Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/10

 

  

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ч.Батзориг,

Шүүгдэгч Л.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Н-д холбогдох эрүүгийн 1938000890471 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Л.Н.

Шүүгдэгч Л.Н- нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хоолойн эх” гэх газраас 2018 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-ны үед иргэн Б.Т-ын 1 тооны халтар морийг хулгайлж 650.000 төгрөгний хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Л.Н- нь шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хоолойн эх” гэх газраас 2018 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-ны үед иргэн Б.Т-ын 1 тооны халтар морийг хулгайлан авч, 650.000 төгрөгний хохирол учруулан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,
  • Хохирогч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 24-25-ны үед Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг “Хоолойн өвөр” гэх газар бэлчээрт байсан адуунаас халтар амтай хээр зүсмийн, Р-2 гэсэн үсгэн тамгатай тэр тамга нь бүдэгхэн, том биетэй морио алдсан. 2018 оны 09 дүгээр сарын 20-ны үед Хатгал тосгоны иргэн Г.Б-гэдэг хүний адуунд байна гэдгийг тогтоосон. Б- очоод адуун дотроос Б.Т- ахад зарсан адуу мөн байна гэж таньсан. Б-д 400.000 төгрөг өгөөд учраа ол гэхэд Б- яриад дансыг нь авч тэр мөнгийн өгөөд морио аваад Хатгалаас баз болох Б-д 100.000 төгрөг өгч хөлслүүлж Ренчинлхүмбэ сумын төвд морио авсан. Би нийт морио эрж хайсан, худалдаж авсан гээд 1.800.000 төгрөг нэхэмжилж байна. ...Хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
  • Гэрч Ц.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Л.Н- нь халтар зүсмийн дунд зэргийн биетэй морь зарна гэж хэлж ярьж хөтөлсөн авчирсан. Тухайн морийг намайг 500.000 төгрөгөөр авах уу гэж асууж байсан. ...Тэгтэл Э.Ө- нь Л.Н-гаас худалдаж авсан гэж хэлээд тухайн морийг аваад явсан. ...Э.Ө- нь худалдаж авсныхаа дараа Г.Б- гэдэг хүнд дамжуулж зарсан талаар Цэнгэл гэдэг хүнтэй морин аялалд явж байхад нь таарахад надад Э.Ө-аас худалдаж авсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
  • Гэрч Э.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 сард санагдаж байна. Л.Н- нь аялалд явахаар Хатгал тосгоны “Цагаан чулуут” гэх газарт морь хөтөлж ирсэн байсан. Л.Н- нь өөр хүмүүстэй хамт нийлж хамт явах гээд 10 гаруй морьтой байсан. Би Л.Н-д дээл өгөхөөр тухайн үед очсон юм. Тэгээд гэртээ байж байтал манай гэрт Б- ах хүрч ирсэн. Б- ах Л.Н-н нэг морь доголсон аялалд авч яваагүй, тухайн морийг нь Ц.С- гэж хүнд зарах талаар надад хэлж ярьсан. Би Б- ахаас “та энэ морио хэд гэж байгаа юм бэ” гэж асуутал “чи надаас чамд өгөх 150.000 төгрөгөөр хасаад 250.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Л.Н-н араас явж очоод “Б- ах чиний үлдээсэн халтар хээр морийг надад Б- ах өгөх 150.000 төгрөгөө суутгаад 400.000 төгрөгөөр зарахаар болж байна авч болох юм уу” гэж асуутал Л.Н- буюу Шаазан Маамаа тухайн “халтар хээр морийг Б- ахаас худалдаж ав ав” гэж хэлсэн. Би худалдаж авснаас хойш 10 гаруй хоногийн дараа Г.Б- гэж нэртэй хүнд 550.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
  • Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 онд Хатгал тосгонд Л.Н- 4 морь хөтлөн ирж айлаас жуулчин мориор аялуулахаар явах гэж байгаа талаар Б- гэдэг хүнээс сонссон. Тэгтэл маргааш нь Л.Н-тай аялалд явах гэж байхад нь таараад 250.000 төгрөгөө авах гэж нэхтэл Л.Н- би аялалд явж байгаад өгье, 4 морьтой ирсэн. Нэг морь илүү гарахаар нь Б-ийн гадаа орхичихлоо гэж хэлэхээр нь би Л.Н-н үлдээсэн нэг морийг ...Э.Ө-д 400.000 төгрөгөнд бодоод өгчихье гэж хэлээд Э.Ө-аас 250.000 төгрөг авч 150.000 төгрөгийг нь Э.Ө-д мөнгөний өгцөө байсан тул суутгасан. ...Дараа нь Л.Н-тай Шаргын гүүрэн дээр жуулчнаас буцаж явахад нь таараад Б-ийн гэрийн гадаа үлдээсэн хар халтар морийг би чамаас авах мөнгөний оронд авч Э.Ө-д 400.000 төгрөгөөр өгсөн. Чи надаас 150.000 төгрөг авах юм байна, чи Э.Ө-д 400.000 төгрөг өгөөд морио аваарай гэхэд за за гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
  • Хөрөнгө үнэлсэн тайлан ‘‘...Б.Т-ын хулгайд алдсан 1 тооны морины зах зээлийн үнэ 650.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Л.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн үед жуулчинд явж байсан юм. Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хоолойн зах” гэдэг газарт бэлчээрт нэг тооны халтар зүсмийн морь явж байхаар нь унаж явсан морьтойгоо хажууд нь яваад очтол үргэхгүй зогссон. Тэгэхээр нь мориныхоо цулбуураар өөрийнхөө унаж явсан моринд холбоод наашаа Хатгал руу орж ирсэн. Хулгай хийх үед халтар зүсмийн морь ганцаараа бэлчээрт явсан. Наашаа явж байх замд нөгөө хулгай хийсэн морь маань доголчихоор нь Б- гэж айлд очоод тэнд үлдээсэн юм. Тэгсэн харин намайг явсны дараа надаас мөнгө авах ёстой байсан Б- гэж хүн очоод надаас мөнгө авах ёстой гээд морийг маань аваад явсан байсан. Б- надад хэлэхдээ надад өгөх ёстой байсан мөнгөний чинь оронд би Б-ийнд үлдээсэн морийг чинь авсан шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за гээд өнгөрсөн. Би хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ “...үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Л.Н-н хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 41 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Л.Н-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/,

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар ашиг хонжоо олох санаа зорилго, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Л.Н- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Л.Н- нь шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хоолойн эх” гэх газраас 2018 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-ны үед иргэн Б.Т-ын 1 тооны халтар морийг хулгайлан авч, 650.000 төгрөгний хохирол учруулан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/, хохирогч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч Ц.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч Э.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 30 дугаар хуудас/, шүүгдэгч Л.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн: “...мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Л.Н-н мэдүүлж байгаа “...Би өөрөө жуулчинд явдаг. Жуулчинд явахад нэг морь дутаад байсан юм. ...хээр эзэнгүй ганц морь явахаар нь авчихсан” гэх мэдүүлгээс үзвэл шүүгдэгч нь амар хялбар аргаар ашиг хонжоо олох, иргэдийн мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг, мал сүргийн хариулга, маллагаа хангалтгүй, малаа удаан хугацаагаар бэлчээрт орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч Л.Н- нь шунахайн сэдэлтээр 2018 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-ны үед Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хоолойн эх” гэх газраас иргэн Б.Т-ын 1 тооны халтар морийг  бэлчээрээс нь нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.

Шүүгдэгч Л.Н-н үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 650.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Н- нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Б.Т-т 1 сая төгрөгийн хохирол нөхөн төлсөн болох нь “...учирсан хохирлыг барагдуулан 1 сая төгрөгийн хохирол барагдуулсан” гэх хохирогч Б.Т-ын хохирол төлүүлж авсан тухай нотариатаар гэрчлүүлсэн бичвэр /хх-ийн 46/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нь гэмт хэргийг санаатайгаар хүсэж үйлдсэн, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан бусдын малыг хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Л.Н- нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 45/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хайхрамжгүй байдлаас болж дээрх гэмт хэргийг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Л.Н-д ял оногдуулахдаа улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 8 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргасан, шүүгдэгчээс “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийх ял оногдуулж, уг ялыг Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газарт хийлгэхээр тогтоож шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н-г 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газарт хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн шүүгдэгч Л.Н-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  1. . Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЗЖАРГАЛ