд 2 гутал нь сугарч цогцос нь гарахгүй байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 38-41 дүгээр хуудас/,

4. Гэрч Я.Д-гийн “...Б машинаа уначихсан ганцаараа ирсэн. Ирээд машиныхаа дэргэд суугаад байхаар нь цуг авч явсан хүмүүсээ яав гэхэд юу ч дуугарахгүй байсан. Тэгээд 30 орчим минутын дараа Н хүүхдээ дагуулчихсан, явган уйлчихсан гүйж ирээд Б Оыг дайраад алчихлаа гэж хэлсэн. Тэгээд Бээс чи дайрчихсан юм уу гэхэд би дайраагүй, О Пийн гэр лүү гүйгээд явчихлаа гэж хэлсэн. ...Тэгээд харанхуй болохоор хайж олж чадаагүй, Н хаана байгаа газраа зааж хэлж чадахгүй байсан. Манай гадна Б машиныхаа дэргэд байсан бөгөөд шөнө 02 цагийн үед гэрт орж ирж ус уучхаад ...машинаасаа талийгаачийн гутлыг оруулж ирээд орхичхоод машинаа асаагаад яваад өгсөн. ...Б мотоциклтэй манай гадна ирээд талийгаачийг олчихлоо гэж хэлсэн. ...2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Б үдээс хойш манайд О Н нарыг авч ирэхдээ халамцуу ирсэн. Тэгээд манайд буулгачхаад явж байгаад ирэхдээ мөн архи уучихсан ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 дугаар хуудас/,

5. Гэрч Г.Ц-ийн “...Б машинтайгаа ганцаараа ирсэн ба 30 орчим минутын дараа Н хүүхдээ дагуулчихсан уйлчихсан ирээд Б чи хүн дайраад алчихлаа гэхэд би алаагүй гүйж явсан шүү дээ гэснээс өөр зүйл яриагүй. ...өглөө босоод хайхад олоогүй. Тэгж байтал Б мотоциклтэйгээ ирэхдээ замд байна гэсэн уйлчихсан ирсэн ба өглөө 08 цагийн үед талийгаачийг олсон байсан. ...2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Б архи уучихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

6. Гэрч Ж.Ж-ын “...би Өндөрхангай сумын 3 залуугийн машинд суугаад Дгийн гэрийг зааж тэднийд очсон. Тэнд очоод байж байтал Б ганцаараа машинтайгаа ирсэн. Тэгээд удаагүй байж байтал Н уйлчихсан ирсэн. Б О-ыг дайраад алчихлаа гээд орилсон уйлсан ирсэн. ...Б Бонго пронтер загварын автомашинтай явж байсан” гэх мэдүүлэг /хх- ийн 54-55 дугаар хуудас/,

7. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн “...Талийгаач М.О-н биед гэмтэл учирсан байна. Цээжний талын олон хавирганы олон шугамаар хугарал /цээжний баруун талын 1, 2, 3, 4, 5 дугаар хавирга, цээжний зүүн талын 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавирганы хугарал, зарим хугарлын ирмэг зөрүүтэй/, хугарлын түвшинд цус хуралт, баруун, зүүн уушгины цоорол, задрал, уушгинд цус хуралт, цээжний баруун, зүүн хөндийд цус хуралдалт, 2 талын уушгины шалчийлт, голтын зөөлөн эдэд цус хуралт, дух, баруун сарвууны ард, баруун бугуйн үеийн дотно хэсэгт, зүүн шуу, зүүн өвдөг, шилбэнд, баруун шилбэ, шагайн үеийн дотно хэсэгт зулгаралт, зүүн бугалга, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт, цээжний арьсан доор хий хуралт гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүдийн байрлалаас харахад цээжний хэсгээр дайрагдсаны улмаас үүссэн байх боломжтой. Талийгаач М.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсан байна. Талийгаач М.Оын биед үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдоогүй. Талийгаач М.О нь дээрх гэмтлүүдийг авсны дараа бие дааж ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй. Талийгаач М.О нь дээрх цээжний битүү гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна. Талийгаач М.О нь шинжилгээ хийж эхлэхээс өмнө нас бараад 30-38 цаг орчим болсон байх боломжтой” гэх 64 дугаартай дүгнэлт /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

8. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн богино ханцуйтай цамц, хөх өнгийн цамц болон бор өнгийн дээлний зүүн энгэрээс зүүн ханцуй хүртэл хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт, мөн бор өнгийн дээлний ар хэсэгт 0.8 см хэмжээтэй сэмэрч цоорсон гэмтэл нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн цооролт, ...Бор өнгийн дээлний ар хэсэгт 0.8 см хэмжээтэй сэмэрч цоорсон гэмтэл нь автомашинд дайрагдсанаас үүссэн байх боломжтой” гэх 19/87 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 87-90 дүгээр хуудас/,

9. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “...44-95 УВА улсын дугаартай Бонго пронтер загварын бага оврын ачааны автомашин жолоодож явсан жолооч Ц.Б нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Жолооч Ц.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д зааснаар “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 10.1-д зааснаар “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 3.5.а-д зааснаар: “Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 3.5.6-д зааснаар “Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, 3.5.г-д зааснаар “Тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчсөн. Жолооч Ц.Б нь жолооны үнэмлэхтэй эсэх талаар Цагдаагийн байгууллагын нэгдсэн сангаас лавлагаа хийхэд жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шууд шалтгаан нь жолооч Ц.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 10.1-д заасан заалтыг зөрчсөн үйлдэл болно” гэх 16 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 96 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн 64, 19/87, 16 дугаартай дүгнэлтүүд нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай сумын 1 дүгээр багийн нутагт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтуурсан үедээ 44-95 УВА улсын дугаартай Бонго пронтер загварын автомашиныг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 10.1-д “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг тус тус зөрчиж амь хохирогч М.Оыг дайрч зам тээврийн осол гаргасан байна. Уг зам тээврийн ослын улмаас амь хохирогч М.О нь цээжний битүү гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна

Мөн шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а-д “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 3.5.6-д “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, 3.5.г-д “тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэж заасныг тус тус зөрчиж хэргийн газраас 44-95 УВА улсын дугаартай Бонго пронтер загварын автомашиныг жолоодож зориуд зугтаасан гэх үйл баримт шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Б нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг үйлдэхдээ согтуурсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Н, гэрч Я.Д нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон”, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн санаатай үйлдлийн улмаас болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон байх тул шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь насанд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь амь хохирогч М.Оын амь нас байна. Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Н-д 2’000’000 төгрөг өгсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж  хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж зааснаар шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2’000’000 төгрөг төлснийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нөхөн төлсөнд тооцно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хор уршиг нэхэмжлээгүй байх тул шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсан төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 508.4 дэх хэсэгт “гэм хор учруулсны төлбөрийг ...бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл, нас барагчийн найман нас хүрээгүй хүүхдийг ...асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин, хөлс, орлогогүй нас барагчийн ...эхнэрт ...түүний нас, хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр уг хүүхдийг найман нас хүртэл хугацаанд нөхөн төлөхөөр” хуульчилсан байна.

Амь хохирогч М.О нь 11, 8, 4 насны гурван хүүхэдтэй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдож байх тул дээрх насанд хүрээгүй иргэд нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэх, хамгаалах, сэргээлгэх хүсэлт гаргах боломжгүй нөхцөл байдал байна. Иймд амь хохирогчийн хүүхдүүдийн эрхийг хамгаалах зорилгоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэм хор учруулсны төлбөрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг тус тус үйлдсэн байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Б-т гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах болон хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус хуульд заасан хэмжээний дотор оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “шүүгдэгчид хуульд заасан доод хэмжээгээр ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээр хорих ял оногдуулж өгнө үү” гэх саналыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүй, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар заасан байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь хүний амь нас бөгөөд хүний амь насыг үнэлж, эд хөрөнгөөр нөхөж болохгүй юм. Иймд шүүгдэгч Ц.Б 2’000’000 төгрөг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлснийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Ц.Б нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн эзэмшлийн Бонго пронтер загварын 44-95 УВХ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан, мөн тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж “авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг тус тус үйлдсэн байх тул уг тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн газраас зугтаах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх зорилгоор Бонго пронтер загварын 44-95 УВХ улсын дугаартай автомашин ашигласан байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ц.Б-ийн эзэмшлийн Бонго пронтер загварын 44-95 УВХ улсын дугаартай 7'583'334 төгрөгийн үнэ бүхий авто машиныг хураан авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нь хорих ялаар шийтгүүлсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Ц-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилээр хасаж, 3 /гурав/ жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан ялын 8 цагийг хорих ялын 1 хоногт шилжүүлэн, 90 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 3 /гурав/ сар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан 3 жил 3 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан хугацаанаас эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4 дэх хэсэгт заасан гэм хор учруулсны төлбөрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Бонго пронтер загварын 44-95 УВХ улсын дугаартай 7'583'334 төгрөгийн үнэ бүхий авто машиныг улсын төсөвт шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.МӨНХЗАЯА