Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00309

 

С.Э, А.Г нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01942 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2315 дугаар магадлалтай

С.Э, А.Г нарын нэхэмжлэлтэй

Б.Б-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 38 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гомбо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Г миний бие Б.Б-тай уулзаж “манай компанийн мэдлийн, хүн ороогүй байгаа 3 өрөө байранд урьдчилгаа төлбөрөө төлөөд ор” гэсэн байрыг үзэж м.кв-ын үнэ 850 ам.доллар буюу тэр үеийн ханшаар 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр эхнэр, дүү нарын хамт мөнгөө авч очоод өгсөн. Тэр үед Б.Б- одоохондоо тамга байхгүй байгаа зээлийн гэрээ хийнэ гээд 40 000 000 төгрөг авч гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Бид нарт байр таалагдаж байсан бөгөөд үлдэгдэл төлбөрөө үргэлжлүүлэн төлнө гэсэн ойлголттой байсан. Ингээд байранд орсноос хойш мөнгө авах өөр нэгэн хятад компани гарч ирээд хоёр компани хоорондоо маргалдаж бид төлбөрөө хэнд нь өгөхөө мэдэхгүй хугацаа алдаж 3 жил гаруй хугацаа өнгөрсөн. Эцэст нь Дааган ХХК байрны төлбөрийг бөөнд нь өгөхгүй бол гэрчилгээ өгөхгүй гэж хугацаа тогтоож төлж чадахгүй бол байрнаас албадан гаргана гэсэн. Ингээд бид аавынхаа 3 өрөө байрыг банкинд барьцаалж жилийн 23 хувийн хүүтэй 40 000 000 төгрөгийн зээлийг банкнаас зээлж 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байрныхаа гэрчилгээг Дааган ХХК-иас авсан, өмнө өгсөн 40 000 000 төгрөг манай компанид хамаагүй өөрсдөө олж ав гэж хэлсэн. Б.Б-г гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж мөнгөө нэхсэн боловч 2015 оны 07 сард 2 000 000 төгрөг өгөөд түүнээс хойш утсаа ч авахгүй зугтах болсон. Иймд Б.Б-гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 38 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Уг мөнгийг байрны урьдчилгаа гэж тохиролцсон боловч зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн хүүнд нь байранд суугаад тодорхой хугацааны дараа зээлийн эргэн төлөлтөө хийхээр тохиролцсон. Тиймээс тухайн үед зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Иймд зээлийн гэрээний дагуу Б.Б-гаас 38 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01942 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б-гаас 38 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Г, С.Эт нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 347 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Г, С.Э нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2315 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01942 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01942 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 сарын 8-ны өдрийн 2315 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч Иргэний хуулийг буруу тайлбарласан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

Нэг. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг анхан шатны шүүх үнэлээгүй талаар: Нэхэмжлэгч А.Г, С.Э нар нь иргэн Б.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “...байрыг үзэж метр квадратын үнэ 850 ам. доллар буюу тэр үеийн ханшаар 2011 оны 9 сарын 22-ны өдөр эхнэр дүү нарын хамт мөнгөө авч очоод өгсөн. Тэр үед Б.Б- одоохондоо тамга байхгүй байгаа зээлийн гэрээ хийнэ гээд 40 000 000 төгрөг авч гэрээ байгуулж гарын үсэг зурсан...” гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ 2011 оны 9 сарын 22-ны өдрийн нэг талаас А.Г,С.Э, А.Алтантуяа нөгөө талаас Б.Б- нарын хооронд хийгдсэн “мөнгө зээлсэн баримт” гэх тодорхойлолтыг хавсаргасан.

Энэ тодорхойлолтод “Б.Б- би Шүнди ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаа болно. А.Г-аас 40,000,000 төгрөг зээлсэн болно. Хүүнд нь байранд суулгахаар тохиролцов” гэсэн байдаг.

Хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Прокурорын газрын архиваас эрүүгийн 20947247 дугаартай хэргээс Шүнди ХХК-ийн захирал Ли Шан Богийн 2009 оны 11 сарын 4-ний өдрийн 10/25 тоот тушаалаар Б.Б-г Шүнди ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2012 оны 11 сарын 4-ний өдөр хүртэл томилсон тушаал хэрэгт авагдсан.

Нэхэмжлэгч А.Г, С.Э нарын нэхэмжлэлийн агуулга, 2011 оны 9 сарын 22-ны өдрийн “мөнгө зээлсэн баримт” гэх тодорхойлолтын агуулга, Шүнди ХХК-ийн захирал Ли Шан Богийн 2009 оны 11 сарын 4-ний өдрийн 10/25 тоот тушаалаар Б.Б-г Шүнди ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон тушаал зэргийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүйн зэрэгцээ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу ирүүлсэн 2010 оны 4 сарын 12-ны өдрийн 462 дугаартай “Шүнди ХХК-ийн тамга, тэмдгийг Нийслэлийн Цагдаагийн газарт хүргүүлэхээр хураан авсан” тухай шүүгчийн захирамжийг нотлох баримтаар үнэлээгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хоёр. Хариуцагч мөн эсэх талаар: А.Г, С.Э болон Шүнди ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б- нарын хооронд зээлийн гэрээний харилцаа болон Б.Б- нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн ямар ч үйл баримт болоогүй.

Б.Б- Шүнди ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа Шүнди ХХК-ийг төлөөлөн А.Г, С.Э нарын Шүнди ХХК-ийн барьж, ашиглалтанд оруулсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 39 дүгээр байр, 30 тоот орон сууц худалдан авах хүсэлтийн дагуу гүйцэтгэх захирал Б.Б- нь 2011 оны 9 сарын 22-ны өдрийн “мөнгө зээлсэн баримт” тодорхойлолтыг бичиж өгсөн, тэдний төлсөн 40,000,000 төгрөг Шүнди ХХК-д орсон, тэд байрандаа орсон.

1999 оны 7 сарын 2-ны өдрийн буюу тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Компаний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т “компаний дүрэмд гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэхээр заагаагүй бол хувь хүн хэрэгжүүлнэ. Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна”, мөн зүйлийн 80.6-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасны дагуу Б.Б- нэхэмжлэгч нартай хэлцэл хийсэн.

Тэгэхээр А.Г, С.Э нар орон сууцны урьдчилгаанд өгсөн мөнгөө Шүнди ХХК-иас нэхэмжлэх эрхтэй ба Б.Б- нь иргэнийхээ хувьд хариуцагч биш юмаа.

Гурав. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэх дүгнэлтийн талаар:

Нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан үеэс эхлэн хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн, хэргийн хариуцагч биш хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж байсан.

Шүүх хуралдаан эхлэх тоолонд шүүгчээс эвлэрэх санал хүсэлтийн талаар асуухад “эвлэхгүй, манайх хариуцагч биш” гэсэн тайлбаруудыг хойшилсон хуралдаан бүрт хэлж байсан.

Дөрөв. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэх талаар:

2017 оны 6 сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгч хамтран хариуцагчаар татсан Шүнди ХХК-ийн захирал Ли Шан Бо-г оролцуулах хүсэлтээсээ татгалзсанаар шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулсан.

Ингээд 2017 оны 8 сарын 31-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тов гарч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхээс нотлох баримт гаргуулахаар болж шүүх хуралдааныг 2017 оны 9 сарын 14-ний өдрийн 15 цаг 30 минутад хийхээр хойшлуулсан.

Хариуцагчийн төлөөлөгч би энэ өдөр 2017 оны 8 сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтан дээр гарын үсэг зурсан, 9 сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны товыг хүлээн авсан, мэдсэн.

Харин 2017 оны 9 сарын 18-ны өдөр шүүх хуралдаан болохоор тов өөрчлөгдсөн талаар мэдэгдээгүй, мөн хүсэлтийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхээс ирсэн нотлох баримтуудыг танилцуулаагүй атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Мөн шүүхийн шийдвэрт М.Цэндсүрэн намайг “9 сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаас 9 сарын 18-ны 11 цагт зарласан болохыг мэдэгдсэн боловч” гэж шүүхээс дүгнэж байгаа нь үндэслэлгүй ба 9 сарын 14-ний өдөр шүүх хуралдаан огт болоогүй.

Тав. Шаардах эрхийн тухайд:

Нэхэмжлэгч нар “...Б.Б-г гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж мөнгөө нэхсэн боловч 2015 оны 7 сард 2 000 000 төгрөг өгөөд түүнээс хойш утсаа ч авахгүй зугтах болсон...” гэсэн нь огт үндэслэлгүй ба Б.Б- нь өөрөөсөө нэхэмжлэгч нарт 2,000,000 төгрөг өгч байгаагүй, 2,000,000 төгрөгийг Шүнди ХХК-ийн захирал Ли Шан Богийн төлөөлөгч М.Мандахбаяр өгч байсан.

Б.Б- нь А.Г, С.Э нарын өмнө иргэнийхээ хувьд ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, тэдэнд төлөх төлбөргүй болно.

Анхан шатны шүүх ямар ч нотлох баримтуудыг үнэлээгүй, хэтэрхий нэг талыг барьж хэргийг шийдвэрлэж Б.Б-гаас 38,000,000 төгрөг гаргуулан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацааг баримтлаагүй.

Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01942 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 8-ны өдрийн 2315 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 6 дугаар хороо 39-30 тоотод оршин суугч иргэн А.Г С.Э нараас бидний нэхэмжлэлийн хариуцагч Б.Б-, төлөөлөгч Цэндсүрэн нараас дээд шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 08-нд гаргасан гомдлын зарим зүйл нь үнэнд нийцэхгүй байгаа тул бид тайлбар өгөхийг хүсэж байна. Бидний нэхэмжлэлийн талаар 2 шатны шүүхийн материалд тодорхой байгаа учир тэр талаар дурдсангүй.

1. Б.Б- 40 сая төгрөг бэлэн тоолж аваад зээлийн гэрээг өөрөө бичиж өгсөн, авсан гарын үсэг зурсан баримт байгаа өөрөө авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Одоо А.Г, С.Э нарт өргүй, мөнгө өгөхгүй гэсэн нь үнэхээр ичгүүргүй улаан цагаан байгаад харамсаж байна.

2. 2 сая төгрөг би өгөөгүй компаний төлөөлөгч өгсөн гэсэн байна. Бид Б.Б-гаас олон удаа нэхэж сүүлд нь “Бид шүүхэд өглөө шүү битгий гомдоорой” гэж анхааруулсан. Дараа нь Б.Б- өөрөө утастаж уулзъя гэсэн. Тэгээд уулзсан. Мөнгийг увуулж цувуулаад төлье шүүхэд битгий өгөөч гэж гуйсан. Бид зөвшөөрч итгэсэн. Дараа сарын банкны зээлийг төлөхөд чинь тусалъя гэсэн. Дараа сард нь мөнгө шилжүүлсэн, Б.Б- хэлсэн амандаа хүрч байгаад бид баярласан. Банканд ямар нэртэй хүн мөнгө шилжүүлсэн нь бидэнд хамаагүй. Түүнээс хойш дахиад шилжүүлэхгүй утастаад ч утсаа авахгүй гэсэн болохоор 1 удаа хуурч цаг хожих гэсэн заль байсныг бид мэдсэн.

3. “Анхан шатны шүүх хурлын зар мэдээгүй” гэж бичсэн байна. Зар сонсож шүүх хуралд очсоны хувьд хурал хойшилсон болохыг бидэнд тодорхой хэлсэн манай өмгөөлөгчид бас хэлсэн байсан. Цэндсүрэнд хэлээгүй байх учиргүй. Бид шүүх хуралд орохын өмнө нэхэмжлэгч талаас хүн харагдахгүй учир шүүгчийн туслах Хишигсүрэнгээс асуусан Зар мэдэж байгаа сая утастсан чинь өвчтэй гэж байна. Бидэнд урьдчилж мэдэгдсэнгүй гэж байсан. Б.Б-гийн талаар хавтас хэрэгт ороогүй зарим зүйлийг тодотгоход:

Хятадын 100% хувийн хөрөнгө оруулалттай барилгын Шүнди компаний захирал Ли Шүн Бо гэгч хөгжлийн бэрхшээлтэй хятад хүнтэй гэр бүлийн харилцаатай байсан. Түүний хүүхэд нь Б.Б- дээр байдаг. Одоо Монгол нөхөртэй боловч Ли Шүн Бо-той Харьцаатай байдаг. Шүнди компанийг дампуурал зарлаж захирлыг өөр Хятад хүний нэр дээр болгосон. Ли Шүн Бо одоо нууц эзэн байдаг.

Энэ Хятад, Монгол хуйвалдсан зальтай хүмүүсийн асуудлыг шударга шүүх үнэн зөвөөр шийдэж иргэн бидний хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч А.Г, С.Э нар нь Б.Б-д холбогдуулан 38 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “орон сууц худалдан авахаар урьдчилгаа төлбөрт 40 000 000 төгрөгийг Б.Б-д өгсөн, гэтэл орон сууцны төлбөрийг Дааган гэдэг хятад компани биднээс нэхэмжилж, өмнө өгсөн төлбөр хамаарахгүй гэсэн тул Б.Б-гаас нэхэхэд  2015 оны 07 дугаар сард 2 000 000 төгрөг өгөөд түүнээс хойш төлбөр төлөөгүй тул үлдэгдэл 38 000 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг нотолж, Б.Б-гийн үйлдсэн “Мөнгө зээлсэн баримт”-ыг хавсарсан байна.

Тус баримтад “Б.Б- би Шүнди ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаа болно. Иргэн А.Гаас 40 000 000 төгрөгийг зээлсэн болно, хүүнд нь байранд суулгахаар тохиролцов” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад шүүхэд гаргасан хариу тайлбар, хүсэлтдээ “...Б.Б- нь Шүнди ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2009 оны 11  дүгээр сарын 04-ний өдрийн тушаалаар томилогдож ажилласан ба ...дээрх орон сууцтай холбоотой төлбөр тооцооны асуудал Шүнди ХХК-тай холбоотой, хэргийг Шүнди ХХК-ийн хаягийн дагуу харьяаллын шүүхэд шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргажээ.

Хариуцагч дээрх хүсэлтийг гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3., 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хариуцагч Б.Б- нь Шүнди ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа орон сууцтай холбоотой төлбөр тооцооны асуудлыг хариуцаж ажиллаж байсан гэх боловч нэхэмжлэгчээс орон сууцны төлбөрт өгсөн мөнгийг компанид шилжүүлснээ нотлоогүй, тус мөнгийг зээлж авсан гэх баримт үйлдсэн байх тул талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүсээгүй үндэслэлээр хөрөнгө олж авсан Б.Б-г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1. дэх заалтад нийцсэн байна.

Б.Б- нь Шүнди ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан талаар зохигчид маргаагүй тул энэ талаарх баримтыг шүүх үнэлсэнгүй гэх гомдол үндэслэлгүй байна.

Мөн Б.Б- иргэнийхээ хувьд хариуцагч биш гэх үндэслэлээ хариуцагч нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар үндэслэлээ нотлох, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй тул Б.Б- нь иргэнийхээ хувьд хариуцагч биш гэх гомдол хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны

өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэх гомдол үндэслэлгүй байх бөгөөд “хуралдаан хойшлуулах хүсэлтээ баримтаар нотлоогүй гэж дүгнэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн хүсэлтээр, хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01942 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2315 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 347 950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД