Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2017/ДШМ/041

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Н.Дэчмаа нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Д.Батцэнгэл, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 201505000362 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, ................ тоотод оршин суудаг, ..., улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ВТ92021713/

******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах .............. тоотод 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 12-нд шилжих шөнө *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар *******ын толгой, нүүр хэсэгт төмрөөр цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: ******* овогт *******гийн *******ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоног хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 99 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмрийг устгаж, хохирогч *******ын толгойн томографын 5 ширхэг зургийг хохирогчид буцаан олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар *******ын эзэмшлийн 3 толгой сарлагийн үхэрийг битүүмжилсэн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******аас 149.000 төгрөг гаргуулж хохирогч *******т олгож, хохирогч нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэгт зааснаар *******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, түүний эдлэх ялыг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа үнэн сэтгэлээсээ ойлгож гэмшиж байгаагаа илэрхийлж, баримтаар учирсан хохирлыг сайн дурын үндсэн дээр бүрэн барагдуулж, гэм хорыг /сүүлчийн шүүх хурал дээр хөдөөнөөс ирсэн бензин шатахууны үнэ л төлөгдөөгүй байсныг төлсөн/ зохих хэмжээгээр арилгасан байгаа. Хохирогч маань надаас 50 сая төгрөгийг баримт материалгүйгээр нэхэмжилсэнийг шүүгдэгч миний бие хүлээн зөвшөөрч өөрт байгаа машиныг өгч зараад мөнгөөр нь зохих эмчилгээг хийлгэхийг хүссэн ч зөвшөөрөөгүй. Миний амьдрал бодит байдал, мөнгө хөрөнгийн боломжгүйг мэдсээр байж, зөвхөн 50 сая төгрөгийг бэлнээр авч эмчилгээнд явна гэдэг хатуу бодлого барьсаар хэргийг шийдүүлсэн. Мөн миний бие боломжоороо 4-5 сая төгрөг өгөөд эмчилгээнд хэрэглээч гэсэн саналыг удаа дараа өөрт нь болон өмгөөлөгчид нь тавьсан боловч мөн л авахгүй байсаар гэм хорыг арилгаагүй Солонгос руу явж эмчлүүлнэ гэж нэхэмжилсээр хуулийн энэрэнгүй байх зарчмыг хэрэгжүүлэх нөхцөлгүйгээр хэргийг шийдүүлсэнд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгаа тул хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэж өгнө үү.

Үнэхээр эмчлүүлэх шаардлага байгаа бол энэ хугацаанд зохих газар нь явж эмчлүүлээд баримт материалаа авчираад шаардаж нэхэмжилсэн бол миний бие хөгшин эцгийн хөрөнгийг ч дуусгаад төлөх байлаа. Гэвч ямар ч баримтгүйгээр их хэмжээний 50 сая төгрөгийг нэхсэнд миний бие эргэлзээ төрснийг нуухгүй хэлье. Би удаа дараагийн шүүх хуралд гэм хорыг боломжоороо төлнө, гэмтэл учруулсан нь үнэн гэдгээ хэлсээр илэрхийлсээр ирсэн. Иймд энэ байдлыг хуульд нийцүүлсэн эрх зүйн байдлыг минь дордуулахгүйгээр шийдэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм хорын хохирлыг хэрэгт авагдсан баримтаар төлж барагдуулсан тул оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан нотлох баримттай хохирлуудыг бүгдийг төлж барагдуулсан тул түүний ар гэрийн байдлыг харгалзан үзэж 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: Шүүгдэгчийн хувьд нотлох баримтын хүрээнд бүх хохирлыг төлж барагдуулсан байгаа гэв.

ХЯНАВАЛ:

******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах .............. тоотод 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 12-нд шилжих шөнө *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар *******ын толгой, нүүр хэсэгт төмрөөр цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч ******* “...******* миний зүүн талын шанаа руу зангидсан гараараа нэг удаа цохьсон, тэгэхээр нь би түүнтэй барилцаж аваад зодолдсон. Тэгтэл Б.Мөнхжаргалын эхнэр ******* гэрээс гарч ирж бид хоёрыг салгасан. *******аас салчихаад гэр рүү орсон. Гэрт ороод жаахан сууж байгаад гэрт байсан хүмүүст хандан *******тай уулзаж уучлалт гуйчихаад харьж амарлаа гэж хэлээд гэрээс гарахад л намайг цохьсон юм билээ. Би түүнийг цохиж авахыг мэдээгүй, эмнэлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээг авч байхдаа ухаан орж өөрийгөө гэмтсэнээ мэдсэн. Улаанбаатар хотод очоод гэмтлийн эмнэлэгт 7 хоносон, 1 дүгээр эмнэлэгт 7 хоносон. Нэгдүгээр эмнэлгийн эрүү, нүүрний тасагт хагалгаанд орсон. Би цохиулсаны улмаас миний баруун талын нүүрний хэсэгт гэмтэл үүсч, яс хугарч цуурсан. Баруун талын зовхи нээгдэхээ больсон. Баруун нүд бас харахгүй, мөн тархинд цус хуралттай, нэг шүдний паалан унасан...” /хх-ийн 1-р хавтас 23-24-р тал/, гэрч ******* “... ******* гаднаас орж ирээд гэрийн баруун талын орон дээр сууж байгаад би явлаа гэж хэлээд гэрийн хаалгаар гарахаар тонгойж харагдсан, тэгтэл түүнийг ******* ямар нэгэн зүйлээр цохих шиг болсон. Тэгсэн ******* босго дамнаад дээш хараад газар унасан. Хүүе юу болов гээд очихын завдалгүй ******* *******ыг том дугуй хэлбэртэй төмрөөр нүүр рүү нь цохьсон...” /хх-ийн 1-р хавтас 29-31-р тал/, ******* “...дүү *******ыг бусдад цохиулаад биедээ гэмтэл авчихлаа гэдгийг 2015 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө сонсоод Шинэжинст сумаас ээж Ариунааг аваад шөнөдөө Баянхонгор аймгийн төв рүү гарсан..., ...дүү маань эмнэлэгт хэвтэж байсан, ******* гэх залууд төмрөөр цохиулсан гэж байсан...” /хх-ийн 1-р хавтас 35-36-р тал/, “...би гэрт байсан. Тухайн үед бид хоёр юм яриад сууцгааж байсан. Тэгтэл хүмүүс орилолдоод явчихсан. Эргээд хартал ******* гэрийн гадаа довжоон дээр хэвтэж байсан..., ... *******ыг тэврээд хэвтсэн байдалтай Эрдэнэдалай шүд цөмөлчихлөө гэсэн утгатай зүйлийг хэлсэн...” /хх-ийн 1-р хавтас 40-42-р тал/, “...******* *******ыг гараараа нүүр хэсэг рүү нь 1 удаа цохиход ******* зөрүүлээд хавсарч унагаад дээрээс нь нэг удаа гараараа толгой, шанаа хэсэг рүү цохихоор би *******ыг араас нь салгаад авч гэртээ орж ирээд *******ыг суулгачихаад *******ыг аваад ирье гээд гарсан чинь ******* хашаанаас хайгаад олдоогүй..., ...******* явлаа гээд гэрээс гарах гээд хаалгаар нэг хөлөө давуулаад л газар унахаар нь бид нар очих хооронд ******* *******ын нүүр рүү нь нэг удаа том төмрөөр цохихоор нь би салгаад газар унагаж ноцолдож байгаад төмрийг нь авч шидээд би найз нарын хамт *******ыг гэр рүү оруулсан...” /хх-ийн 1-р хавтас 165-166-р тал/, Насанд хүрээгүй гэрч “...******* ах би явлаа гэж хэлээд үүд рүү алхаад хаалга онгойлгоод гарах гэтэл нь түүнийг ******* ах нэг дугуй төмрөөр нэг удаа цохьсон, тэгтэл ******* ах дээш хараад ухаан алдаад газар унасан. ******* эгч орилоод гарахын завдалгүй дахиад төмрөөрөө нэг цохиод авсан ...” /хх-ийн 1-р хавтас 43-р тал/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн №344 тоот “...ын биед баруун хоншоор ясны урд хананы цөмөрсөн хугарал, хугарлын шугам дээш баруун нүдний ухархайн доод, дээд хана, духны баруун сэртэн рүү нийлмэл үргэлжилсэн хугарал, баруун тал бөмбөлгийн духны эдэд няцрал, цус хуралт, баруун ухархайн дотоод хананд цөмөрсөн хугарал, хамар ясны баруун хажуу хананд цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, гэмтлийн гаралтай баруун нүдний нулимасны хүүдийн үрэвсэл, гэмтлийн гаралтай баруун нүдний судаслаг бүрхүүлийн урагдал, болор цайлт, баруун нүдний хараа 0.01, баруун нүдний доод зовхины няцрал, хамрын баруун талын шарх, эрүүний доорх шарх, зүүн хацрын няцрал, нүүрний хэсгийн олон зулгарсан шарх, 2 нүдний зовхины цус хуралт гэмтлүүд учирчээ..., ...2.3.4. дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна, дээрх духны баруун сэртэн рүү нийлмэл үргэлжилсэн хугарал, баруун тал бөмбөлгийн духны эдэд няцрал, цус хуралт гэмтлүүд нь 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад баруун хоншоор ясны урд хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн доод дээд хананы нийлмэл хугарал, баруун нүдний дотор хананы цөмөрсөн хугарал, хамар ясны баруун хажуу хананд цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхины няцрал, хамрын баруун талын шарх, эрүүний доорх шарх, зүүн харцрын няцрал, нүүрний хэсгийн олон зулгарсан шарх, 2 нүдний зовхины цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, гэмтлийн гаралтай нүдний эмгэгээс үүссэн баруун нүдний хараа бууралт /0.01/ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 33.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 35 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид нүдний эмгэг, хараа бууралт ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 2-р хавтас 198-204-р тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 2-5-р тал/, *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан төмөрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 12-13-р тал/, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг, яаралтай тусламжийн тасгын тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 14-р тал/, хохирогч *******ын эмчилгээ хийлгэсэн баримтууд /хх-ийн 1-р хавтас 106-130-р тал/, хохирогч *******ын өвчний түүх /хх-ийн 1-р хавтас 192-215-р тал/ болон мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт *******ын үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалган хэргийг зөв зүйлчилсэн, *******ын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, ийнхүү хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, анхан шатны шүүхээс оногдуулсан ял, ял эдлүүлэхээр тогтоосон дэглэм нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-ийн 1.1-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

        ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                        В.ЦЭЦЭНБИЛЭГ