| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2020/0008/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/12 |
| Огноо | 2020-01-07 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ч.Батзориг,
Шүүгдэгч Т.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуоророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-од холбогдох эрүүгийн 1938007340472 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т.Б.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б- нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Х.Х-г Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон 3 дугаар багт оршин суух гэртээ болон бусад газарт 2017 оноос хойш байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Б- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.Х-г 2018 онд согтуугаар толгой руу нь банзаар цохин толгойг нь хагалж, 2019 оны 07 дугаар сард гэртээ согтуугаар бусадтай хардан ташуураар зүүн талын хавирга руу нь цохиж, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод согтуугаар нүүр рүү нь алгадах, үснээс нь зулгаах, хамар, ам руу нь цохих зэргээр зодож, мөн маргааш нь гудамжинд зодож, 2019 оны 10 дугаар сарын 07-ны орой “чи битгий хүүхэд загнаад бай” гэж хэлэхэд уурлан баруун талын шанаа, баруун гар руу нь цохиж, мөн маргааш өдөр нь согтуугаар зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг байнга үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Хохирогч Х.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Т.Б-той 2013 онд анх танилцаад 2015 онд гэр бүлээ батлуулсан юм. Би Т.Б-той гэр бүл болохоосоо өмнө 4 настай хүүтэй байсан. Тэр хүү маань одоо миний аав, ээж дээр байдаг. Бид хоёртой хамт амьдардаггүй, Ханх суманд амьдардаг юм. Т.Б- анх танилцаад хүүхэд гарснаас хойш жаахан маргаан болохоор цохиж зоддог болсон юм. Намайг 2018 онд архи уусан байхдаа толгой руу банзаар цохиж толгой хагалж байсан. 2019 оны 07 дугаар сард ... жуулчны баазад туслах тогоочоор ажиллаж байхад Т.Б- бусадтай хардаж гэртээ намайг согтуу байх үедээ морины ташуураар зүүн талын хавирга руу цохиж гэмтээж байсан. Тухайн үед миний бие муудаад тосгоны эмнэлэг дээр ирж Ө- эмчид үзүүлж байсан. Тэрнээс хойш Улаанбаатар хотод эгч Б- дээр очиж ажил хийхээр 2019 оны 08 сарын эхээр явахад Т.Б- араас 09 сарын сүүлчээр байх ирээд цуг байж байгаад манай найзууд нийлээд нэг газар ороод юм яриад, дарс уугаад сууж байхад миний нүүр рүү алагдаж, үснээс зулгаагаад, цус гартал хамар, ам руу цохиж байсан. Тэгээд тэр өдрөө архи ууж хоноод маргааш нь бас гудамжинд зодож байсан. Тэгээд бид Мөрөнд 2019 оны 10 дугаар сарын 03-ны үед ирээд Т.Б-ын хүргэн ах Г-ынд байж байхад буюу 2019 оны 10 дугаар сарын 07-ны орой унтаж байхад Т.Б- эрүүлдээ юунаас болоод уурласан эсэхийг нь мэдэхгүй, хүүхэд загнаад байхаар нь би уурлаад “чи битгий хүүхэд загнаад бай” гэж хэлсэн чинь над руу уурлаад баруун гар руу цохиж аваад, нүүр рүү 2 удаа алгадаж авсан. Мөн маргааш өдөр нь архи ууж ирээд бас намайг зодож цохиод байхаар нь би өмгөөлөгч Энхболд ах руу яриад намайг ирж аваач Т.Б- зодоод байна гэж хэлээд Энхболд ах ирж авсан. Тэгээд маргааш нь цагдаад гомдол гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт “...би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, хууль зүйн ухамсар дутмаг байдал, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллагаас холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг зохих байгууллагууд хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Т.Б- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.Х-г 2018 онд согтуугаар толгой руу нь банзаар цохин толгойг нь хагалж, 2019 оны 07 дугаар сард гэртээ согтуугаар бусадтай хардан ташуураар зүүн талын хавирга руу нь цохиж, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод согтуугаар нүүр рүү нь алгадах, үснээс нь зулгаах, хамар, ам руу нь цохих зэргээр зодож, мөн маргааш нь гудамжинд зодож, 2019 оны 10 дугаар сарын 07-ны орой “чи битгий хүүхэд загнаад бай” гэж хэлэхэд уурлан баруун талын шанаа, баруун гар руу нь цохиж, мөн маргааш өдөр нь согтуугаар зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг байнга үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хохирогч Х.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-12 дугаар хуудас/, гэрч Л.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч Б.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24, 26-27 дугаар хуудас/, гэрч С.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/, гэрч Д.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 521 дугаартай дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 308 дугаартай шийтгэвэр /хх-ийн 55-56 дугаар хуудас/, шүүгдэгч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт “...үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч Т.Б-ын үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Х.Х-г байнга зодож дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т зааснаар “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”-д “...эхнэр”-ийг хамааруулж ойлгоно.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэн, бусадтай хардсаны улмаас өөрийн эхнэр Х.Х-гийн эсрэг дээрх гэмт хэргийг байнга үйлдсэн байна.
Өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний “бие махбод, сэтгэл санааны хэлбэрээр” гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, байнга зодож энэ гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр санаатайгаар үйлдсэн байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар хамгаалагдсан хүний амьд явах, эрэгтэй, эмэгтэй хүн тэгш эрхтэй байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, халдашгүй чөлөөтэй байх эрхүүдийг зөрчин гэр бүл, иргэний журамт үүргээ үл биелүүлэн гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож эрүүл мэндэд хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн
гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.1 “бие махбодийн хүчирхийлэл” гэдэгт “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд нөгөө этгээдээ өөрийн эрхшээлд байлгах, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох зорилгоор хүч хэрэглэн биед нь халдсаныг” ойлгоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” байх гол шинж нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т заасан “...эхнэр” болох хохирогч Х.Х-д удаа дараа /3-аас дээш удаа/ өөрийн эрхшээлд байлгах, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох зорилгоор хүч хэрэглэн биед нь халдсан явдал юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Т.Б-ын үйлдэл 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Б- нь “согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг” болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож, дээрхийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт өөрөөр авагдаагүй учир шүүгдэгчийг согтуурсан үедээ дээрх гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзлээ.
Мөн гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн нотлох баримтууд нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч Т.Б- нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцоно гэсэн тул түүний хүсэлтийг шүүх хүлээн авч шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Т.Б-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь гэр бүл, хүүхдийн эрх зөрчигдөн, түүний улмаас үүссэн үр дагавар болох гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд, хөгжил, бие махбод, сэтгэл санааны дарамтад оруулсан хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Х.Х- нь нотлох баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Т.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.Б-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Б-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч нь гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр санаатайгаар үйлдэж байгааг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” юм.
Шүүгдэгч Т.Б- нь урьд гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 62-64/ хуудсаар тус тус тогтоогдож байна.
Иймд шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, шүүгдэгчийн нас, хүйс, биеийн байдал зэргийг тус тус харгалзан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”, мөн зүйлийн 3 дахь хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно”, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэж заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Б-од тэнссэн хугацаанд “зан үйлээ засах” үүрэг хүлээлгэх, “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Шүүх шүүгдэгч Т.Б-од ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид “10 сарын хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих ангид эдлүүлэх саналтай байна” гэснийг харгалзан үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарнууд овогтой Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Т.Б-ыг 5 /тав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Т.Б-од тэнссэн хугацаанд “зан үйлээ засах” үүрэг хүлээлгэх, “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эрхийн хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Т.Б-од тэнссэн хугацаанд оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ