Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч П.*******, түүний өмгөөлөгч   нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн  дугаартай, 178/2020/0015/Э/ индекстэй хэргийг 2020 оны 01  сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 01 сарын 10-ны өдөр   хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                    Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/:

Шүүгдэгч П.******* нь согтуугаар  2019 оны 11 сарын 09-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 14 дүгээр гудамжны 06 тоот хашаанд иргэн Г.*******тай маргалдаж, харилцан зодолдсоны улмаас  хөнгөн гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. 

             Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

Мөрдөн  шалгах ажиллагаанд хохирогч өгсөн...2019 оны 11 сарын 09-ний орой найз П.******* /******* буюу/-тэй19 цагийн үед уулзаад бид 2 дэлгүүрээс 2 ширхэг пиво уугаад гэрлүүгээ алхаж яваад тасарчихсан байна лээ. Нэг мэдэхэд бид 2  хоорондоо зодолдсон яг юунаас болж зодолдсон талаар мэдэхгүй байна. Тэгээд би явж байгаад гудамжныхаа доод өнцөг дээр тасарч унасан. Тэгтэл манай эхнэр хүүхэд 2 ирж авсан байна лээ. Миний толгой нүүр хэсэгт цохисон. Юугаар цохисон талаар мэдэхгүй байна. Би *******г таньдаг болоод нэлээд олон жил болж байна. Гэр нь манай гэрээс урагшаа талын хашаанд байдаг, насны хувьд надаас залуу, шардуу царайтай залуу юм. ******* гэдэг нь хоч нэр нь байх. Нэрийг нь П.******* гэдгийг мэдлээ...гэх мэдүүлэг / хэргийн 10-11, 16-17 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  П.*******гийн хохирогчоор  өгсөн...2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн орой 20 цаг өнгөрч байсан байх /цагийг сайн санахгүй байна/ Хайрханы автобусны буудлын хажууд байдаг “” дэлгүүрийн гадна Г.*******тай тааралдсан. Тэгээд бид хоёр доошоо буюу Өлөнгийн цехийн тийшээ хамтдаа явцгаасан. Замдаа дэлгүүрээс Г.******* 2 лааз боргио пиво аваад бид хоёр гудамжинд ууцгаасан. Г.******* 1 танихгүй айл руу ороод удалгүй гарч ирээд бид хоёр хамтдаа харанхуй гудам руу ороод явж байгаад Г.******* “пизда минь” гээд  намайг боож унагаагаад  миний зүүн шанаа руу 1 удаа гараараа цохихоор нь “чи намайг цохичихлоо бас боогоод байна”  гээд Г.*******ыг түлхэж унагаагаад босоод зугтсан. Г.*******  халааснаасаа нэг юм гаргаж ирээд миний араас “чамайг алнаа” гээд хөөгөөд гүйцээд ирэхээр нь би түүний нүүр рүү нь гараараа 1 удаа маш хүчтэй цохисон. Бид хоёр хөөцөлдсөөр байгаад В. гэдэг айлын хашаанд орсон. В. гэрээсээ гарч ирээд “юу болж байна” гээд бид 2 ярилцаад байж байтал Г.*******  миний толгойны ар талд төмрөөр 3-4 удаа цохисон. Энэ үед В. зугтаад гэр рүүгээ орсон. Би гараараа толгойгоо дараад доошоо хараад хэвтэхэд Г.******* миний нуруу руу төмрөөр нилээн хэдэн удаа цохисон, В. гэр дотроос “цагдаа дуудлаа шүү” гэхэд Г.******* зугтаад явсан...гэх мэдүүлэг / хэргийн 14-15 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч В.ын өгсөн...2019 оны 11 дүгээр сард /өдрийг сайн санахгүй байна/ нэг орой 20 цагийн үед манай хашааны баруун буланд 1 эрэгтэй хүний дээр өөр нэг эрэгтэй хүн суучихсан, зодоод байсан. Би “хүүе юун хүмүүс вэ больцгоо” гэтэл дээр сууж байсан залуу “чамд ямар хамаатай юм” гэхээр нь би “цагдаа дуудлаа шүү” гэж хэлчихээд айгаад гэр рүүгээ орчихсон юм. Гэртээ байж байтал гадаа дуу нь намдчихаар тэр хоёр залуу зодолдохоо больчихсон юм байна гэж бодож байтал манай гэрийн хаалгыг онгойлгоод  П.******* /*******/  гэдэг залуу орж ирэх гэхээр нь би түүнийг гэртээ оруулахгүй “яв” гээд явуулсан. Тухайн үед *******гийн нүүр цус болчихсоон байсан. *******г зодсон залуугийн нэрийг мэдэхгүй. Зүс танина. Трактороор хог ачаад яваад байдаг залуу байна лээ. Г.*******, П.*******гийн дээр гараад суучихсан, цохиж байсан. Яг юугаар биеийнх нь аль хэсэгт хэдэн удаа цохисоныг сайн харж чадаагүй...гэх мэдүүлэг/ хх-ийн20-рт/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 сарын 13-ны өдрийн  800 дугаартай...П.*******гийн биед учирсан зүүн гарын бугалгын гадна доод хэсгийн шарх, зүүн гарын 1 дүгээр хурууны 1 дүгээр үений гадаргууд учирсан шарх, дагзны хэсэгт шарх,  баруун хөлний шилбэний урд дээд хэсгийн шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, духны зүүн хэсэгт цус хуралт, духны зүүн хэсэгт зулгаралт баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун чихний  урд хэсэгт цус хуралтууд зүүн гарын алганы хэсэгт зулгаралт хэвлийн зүүн хажуу хэсэгт зулгаралт, хэвлийн зүүн хажуу хэсэгт цус хуралт бүсэлхий нурууны зүүн  хэсэгт цус хуралт, баруун өвдөг хэсэгт зулгаралт зүүн хөлийн шилбэний  урд дунд хэсгийн зөөлөн эдийн няцралт, зүүн гуяны гадна дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

П.*******гийн биед учирсан шарх гэмтлүүд нь үзүүртэй, зулгаралт болон цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна.  Тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой   гэмтэл байна. 

П.*******гийн  биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги  алдалтанд нөлөөлөхгүй.

П.*******гийн  биед учирсан гэмтлүүд нь “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох  журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт/ хэргийн 22 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 799 дугаартай...Г.*******ын биед учирсан зүүн хөмсөгний баруун хэсэгт  шарх, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын уг баруун нүдний доод зовхинд цус хуралт, духны зүүн дээд хэсэгт зулгаралт, хамар хэсэгт зулгаралт,зүүн хацар хэсэгт зулгаралт, баруун өвдөг хэсэгт зулгаралтууд, баруун өвдөг хэсэгт цус хуралт, баруун гарын 5 дугаар хурууны 3 дугаар үений хэсэгт зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо.

Г.*******ын биед учирсан шарх гэмтлүүд нь мохоо зүйлийн   үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.  Тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой   гэмтэл байна. 

Г.*******ын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги  алдалтанд нөлөөлөхгүй.

Г.*******ын биед учирсан гэмтлүүд нь “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох  журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт/ хэргийн 26 дугаар хуудас/

Шүүх сэтгэцийн 19 дугаартай дүгнэлтээр...Г.******* нь 2011 оноос эхлэн сэтгэцийн хяналтанд байгаа

Г.******* нь хэрэг хариуцах чадваргүй

Г.******* нь асуусан асуултыг зөвөөр ойлгож зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай

Г.******* нь оюуны хөнгөн хомсдол оноштой IQ-67% буюу 9-12 насны  хүүхдийнхтэй ижил түвшний сэтгэл зүйн настай

Г.******* нь оюуны хөнгөн хомсдол зан төрхийн өөрчлөлттэй тул тухайн үед тэр хүний уур бухимдлыг төрүүлэхгүй бол бусдад аюултай үйлдэл хийхгүй

Г.******* нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...гэх дүгнэлт/30-31-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.*******гийн  хэргээ хүлээн мэдүүлсэн...2019 оны 11 сарны 09-ний  өдрйин орой 20 цаг өнгөрч байсан байх/ цагийг сайн санахгүй  байна/ Хайрханы автобусны буудлын хажууд байдаг  “” дэлгүүрийн гадна Г.*******тай тааралдсан. Тэгээд бид 2 доошоо буюу Өлөнгийн  цехийн тийшээ  хамтдаа явцгаасан. Замдаа дэлгүүрээс  Г.******* 2 лааз Боргио пиво аваад бид 2 гудманд ууцгаасан. Г.*******  нэг танихгүй айл руу ороод удахгүй  гарч ирээд бид 2 хамтдаа гудамруу ороод явж байгаад Г.******* “пизда минь” гээд боож унагаад  миний зүүн шанаа руу 1 удаа гараараа цохисон. Би чи  намайг цохичихлоо, бас боогоод байна гээд  түүнийг түлхэж унагаагаад босоод зугттал халааснаасаа нэг юм гаргаж ирээд  миний араас  чамайг алнаа гээд хөөгөөд гүйцээд  ирэхээр нь би түүний нүүр рүү гараараа 1 удаа маш хүчтэй цохисон. Бид 2 хөөцөлдсөөр байгаад В. гэдэг айлын хашаанд ороход В. гэрээсээ гарч ирээд “юу болж байна” гээд бид 2 ярилцаад байж байтал Г.******* миний толгойны ар талд төмрөөр 3-4 удаа цохисон.Энэ үед В. зугтаад гэр рүүгээ орсон.Би гараараа толгойгоо  дараад доошоо хараад хэвтэхэд Г.******* миний нуруу руу төмрөөр нилээд хэдэн удаа цохисон. В. гэр дотроосоо цагдаа дуудлаа шүү гэхэд Г.******* зугтаад явсан. Би Г.*******ын хамар луу нэг л удаа цохисон...гэх мэдүүлэг   зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцээд дээрх  нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:  Шүүгдэгч П.******* нь 2019 оны 11 сарын 09-ний өдөр Г.*******тай архи ууж байгаад маргалдаж,  Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 14 дүгээр гудамжны 06 тоот хашаанд харилцан зодолдож хохирогч Г.*******ын эрүүл мэндэд нь  шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон...зүүн хөмсөгний баруун хэсэгт  шарх зүүн нүдний дээд доод зовхи, хамрын уг баруун нүдний доод зовхинд цус хуралт духны зүүн дээд хэсэгт зулгаралт, хамар хэсэгт зулгаралт,зүүн хацар хэсэгт зулгаралт, баруун өвдөг хэсэгт зулгаралтууд, баруун өвдөг хэсэгт цус хуралт, баруун гарын 5 дугаар хурууны 3 дугаар үений хэсэгт зулгаралтууд...гэх гэмтлийг учруулсан  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч П.******* нь  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа  сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг зөвшөөрч,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь  нотлох баримтаар нотлогдсон зэрэг нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Иймд шүүгдэгч П.******* нь хохирогч Г.*******ын эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон  хөнгөн  гэмтэл   учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1-д заасан...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

Шүүгдэгч П.*******г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Дээрхи гэмт хэрэг нь архидан согтуурсны улмаас үйлдэгджээ. 

                    Гэмт хэргийн улмаас учирсан хохирол , хор уршиг:

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.******* нь нэхэмжлэх хохиролгүй талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгч П.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

                        Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч  ******* овогт *******гийн ******* нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн  71 дүгээр  хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” -аар, тогтоогдож байна. 

Шүүгдэгч П.*******д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан...анх удаа гэмт хэрэг үйлдсэн...1.2-т заасан...бусдад төлөх төлбөргүй...зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд  заасан эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын  яллагчаас:  Шүүгдэгч П.******* нь гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал , эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч П.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч П.*******г таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний,  таван зуун  мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй гэх  дүгнэлт, тайлбарыг гаргав.    

Шүүгдэгч  П.*******гийн өмгөөлөгч:  Шүүгдэгч П.******* нь гэмт  хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын санал болгосон  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  таван  зуун  мянган төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. 500000 төгрөгний торгох ялыг  6 сарын  хугацаанд  хэсэгчилэн төлөх  саналтай байна... гэх дүгнэлт, тайлбар гаргав. 

Шүүхээс шүүгдэгч  П.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  болохыг тогтоож,  эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч  П.*******д таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний  таван  зуун   мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.*******д оногдуулсан  500000 төгрөгний торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  тайлбарлав. 

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.*******  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Хохирогч Г.******* нь шүүгдэгч П.*******гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан боловч  яллагдагч Г.*******ын хэрэг хариуцах чадваргүй талаархи шүүх сэтгэцийн 2019 оны 12 сарын 18- ны өдрийн 19 дугаартай дүгнэлтийг үндэслэн түүнд холбогдох хэргийг Прокурорын 2020 оны 01 сарны 03- ны өдрийн 5/01 дугаартай “ Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай “ тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г таван зуун    нэгжтэй тэнцэх хэмжээний   таван зуун   мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.*******д оногдуулсан 500000  төгрөгний торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчилэн   төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч П.*******д   тайлбарласугай.

5.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.*******  нь  цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6 .Шүүгдэгч П.*******д  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА