Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/14

 

 

 2020           01             10                                           2020/ШЦТ/14

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр,

Хохирогч П.Одончимэг,

Шүүгдэгч Э.У  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ш д Э У-д  холбогдох эрүүгийн 1934011440002 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ш д Э У , 1986 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа мод модон эдлэл хийдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3-р баг 8-р гудамжны 02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 86120412 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Э.У-ийн өгсөн: "Тухайн хэрэг маргаан болохоос 2 хоногийн өмнө  би айлд юм хийж байгаад жаахан архи уугаад ирсэн. Тэгсэн эхнэр маань уурлаж загнаад 2 шээсээ аваад яв гээд байхаар нь би хүүхдүүдээ аваад аавын гэрт ирсэн байсан. Би 2019 оны 12 сарын 05-ны өдөр 12 цагийн үед аав Эрдэнэбилэгийн гэрт хүүхдүүдээ хичээлд нь хүргэж өгөхөөр хувцаслаад байж байтал манай эхнэр П.Одончимэг орж ирээд надыг үг хэлээр доромжилж, ялтан минь хүүхдүүдээ чамайг дагуулж нохойн замаар оруулахгүй шүү гээд надыг гараараа цохиод, ор луу түлхэж унагаад байсан. Тэгэхээр нь би гэрээс гар гээд чирээд гаргах гээд гэрийн үүд рүү чирч яваад орхиод эргээд хүүхэд дээрээ иртэл дахин ирж уурлаад хүүхэд булаацалдаж уур хүргээд хажуунаас дайрч давшлаад хэрүүл хийгээд байхаар нь уурандаа эхнэр П.Одончимэгийн зүүн талын хацар хэсэгт баруун гараараа 1 удаа алгадаад хажууд буйдан сандал руу түлхээд унагаасан. Тухайн үед аавын гэрт ирсэн байсан манай найз Мөнхдорж салгасан. Тэгээд аав маань гэрээс гарч хэрэлд битгий гэрт хэрэлдээд бай гэхээр нь би гараад явсан. Хашааны үүдэнд зогсож байсан чинь гудамжаар таньдаг найз машинтай явж таараад цуг суугаад яваад өгсөн. Тухайн үед манай аав Д.Эрдэнэбилэг манай найз Д.Мөнхдорж нар байсан. Манай эхнэр тухайн өдөр намайг хүүхдүүдээ хичээлд хүргэж өгөөгүй гээд уурлаж доромжилсон байх, би хүүхдээ хичээлийг нь таслуулчихсан байсан юм. Би урьд өдөр нь төрсөн өдрөө тэмдэглээд нэлээн уусан байсан. Уусан архи маань жаахан гараагүй байсан байх түүнээс бол тухайн үед болсон явдлын талаар тодорхой санаж байна. Өмнө нь эхнэрээ хэл амаар доромжилж байсан гэхдээ энэ жил бол тиймэрхүү зүйл болоогүй, би гэр бүлийн хүчирхийллээр өмнө нь 2018 онд нэг удаа баривчлагдаж байсан. Эхнэр бид хоёр 2011 онд анх хамт амьдарч эхлээд одоо 2 бага насны хүүхэдтэй, манай эхнэрийн 2 хүүхэд гээд ам бүл 6 уулаа. Би өнгөрсөн 2018 оноос хөдөө хотоор барилгын мужааны ажил хийгээд явсан юм тэр хойгуур л манай авгай өөр хүнтэй болчихсон юм шиг зүйл ажиглагдаад байгаа юм. Тэгээд сүүлийн үед намайг ер нь салая гээд байх болсон юм. Бид хоёр бол албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй. Энэ зэргийн шалтгаанаас болоод хоорондоо их маргалддаг муудалцдаг юм. Ер нь бол би жоохон архи уучихдаг. Энд тэнд мужааны ажил хийдэг болохоор ажил хийлгэж байгаа хүмүүс надад архи өгчихдөг юм." гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч П.Одончимэгийн өгсөн: "Би У  гэх хүнтэй анх 2011 онд танилцаж хамт амьдарсан албан ёсоор бид гэрлэлтээ батлуулаагүй одоогоор 8 жил болж байна дундаасаа 2 хүүхэд төрүүлсэн дээр нь би өөрөө 12-14 насны 2 хүүхэдтэй суусан. Б.У  нь анх сууж хамтран амьдарч эхэлснээс хойш байнга архи ууж гэр орондоо согтуугаар танхайрдаг. Би олон удаа цагдаагийн байгууллагад хандаж арга хэмжээ авхуулж байсан. Саяхан энэ оны сараас бид хоёр гэр бүлийн таарамжгүй харилцаатай байгаа тул тус тусдаа амьдарч байгаа. 2019 оны 12 дугар сарын 03-ны орой би ажлаа тараад харьсан чинь манай нөхөр Б.У  согтуу унтаж байсан хоёр гурван өдөр дараалан архи ууж байгаа юм. Ингээд би маргааш өглөө нь ажилдаа явах гээд гэрээс гарах үедээ “Гэр оронд есөн шидийн юм цуглуулж архи уугаад, амьдрал ахуйгаа бодохгүй хар ус уухаас өөр шидгүй юм бол, хоёулаа эртхэн салъя 2 хүүхдээ аваад яваарай чи" гээд бухимдаад хэлчихсэн юм. Тэгсэн манай нөхөр Б.У "би салаад өгий, яваад өгий, гэрээс чинь зайлаад өгий." гээд гэртээ үлдсэн. Би хоёр хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөөрэй гээд ажилдаа явсан. Өдөр нь манай ажил дээр Б.У  бага хүүгээ дагуулж ирээд сургуулиас нь эцэг, эхийн бичиг баримтын хуулбар аваад ир гэж байна гэж ирж уулзаад надаас утсаа өгчих хүнтэй яръя гэсэн. Тэгхээр нь би үгүй ээ тэр утас энэ тэрээ өөрөө олоод ярь ажил дээр яамнаас шалгалт ирнэ гээд шавдуулаад завгүй байхад чи хүртэл ирж битгий дараа болоод бай гэсэн чинь Б.У уурлаад гараад явсан. Маргааш өдөр нь буюу 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 12 цаг өнгөрч байхад хадам аав Эрдэнэбилэгийнд очиж хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхөөр очсон. Тэнд манай хадам аав, манай нөхөр У болон түүний найз Мөнхдорж, манай хүүхэд байсан. Надыг тэднийд ортол У нь архи уучихсан байсан ба намайг хэл амаар доромжилж "яах гэж ирж байгаа юм гичий минь, чи намайг хоёр шээсээ аваад чи зайл гээ биз дээ." гэсэн. Тэгээд бид хоёр маргалдаад хүүхдээ харж чадахгүй хичээл сургуулийг нь тасдуулаад, хонон өнжин архи уулаа гэтэл Б.У шууд ирээд намайг түлхээд “чиний хэрэг байхгүй зайл гичий минь янхан минь гадуур чи хоногоор явдаг биз дээ" гээд миний нүүрэн тус газар цохиж ор луу унагаад дээрээс дарж байгаад миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Миний хувцаснаас барьж аваад хувцас урж, гэрээс чирч гаргах гээд байсан. Тэгсэн хадам аав Эрдэнэбилэг гэрт битгий хэрүүл зодоон хийгээд бай гэрээс гарцгаа гэж хэлтэл Мөнхдорж салгасан. Тэгтэл удалгүй ахин над руу уурлаж сандлаар цохих гэж байгаад ор луу түлхэж унагаагаад орон дээр дарж байгаад миний толгой руу гараараа 2-3 удаа цохьсон. Тэр үед найз Мөнхдорж нь ахин салгаж У-ийг авч гэрээс гараад явсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй." гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Мөнхдоржийн өгсөн: "2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн орчим би найз Б.У тэй уулзахаар Эрдэнэбилэг гуайн гэрт очсон. Манай найз Б.У  аавынхаа хашаанд модоор модон эдлэл хийдэг мужааны цехтэй тэрэн дээр нь бид хоёр хамтарч ажилладаг юм. Намайг очиход Б.У нь жоохон халамцуу маягтай аавтайгаа хүүхдүүдийнхээ хамт байсан. Бид хоёр нэг модоор тавилга хийх захиалгаа ярилцаад, манай найз Б.У  хүүхдээ сургуульд нь хүргэж өгнө гээд хувцасыг нь өмсгөөд байж байтал гаднаас Б.У ийн эхнэр П.Одончимэг орж ирээд “Чи хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхгүй яасан юм гэсэн чинь Б.У би одоо хүргэж өгөх гэж байна гэсэн. Тэгсэн нөгөөх нь хэрэггүй ээ би хүргэж өгнө гээд хоорондоо хүүхдээ хүргэж өгөх дээрээсээ болоод муудалцаад эхэлсэн. Б.У авгайгаа гэрт ороод ирсэн чинь “Зайл писда минь гээд л хөөгөөд байсан тэгснээ удалгүй хэрүүл хийгээд цаад өрөө гэх үү нэг багана маягийн хананы цаагуур ороод маргалдаж байснаа гэнэт л П.Одончимэг муухай орилоод хүн зодолдох дуу чимээ гараад пижигнээд явчхаар нь би очиж салгасан. Анх Б.У  П.Одончимэг хоёрыг маргалдаж эхлэхэд П.Эрэдэнбилэг гуай гадаа юм хийж байсан сүүлд зодолдож муудалцаад эхэлсэн чинь Б.Эрдэнэбилэг гуай “та нар гэрт битгий хэрэлдээд бай хэрэлдэх бол гарч хэрэлд явцгаа" гэж хэлсэн. Тэгтэл хүүхдүүд нь уйлалдаад байхаар нь салгах гээд очтол У  нь эхнэрээ хөлөөрөө жийгээд орноос газарт унагасан, тэгсэн эхнэр нь босож ирээд ахин У тэй барилцаад зууралдаад авсан. Тэгхээр нь би дундуур нь орж салгасан. Тэгтэл У  П.Одончимэгийг нэг удаа гараараа зүүн талын шанаа хэсэгт цохьсон. Тэгхээр нь би түлхээд гэрээс гаргаад эргэж орж ирэхэд П.Одончимэг уйлчихсан орон дээрээ суучихсан цагдаа дуудна гээд байж байхаар нь “Та хоёр чинь яагаад зодолдоод байгаа юм, юу болчихсон юм бэ гэсэн чинь” авгай нь “Наадах чинь сүүлийн хэдэн өдөр архи уусан. Бид хоёр салж байгаа" гэж хэлсэн. Б.У эд хандаж хэдэн юм хэлий даа гээд буцаад гэрээс нь гартал Б.У  байхгүй бүр хашаагаар гараад явчихсан байсан." гэх мэдүүлэг /хх 13-14/,

 

Гэрч Д.Эрдэнэбилэгийн өгсөн: "...манай хүү Ухансүхийн эхнэр Одончимэг орж ирээд У тэй хэрэлдэж муудалцаад эхэлсэн. Би тухайн үед нялх хүүхэд тэвэрчихсэн сууж байсан болохоор нэг их ойртоогүй холоос ажиглаад сууж байсан. Тэр хоёр авгай нь “Чи намайг алаад аль, чамайг ялтан болгон ялтан минь гээд” нөгөөх нь “Чамд хүүхдээ өгөхгүй ээ зайл" гэх зэргээр хэрэлдээд байсан. Миний ойлгосноор бол урьд өдөр нөхрөөсөө сална гээд хоёр хүүхдээ нөхөртөө өгч гэрээсээ хөөж явуулчхаад маргааш нь хоёр хүүхдээ авах гэж ирсэн юм шиг байгаа юм. Нөгөөх нь тэгсэн хоёр хүүхдээ өгөхгүй л гэж маргалдаад байснаа сүүлдээ гэнэт хоорондоо барьцалдаад цаад талын өрөөний орон дээр ноцолдоод байсан. Манай хүү У нэг удаа цохиод авсан чинь цуг явсан найз Д.Мөнхдорж нь голоор нь ороод У ийг салгаад гэрээс гаргасан. Авгай нь хоёр хүүхдээ аваад манайхаас гараад явсан. Урьд өдөр юм уу шөнө уусан бололтой У ээс архи үнэртэж байсан." гэх мэдүүлэг /хх 15-16/,

 

         Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №833 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.П.Одончимэгийн биед дээд уруулын дотор салстад цус хуралт, баруун өгзөг, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэх /хх 20-21/,

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 34-38/, аюулын зэргийн үнэлгээ  /хх 17-18/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талуудын хүсэлт /хх 48, 53/, хүсэлт шийдвэрлэсэн прокурорын тогтоол /хх 54/ зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

  Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар: 

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Э.У  нь хууль зүйн хувьд танхай сэдэлтээр, хонон өнжин архи уулаа гэх хамтран амьдрагчийнхаа шаардлагыг үл тоон хэрүүл маргаан үүсгэж улмаар санаатай үйлдлээр эрх чөлөөнд халдаж Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг УАА-н задгайн В4-4 тоотод 2019 оны 12 дугаар сарын 05-ний өдөр хамтран амьдрагч П.Одончимэгийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь "дээд уруулын дотор салстад цус хуралт, баруун өгзөг, баруун бугалганд цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч П.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Д.Мөнхдорж /хх 13-14/, Д.Эрдэнэбилэг /хх 15-16/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэр бүрийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээний оноо 11 буюу дунд зэргээр тогтоогдсон тухай /хх 17-18/, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №833 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 20-21/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

            Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

            Иймд шүүгдэгч Э.У-ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Одончимэг нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй болохыг дурдав.

            Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.У, хохирогч П.Одончимэг нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Э.У эд ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасныг баримталсан байна.

Шүүгдэгч Э.У-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5-т заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 600 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200 000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Э.У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн 1934011440002 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Шархнуудын дэлгэрэх Э У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-эд оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200 000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

    5.Эрүүгийн 1934011440002 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.У  нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ