Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/21

 

   

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж,

Шүүгдэгч Ө.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.А-д холбогдох эрүүгийн 1938008570481 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ө.А.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.А- нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн ...тоотод оршин суух хохирогч Н.Э-гийн байшингийн цонхоор нэвтрэн орж 42 инчийн зурагт хулгайлан 680.000 төгрөгний хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХнь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ө.А- нь шунахайн сэдэлтээр, согтуугаар архины мөнгө олох зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн ...тоотод оршин суух иргэн Н.Э-гийн байшингийн цонхыг хагалж, хүн байнга амьдрах орон байранд цонхоор нь нэвтрэн орж 42 инчийн зурагт хулгайлан 700.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3  дугаар хуудас/,
  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 дугаар хуудас/,
  • Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
  • Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,
  • Хохирогч Н.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр би ...хот руу өөрийн охин С-н хүүхдийг харахаар явсан. Тэгтэл 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 11 цагийн үед хадам талын хамаатны дүү Б- над руу гар утсаар залгаад “танай байшин руу хулгай орсон байна та наашаа ирэх шаардлагатай байна” гэж надад хэлсэн. Би ...2019 оны 12 дугаар сарын 04-ний өглөө 6 цагт ирсэн. Тэгээд би Мөрөн суманд байх гэр рүүгээ явж очтол байшингийн урд талын шилэн цонх хагарсан, төмөр хаалт хадсан байсан. Би байшингийнхаа цоожийг онгойлгоод гэртээ ортол хоймрын авдар дээр байсан 42 инчийн зурагт байхгүй байсан. ...зурагтаа авсан, цонхны шилний хохирлын үнэлгээг буруутай хүнээс гаргуулж авна. Өөр санал, гомдол, хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2019 оны 12 дугаар сарын 02-ны орой 23 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн ... ХӨҮ улсын дугаартай суудлын автомашинаар таксинд явж байтал 1 дүгээр хорооны уулзвар дээр үл таних эрэгтэй хүн гар өргөөд эргэе гээд 2-...тоот хашааны үүдэн дээр очсон. Хашааны үүдээр ороод тухайн үл таних эрэгтэй хүн зурагт аваад машинд суусан. Тэгэхээр нь “одоо хаа хүрэх вэ” гэхэд шууд уруудна гэсэн. Тэгээд тэр эрэгтэй хүн явж байгаад “таньтай ярих юм байна та 150.000 төгрөгөөр зурагт авах уу” гэхээр нь би хулгайн зурагт болж таарлаа гэж бодоод цагдаагийн газар руу дөхөж явсан. Тэр үед би “100.000 төгрөгөөр өгөх юм уу” гэж асуухад тэгье тэгье гэсэн. Тэгэхээр нь би шууд “хүнээс мөнгө авч өгье” гээд уулзвараар цагдаа руу эргээд явсан. Замдаа явж байхдаа би “хулгай зурагт биш биз дээ” гэхэд нөгөө эрэгтэй хүн “би гэрээсээ согтуу авч байгаа юм чинь хулгайнх гэсэн үг л дээ” гэсэн. Тэгээд би цагдаагийн хашаагаар шууд ороод ирсэн чинь нөгөө эрэгтэй хүн хаалга онгойлгоод үсрээд буухаар нь машинаа хаяад нөгөө хүнийг хөөж гүйж яваад барьж аваад цагдаа руу авчирч өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
  • Хохирогч Н.Э-гийн хулгайд алдсан гэх Шарп маркийн 42 инчийн зурагтыг 680.000 төгрөгөөр, хагалсан гэх 2 цонхны шилийг 20.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 22 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Ө.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би 22 цаг өнгөрч байх үед Мөрөн сумын ... тоот гэрээсээ гараад хойд зүг рүү айлд очих маягтай явж байсан. Тэгтэл ... тоотод хашааны хаалга нь онгорхой харанхуй эзэнгүй байшин байхаар нь яваад орсон. Тэгээд цонхон дээр нь очсон чинь 2 давхар цонх нь хагарсан байсан тул хагархай шилнүүдийг нь түүж аваад цонхоор орж зурагтыг нь аваад хашаан дотор үүдэнд нь тавьж үлдээгээд 1 дүгээр хорооны засмал замын уулзвар дээр очиж такси аваад тухайн машиндаа зурагтаа хийгээд 4 зам оръё гэж таксины жолоочид хэлсэн. Тэгээд уруудаж явж байх замдаа жолоочийг би “хямд зурагт авах уу” гэсэн. Тэгтэл “хэд гэж байгаа юм бэ” гэхээр нь би 150.000 төгрөг гэж хэлсэн. Тэгтэл таксины жолооч “арай үнэтэй юм биш үү” гэхээр нь би “100.000 төгрөгөнд авбал ав” гэхэд “за авъя” гэж байсан. Тэгээд явж байх замдаа тухайн таксины жолооч “Н.Э- гэж хүнийг таних уу” гэж надаас асуухаар нь би танихгүй гэж хэлсэн. Тэгтэл нөгөө таксины жолооч “чиний гарч ирсэн айл манай найзын гэр байгаа юм хоёулаа хамт цагдаа дээр очно” гээд цагдаагийн хашаа руу машинтайгаа орсон. Би машинаас бууж зугтсан боловч таксины жолооч араас гүйж ирж намайг барьж аваад цагдаа дээр авчирч би эрүүлжүүлэхэд орсон. ...Би мөнгө олж ганц хоёр шил архи ууя гэж л бодсон. ...Миний орсон объект жижиг цагаан шавар байшин байсан ба би цонхоор нь дотогш орсон. ...Би архи уусан байсан ба ганцаараа 0,75 литрийн “Хараа” нэртэй архи уусан, нэлээд согтсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч Ө.А-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 26 дугаар хуудас/,
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 27 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 31-32/,
  • Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 256 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
  • Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаартай хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллах тухай  захирамжийн хуулбар /хх-ийн 50-52 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй, хохирогч нар өөрсдийн эд хөрөнгийг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ө.А- ганцаараа үйлдсэн болох нь шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Ө.А- нь шунахайн сэдэлтээр, согтуугаар архины мөнгө олох зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн ...тоотод оршин суух иргэн Н.Э-гийн байшингийн цонхыг хагалж, хүн байнга амьдрах орон байранд цонхоор нь нэвтрэн орж 42 инчийн зурагт хулгайлан 700.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/, хохирогч Н.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/, гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 22 дугаар хуудас/, шүүгдэгч Ө.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх

эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, мөнгө олж архи уух зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Мөн шүүгдэгч Ө.А-н үйлдэлд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн байна.

Учир нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр атлаа өөрт ашиг хонжоо олж, архины мөнгө олох зорилгоор, “бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломж бүрдүүлж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг санаатайгаар “хүн байнга амьдрах орон байр”-нд буюу хохирогч Н.Э-гийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Ө.А-н үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эд хөрөнгөд 700.000 төгрөгийн бодит хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Н.Э-гийн “...хулгайд алдагдсан Шарп маркийн 42 инчийн зурагтаа буцааж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17/, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүгдэгч Ө.А-гаас хохирогч Н.Э-гийн ХААН банкны .... дугаарын данс руу цонхны үнэ нэрээр 20.000 төгрөг шилжүүлсэн орлогын мэдүүлгийн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ө.А-н үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл

болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ө.А-н шунахайн сэдэлтээр 2019 оны 12 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн ...тоотод оршин суух иргэн Н.Э-гийн байшингийн цонхыг хагалж, цонхоор нь нэвтрэн орж 42 инчийн зурагт хулгайлан 700.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нараас уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулсан болно.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ө.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 700.000 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, шүүгдэгчийн нас, хүйс, биеийн байдал зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах ...орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа шүүгдэгч хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасны дагуу түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ө.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Ө.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Ө.А-д ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас “2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдоржийн “1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ө.А- нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 5 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Ө.А-н цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг хорих ялын 5 хоногоор тооцож, эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжүүлэх нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө.А-г “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ө.А-г 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А-д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А-н цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.АЗЖАРГАЛ