Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 00181

 

 

 

                                                                                                                

 

 

 

                                     Г.Энхмаагийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1107 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Г.Энхмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д холбогдох

“Нөхөн төлбөр гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн

Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Энхмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Энхмаа миний нөхөр Д.Одхүү “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Хүдрийн ил уурхайн Өрөмдлөг тэсэлгээний хэсэгт тэсрэх бодисын тэсэлгээчин оператораар 20 жил 1 сар 12 хоног ажиллаад 2012-07-10-ны өдрийн Ил уурхайн даргын Б/86 дугаартай тушаалаар мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажлаасаа халагдаж мөн сардаа хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон.Мэргэжлээс шалтгаалах өвчин нь элгэндээ нөлөөлж энэ хавсарсан өвчнийхөө улмаас 2012-12-29-ний өдөр нас барсан.

Хавсарсан өвчин болохыг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ны Эмнэлэг сувилалын алба мэдэж байсан учир өрөнхий эмч Б.Бат-Эрдэнэ 2013-01-03-ны 01 дугаартай тоотоороо Орхон аймгийн БОЭТ-ийн даргад хандан талийгаачийн цогцсонд задлан шинжилгээ хийж хариуг ирүүлэх тухай албан тоотыг явуулснаар тус төвийн эмч нарын комиссын 2013-01-09-ний өдрийн 02 дугаартай шийдвэрээр хавсарсан өвчний хүндрэлийн улмаас нас барсан болохыг тогтоосон.

Миний нөхөр Д.Одхүү хавсарсан өвчний улмаас барсан учир Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 97 дугаар 97.1.2-д заасан нөхөн төлбөрийг түүний ар гэр болох бид авах эрхтэй гэж үзэж байна.Д.Одхүүгийн авч байсан цалингийн дундаж 1.025.587 төгрөг болох нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон дэвтрийн хуулбараар нотлогдох юм. Иймд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас нөхөн төлбөр болох 36 сарын цалинтай нь тэнцэх нөхөн төлбөр болох 36.921.132 төгрөг гаргуулан талийгаач Д.Одхүүгийн хууль ёсны эхнэр Энхмаа надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа. Одхүү нь Хүдрийн ил уурхайд тэсрэх бодисын ачигчаар ажиллаж байгаад 2007 онд МШӨ-ний улмаас ХЧА 40 хувиар тогтоолгож хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан.Мэдрэлийн ёзоор сүлжээний эмгэг гэсэн оношоор хувь тогтоосон байдаг. Одхүүг МХГ-ын улсын байцаагчийн дүгнэлтээр ердийн өвчний улмаас нас барсан гэж тогтоосон.Эмнэлэг сувилалын албаны дүгнэлтээр элэгний хавдрын улмаас нас барсан гэж тогтоосон. Задлан шинжилгээ хийгдээгүй. МХГ-ын 2014-7-04-ний 2879 дугаартай дүгнэлтэд мэдрэлийн ёзоорын эмгэг гэсэн байгаа.Энэ актыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Манай компаний Хамтын гэрээний 9-1-д “хавсарсан өвчний улмаас нас барсан бол нөхөн төлбөр олгоно”гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1107 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2, 128 дугаар зүйлий 128.1.4-д заасныг баримтлан Эрдэнэт үйлдвэр ХХК-аас 36.921.132 /гучин зургаан сая есөн зуун хорин нэгэн мянга нэг зуун гучин хоёр /төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Энхмаад олгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Энхмаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-аас 342.556 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвсаүрэн давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх Г.Энхмаад Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2, 128 дугаар зүйлийн 128.1.4-т заасныг баримтлан нөхөн төлбөр 36.921.132 төгрөг олгосож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2013 оны 01 сарын 30-ны өдрийн 14/013114/46 дугаартай дүгнэлтийн 3 дахь хэсэгт Д.Одхүү нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас бараагүй, ердийн өвчний улмаас нас барсан гэж дүгнэсэн.

Д.Одхүү нь 2012 оны 07 сарын 04-ний өдөр Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон актаар /мэдрэлийн ёзоор ба сүлжээний эмгэг/ гэсэн оноштойгоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 40 хувиар тогтоолгосон байна. Элэгний хавдар гэсэн оношоор энэ хүн хөдөлмөрийн чадвар алдаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2 дахь заалтад үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчиний улмаас нас барсан бол нөхөн төлбөр олгохоор заасан. Харин үүнд хавсарсан өвчний улмаас нас барсан тохиолдолд олгоно гэж заагаагүй ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Д.Одхүү нь Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон мэдрэлийн ёзоор ба сүлжээний эмгэг /054/ гэсэн өвчний хүндрэлээр нас бараагүй болох нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг хуульд заасны дагуу хэрэгжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Энхмаа өөрийн талийгаач нөхөр Д.Одхүү мэргэжлээс шалтгаалах /хавсарсан өвчний/ өвчний улмаас нас барсны улмаас хуульд заасны дагуу олгогдох 36 сарын тэтгэмж 36.921.132 төгрөгийг хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХКомпаниас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч талийгаач Д.Одхүү нь ердийн өвчний улмаас нас барсан тул  тэтгэмж олгох үндэслэл байхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талийгаач Д.Одхүү Эрдэнэт үйлдвэр ХХКомпаний Хүдрийн ил уурхайн Өрөмдлөг тэсэлгээний хэсэгт ажлын нөхцөл  хэвийн бус хортой 3.2 зэрэгт химийн хортой, халуун, дуу чимээтэй нөхцөлд тэсэлгээчин операторчнаар 1997 оны 12 дугаар сараас хойш ажиллаж байгаад /хх-ийн 13-15 тал/ ажил олгогчийн 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/86 тоот тушаалаар ажлаасаа халагдсаны дараа 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдөр мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас  нас барсан болох нь тогтоогдсон, түүний эхнэр Г.Энхмаа  хуульд заасан хугацаанд хариуцагч байгууллагаас нэг удаагийн нөхөн төлбөр 36.921.132 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэлээ “Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2013 оны 01 сарын 30-ны өдрийн 14/013114/46 дугаартай дүгнэлтийн 3 дахь заалтанд “Д.Одхүү нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас бараагүй, ердийн өвчний улмаас нас барсан” гэж дүгнэсэн мөн элэгний хавдар гэсэн оношоор хөдөлмөрийн чадвар алдаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /хх-49-51тал/ тогтоогдсон...” гэж тайлбарлаж, түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгч байгаа боловч энэхүү хариуцагчийн татгалзлал, үндэслэл нь хэрэгт авагдсан 2013 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн №2 дугаартай Эрдэнэт үйлдвэр ХХКомпаний Эмнэлэг сувилалын Комиссын шийдвэр /хх-ийн 8 тал/, 2012 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн Хөдөлмөрийн нөхцөл мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвийн Эрүүлийг хамгаалах мэргэжлийн комиссын шийдвэр, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт /хх-ийн 12, орчуулга-10, 29-33 тал/ зэрэг баримтууд болон бусад нотлох баримтуудаар няцаагдсан ба шүүх дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2013 оны 01 дүгээр 30-ны өдрийн 14/013114 дугаартай дүгнэлтийн 3 дахь заалтанд “ талийгаач Д.Одхүү нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас биш, ердийн өвчний хүндрэлийн улмаас нас барсан гэж дүгнэсэн боловч  тухайн дүгнэлтийн 1 дэх заалтанд “Д.Одхүү нь ...мэргэжлээс шалтгаалах өвчний учир хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон, 2 дахь заалтанд “...элэгний хавдар өвчний хүндрэлийн улмаас нас барсан “ гэж дүгнэсэн байх ба хариуцагчийн гаргасан тайлбар болон дээрх дүгнэлтийн 3 дахь заалтанд бичигдсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцааг зохицуулсан хуулийг зөв тайлбарлан хэрэглэж  хариуцагчаас нөхөн төлбөр 36.921.132 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн  нь хууль зүйн үндэслэл бүхий байх тул хариуцагчийн гаргасан “...Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2 дахь заалтанд ...мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан тохиолдолд  нөхөн төлбөр олгохоор заасан, талийгаач Д.Одхүү нь хавсарсан өвчний улмаас нас барсан тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...: гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1107 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэнгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342.556 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.УРАНЧИМЭГ

 

                  ШҮҮГЧИД                             Б.БАТТӨР

                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ