| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/0101/Э |
| Дугаар | 124 |
| Огноо | 2020-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 124
2020 01 23 2020/ШЦТ/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго
улсын яллагч Н.Гэрэлмаа,
шүүгдэгч С.А. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д. овогт С.ын А.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 07507 0091 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1965 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ял шийтгэлгүй, Д. овогт С.ын А..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.А. нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сейж” нэртэй дэлгүүр дотор таарамжгүй харилцааны улмаас худалдагч О.Хулантай маргалдаж, түүний хүзүүнд маажих, үснээс зулгаах зэргээр биед нь халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А. мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч О.Хулангийн өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажил дээрээ байж байтал 11:00 цагийн орчимд гаднаас нэг эгч орж ирээд, нэг палажийг заагаад, “энийг үзүүлээд өгөөч” гэхээр нь би очоод тэр палажны хормойг буулгаад тэр эгчид үзүүлчихээд бусад палажаа өлгөх гээд явсан юм. Тэгтэл хойноос тэр эгч “чи надад үйлчилсэнгүй, чи байтугай бусад дэлгүүр надад юмаа зарах гээд сөгдөж, мөргөөд үйлчилдэг” гэж загнасан. Тэгэхээр нь би тэр эгчид “би уул нь танд үзүүлэх гээд палажаа өлгөөд бүгдийг нь тавьчихсан байгаа шүү дээ, та наад палажнуудаасаа үзээд авч болно шүү дээ” гэж хэлсэн. Тэгтэл тэр эгч “чамаас ер нь хэн юм авдаг юм, танайх дандаа хужаа юм зардаг, хэн ч танайхаар орж ирэхгүй” гэх мэтээр доромжилсон. Тэгэхээр нь би тэр хүнд “би бусад хүмүүст бараагаа үзүүлэх шаардлагатай байна, та битгий орилоод бай” гэтэл “би гарахгүй, чам шиг юм руу орилохоор яадаг юм, би угаасаа орилдог юм” гээд байсан. Тэнд үйлчлүүлж байсан хүмүүс “наад хүнээ болиулаач ээ” гээд байсан. Тэнд байсан нэг хүн “та өөрийнхөө охин шиг хүнийг ингэж хэлээд байхдаа яадаг юм, зүгээр гараач ээ” гэтэл “гарахгүй” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би тэр эгч дээр очоод “та хүмүүсийн амгалан тайван байдал алдагдуулаад байна, та гарчих аа” гээд тохойнд нь хүртэл шууд эргэж хараад миний хүзүүн тус газарт маажсан, тэгээд шууд цамцнаас зулгаагаад үснээс зулгаасан. Тэгэхээр нь би өөрийн биеэ хамгаалах гээд адилхан үснээс нь зулгаасан. 5 минут орчим бид 2 барьцалдсан. Тэр үед надтай хамт байсан худалдагч хажуунаас салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 390 дугаартай шинжээчийн:
1. О.Хулангийн биед хүзүүний шарх, зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ” гэх дүгнэлт /хх-ийн 10-11/,
- Яллагдагчийн С.А.гийн өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 13:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Солонгос бөс бараа зардаг дэлгүүрт орох гээд явж байтал түүний хажуу талд шинэ барааны дэлгүүр нээгдсэн байсан. Би тус дэлгүүрт ороход 2 эмэгтэй худалдагч байсан бөгөөд би өлгүүрт байсан даашинзыг аваад үзэх үед дэлгүүрийн худалдагч эмэгтэй надад хандаад “та өөртөө энэ даашинзыг авах гээд байгаа юм уу? Танд үзүүлэх завтай хүн байхгүй байна” гээд байхаар нь би тус эмэгтэйтэй маргалдсан ба намайг гарах үед миний үснээс зулгаасан, би бас харилцан үсдэлцээд нэг гараараа нүүрэн хэсэгт нь самардсан бөгөөд удалгүй бид хоёр салаад, би цагдаад дуудлага өгсөн, цагдаа нар удалгүй ирж, бид хоёрыг хамт цагдаагийн хэлтэс дээр авчирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас С.А. нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сейж” нэртэй дэлгүүр дотор худалдагч О.Хулантай маргалдаж, түүний хүзүүнд маажих, үснээс зулгаах зэргээр биед нь халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд С.А. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч О.Хулан нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул гомдол саналгүй, хохиролд 40.000 төгрөг нэхэмжилсэн хохирол төлөгдсөн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул С.А.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: С.А. нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сейж” нэртэй дэлгүүр дотор худалдагч О.Хулантай маргалдаж, түүний хүзүүнд маажих, үснээс зулгаах зэргээр биед нь халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч О.Хулангийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 390 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч С.А.гийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.А.г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч гомдол саналгүй, хохирол төлөгдсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч С.А.г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 39 дүгээр тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: шүүгдэгч С.А.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч С.А. нь хохирогчтой эвлэрсэн, хохирогч О.Хулан гомдол саналгүй гэсэн хүсэлтийг бичгээр илэрхийлсэн байх тул С.А.д прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.А. нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д. овогт С.ын А.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А.г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.А. нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, С.А. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА