Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг,

Улсын яллагчаар хяналтийн прокурор Б.Оюунцэцэг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б

Шүүгдэгч Ц.Х, түүний өмгөөлөгч Б.Б,

Шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2.1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ц.Х нарт холбогдох 1916000000144 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Х нь "... 2019 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах иргэн Ц.Б-ын .. дугаар байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 1 ширхэг 32 инчийн лед зурагт, 2 ширхэг савхин куртик, 1 ширхэг гутал зэрэг эд зүйл хулгайлан авч, Ц.Б-д 1.060.000 төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Х, М.Т нар нь бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалантын хороо толгойтын 0 тоотод оршин суух Б.Б-ийн гэрт ороод гарахдаа нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар алтан аяга 1 ширхэг, мөнгөн тагш 1 ширхэгийг хулгайлан хохирогч Б.Б-д 2.545.000 төгрөгний хохирол, М.Т нь алтан аягыг Н.Г-д 50.000 төгрөгөөр худалдан иргэний нэхэмжлэгч Н.Г-д 50.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Ц.Х: Мөрдөн байцаалтын үед мэдүүлэг өгсөн учир дахин

мэдүүлэг өгөхгүй харин асуусан асуултанд хариулна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б-ын өгсөн "...манай вакум цонх нь ил түгжээтэй байсан бөгөөд түгжээ нь суларсан байхаар нь хажуу талд нь шрүп зоож байгаад уяагаар дарж уясан байсан...манай гэрээс алга болсон эд зүйлсээс телевизор, өвлийн гутал, өвлийн савхин куртик зэргийг буцааж авсан бөгөөд хавар намрын нимгэн савхин куртикийг олж аваагүй байна..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 21-22-р хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б-ын гэрчээр өгсөн "...Би 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 23 дугаар байрнаас хүүгээ аваад Баянхонгор аймгийн Гурван булаг сумын Соёлын төвд нь Вакум цонх суурилуулахаар явсан бөгөөд тэнд цонхоо суурилуулж дуусаад 2019 оны 10 сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн төвд шууд 23 дугаар байранд байх гэртээ ирэхэд цонх нь онгорхой байсан. Гэрээ онгойлгож ороход баруун талын өрөөнд ороход 32 инчийн телевизор, 2 ширхэг савхин куртик, хүрэн өнгийн өвлийн дотортой ботинк, хуучин өвлийн булигаран гутал зэргийг хулгайлаад аваад явсан байсан...Би О, У 2-ыг сэжиглэж байна. Бид нарыг Баянхонгор аймаг руу явахад тэр хоёр манай байрны хажуугаар гараад хойшоо явж байсан..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийи 23-24-р хуудас/,

Гэрч Ц.Э-ын өгсөн "..2019 оны 10-р сарын 14-ний өглөө Цагдаагийн газар дээр ирж хошууч Ц.Х-тай уулзчихаад Газар хөдлөлтийн дэд станцийн дээд талд У-нд очсон. Тэднийд Х, Хар доржоо, Умак, танихгүй 2 эмэгтэй, 1 танихгүй залуу байсан 1 шил архи хувааж уугаад тэднийхээс гараад Газар хөдлөлтийн дэд станцийн зүүн талаас такси бариад Сутай хороо ороод А-аас 32 инчийн лед телевизор, 1 гутал, хар өнгийн савхин куртик аваад таксины хойт талын багаажинд хийгээд зах орох гэж яваад хошууч Т.Д-тай тааралдаад Цагдаагийн газар дээр ирээд эрүүлжүүлэх, саатуулах байранд хоносон...Х минийх гэж хэлсэн. Зах оруулж хүнд өгөх талаар ярьж байсан...Би хулгайн эд зүйлс гэдгийг нь мэдээгүй..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 30-31-р хуудас/,

Гэрч Х.Д-ийн өгсөн "...Би Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд амьдардаг юм. 2019 оны 10-р сарын 14-нд өөрийн эзэмшлийн 81-21 ГАҮ приус-11 маркийн тээврийн хэрэгсэлтэй Газар хөдлөлтийн дэд станцийн зүүн талын засмал зам дээр явж байхад 2 залуу гар өргөөд таксидъя гэж хэлсэн. Тэгээд би тэр хоёрыг суулгаад Сутай хороо 5-9 тоот хашаанд очсон. Тэгээд нэг залуу нь тухайн хашааруу ороод бүтээлгээтэй юм аваад байсан. Нэг ууттай зүйл аваад машины багажанд хийсэн. Тэгээд зах орно гэж хэлсэн. Тэгээд захын ойролцоо очтол миний утасруу Цагдаагийн газраас ярьж байна цагдаагийн хошууч Т.Д гэдэг хүн байна та хаана явж байна гэж хэлсэн. Тэгээд намайг машинаа зогсоо гэж хэлсэн. Машин зогстол энгийн хувцастай цагдаагийн 2 ажилтан бууж ирээд намайг цагдаагийн газар яваад оч гэж хэлсэн. Тэгээд миний машинд сууж явсан 2 залууг өөрийнхөө машинд суулгаж аваад явсан. Тэгээд би цагдаагийн газар дээр ирээд тухайн залуугийн машины багажинд хийлгэсэн эд зүйлсийг цагдаагийн ажилтан нарт хүлээлгэн өгсөн. Миний машинд үзлэг хийсэн. Тэгээд би явсан..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 32-33-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-ийн 2-6-р хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-ийн 7-9-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцож, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /1-р хх-ийн 12-13-р хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-ийн 14-18-р хуудас/, Ашид билгүүн ХХК-ий хөрөнгийн үнэлгээний 1022/1023 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 42-45-р хуудас/,

Шүүгдэгч М.Т шүүхийн хэлэлцүүлэгт: Би Говь-Алтай аймгийн Шарга сумд мал хариулж байгаад Д гэх бүсгүйтэй танилцсан. Аймагт ирээд Должмаагийнд 4, 5 хоног амьдарч байсан. Нэг өдөр унтаж байсан чинь Ц.Х ах, хоёр хүнтэй хамт 1 шил архи, 1 дарс аваад орж ирсэн. Түүнийг нь ууж танилцаад байж байтал Ц.Х намайг айлд очоод ирье гэж хэлсэн. Хамт айлд очиход нэг ах цай хийж өгсөн. Цай уугаад сууж байтал Ц.Х цай халуун байна, ус нэмж хийе гээд боссон. Тэгэхэд айлын эзэн уурлаад “ямар хүмүүс вэ? гарцгаа” гэж хэлсэн. Бид тухайн айлаас гараад явж байтал Ц.Х халааснаасаа 2 аяга гаргаж үзүүлээд “..гэртээ харьж бай. Ах нь хүнтэй уулзчихаад очъё” гэж хэлээд явсан. Би Д-нд хүмүүстэй юм яриад хүлээгээд сууж байтал Ц.Х 1 шил архи, 2 гоймон, 1 ундаатай орж ирсэн. Архи уусны дараа Ц.Х гоймон идчээд гал тогооны өрөөнд унтсан. Би Д-тай хамт том өрөөнд байж байгаад тамхи байхгүй учраас Ц.Х ахын халаасанд тамхи байгаа эсэхийг үзсэн. Гэтэл халаасанд нь алтан аяга байсан. Должмаа зах дээр миний таньдаг  барьцаалан зээлдүүлэх газар байгаа гэж хэлэхээр нь алтан аягыг зарахаар Д-тай хамт шилэн захын барьцаалан зээлдүүлэх газар очиход цоожтой байсан. Д “...чи энэ газрын хүн биш учраас чамайг хүмүүс танихгүй. Иймд чи алт авдаг ченж нарт зарчих” гэж хэлсэн. Би архи уусан байсан учраас алтан аягыг 50.000 төгрөгөөр зарсан. н.Д-ийн гэрт хоол, хүнс байхгүй, хамгийн бага хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй байсан учраас тэр аягыг 50.000 төгрөгөөр ч болсон заръя гэж бодоод зарсан. Уг мөнгөөр захаас хоол, хүнсний зүйл аваад Д-ийн гэрт очтол хэн ч байхгүй, Ц.Х явсан байсан гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн өгсөн "...Би 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр М гэх найзын хамт гэртээ шатар тоглож байхад манайд үл таних хоёр залуу ороод ирсэн. Нэг нь архи зараад байдаг Ц авгайн хүү Х гэх залуу байсан. Нөгөө залууг нь танихгүй. Би М-ийн араас орж ирсэн юм байх гэж бодоод "чамтай цуг яваа юм уу" гэж асуухад "үгүй, хамт яваагүй" гэсэн. Тэр хоёр залуу орж ирээд хоолны шкафны өмнө суусан байсан. Гарах үедээ шкафан дээр байсан миний хүүхдүүд надад бэлгэнд өгсөн дунд гарын алтан аяга, нэг жижиг архи уудаг мөнгөн дагш зэргийг хулгайлан авч явсан байсан. Тэр хоёр залууг гарахад шкафан дээр байсан аягаа харахад алга болсон байсан. Хар ногоон хаш чулуун аягыг алтаар бүрсэн, аяган дотроо арслан товойлгон сийлсэн, гадна ёроолд нь цоохор хээтэй, мөн ёроол нь хажтай. Мөнгөн дагш нь жижиг, ёроолдоо хээтэй, шинэ үеийн хийцтэй аяга..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 100-101-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Н.Г-ийн өгсөн "...Намхан нуруутай, 25-30 орчим насны эрэгтэй хүн байсан. Би хувцас хунарыг нь сайн санахгүй байна, ганцаараа явж байх шиг байсан. Би тэрхүү алтан аягыг 50.000 төгрөгөөр худалдаж авсан..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 106-107-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Н.Г-ийн гэрчээр өгсөн "...Зах дээр зогсож байхад зүс танихгүй нэг залуу манай тэнд зогсдог ченжүүдэд ирээд "аяга зарна" гэсэн Тэр залуу "өвчтэй хүүхэдтэй мөнгө хэрэг болоод байна аягаа зарна" гэхээр нь би худалдаж авсан. Ногоон чулуун аягыг шар өнгийн металлаар бүрсэн, алтан аяга гэдгийг нь сүүлд нь мэдсэн. Хулгайн эд зүйлс гэдгийг мэдээгүй, тухайн зарсан аяга надад байгаа..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 114-115-р хуудас/,

Гэрч Д.М-ийн өгсөн "...2017 оны 07 дугаар сарын сүүл хорин хэдэн байсан байх, би Хантайшир сургуульд эхнэрийн оронд жижүүрт гараад бууж яваад Б-ийн гэрт орж шатар тоглож байсан чинь зүс таних хоёр залуу орж ирсэн. Тэр хоёр залуу Б-ийн гэрт орж ирээд хоолны шкафны өмнө суусан. Б "юун залуучууд вэ гар" гээд хөөгөөд гаргасан. Тэр хоёр залууг гарсны дараа "энэ юун залуучууд вэ" гэхэд Б танихгүй нэг нь Ц-ийн хүүхэд гэдгийг Б зүс таньж байсан. Тэгээд Б "хоолны шкафан дээр байсан алтан аяга, мөнгөн дагш хоёр алга болсон байна" гэсэн. Тэднийд тийм аяга байдгийг өмнө нь харж байсан, хүүхдүүд нь бэлгэнд өгсөн гэдэг юм байна лээ. Х гэх залууг танина, нөгөөдөхийг нь танихгүй. Тэр хоёр залууг гараад л аяга алдсанаа мэдсэн, өөр хүн орж ирээгүй..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 108-р хуудас/,

Хөрөнгийн үнэлгээчин Р.Ц-ийн 05 дугаартай үнэлгээний "...хар ногоон алтаар бүрсэн хаш чулуун аяга 2.500.000 төгрөг, цулгай мөнгөн дагш 50.000 төгрөгөөр тус тус тогтоолоо" гэсэн дүгнэлт, /1-р хх-ийн 162-р хуудас/,

Шүүгдэгч  Ц.Х-ын яллагдагчаар өгсөн "...Миний буруу, би буруугаа ойлгож байна. Би яг тодорхой сар өдрийг сайн санахгүй байна. 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн 435-р хорих ангиас суллагдаад 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймагт ирсэн юм. Тэгээд суллагдсан учир хэд хоног архи ууж аймгийн төвөөр байсан юм. Тухайн хэд хоног архи ууж явж байхдаа Б эмчийнд 2 удаа орсон бөгөөд эхлээд Б эмчийнд архи уухдаа Н, Б бид 3 Б эмчийнд очсон бөгөөд Б эмч Н-д 10.000 төгрөг өгөөд Н-ыг архинд явуулаад Б, Б эмч бид 3 Б эмчийнд очсон юм. Тэгээд Б эмчийнд байж байтал Н 0,5 литрийн ерөөл гэх архи авч ирэхээр нь бид 4 хувааж уугаад Б эмч гэртээ үлдээд Б, Н бид 3 гараад явсан юм. Харин дараа нь /сар өдрийг сайн саанхгүй байна/ Т гээд талийгаач Б тухайн үед хамт амьдарч байсан эрэгтэй хүнтэй Баатархүү эмчийнд очсон юм. Т бид 2 Б эмчийнд очиход Б эмч гэртээ бас нэг эрэгтэй хүнтэй байсан. Харин Б эмч гэнэт хөөгөөд эхэлсэн бөгөөд намайг нэг цохиод авахаар нь "та яаж байна" гэж хэлэхэд Б эмч эргээд цаашаа харсан. Тэр үед хоолны шкафанд байсан давхарлан өрөөстэй байсан алт, мөнгөн 2 аягыг зүүн гар талын халаасандаа аваад хийсэн юм. Тэгээд Т бид 2 Б эмчийн гэрээс гарч яваад талбайн ойролцоо явж байхдаа би Т-д гэртээ харьж бай, нэг хүнтэй уулзчихаад ирье" гэж хэлээд салаад явсан юм. Би тэгээд салж яваад аймгийн захын мал зардаг хэсэгт мал зарж байсан хөдөөний 2 эрэгтэй хүнд мөнгөн аягаа 30,000 төгрөгөөр зараад захын доод талын улаан тоосгон дэлгүүр рүү яваад дэлгүүрээс 0,75 литрийн /нэрийг сайн санахгүй байна/ архи аваад Харзтад байдаг талийгаач Б-ийн гэрт очсон юм. Намайг талийгаач Б-нд очиход Б, Т мөн хэн, хэн байсныг одоо сайн санахгүй байна. Тэгээд миний авч очсон 0,75 литрийн архийг бид хувааж уугаад би талийгаач Б-ийн гэрийн гал тогооны өрөөнд тасраад унасан байсан, хэсэг унтаж байгаад сэрээд халаасандаа байсан алтан аягыг хайтал алга болсон байсан..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 181-182-р хуудас/,

Шүүгдэгч М.Т-ын яллагдагчаар өгсөн "...Тэр Б-ийн гэр рүү Х-д түрүүлж орсон бөгөөд надад "манай таньдаг ах байгаа юм, санаа зоволтгүй" гэж хэлэхээр нь би араас нь дагаад орсон юм. Тухайн айлд ороход 2 хөгшин эрэгтэй хүн байсан ба нэг урт ширээ байсан. Би ширээний доод өнцөг буюу хаалганы ойролцоо, харин Х нь ширээний дээд өнцөгт буюу нэг шкафны хажууд суусан юм.Тэр айлд ороход нэг эрэгтэй хүн цай аягалаж өгсөн бөгөөд Х нь цай халуун байна гэж хэлээд цайндаа ус нэмэх гэж боссон. Тэр үед айлын эзэн бололтой /Б гэх хүн/ эрэгтэй хүн "яах гээд байгаа юм гээд уурлаад, гарцгаа гэж" хэлсэн би үүдний ойролцоо сууж байсан тул түрүүлээд гараад орцны үүдэнд зогсож байтал Х араас гарч ирээд бид 2 цуг урагш жоохон алхаж байтал Х нь халааснаасаа алтан гэмээр аяга 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхгийг гаргаж харуулаад "Манай ахын юм. Ах нь найзтайгаа уулзчихаад яваад очий чи харьж бай" гэж хэлээд салаад явсан. Тэгээд би урд Харзтад Д буюу Б /талийгаач/-д очоод 20-30 минут болоод байж байтал Х нь нэг торонд 0,75 литрийн архи, бэлэн гоймон, тамхи зэргийг аваад ирсэн юм..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 188-189-р хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 85-90-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 97-р хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 96-р хуудас/ хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болон улсын яллагчийн шүүхэд шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна гэж үзлээ.

 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 23 дугаар байранд байх иргэн Ц.Б-ын гэрээс 2019 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө 1 ширхэг 32 инчийн лед зурагт, 2 ширхэг савхин куртик, 1 ширхэг хос гутал зэрэг эд зүйл хулгайд алдагдаж, 1.060.000 төгрөгний хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдлоо.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг мөн бөгөөд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх бөгөөд  уг гэмт хэргийг шүүгдэгч Ц.Х үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч иргэний нэхэмжлэгч Ц.Б-ын мөрдөн байцаалтад хохирогчоор болон гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Э, Х.Д нарын мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцож, хүлээлгэн өгсөн тэмдэглэл,  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Ц.Х-ын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хэрэг үйлдсэнээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож  байна.

Иймд шүүгдэгч Ц.Х-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогчид 1.060.000 төгрөгийн хохирол учирсан боловч алдагдсан эд зүйлүүдийг хохирогч Ц.Б-д буцаан олгосон, хохирогч Ц.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Ц.Х-г тухайн гэмт хэрэгт төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалантын хороо Толгойтын 0 тоотод оршин суух иргэн Б.Б-ийн гэрээс 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр алтан аяга 1 ширхэг, мөнгөн тагш 1 ширхэг алдагдаж 2.545.000 төгрөгний хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг мөн бөгөөд уг гэмт хэргийг шүүгдэгч Ц.Х, М.Т нар нь бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ. Учир нь тухайн өдөр хохирогч Б.Б-г гэртээ байхад шүүгдэгч Ц.Х, М.Т нар нь архины мөнгө олох зорилгоор орж улмаар шүүгдэгч Ц.Х нь алтан аяга 1 ширхэг, мөнгөн тагш 1 ширхэгийг хохирогчид мэдэгдэлгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2545000 төгрөгний хохирол учруулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  Яллагдагч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэж заасан байна. Шүүгдэгч Ц, М.Т нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад уг гэмт хэргийг  бүлэглэж үйлдсэн талаараа тодорхой мэдүүлдэггүй харин шүүгдэгч Ц.Х нь уг аягануудыг хууль бусаар авсан талаар тус тус мэдүүлдэг боловч  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас асуусан асуултуудад хариулсан байдал болон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх  үндэслэлтэй байна.

Тухайн өдөр шүүгдэгч нар нь хохирогч Б.Б-ийн гэрт очихын өмнө иргэн Д-ийн гэрт архи уусан бөгөөд улмаар архи дууссан учир Ц.Х, М.Т нар нь архины мөнгө олох санаа зорилготойгоор гадагш гарч хохирогч Б.Б-ийн гэрт очсон байна. Шүүгдэгч Ц.Х нь уг аягануудыг  авч гэрээс гараад замдаа ...Ахын дүү ингэдэг байхгүй юу... гэж М.Т-д хэлсэн болох нь шүүгдэгч М.Т-г мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр байцаасан тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлгүүдээр тогтоогдож байна.  Уг үйлдлийг хууль бус гэдгийг М.Төрбат мэдсэн хэдий ч Ц.Х энэ талаар хэлээгүй цаашилбал Д-ийн гэрт очиж Ц.Х-г архи авч ирэхийг хүлээсэн, Ц.Х-д нь хохирогч Б.Б-ээс авсан мөнгөн тагшийг бусдад зарж борлуулан  архи бусад зүйл худалдан авч Д-нд буцаж очоод Ц.Х, М.Т, Д нар нь хууль бусаар авсан алтан аяганд авчирсан архиа уусан байна.

Дээрх хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Ц.Х, М.Т нар нь гэмт хэрэг үйлдэхэд санаатайгаар, шунахайн сэдэлтээр  нэгдсэн гэж үзэх үндэслэлтэй ба  энэ нь хохирогч иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Н.Г-ийн мэдүүлэг, гэрч Д.М-ийн мэдүүлэг, шүүгдэгч М.Т, Ц.Х нарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлж буй мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Х, М.Т нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

Улсын яллагч яллах дүгнэлтдээ.... Ц.Х, М.Т нар нь бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалантын хороо толгойтын 0 тоотод оршин суух Б.Б-ийн гэрт ороод гарахдаа нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар алтан аяга 1 ширхэг, мөнгөн тагш 1 ширхэгийг хулгайлан хохирогч Б.Б-үүд 2.545.000 төгрөгний хохирол, М.Т нь алтан аягыг Н.Г-д 50.000 төгрөгөөр худалдан иргэний нэхэмжлэгч Н.Г-д 50.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн ...гэж бичжээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Т-ын алтан аягыг Н.Г-д 50000 төгрөгөөр худалдсан үйлдлийг гэмт хэрэг  гэж ойлгогдохоор бичсэнийг шүүх утга найруулгын алдаа гэж үзэхээр байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-д 2.545.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд алтан аяга нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б нь уг аягаа буцаан авах хүсэлт гаргасан тул  бусдад зарж борлуулсан мөнгөн тагшны үнэ болох үнэлгээгээр тогтоогдсон 45.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Х-с гаргуулж хохирогч Б.Б-д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчид өөрийн алтан аягаа 130000 төгрөг төлж олж авсан гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт энэ талаарх баримт байхгүй байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ. Харин эд мөрийн баримтаар хураагдсан аягыг сэргээн засварлахад гарах төлбөрийг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн тул аяга сэргээн засварлахад гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх  эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Мөн иргэний нэхэмжлэгч Н.Г нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч М.Т-г иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Ц.Х нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ц.Х, М.Т нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргүүдийг тус тус  үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Х, М.Т нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч Ц.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн ,  гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг, мөн шүүгдэгч М.Т нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 5 дэх хэсэгт заасан *Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.* ,* Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна* гэсэн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгч Ц.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Х нь Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж улмаар Говь-Сүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжаар 8 сар 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж хяналт тогтоосон хугацаанд буюу 2019 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 23 дугаар байранд байх иргэн Ц.Б-н гэрээс эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт * Хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ* гэж заасан байх тул шүүгдэгч Ц.Х-ын эдлээгүй үлдсэн 8 сар 22 хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн  хугацаагаар хорих ялыг нэмж жинхэнэ эдлэх ялыг 3 жил 08 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох үндэслэлтэй байна.

 

Харин шүүгдэгч М.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч М.Т нь урьд Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 сарын 2-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж улмаар Ховд аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна. Өөрөөр хэлбэл дээрхи шийтгэх тогтоолоор ял оногдуулахаас өмнө тухайн гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмыг баримтлах үндэслэлгүй байна гэж үзлээ. 

 

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэм буруугаа хүлээж буй байдал, хохирол төлсөн байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг тус тус ял оногдуулахдаа харгалзаж үзсэн болно.

Шүүгдэгч Ц.Х-с 45.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д олгож, хохирогч Б.Б нь шаргал аягаа сэргээн засварлахад гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Ц.Х, М.Т нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг шаргал аягыг хохирогч Б.Б буцааж авна гэсэн тул 2500.000 төгрөгийн үнэлгээ бүхий шаргал аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгохыг дурдах нь зүйтэй байна. 

 Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7,  36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц-Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Х, шүүгдэгч М.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар, М.Т-г 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Ялтан Ц.Х-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, ялтан М.Т-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар ялтан Ц.Х-ын Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 4 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 8 сар 22 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж жинхэнэ эдлэх ялыг 3 жил 08 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

6. Ялтан Ц.Х, М.Т нарыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар ялтан Ц.Х-оос 45.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д олгож, хохирогч Б.Б нь шаргал аягаа сэргээн засварлахад гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж ялтан Ц.Х, М.Т нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг шаргал аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Б-үүд буцаан олгосугай.

 9. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, ялтан нар нь цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Ц.Х, М.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА