| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0014/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/15 |
| Огноо | 2020-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/15
2020 01 10 2020/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,
Хохирогч Э.Гангэрэл,
Шүүгдэгч Я.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц Я Г-т холбогдох эрүүгийн 2034000050021 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ц Я Г, 1984 оны 6 дугаар сарын 24-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс баяд, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оюу толгой ХХК-нд барилгын даамал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Зуунмод сум 6 дугаар баг 3-12 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 84062411 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Я.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Я.Г-ийн өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 23-ны өглөө манай эхнэр ажилдаа явахдаа хүүхдүүдээ аваад Зүүндэлгэр рүү найзынхаа гэрт хүргэж өгчхөөд ажилдаа явна гээд гарсан. Би эхнэр хүүхдүүдээ явснаас хойш зурагт үзээд хэвтэж байгаад найз Зоригоотой утсаар яриад гэртээ дуудаад 0,33 литрийн ерөөл нэртэй 1 шил архи хувааж ууж дуусгаад гарсан. Тамхиа авчхаад гадуур хүмүүстэй уулзаж байгаад буцаад гэртээ ирэхэд манай эхнэр ирчихсэн хоол хийгээд байж байсан. Би эхнэрийнхээ хийсэн хоолыг идчихээд ядраад байхаар нь орондоо ороод унтсан. Тэгсэн намайг унтаж байхад манай эхнэр рүү нэг эмэгтэй хүн залгаад уурлаад байхаар нь сэрсэн. Намайг сэрэхээр эхнэр утсаа аваад гал тогооны өрөөнд орж нөгөө эмэгтэйтэй ярьчхаад гараад ирэхээр нь “хэнийхээ эхнэрт загнуулаад байгаа юм бэ" гэж асуухад манай хамт ажилладаг эмч маань над руу мессеж бичээд тэрийг нь эхнэр нь хараад уурласан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсыг нь аваад нөгөө эмэгтэй рүү буцаагаад залгахад эмэгтэй хүн утсыг аваад “Танай эхнэр манай нөхөртэй харилцаад байна, дотно харьцаатай юм шиг байна.” гэхээр нь утсаа салгаад эхнэрээсээ асуухад над руу хандаж “Би унтчихсан юм аа” гэж хэлэхээр нь уурлаад эхнэрээ хоёр удаа алгадсан. Тэгээд гэрийн хөргөгчинд байсан 0,75 литрийн эдэн архийг ганцаараа уугаад өглөө үүрээр эхнэртэйгээ маргалдаад байж байхад манай эхнэрийн утсанд эмнэлгээс дуудлага өгөхөөр нь эхнэртэйгээ хамт эмнэлэг явсан. Бид хоёрыг эмнэлэг дээр байхад манай эхнэртэй хамт ажилладаг Үүрийнтуяа ажил дээрээ байсан. Тэгээд эхнэрээ өөр хүнтэй уулздаг эсэхийг асуугаад эхнэрээ Үүрийнтуяатай хамт үлдээгээд би гэр рүүгээ явсан. Би Гангэрэлийн биед халдаж гэмтэл учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Манай эхнэр хамт ажилладаг байсан гэх хүнтэйгээ мессежээр харилцаад байхаар нь уурлаад маргалдаж эхэлсэн. Бид хоёр одоо эвлэрсэн ямар нэгэн асуудалгүй болсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа дахин архи ууж ямар нэгэн зөрчил дутагдал гаргахгүй. Энэ удаагийн үйлдэл надад их сургамж боллоо гэх мэдүүлэг /хх 24-25/,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Э.Гангэрэлийн өгсөн: Манай нөхөр “Оюу толгой”-д ажилладаг. Би Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажилладаг. 2019 оны 12 дугаар сарын 23-ний өглөө би ажилдаа явахдаа хүүхдүүдээ Зүүндэлгэрт байдаг найзынхаа гэрт хүргэж өгчхөөд ажилдаа явсан. Тэгээд орой 16 цаг гээд ажлаа тараад гэртээ ирэхэд манай нөхөр гэртээ байгаагүй. Би гэрээ цэвэрлэчхээд хоолоо хийгээд сууж байхад гаднаас манай нөхөр халамцуу байдалтай орж ирсэн. Тэгээд би хоол аягалж өгөхөд хоолоо идчихээд унтсан. Намайг зурагт үзэж байхад хамт ажилладаг байсан эмч Мөнхжаргал 21 цаг болж байхад миний Фэйсбүүк рүү мессеж бичсэн. Би хариу бичиж байгаад унтчихсан байсан. Шөнө 00 цагийн үед утас руу хүн залгаад байсан. Тэгээд би утас дуугараад байхаар нь утсаа автал чат бичсэн хүний эхнэр бололтой хүн залгаад чи манай нөхөр рүү чат бичсэн байна гэхээр нь “танай нөхөр мессеж бичихээр нь хариу бичсэн юмаа би маргааш өглөө өөр рүү чинь залгаж учрыг нь тайлбарлая" гэж хэлээд утсаа салгасан. Тэгтэл манай нөхөр босож ирээд миний утсыг аваад буцаагаад тэр дугаар руу залгаад тэр эмэгтэйтэй ярьчхаад утсаа салгаад намайг хүнтэй чаталлаа гээд нүүр рүү хоёр удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би уурлаад бид хоорондоо маргалдаж эхэлсэн. Хэсэг хугацаанд маргалдаж байгаад намайг өөр хүнтэй уулзаж эр эмийн холбоо үүсгэлээ гээд дайраад байхаар нь би уурандаа “яадаг юм бэ, би унтчихсан” гэж хэлэхэд толгой руу хоёр удаа гараараа цохьсон. Тэгтэл миний хамарнаас цус гарсан. Тэгээд нөхөр архи нэхээд байснаа, хутга бариад над руу дайрсан. Тэгэхээр нь салгах гэж ноцолдож байгаад нөхрийнхөө гарыг эсгэсэн. Тэгээд нөхөр бид хоёр гараад салхинд алхсан, замдаа манай нөхөр намайг толгой руу цохиод, нуруу, хөл рүү өшиглөж, зодоод байсан. Тэгээд нөхөр бид хоёр манай ажлын тэнд очтол манай ажлын гэрэл асаалттай байсан ажил руугаа нөхөртэйгээ цуг орсон. Тэгтэл нөхөр манай ажлын газрын хүнээс танай энэ найз чинь өөр хүнтэй явдаг уу гээд асуутал манай ажлын газрын Үүрийнтуяа тийм юм байхгүй 3 хүүхдээсээ илүү гараад байдаггүй гэсэн. Тэгээд би ажлын газрынхаа хүүхэн Үүрийнтуяатай цуг гэр рүүгээ явсан. Манай гэрт найруулдаг цэвэр спирт байсан. Түүнийгээ гаргатал нөхөр найруулж уусан. Тэгснээ нөхөр босож ирээд шалны модоор гар руу нэг удаа цохисон. Тэгтэл найз хүүхэн урдуур орж болиулсан. Тэгтэл нөхөр одоо унтлаа гээд хэвтсэн манай найз хүүхэн 08 цаг болж байна би явлаа одоо нөхөр чинь гайгүй биз дээ гээд гэрээс гараад явсан. Тэгтэл найз хүүхнийг гэрээс гараад явтал нөхөр босож ирээд ээж рүү залгаад танай охин чинь хүнтэй явалдсан одоо танай охиныг чинь нохой шиг зодно гээд намайг зодсон. Тэгтэл ээж манай охиныг битгий зод гээд утасны цаанаас гуйгаад байсан. Тэгтэл нөхөр намайг хүнтэй явсан гэж хэл гээд байсан. Миний толгой руу гараараа байнга цохино хөл гуя руу өшиглөж зодно. Их хартай, өөрөө цохиож их ярина намайг хааяа дуудлаганд явахаар жолооч нартай хардаад байдаг. 2006 онд бид хоёр нэг гэрт ороод хуримаа хийсэн. 12 насны хүү, 8 настай хүү, 5 настай охинтой. 2006 оноос эхэлж гар хүрдэг байсан. 5-6 сар болоод гар хүрдэг байсан. Гэр орныхоо эд зүйлийг эвддэг байсан. Намайг битүү зоддог. Би өмнө Батсүмбэрт байхдаа цагдаад дуудаад өгдөг байсан. Тэгээд маргааш нь явуулчихсан байсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Гэрч С.Үүрийнтуяагийн өгсөн: Э.Гангэрэл бид хоёр хамт ажилладаг хүмүүс. 2019 оны 12 дугаар сарын 23-наас 12 дугаар сарын 24-нд шилжих шөнө дуудлага гараад Гэнгэрэлийг утсаар нь дуудсан. Гангэрэл нь ирэхдээ нөхрийнхөө хамт орж ирсэн. Тэгсэн нөхөр нь “Гангэрэл хамт ажилладаг хүнтэйгээ эр эмийн холбоотой гэж байна, энэ талаар мэдэх үү" гэж асуухаар нь би мэдэхгүй гэдгээ хэлээд шинжилгээтэй байна гээд явсан. Гангэрэл нөхөртэйгээ хамт үүдэнд суугаад үлдсэн. Би тэгээд ажлаа хийж дуусаад хамт гэр лүү нь явсан. Бид гурав гэрт нь очоод сууж байхад Гангэрэлтэй, нөхөртэйгээ маргалдаж эхэлсэн. Тэгсэн нөхөр нь гэнэт барьж байсан гар утсаа эхнэрийнхээ нүд рүү шидчихсэн. Би уурлаад Гангэрэлийн нөхрийг унтуулаад тэдний гэрээс гараад явсан. Гангэрэлийн нөхөр Г надад яагаад эхнэртэйгээ маргалдсан талаараа хэлж байсан. Гангэрэл нь хамт ажилладаг нэг хүнтэйгээ эр эмийн холбоотой юм шиг байна гээд л уурлаад байсан. Г нь миний дэргэд эхнэрээ цохиж зодсон зүйл байхгүй. Миний хархад тухайн үедГ нь архи уучихсан байсан ч өөрийн үйлдлээ ойлгож биеэ авч явах чадвартай байсан гэх мэдүүлэг /хх 15/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №32 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.3.Э.Гангэрэлийн биед дээд уруулын салстанд шарх, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэх /хх 16-18/,
Аюулын зэргийн үнэлгээ /хх 11-12/, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 42-43/, гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ /хх 44-46/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 47/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талуудын хүсэлт /хх 48, 52, 54/, хүсэлт шийдвэрлэсэн прокурорын тогтоол /хх 53/ зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Я.Г нь хууль зүйн хувьд танхай сэдэлтээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн харилцан хамаарал бүхий эхнэрээ бусадтай хардаж санаатай үйлдлээр эрх чөлөөнд халдаж Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Я.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн 3-12 тоот өөрийн гэртээ 2019 оны 12 дугаар сарын 23-ны шөнө гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Э.Гангэрэлийг бусадтай хардаж эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь дээд уруулын салстад шарх, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Гангэрэлийн гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч С.Үүрийнтуяагийн /хх 15/ өгсөн мэдүүлэг, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №32 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 16-17/, Аюулын зэргийн үнэлгээ /хх 11-12/, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 42-43/, гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ /хх 44-46/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Я.Г-ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Гангэрэл нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Я.Г, хохирогч Э.Гангэрэл нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Я.Г-т ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталсан байна.
Шүүгдэгч Я.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5-т заасныг зөрчөөгүй хэдий ч,
хохирогч Э.Гангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс дээрх ялын санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохироогүй гэж шүүх үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт "Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана." зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчид оногдуулсан 900 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 300 000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Я.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 2034000050021 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч 2019.12.25-ны өдрийн 11:30 цагаас 2019.12.26-ны өдрийн 11:30 цаг хүртэл /хх 10/ 1 хоног саатуулагдсан болохыг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц Я Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчЯ.Гийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчЯ.Гт оногдуулсан 900 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 300 000 /гурван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн 2034000050021 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Я.Г нь 1 /нэг/ хоног саатуулагдсан, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ