Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 01196

 

 

 

 

 

 

 

 

 

      2016 оны 11 сарын 24 өдөр

   Дугаар 183/ШШ2016/01196

              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А

 

Хариуцагч: Б

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Б.******, нарийн бичгийн дарга Н.Түмэнсугар нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны  өдөр хүлээн ававав.

                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2010 онд Болдбаатарын ******тай танилцан, 2011 онд гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 онд хүү ******гийн ******* төрсөн. 5 жил хамт амьдрах хугацаанд нөхрийн хардалт дарамт нь бид хоёрын байнгын хэрүүл, маргаан болж улмаар нөхөр маань надад гар хүрдэг болсон. Б.****** нь их түргэн ууртай ба уурлах үедээ бие барилгүйгээр эргэн тойронд байгаа эд зүйлийг авч шидэж, эвдэлдэг. Энэ нь хүү бид хоёрт айж эмээх цочих мөн сэтгэлийн дарамт авчирдаг юм. Сүүлийн жилүүдэд нөхөр бид хоёрын харьцаа хөндийрсөн ба энэ тухай түүнд хэлдэг боловч ойлгож хүлээж авдаггүй. Улмаар би нөхрийгөө удаан хуагцааны туршид өөр хүнтэй байгааг нь олж, харж мэдсэн юм. Ингээд бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2016 оны 1-р сараас эхлэн салж тус тусдаа амьдрах болсон юм. Мөн ажлын газар дээр очиж хэл ам хийсэн. Үүнээс болж намайг ажлаас халсан. Шүүхээс өгсөн 2 сарын эвлэрүүлэх хугацаанд Б.****** нь нэг ч удаа уулзаагүй бөгөөд хүүгээ цэцэрлэгээс нь заримдаа авч яваад миний талаар буруу ойлголт төрүүлсэн тохиолдол нилээд гаргасан. Энэ байдлыг минь харгалзан үзэж хуулийн дагуу бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдээ би өөрийн асрамжиндаа авна. Б.****** нь хувийн бизнестэй бөгөөд хүүхэддээ авах тэтгэлэгийг сард 150 000 орчим төгрөгөөр тогтоолгохоор эцэгтэй нь тохирмоор байна.  2015 онд бид Хан-Уул дүүргийн 15-р хороонд ****-р байрны ** тоот, 28.32 м.квадрат талбайтай 1 өрөө орон сууцыг ипотекийн 8 хувийн зээлд хамрагдан, урьдчилгаа 30 хувийг төлж худалдаж авсан юм. Банкны зээл төлж эхлээд 1 жил болж байгаа. Нөхөр бид хоёрын харилцан тохиролцсоны үр дүнд 1 өрөө орон сууцаа хамтын эзэмшлээр үлдээж хүү *******ийг насанд хүрэхэд шилжүүлэн өгч, банкны зээлийн сарын төлбөрийг 50/50 хувиар хувааж төлөхөөр шийдсэн. Мөн дундын өмч болох prius 20 маркийн автомашиныг Б.******д өөрт нь үлдээж байгаа ба эдгээр асуудлыг маргаан гарвал жичдээ шийдвэрлүүлэхээр тохиролцож байна гэв.

 

Хариуцагч Б.****** шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Би 2011 оны 6 сарын 20-ны өдөр Д.*******тай гэрлэлтээ батлуулж албан ёсоор гэр бүл болсон. Бидний дундаас 2011 оны 6 сарын 21-ний өдөр хүү Б.******* төрсөн. Миний хувьд нэхэмжлэлд бичсэн шиг байнга хардаж, сэрдээд дарамт учруулаад байсан удаа байхгүй. Ар гэрийн асуудлаас болж хааяа муудалцдаг байсан. Мөн өөр хүнтэй хамт амьдраагүй, ер нь бол гэр бүлээсээ салах сонирхол байгаагүй, би Д.*******д эвлэрье буцаж нийлье гэж өчнөөн хэлж, гуйсан боловч зөвшөөрөөгүй. Нэгэнт гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүү Б.******* одоо бага учраас ээжийнх нь асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй. Мөн хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу төлнө. Эхнэр, хүү хоёрын маань амьдарч байгаа байр Голомт банкны зээлийн барьцаанд байгаа. Бид хоёр харилцан тохиролцоод 1 өрөө орон сууцаа хамтын эзэмшилд нь үлдээж, банкны зээлийн сарын төлбөрийг тэнцүү хэмжээгээр хувааж төлөхөөр шийдсэн. Тэгэхээр орон сууцны асуудал дээр маргах зүйл гарахгүй гэж үзэж байна. Харин *****УНГ улсын дугаартай автомашиныг би өөрөө авна. Энэ талаар тохиролцсон. Хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр тогтоолгоход татгалзахгүй, тохиролцох боломжгүй бөгөөд эцэг хүнийхээ хувьд хүүгээ өөрөө боломжоороо харж хандана. Эвлэрэх хугацаа өгсөн боловч одоо бид эргээд эвлэрэх боломжгүй, гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.******д холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Д.*******, Б.****** нар нь 2011 оноос гэр бүл болон хамтран амьдарч,  2011 оны 6 сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.*******ий эцэг, эх болцгоож, иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн **тоот ажиллагаагаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон байна. /хх-15/

 

Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авч, 2 сарын хугацаа өгсөн боловч энэ хугацаанд гэрлэгчдийн эвлэрэх асуудалд бодитой үр дүн гаргаагүй, эвлэрээгүй байна. /хх-31/

Гэрлэгчид цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилгагүй, тусдаа амьдраад 2 жил гаруйн хугацаа өнгөрсөн, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй бөгөөд хүү Б.*******ийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын тохиролцооны дагуу эх Д.*******гийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэснээр эх Д.******* нь хүү Б.*******ийг эцэг Б.******тай уулзуулах нөхцлөөр хангаж, эцэг Б.****** нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэдгийг дурдах нь зүйтэй. 

Гэрлэгчид нь Хан-Уул дүүргийн 15-р хороонд ****-р байрны ** тоот, 28.32 м.квадрат талбайтай 1 өрөө орон сууцыг ипотекийн 8 хувийн зээлд хамрагдан авсан гэх тайлбарыг гаргаж, уг байранд Д.*******, хүү Б.******* нар амьдарч байгаа гэх тайлбарыг гаргасан бөгөөд банкны зээлийг 50/50 хувиар төлүүлж байхаар харилцан тохиролцсон талаар гаргасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Д.******* нь уг зээлийн 70 хувийг Б.******гаар, 30 хувийг өөрөө хариуцан төлж байхаар шүүхийн шийдвэрт тусгуулна” гэх тайлбар гаргасныг хариуцагч Б.****** “зөвшөөрөхгүй” гэх тайлбарыг гаргаж маргасан байх ба шүүх дээрх зээл төлөлтийн асуудлыг шийдвэрлэх үндэслэлгүй бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй юм.

Харин гэрлэгчид нь дээрх эд хөрөнгөөс ноогдох хэсгээ гаргуулах асуудлыг шийдвэрлүүлэхгүйгээр өмчлөлийн асуудлыг энэ хэвээр нь үлдээж, хүү Б.*******ийг 18 насанд хүрэхээр шийдвэрүүлнэ гээд эд хөрөнгийн асуудлаар маргаан гарвал жич нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлнэ гэж тохиролцсоныг дурдах нь зүйтэй байна.

  Дээрхийг нэгтгээд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэгийн асуудлыг хуульд зааснаар шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Авгачууд овогт Болдбаатарын ******/ЕП/, Хаад урианхай овогт Дамдиндоржийн *******/ШУ / нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.*******ийг эх Д.*******гийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.*******ийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.******гаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь  хэсэгт  заасныг  баримтлан эцэг Б.******г хүүтэй нь уулзуулахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.*******д даалгасугай.

 

5. Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаан гарвал жич нэхэмжлэхээр тохиролцсныг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, ** дугаар зүйлийн **.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.******гаас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д, 31 247 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                          Б.МӨНХЖАРГАЛ