Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 125

 

 

 

 

 

 

 

 

  2020         01          23                                      2020/ШЦТ/125

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч П.Б. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт П.ын Б.т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 06925 0079 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1976 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Таван толгой” ХК-д хүнд даацын тээврийн жолооч ажилтай, ам бүл 7, эх, 5 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, Б. овогт П.ын Б..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б. нь 2019 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, Монелийн 40 дүгээр гудамжинд байрлах нийтийн байранд иргэн О.Алтанхундагатай таксины мөнгөний асуудлаас үүдэн маргалдаж, улмаар толгой руу нь гараараа цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                             /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б. мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч О.Алтанхуягийн өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 09-10-нд р шилжих шөнө 02:00 цаг орчимд 2 найзтайгаа 0.75 литрийн архи хувааж уучихаад Баянзүрх дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэр, 72 хотхоны орчмоос тус дүүргийн 05 дугаар хороо, Монелийн 40 дүгээр гудамж хүртэл такси барьсан юм. Таксины мөнгө 3000 орчим төгрөг гарсан ба би гэрийнхээ гадаа очоод таксины жолоочид “гэр лүү дагаад ор, гэрээс мөнгө ав” гэсэн чинь тухайн үед эхнэрт мөнгө байхгүй байсан. Би “маргааш мөнгийг чинь өгье, тухайн үед нь мөнгө нэмж өгье” гэсэн чинь жолооч “үгүй, би одоо авч явна” гээд коридорт орилоод байсан. Тэр үед түүний дуунд манай 2 ой гарантай хүүхэд уйлаад сэрсэн. Тэгэхээр  нь би бухимдаад “маргааш өгчихнө гэж байна шүү дээ” гээд 2 гараараа цээж рүү нь түлхэхэд намайг хүзүүдэж аваад, гартаа машиныхаа түлхүүрийг барьчихаад толгойн тус газар хэд хэдэн удаа цохисон, мөн газар унагаад нуруу болон гэдэс рүү өшиглөсөн. Тэр үед манай эхнэр гарч ирээд, цагдаа дуудтал зугатаачихсан. Тухайн үед миний куртка энэ тэр байсан тул гаргаж хаяад явчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13744 дугаартай шинжээчийн:

1. О.Алтанхундагын биед хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхи, хацар, эрүүг хамарсан гүн зулгаралт, зүүн нүд, хамар, хацар орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо болон ирмэгтэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ө.Сарангэрэл” гэх дүгнэлт /хх-ийн 19-20/,

 

- Гэрч Ш.Түвшинбаярын өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 09-10-нд  шилжих шөнө гэртээ байж байтал 02:00 цагийн орчимд манай нөхөр О.Алтанхундага согтуу, таксины жолоочтой ирээд надаас “мөнгө байна уу?” гэхэд надад байгаагүй юм. Тэгэхээр нь би тэр жолоочид “та маргааш ирээд авчих, тэгэх үү? Маргааш мөнгө нэмээд өгье” гэсэн чинь “үгүй, одоо заавал авна” гээд уурлаад, манай нөхөртэй хэрэлдсэн. Тэр үед манай 2 ойтой хүүхэд сэрээд, тэгэхээр  нь манай  нөхөр уурлаад мөр лүү нь түлхсэн чинь нөгөө хүн барилцаж аваад манай нөхрийг гараараа сугандаа хавчуулж байгаад нөгөө гараараа хэд хэдэн удаа цохисон, цохисон гаранд нь машиных нь түлхүүр байсан ба газар унагаад өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас П.Б. нь 2019 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, Монелийн 40 дүгээр гудамжинд байрлах нийтийн байранд иргэн О.Алтанхундагатай таксины мөнгөний асуудлаас үүдэн маргалдаж, улмаар толгой руу нь гараараа цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд П.Б. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч О.Алтанхундага нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул гомдол саналгүй, хохиролд 500.000 төгрөг нэхэмжилсэн хохирол төлөгдсөн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул П.Б.т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: П.Б. нь 2019 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, Монелийн 40 дүгээр гудамжинд байрлах нийтийн байранд иргэн О.Алтанхундагатай таксины мөнгөний асуудлаас үүдэн маргалдаж, улмаар толгой руу нь гараараа цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч О.Алтанхундагын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13744 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч Ш.Түвшинбаярын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Б.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол төлөгдсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч П.Б.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 40 дүгээр тал/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: шүүгдэгч П.Б.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч П.Б. нь хохирогчтой эвлэрсэн, хохирогч О.Алтанхундага гомдол саналгүй гэсэн хүсэлтийг бичгээр илэрхийлсэн байх тул П.Б.т прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Б. нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт П.ын Б.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар йшүүгдэгч П.Б.ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Б. нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, П.Б. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА