Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2017/ДШМ/040

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогч *******

Хохирогчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Н.Дэчмаа нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч *******ын гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 201705000113 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, ................. багт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/

******* нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын 1 дүгээр багийн нутаг “Шар булгийн хаяа” гэх газар 2017 оны 3 дугаар сарын 7-ны шөнө 04 цагийн орчимд *******той хувийн таарамжгүй байдлаас марган зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол батлан хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: ******* овогт *******гийн *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар *******ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар *******ыг торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1 дэх хэсэгт зааснаар ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар *******ын хамтын өмчлөлийн 20 толгой эм ямааг битүүмжилсэн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг эзэмшигч *******т буцаан олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар *******т урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7, 298 дугаар зүйлийн 298.1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан сиди нэг ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4, 100 дугаар зүйлийн 100.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч ******* 8.102.000 төгрөг нэхэмжилсэнээс өмгөөллийн хөлс 300.000, хохирогч, гэрчийн мэдүүлэг өгөхөөр ирж, очсоны бензин шатахууны зардал 343.000 төгрөг, нийт 643.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний болон бусад зардал 7.259.000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие 2017 оны 3 дугаар сарын 7-ны шөнийн 04 цагийн үед ******* гэгчид зодуулж, 3 шүд хөдөлж, түүний 2 нь буйлан дотроо хугаралттай байна гэсэн. 2017 оны 3 дугаар сарын 7-ны шөнө 04 цагт эхнэр, хүүхдийнхээ хамт унтаж амарч байхад ирээд мотоциклиороо хаалга мөргөн эвдэлж гэрт орж ирээд, эхнэр хүүхдийг минь айлгаж, элдвээр хэл амаар доромжилж эхнэрийг минь надтай унтдаг байсан, танай том хүүхэд чинь минийх гэх мэтчилэн доромжилсон. Намайг ахынх руугаа авч яван нүүр рүү 3-4 удаа цохиж, шүд хугалж хөдөлгөсөн, би шүдээ эмчлүүлэх гэтэл шүдийг хугарч бугалсан учраас заавал авахуулах шаардлагатай гэсэн тул шүдээ авахуулсаны дараа өөртөө инплант шүд хийлгэхээр Улаанбаатар хотод эмнэлэгт хандсан тул шүднүүдийг авч, эмчилгээ хийж байгаад инплант шүд нэг бүр нь 2.200.000 төгрөгийн үнэтэй шүд хийлгэхээр гэрээ UB Osstem клиник эмнэлэгт хандсан. Энэ талаар сайн мэдлэггүй тул зурагтын зар харж байгаад очсон, 2 шүд нийт 4.400.000 төгрөгөөр түүнийг суулгах болон шүд гэмтэхдээ буйлны яс гэмтсэн учир яс нөхөх эмчилгээнд 1.500.000 төгрөг, 2 шүдний дээд паалан нь тус бүр 500.000 төгрөг, шүд авах буюу шүдний чулуу түүхэд 130.000 төгрөг гээд, нийт 7.000.000 төгрөг төлж шүдээ эмчлүүлэх гэрээг 2017 оны 5 сарын 31-нд байгуулсан. Мөнгийг бэлнээр төлсөн. Гэтэл шүүхээс намайг тус мөнгийг хаанаас, хэнээс авч төлсөн, төлөх чадвар байгаа юм уу?, хэдэн сарын хэдний өдөр Улаанбаатар явсан гэх мэтээр шалгаж, асууж, загнаж байсан. Би бичиг үсэг мэддэггүй, тиймдээ ч өмгөөлөгч авсан. Намайг Улаанбаатар хот явахад ч миний төрсөн эгч Очирхуяг нь намайг хотод хүн танихгүй, газар мэдэхгүй тул дагаж явсан. Гэтэл гэрээн дээр чи гарын үсэг зураагүй байна гэх мэтээр шүүх хуралдаан эхлэх үеэс л аашилж, загнаж эхэлсэн. Мөн намайг шүүгдэгчтэй эвлэр гэж удаа дараалан шахалт үзүүлсэн. *******ыг биш намайг л загнаад байсан, мөн чи эрүүл үү, сэтгэц мэдрэлийн эмнэлэгт үзүүлэх үү гэх мэтээр маш их доромжилсон би маш их гомдолтой байна. Мөн миний шүд хийлгэхэд шаардлагатай эмчилгээ, шүдний чулуу түүлгэсэн баримтыг чи нэхэмжлэлээсээ татгалзаж байна уу гэж тулгаад хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Би зөрчигдсөн эрхээ сэргээлгэх гэж хууль шүүхийн байгууллагад хандсан. Гэтэл өөрөө буруутай юм шиг баахан загнуулж өөрөөсөө гаргасан хохирлоо ч *******аас гаргуулж чадсангүй. Би залуу хүн бүхэл бүтэн 3 шүдгүй болж гоо сайхнаараа хохирсон. Би хохирлын баримтуудаа байгаа бүх бичиг баримтаа л гаргаж өгсөн. *******т зодуулснаасаа болж байцаалт өгөх, эхнэрээ авчирч гэрчээр асуулгах зэргээр зардал гаргасан. Баримтаа өгтөл чи хууль шүүхээс хэзээ ч дуудсан бэлэн байх үүрэгтэй. Энэ хохирлын баримт чинь энд хамаагүй гэж шүүгч бас хэлсэн. Бас инплант шүд ийм үнэтэй байдаг юм уу?, заавал ийм солонгос эмнэлэгт эмчлүүлдэг нь яаж байгаа юм, өөр эмнэлэгт очихгүй яасан юм гэж загнаад байсан. Бас манай гэрийн хана, хаалга, тоононд гарсан хохирлыг энэ хэрэгт холбогдолгүй гэж хэлсэн. Ингээл бодит хохирлыг 133.500 төгрөгийг шүүх хуралдаан дээр *******ыг өг гэж хэлээд надад өгсөн. Би энэ хэргээс болж, эрүүл мэнд, гоо сайхан, цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр маш ихээр хохирсон. Гэтэл 133.500 төгрөг төлүүлээд хохирол барагдсан гэж үзэж, эвлэр гэж удаа дараалан шаардсан. Ингээд юу болоод байгааг ч сүүлдээ ойлгохоо больж эхэлсэн. Үүр шөнийн цагаар үр хүүхдийг минь айлгаж, эхнэрийг минь элдвээр хэлж доромжилж, гэр орон эвдэлж, гэмтээж, миний эрүүл мэндэд хохирол учруулсан хүнд төлбөрөө төлж барагдуулсан гэж хамгийн хөнгөн ял оногдуулж, адаглаад хохирлыг минь гаргуулж өгөөгүйд гомдож, энэхүү гомдлыг бичиж байна. Шүүгчээс бүр чиний шүд долоо хоногийн дотор эдгэрэх ёстой гэж хүртэл тулгасан, хамаг баримтаа шүүхэд өгчихөөд байхад шийтгэх тогтоолдоо дахин нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд ханд гэж хэлж байгааг, намайг бичиг үсэггүй, хэл ам хөгжөөгүй гэж доромжилж, надад бүр ажил нэмж, намайг хохироосон үйлдэл боллоо. Шүүх хуралдаан эхлэх цагаас л илт *******ыг өмөөрч, намайг буруутгаж эхэлсэн. Иймд тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, өөр шүүгчээр хэргийг шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

Хохирогч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хохирлыг одоо болтол төлөөгүй байгаа, анхан шатны шүүх хуралдаан дээр шүүх хурал эхэлсэнээс хойш намайг эрүүл үү, сэтгэцээ үзүүлэх үү гэх мэтээр загнаж байсан, би хохиролтой холбоотой бүх баримтаа шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн гэв.

Хохирогч *******ын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хуралдаанаас миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг зөрчиж шүүгдэгчийн эрх ашгийг хангасан мэт шийтгэх тогтоол гарсан. Нийт 8 сая гаран төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөөр байхад үүнийг шийдвэрлэлгүй орхигдуулсан гэв.

Шүүгдэгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч ******* Улаанбаатар хот руу явсан гэдэгт эргэлзээтэй байдаг. Би түүнийг нэг удаа цохьсон нь үнэн гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хуралдаан хохирочийн эрх зүйн байдлыг дордуулсан шүүх хуралдаан болоогүй, хохирогчийн зүгээс гаргаж өгсөн баримтууд хэт эргэлзээтэй байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: Анхан шатны шүүхийн шүүгч өөрт байхгүй эрх хэмжээ эдлэж хохирол барагдуулсан гэж үзсэн нь буруу, хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Хохирогч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн *******т холбогдох хэргийг хянан үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-ийн 1.1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1-ийн 1.9-д тус тус заасан тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэг зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдлоо.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хийсэн дүгнэлтээс үзвэл уг гэмт хэрэг нь хохирогчийн буруутай үйлдлээс болж үйлдэгдсэн хэмээн дүгнэсэн нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон бусад байдалтай огт нийцээгүй, хохирогч *******ын зүгээс өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байхад эдгээр баримтууд нь хэрхэн юуны учир нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй атлаа хэрэгсэхгүй болгосон, ингэж шийдвэрлэхдээ шүүгдэгч *******ыг шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******од хэрэгт нотлох баримтаар авагдсан 133.550 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзсэн нь буруу бөгөөд эдгээр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Мөн давж заалдах шатны шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан анхан шатны шүүхийн шүүх хуралдааны дуу дүрсний бичлэг хэрэгт хавсаргагдсан тэмдэглэлтэй илт зөрүүтэй, бүрэн гүйцэд бичигдээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1-ийн 1.9-д заасан ноцтой зөрчилд тооцогдох юм.

Иймд хохирогч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч *******т 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь хэсэгт зааснаар батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг хүчингүй болгож давж заалдах шатны шүүхээс түүнд 2017 оны 7 дугаар 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1-ийн 1.1-т зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-ийн 1.1, 1.3,

39.8 дугаар зүйлийн 1-ийн 1-ийн 1.9, 39.9 дүгээр зүйлийн

1-ийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож *******т холбогдох эрүүгийн 201705000113 тоот хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол *******т 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь хэсэгт зааснаар батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1-ийн 1.1-т зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5, 39.11 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлэх бөгөөд давж заалдах шатны шүүхийн шийдвэр уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болох тул гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

        ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                        В.ЦЭЦЭНБИЛЭГ