Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 123

 

 

 

 

 

 

 

   2020         01         23                                       2020/ШЦТ/123

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго

улсын яллагч Г.Цэрэнжамц,

шүүгдэгч Х.Ө. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Х.ийн Ө.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 07366 0046 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1980 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа оёдол хийдэг ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1997 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 134 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 544 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 15 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Б. овогт Х.ийн Ө..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Ө. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4 дүгээр хэсгийн 1490 тоотод буюу өөрийн гэртээ хамтран амьдрагч С.Сүхгэрэлийг өөрийг нь бусадтай хардаж, хэл амаар доромжиллоо гэж гэрийн гал тогооны тавиур дээр байсан хар иштэй хутгыг авч, зүүн гарын мөр хэсэгт 1 удаа, зүүн хөхний хажууд 1 удаа тус тус хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                        /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ө. мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч С.Сүхгэрэлийн өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би хамтран амьдрагч Х.Ө.ын хамт 0.75 литрийн шилтэй “Хараа” архи аваад, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, 1490 тоотод байдаг өөрийн гэртээ Х.Ө.тай хувааж уугаад, би хамтран амьдрагч Х.Ө.ыг хардаж, хэрүүл, маргаан хийсэн. Тэр үед би өөрөө элэг шарж идэх санаатай хөлдүү элэг хутгаар зүсэж байхад Х.Ө. миний гартаа барьсан хар өнгийн иштэй хутгыг булааж авах гэхээр нь би өгөхгүй гээд хоорондоо ноцолдож байх үед миний зүүн гарын мөр хэсэг, зүүн хөхний хажууд хатгагдсан ба тэр үед цус гараад тогтохгүй байсан чинь Х.Ө. уйлаад, “би нөхрөө хутгалчихлаа” гээд өөрөө цагдаа, түргэн дуудсан. Түүнээс биш Х.Ө. намайг санаатай хутгалсан зүйл байхгүй. Би өөрөө согтоод, хамтран амьдрагчаа айлгаж, хий хоосон хардаж, хэл амаар доромжилсон тул энэ хэрэг миний буругаас болж  гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 151 дугаартай шинжээчийн:

1. С.Сүхгэрэлийн биед цээжний зөөлөн эд, зүүн мөрөнд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж, ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “хөнгөн” зэргийн гэмтэл болно.

3. Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинжээч эмч С.Наранцэцэг” гэх дүгнэлт /хх-ийн 24/,

 

            - Яллагдагч Х.Ө.ын өгсөн: “...Хэрэг гарсан өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хамтран амьдрагч С.Сүхгэрэл бид хоёр гэртээ 0.75 литрийн “Хараа” архи хувааж уугаад, хамтран амьдрагч намайг хардаж, хэрүүл, маргаан хийсэн бөгөөд би уурандаа хамтран амьдрагч С.Сүхгэрэлийн зүүн гарын дээд хэсэгт хутгалж, гэмтээсэн. Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байгаа, их харамсч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Х.Ө. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4 дүгээр хэсгийн 1490 тоотод буюу өөрийн гэртээ хамтран амьдрагч С.Сүхгэрэлийн зүүн гарын мөр хэсэгт 1 удаа, зүүн хөхний хажууд 1 удаа тус тус хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Х.Ө. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч С.Сүхгэрэл нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Х.Ө.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Х.Ө. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4 дүгээр хэсгийн 1490 тоотод буюу өөрийн гэртээ хамтран амьдрагч С.Сүхгэрэлийг өөрийг нь бусадтай хардаж, хэл амаар доромжиллоо гэж гэрийн гал тогооны тавиур дээр байсан хар иштэй хутгыг авч, зүүн гарын мөр хэсэгт 1 удаа, зүүн хөхний хажууд 1 удаа тус тус хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.Сүхгэрэлийн мэдүүлэг, Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 151 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч Х.Ө.ын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Ө.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Х.Ө.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 41 дүгээр тал/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: шүүгдэгч Х.Ө.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Х.Ө. нь хохирогчтой эвлэрсэн, хохирогч С.Сүхгэрэл гомдол саналгүй гэсэн хүсэлтийг бичгээр илэрхийлсэн байх тул Х.Ө.д прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Ө. нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт Х.ийн Ө.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ө.ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Ө. нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Х.Ө. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА