Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Хэргийн индекс: 114/2017/0061/3/

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны  танхимд  нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн 4 дүгээр байрны 08 тоотод оршин суух Бэгзжавын Отгонсүрэн

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох

 

 “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн 4 дүгээр байрны 08 тоот 2 өрөө орон сууцын өмчлөгчөөр Б.Отгонсүрэнг бүртгэж, миний нэр дээр гэрчилгээ бичиж олгохыг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд:

   Нэхэмжлэгч:                                                          Б.Отгонсүрэн

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:           Ш.Цэндсүрэн    нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Отгонсүрэнгээс шүүх болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2012 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит өртөөнд төмөр замын шугамаар шилжиж ирсэн. 2012 оны 09 дүгээр сард би Одонтуяагаас тус байрыг 16 сая төгрөг бэлнээр өгч худалдаж авсан. Би ажлынхаа хажуугаар сургуульд сурч байсан ба 2013 онд 2 ихэр хүүхэд гаргаж гэртээ хүүхдүүдээ харж байсан болохоор байрныхаа гэрчилгээг шилжүүлж авах зав гараагүй  гадуур явж чадахгүй байсан юм. 2015 онд эргэж ажилдаа орсон мөн л гэрчилгээгээ өөрийн нэр дээр шилжүүлж авч чадахгүй явсаар байгаад 2017 оны 01 дүгээр сард ээлжийн амралт авч байрны гэрчилгээгээ өөрийн нэр дээр шилжүүлэхээр үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг Одонтуяатай байгуулж үл хөдлөх хөрөнгийн газарт гэрчилгээгээ гаргуулахаар баримтаа бүрдүүлж  2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэгчид өгсөн. 10 хоногийн дараа ирж гэрчилгээгээ авах гэтэл таны гэрчилгээ гарах боломжгүй, танай байр нь Ууганбаярын нэр дээр бүртгэгдсэн байдаг бөгөөд гэрчилгээ нь олдохгүй байгаа учраас таны нэр дээр гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Мөн 2017 оны 06 дугаар сард нээлттэй хаалганы өдөр болоход нь би тасгийн даргатай нь уулзаж тодруулахад бас нөгөө гэрчилгээ нь олдохгүй байна гэсэн. Дараа нь үл хөдлөх хөрөнгийн газрын даргад нь хандахад Ууганбаярын гэрчилгээ нь олдохгүй байна шүүхэд ханд гэж хэлснээр 2017 оны 09 дүгээр сард Захиргааны шүүхэд хандсан. Би Салхитад шилжиж ирснээсээ хойш уг байрандаа 5 жилийн турш амьдарсан байгаа байрны гэрчилгээгээ авах гэхээр бичиж өгөхгүй өнөөдрийг хүрлээ. Намайг анх Хонгорт ирэхэд Одонтуяа нь цэцэрлэгийн эрхлэгчийн ажилтай, өөрийнхөө байраа зарна гэж байсан учраас тус байрыг худалдаж авсан. Иймд байрны өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж  өгнө үү гэв.

 

   Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Отгонсүрэн нь Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэст 2017 оны 01 дүгээр сард  мэдүүлэг хүлээн авахаар Одонтуяа, Отгонсүрэн нар нь орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан тул гэрчилгээг Отгонсүрэнгийн нэр дээр шилжүүлэхээр өргөдөл мэдүүлэг өгсөн байдаг. Тухайн үед улсын бүртгэгч  Б.Цогзолмаад хуваарилагдаж баталгаажуулах явцад уг байр нь Ууганбаяр, Баярцэцэг, Анхбаяр, Хосбаяр нарын  нэр дээр манай мэдээллийн санд бүртгэгдсэн байсан. Тухайн байрыг Ууганбаяраас Одонтуяад шилжүүлсэн гэх нотлох баримт байхгүй байсан учраас Отгонсүрэнгийн нэр дээр гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй байсан тухай албан тоотоор хариуг өгсөн байгаа. 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Ууганбаяр, Одонтуяа нар бэлэглэлийн гэрээгээр байраа шилжүүлсэн талаарх материалыг хүлээж авсан хүн нь улсын бүртгэгч Б.Цолмон байсан. Ууганбаярын нэр дээр 00115639 тоот үл хөдлөхийн гэрчилгээг бичиж олгосон байдаг. Уг гэрчилгээ нь манай архивт байхгүй байсан ба холбогдох материалыг аймгийн архиваас шүүж, холбогдох хүмүүсээс нь тодруулж 156 дугаар бүхий нотариатч Золжаргалын гэрчилсэн нотлох баримтаас  олж хувийн хэрэгт нь хавсаргасан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалын дагуу батлагдсан үл хөдлөх хөрөнгө бүртгэх журмын 3 дугаар зүйлийн 3.9-т зааснаар материал хүлээж авсан он, сар, өдөр гарын үсэг, бүртгэлд заасны дагуу бүртгэж  бүртгэл  маягт Б-1, хүлээн авах маягт Б-2, гэрчилгээ олгох Б-7 маягтад зохих ёсоор бүртгэх ёстой байсныг бүртгээгүй, мэдээллийн санд ч бүртгэгдээгүй байдаг.

Манай байгууллагын архивын баримт болон бүртгэл мэдээллийн сангаас Одонтуяаг өмчлөгч гэх нотлох баримт олдоогүй, Одонтуяа нь өмчлөгч болох нь тогтоогдохгүй байгаа учир Отгонсүрэнгийн нэр дээр гэрчилгээг бичих боломжгүй байгаа. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д зааснаар мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж байна. Улсын бүртгэлийн хэлтэс нь 2013 онд цахим мэдээллийн санд шилжсэн, 2010 оны материал цахим мэдээллийн санд ороогүй байсан байна. Хувийн хэрэгт ямар материал байна тэрийг нь бүртгэх ёстой, архивт материалыг нь өгөөгүй байсан. Тухайн үед улсын бүртгэгчээр ажиллаж байсан Цолмонгийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байна Шүүх шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Б.Отгонсүрэнгээс “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн 4 дүгээр байрны 08 тоот 2 өрөө орон сууцын гэрчилгээг миний нэр дээр  бичиж өгөхийг  аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн 4 дүгээр байрны 08 тоот 2 өрөө орон сууцын өмчлөгчөөр Б.Отгонсүрэнг бүртгэж, гэрчилгээ олгохыг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодорхойлжээ.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарын шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үнэлэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

 

            Нэхэмжлэгч Б.Отгонсүрэн нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр иргэн С.Одонтуяатай Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн 4 дүгээр байрны 08 тоот 26,0 мкв 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр 16 сая төгрөгөөр худалдан авсан болох нь үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэгч, С.Одонтуяагийн тайлбараар тогтоогдож байна.

            Түүнчлэн Сумъяагийн Одонтуяа нь дээрх орон сууцыг 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.Ууганбаяраас бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч өмчлөгч нь болсноор эрхийн улсын бүртгэлийн Ү-2005000374 дугаарт бүртгэгдэн  үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000115639 дугаарын гэрчилгээ олгогджээ.

            Нэхэмжлэгч өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргаж холбогдох материалаа хавсарган өгөхөд, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Хувьзаяагаас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 02/1006 тоот албан бичгээр таны нэр дээр гэрчилгээ бичих боломжгүй талаар хариу мэдэгдсэн байна.

            Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Эрхийн улсын бүртгэлийн Ү-2005000374 дугаарт бүртгэгдсэн Хонгор сумын Салхит багийн 4 дүгээр байрны 08 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр иргэн Б.Ууганбаяр, Д.Баярцэцэг, У.Анхбаяр У.Хосбаяр нар бүртгэлтэй, 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн С.Одонтуяаг уг байрны өмчлөгчөөр бүртгэсэн гэх нотлох баримт нь цахим мэдээллийн санд болон хувийн хэрэгт нь байхгүй байгаа учир Б.Отгонсүрэнгийн нэр дээр гэрчилгээ бичих боломжгүй” гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү орон сууц нь Б.Ууганбаяраас С.Одонтуяад бэлэглэлийн гэрээгээр, С.Одонтуяагаас Б.Отгонсүрэнд худалдах, худалдан авах гэрээгээр тус тус хэлцлийн үндсэн дээр шилжсэн байх  бөгөөд дээрх хэлцлүүд нь хүчин төгөлдөр, С.Одонтуяа нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гэрч Б.Цолмон, Д.Баярцэцэг нарын тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож  байна.

           

            Шүүхээс Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга Ш.Цэндсүрэнгийн ажлын байрны компьютер дээр цахим санд нэвтрэх  мэдээллийн бүртгэлийн еPRS программ руу орж  үзэхэд улсын бүртгэлийн Ү-2005000374 дугаарт Б.Ууганбаяр нарын бүртгэл бүртгэгдсэн байх ба С.Одонтуяатай холбоотой бүртгэл нь бүртгэгдээгүй байна.

            Хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам-ын 3.1 “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн дагуу иргэн, хуулийн этгээдийн гаргасан мэдүүлгийг өмчлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын бүртгэгч хүлээн авч, мэдүүлэгт хүлээн авсан тэмдэг дарж, хуудсыг дугаарлан, огноо, цаг минутыг бичиж, мэдээллийг улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулна, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг цахим систем /еPRS/-д хөтлөх журам-ын  3.1.1-д  “мэдүүлэг, нотлох баримт нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг нягтлан хүлээж авч, мэдүүлэг түүнд хавсаргасан нотлох баримтыг цахим мэдээллийн системд программын дагуу үнэн зөв, бүрэн гүйцэд шивж оруулна” гэж заасныг зөрчсөн байна.

            Иргэн С.Одонтуяагийн  бүртгэлийг бүртгэлд бүртгээгүй, мэдээллийн санд шивж оруулаагүй нь захиргааны байгууллагын албан тушаалтны буруутай үйл ажиллагаа байх ба энэхүү эрхийн улсын бүртгэлийг зохих ёсоор бүртгээгүй хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх ёсгүй,  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

             Мөн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2005000374 дугаарт бүртгэгдсэн Хонгор сумын Салхит багийн 4 дүгээр байрны 08 тоот 2 өрөө орон сууцны  өмчлөгчөөр С.Одонтуяа нь бүртгэгдэж,  2010 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000115639 дугаарын гэрчилгээ олгогдсоныг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 “бүртгэл үнэн зөв байх” гэсэн эрхийн улсын бүртгэлийн зарчимд нийцсэн гэж дүгнэж байгаа тул нэхэмжлэгч Б.Отгонсүрэнг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн 4 дүгээр байрны 08 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

                       

 Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,    106.3.4  дэх хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон

                                                       

ТОГТООХ нь:

 

 1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн 4 дүгээр байрны 08 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.Отгонсүрэнг бүртгэж, гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

 

  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

                                                                                                                                               

  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  нар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                            Д.НАРАНТУЯА