Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/23

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэжидмаа,

Улсын яллагчаар, хяналтын прокурор М.Ариунцэцэг,

Шүүгдэгч Б.Ө- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шилжүүлсэн Б.Ө-д холбогдох эрүүгийн 1938008860013 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Ө.

Шүүгдэгч Б.Ө- нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Аянчин” баарны гадаа иргэн Ц.Л-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж доод уруулд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ө- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Аянчин” баарны гадаа иргэн Ц.Л-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж доод уруулд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,
  • Хохирогч Ц.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би орой 22 цагийн үед эхнэр Н.О-, найз Х.Б- нарын хамт Мөрөн сумын 8-р баг Аянчин караоке бааранд чөлөөт цагаа өнгөрөөх гэж орсон. ...гэртээ харих гээд замаар такси барих гээд явж байтал араас нэг үл таних залуу танай засварчид яасан овоо юм гэсэн утгатай юм яриад хөөе гээд дуудахаар эргээд хартал уруул руу цохисон. Тэгэхээр нь би унаад босч ирээд чи намайг хүнтэй андуурав уу гэж асуутал чамайг андуураагүй, алчихъя гэсэн утгатай юм яриад уруул руу дахиад цохисон. Тэгээд зугатаагаад яваад өгсөн. ...Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон шарх бүхий гэмтлийг Б.Ө- гэх залуу миний уруул руу гараараа 2 удаа цохиж учруулсан. ...асуудал гарснаас хойш 4-өөс 5 хоногийн дараа Б.Ө- манай ажил дээр надтай ирж уулзаад уйчлалт гуйсан. ...Б.Ө- миний эмчилгээнд гарсан 150.000 төгрөгийг төлж барагдуулахаар надтай тохиролцсон байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 14-15 дугаар хуудас/,
  • Гэрч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...баар хаах болоод гараад гэртээ харих гээд замаар явж байтал араас хөөё гэж хүн дуудаад ирээд шууд нөхрийн нүүр рүү цохиж газар унагаасан. Тэгэхээр нь яагаад зүгээр байгаа хүн зодоод байгаа юм бэ гэхэд алалцах юм уу гэж хэлсэн. Тэгтэл нөхөр чамтай зодолдож яах юм гэж хэлсэн. Тэгтэл нөгөө цохисон хүн зодолдвол зодолдъё гээд хоргоогоод байсан. Тэгэхээр нь би цагдаад хандаж дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 624 дугаартай: “1 .Ц.Л-гийн биед доод уруулд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Ц.Л-гийн биед тогтоогдсон шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед хохирогч Ц.Л-атай Мөрөн сумын 8 дугаар багт бйрлах Аянчин караокены гадаа шүргэлцээд маргалдсан. Тэгж маргалдахдаа түүний нүүр лүү гараараа 2 удаа цохисон нь үнэн. Би гаргасан үйлдэлдээ гэмшиж, эвлэрлийн гэрээ байгуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл 12 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 35 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.Ө-ы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, хохирогч, шүүгдэгч нар нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

     Шүүгдэгч Б.Ө- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Б.Ө- нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.Ө-ы үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ц.Л-, шүүгдэгч Б.Ө- нар 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, “хохиролд 150.000 төгрөгийг төлж барагдуулсан” байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ө-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөөгүй байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Б.Ө- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч Б.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа улсын яллагчийн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналын хүрээнд шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ө- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө- нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

5. Шүүгдэгч Б.Ө-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ