| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0805/Э |
| Дугаар | 805 |
| Огноо | 2019-09-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Еркебулан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 805
2019 9 10 2019/ШЦТ/805
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,
Улсын яллагч Х.Еркебулан,
Хохирогч Ц.Сүндэръяа, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.Б, Ж.Ц нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Ж.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мажик Смайл” шүдний эмнэлэгт менежер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт, ял шийтгэлгүй, Б.Б,
Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Дайманд Маса” нэртэй ломбард ажиллуулдаг, ам бүл 4, ах, 2 хүүхдийн хамт, ял шийтгэлгүй, Ж.Ц,
Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:
Яллагдагч Ж.Ц, Б.Б нар бүлэглэн 2019 оны 06 дугаар
сарын 09-ний шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Ялгуун” пабд Ц.Сүндэръяатай маргалдаж үснээс нь зулгааж нүүр толгой хэсэгт гараараа цохиж, биед дээд уруулын баруун хэсэгт шарх, дотор салстад шарх, цус хуралт, доод уруулын дотор салстад шарх, цус хуралт, баруун дээд үүдэн 1-р шүдний сулрал буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын 09-ний шөнийн 02 цагийн үед Б.Б, Ганбаатар, Мөөгий нар “Ялгуун” пабд сууж байсан ба намайг дөнгөж ороход тамхи татахаар гарцгаасан. Тэгээд тамхи татаад буцаж орж ирэхэд ууж дуусаагүй байсан зүйлүүдийг хураасан байхаар нь зөөгчийг дуудаад “яагаад ууж дуусаагүй байхад хурааж байгаа юм” гэж хэлээд маргалдсан. Гэтэл цаанаас согтуу эмэгтэй ирээд “наад янхнуудаа аваад зайл” гэж хэл амаар доромжилсон. Хохирогч Ц.Сүндэръяа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба би түүнийг үйчлүүлэгч гэж бодсон. Цагдаа дээр очсоны дараа тухайн газрыг хариуцаж ажиллуулдаг гэдгийг нь мэдсэн. Ц.Сүндэръяа эхлээд намайг түлхэж, Б.Бг үсдсэн. Ц.Сүндэръяа, Б.Б хоёрыг Ганбаа, бид хоёр салгахыг оролдсон. Б.Бгийн зүүн хацарны шанааны дээд хэсэгт самардсан байсан. Ц.Сүндэръяа миний сав руу өшиглөсөн. Миний “айфоне 6 эс” утсыг аваад шидсэн. Тэгээд Б.Б цагдаа дуудсан” гэв.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2019 оны 06 дугаар сарын 09-ний шөнийн 2 цаг 30 минутын үед Ж.Ц, Ганбаатар, Мөөгий нартай “Ялгуун” нэртэй пабд үйлчлүүлээд сууж байсан. Тэгээд бид дөрөв гарч тамхи татчихаад буцаж орж ирэхэд бид нарын ширээн дээр байсан ууж дуусаагүй байсан зүйлүүдийг хураасан байхаар нь зөөгчийг дуудаад “бид нарын цүнх байхад яагаад ууж дуусаагүй байсан зүйлүүдийг хураасан юм, бид нарын ууж дуусаагүй байсан зүйлүүдийг ширээн дээр буцааж тавь” гэж хэлээд зөөгчтэй үл ойлголцоод байж байтал Ц.Сүндэръяа гэх бүсгүй ирээд манай хоёр эрэгтэй найзууд руу “янхан хоёр эмэгтэйгээ аваад гар” гэж хэлсэн. Бид нарыг анх ороход Ц.Сүндэръяа хэдэн залуучуудтай согтууруулах ундааны зүйл хэрэглээд сууж байсан. Ц.Сүндэръяа, Ж.Ц бид гурав согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас үл ойлголцол үүсэж Ц.Сүндэръяа бид хоёр үстэлцэхэд Ж.Ц, Ганбаатар, Мөөгий гурав салгасан. Миний нүүрний шанаа хэсэгт маажсан сорив арилаагүй байгаа. Бид нарыг Ц.Сүндэръяа хэл амаар доромжилсон” гэв.
Хохирогч Ц.Сүндэръяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би “Ялгуун” гэх пабд зохион байгуулагч хийдэг бөгөөд манай паб шөнийн 04 цагт хаадаг. 2019 оны 6 дугаар сарын 09-ний шөнийн 03 цаг өнгөрч байх үед Б.Б, Ж.Цнарын сууж үйлчлүүлж байсан ширээн дээр очиход бүх зүйл нь дууссан байсан тул зөөгч ширээг нь цэвэрлэхэд шүүгдэгч нар маргаан үүсгэсэн. Ж.Ц намайг түлхсэн. Ж.Ц, Б.Б хоёр намайг бүлэглэж зодсон. Б.Б манайд тогтмол орж ирж хэл ам хийдэг. Би шүүгдэгч нарыг хэл амаар доромжилж, цохисон зүйл байхгүй. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ж.Ц намайг эхэлж түлхсэн” гэв.
Эрүүгийн хэргээс:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Мөрдөгчийн илтгэх хуудас /хх-ийн 3 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Сүндэръяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...шөнийн 03 цаг 30 минутын үед манай пабд үйлчлүүлж байсан хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй хүн хэрүүл маргаан хийгээд байхаар нь ширээн дээр очсон. ...маргаан хийгээд байсан хоёр эмэгтэйгийн малгайтай эмэгтэй нь намайг хэл амаар доромжлоод эхэлсэн. Бид хоёр хоорондоо маргалдаж байхад малгайгүй эмэгтэй нь босож ирээд надтай зууралдаад үсдэлцсэн. ...Би тэр эмэгтэйтэй харилцан үсдэлцэж байхад хажуугаас малгайтай эмэгтэй нь намайг энэ тэндээс цохиод байсан. ...нэг харахад миний уруул
гэмтчихсэн цус гарч байсан. ...хэнд нь цохиулж гэмтсэнээ санахгүй байна. Хоёр эмэгтэйгээс өөр хүн надад гар хүрээгүй. Миний биед учирсан гэмтлийг хэрүүл маргаан хийсэн малгайтай эмэгтэй болон надтай үсдэлцсэн эмэгтэй хоёр нийлж байгаад учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч Г.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Пабын эзэн гээд байгаа Ц.Сүндэръяа гэх эмэгтэйг Б.Б үсдээд доошоо дарж, Ж.Ц хажуугаас нь Ц.Сүндэръяа гэх эмэгтэйг энэ тэндээс нь цохиод байсан. Би Б.Б, Ц.Сүндэръяа хоёрын дундуур ороод салгаж байсан болохоор хэн яаж цохисныг мэдэхгүй байна. ...Ц.Сүндэръяа, Б.Б хоёр нэгнийгээ үсдэж байгаад салахад Ц.Сүндэръяа гэх эмэгтэйн уруул нь язарч цус гарч байсан. ...Ц.Сүндэръяа гэх пабын эзэн эмэгтэйд Б.Б, Ж.Цнараас өөр гар хүрсэн хүн байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Гэрч А.Мөнххүслэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...ширээн дээр байсан эд зүйлсийг нь хураасан. Тэгсэн чинь 3-5 минутын дараа нөгөө дөрвөн хүн орж ирсэн. Саравчтай малгайтай эгч нь түрүүлээд ширээн дээр байсан уух юмнуудыг яасан бэ гээд уурласан. Би тэр эгчид хандаж “таны ширээн дээр байсан юмнууд дууссан байна, манай паб хааж байна” гэж хэлсэн. Тэр үед манай зохион байгуулагч Ц.Сүндэръяа эгч ирээд тэр 4 хүнтэй уулзсан. ...саравчтай малгайтай эгч нь Ц.Сүндэръяа эгчийг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байсан. ...малгайгүй эгч нь Ц.Сүндэръяа эгчтэй харилцан үсдэлцсэн. Тэр үед саравчтай малгайтай эмэгтэй нь Ц.Сүндэръяа эгчийн энэ тэндээс нь хэд хэдэн удаа цохисон. ... малгайтай эмэгтэй Ц.Сүндэръяа эгчийн толгой нуруу хэсэгт нь хэд хэдэн удаа цохиж , бөгс хөл рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. ...Би Анандыг дуудах гээд ар талын заал руу орчихоод буцаад гараад ирэхэд Ц.Сүндэръяа эгчийн уруул сэтэрсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Ц.Сүндэръяа гэх эмэгтэй Б.Б хоёр нэгнийгээ үсдэхэд Ганбаатар тэр хоёрыг салгасан. Мөөгий ах болохоор баруун талд нь зогсож байсан. Ц.Сүндэръяа гэх эмэгтэй Б.Бг үсдээд байсан болохоор салгах гээд хэд хэдэн удаа Ц.Сүндэръяаг цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Шинжээчийн “...Ц.Сүндэръяагийн биед дээд уруулын баруун хэсэгт шарх, дотор салстад шарх, цус хуралт, доод уруулын дотор салстад шарх, цус хуралт, баруун дээд үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 7135 тоот дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.Цын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 36 дугаар хуудас/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-н 38-39 дугаар хуудас/, дипломын хуулбар /хх-н 41 дугаар хуудас/, ажлын газрын тодорхойлолт /хх-н 42 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 43 дугаар хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 45 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 46 дугаар хуудас/, ажлын газрын тодорхойлолт /хх-н 47 дугаар хуудас/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-н 52 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Сүндэрмаагийн хохирлын баримтууд /хх-н 67-69 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч нар гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Ж.Ц, Б.Б нар бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 09-ний шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Ялгуун” пабд Ц.Сүндэръяатай маргалдаж үснээс нь зулгааж нүүр толгой хэсэгт гараараа цохиж биед дээд уруулын баруун хэсэгт шарх, дотор салстад шарх, цус хуралт, доод уруулын дотор салстад шарх, цус хуралт, баруун дээд үүдэн 1-р шүдний сулрал буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нар бүлэглэж хохирогч Ц.Сүндэръяагийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Ц, Б.Б нарын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ж.Ц, Б.Б нарын бүлэглэж үйлдсэн гэмт үйлдлийг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч болон гэрчүүдийн орон зай, цаг хугацаа, үйлдлийн талаар өгсөн мэдүүлэг үнэн зөв, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай бүхий л байдлыг мэдүүлсэн, эх сурвалж тодорхой байна.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Сүндэръяа өөрт учирсан эрүүл мэндийн хохиролд 503.400 /таван зуун гурван мянга дөрвөн зуун/ төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Ж.Ц, Б.Б нар хохиролд 500.000 /таван зуун мянган/ төгрөг /хх-ийн 71 дүгээр хуудас/ төлсөн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Сүндэръяа нь өмгөөлөгчийн хөлс 100.000 төгрөг нэхэмжилсэн ба өмгөөллийн хөлс нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нараас баримтаар 196.000 /нэг зуун ерөн зургаан мянган/ төгрөг нэхэмжилсэн ба шүүх түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн 98.000 /ерөн найман мянган/ төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.
Мөн хохирогч нь цаашид өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ж.Ц, Б.Б нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар тус бүр 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар тус бүр 250.000 төгрөг хохирогчид төлсөн, эд мөрийн баримтаар СД 1 ширхэг хураагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Б, Б.Б нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ж.Ц, Б.Б нарыг тус бүр 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж.Ц, Б.Б нарт оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.Ц, Б.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус тайлбарласугай
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Ц, Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар тус бүр 250.000 төгрөг хохирогчид төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Ц, Б.Б нараас хувь тэнцүүлэн 98.000 /ерөн найман мянган/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ц.Сүндэръяад олгож, өмгөөллийн хөлстэй холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ж.Ц, Б.Б нараас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Ц, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ