Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Хэргийн индекс: 114/2017/0043/3/

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Сөүлийн гудамж, өөрийн байранд байрлах “H-ХХК” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад  холбогдох

Нэхэмжлэлийн “H-ХХК” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/70 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн “H-ХХК” ХХК-нд холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгох”  тухай шаардлагатай захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                                     Н-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                                              Т-

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                                      Ч-,

                                                                                                           Ч- нар оролцов.

                                                           ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч “H-ХХК” ХХК-ний гүйцэтгэх захирал У- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  “H-ХХК” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сум, 16-р баг, Найрамдал талбайд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 376 тоот шийдвэрээр нэгж талбарын 080100078 дугаар бүхий 1000 м.кв газрыг 2 жилийн хугацаагаар үйлчилгээний зориулалтаар эзэмшихээр болж “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г Дархан-Уул аймгийн газрын албатай 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан.       

 Мөн Дархан-Уул аймгийн Дархан сум 10 дугаар баг, 12 дугаар хороололд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 376 тоот шийдвэрээр нэгж талбарын 080100077 дугаар бүхий 12500 м.кв газрыг 2 жилийн хугацаагаар нийтийн орон сууцны зориулалтаар эзэмшихээр болж “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г Дархан-Уул аймгийн газрын албатай 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан.

Үүний дараа газар эзэмших эрх, зориулалтын дагуу дэлхийн жишигт нийцсэн худалдаа үйлчилгээний төв болон шинэ өнгө төрх бүхий орон сууцны барилгыг барихаар төлөвлөн Архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлүүдийг авч зураг төслийн “өрх” ХХК-иар 30*24 хэмжээтэй 5 давхар үйлчилгээний барилгын зураг төслийг 15 сая төгрөгөөр, орон сууцны эскиз зургийг 9 сая төгрөгөөр , Сойл трейд ХХК-иар геологи судалгааны дүгнэлт 4 сая төгрөгөөр тус тус гүйцэтгүүлсэн.

Мөн тус газар дээр төлөвлөсөн эскиз зургийг хотын удирдлагад танилцуулан санал авч хотын ерөнхий архитектороос мэргэжлийн зөвлөмж авч шинээр эскиз зураг хийлгэж инженерийн шугам сүлжээний хангагч байгууллагуудтай зөвшилцөн хамтран ажиллаж байсан.

Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/70 дугаартай “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар “H-ХХК” ХХК-ийн дээр дурдсан 2 газар эзэмших эрхүүдийг газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

1. Газрыг зориулалтын дагуу 2 газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсны дараа “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г Дархан-Уу аймгийн газрын албатай 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан. Гэрээний 7.3-д зааснаар гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс 2 жилийн хугацаатайгаар үргэлжлэх бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй /тохиолдолд Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгох/ хуулийн зохицуулалтын 2 жилийн хугацааг газар эзэмшигч,  эзэмшүүлэгчийн хороонд гэрээ байгуулсан өдрөөс хойш тоолох ийнхүү тооцоход гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусах байсан.

2. Газрын төлбөрөө төлөөгүй гэх тухайд Нэхэмжлэгчийн зүгээс газрын төлбөрийг цаг хугацаанд нь бүрэн төлж байсан бөгөөд тус газартай тооцоон нийлж байсан болно. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн тайлбарт “H-ХХК” ХХК нь газрын ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй болно гэсэн байдаг. 2014 онд тооцоо нийлж өргүй болсон, 2016 оны тооцоог 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тооцоо нийлж, нийт 790,000 төгрөг төлөх байснаас 840,000 төгрөг төлж, 50000 төгрөгийн илүү төлөлттэй байна. Иймд Засаг даргын захирамжид дурдсан газрын төлбөр төлөөгүй гэдэг нь үндэслэлгүй байна.

3. Мөн түүнчлэн манай авсан газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдэг үндэслэл зааж өгсөн байна. Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлийг тодорхой дурдсан байдаг үүнд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдэг үндэслэл байхгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6-т заасан үндэслэлд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдэг үндэслэл байхгүй байхад захирамж гарсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т зааснаар иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх үндэслэл биш байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т зааснаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газрыг олгохыг хориглоно гэж байгаа. Мөн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3, 21 дүгээр зүйлийн 21.3.2, 23 дугаар зүйлийн 23.3.1, 23.3.5, 23.3.7-т  зааснаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт газар эзэмших эрх өгч болохгүй гэж Засаг дарга Газрын албанд үүрэг болгосон байсан. Дээрх үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцлах тухай асуудал яригдахгүй тул Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны А/70 дугаар захирамж нь илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т заасны дагуу уг захирамжийг илт хууль болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч-  шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймгийн Дархан сум 16 дугаар багт Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 376 тоот шийдвэрээр 1000 мкв газрыг 2 жилийн хугацаагаар үйлчилгээний зориулалтаар, Дархан сум 10 дугаар баг, 12 дугаар хороололд аймгийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 376 тоот шийдвэрээр 12500 мкв газрын 2 жилийн хугацаагаар нийтийн орон сууцны зориулалтаар, тус тус эзэмшүүлж байгаад 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/70 дугаар захирамжаар тус газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй тул хүчингүй болгожээ.

Аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/70 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1- 47.1.7 дахь хэсэгт заасан захиргааны акт илт хууль бус болох 7 шинжийн  аль нэгийг агуулсан байх ёстой гэтэл захирамж нь дээрх шинжийг агуулаагүй байна.

Засаг даргын захирамж нь Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг удирдлага болгон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.5, 40.1.6-т заасныг үндэслэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ч- шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 258 тоот шийдвэрээр анх уг газрыг эзэмшсэн юм. Манай Газрын алба нь жил болгон газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталдаг, уг төлөвлөгөөнд “H-ХХК” ХХК-ийн газар тусгагдаагүй гэдэг үндэслэлээр газрын гэрчилгээг нь хүчингүй болгосон. “H-ХХК” ХХК нь 2008 -2015 оны хооронд газрын төлбөрийн өргүй 2016 онд 750.000 төгрөг төлж 50.000 төгрөгийн илүү төлөлттэй байгаа.  Газар дээр нь очиж үзэхэд бодит байдал дээр эзэмшиж байгаа газар дээрээ ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ  нь:

 

  Нэхэмжлэгч “H-ХХК” ХХК нь тус шүүхэд “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/70 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн “H-ХХК” ХХК-нд холбогдох хэсэг нь илт хууль бус  болохыг тогтоолгох”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

  Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

  Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга  нь нэхэмжлэгч “H-ХХК” ХХК- нд анх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Газар олгох тухай” 258 дугаар захирамж түүний хавсралтаар 16 дугаар баг “Номин худалдааны төв”-ийн хойд талд 0.1 га газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар 2 жил,  9 дүгээр баг 11 дүгээр хороололд СОС хотхоны ард 1.25 га газрыг  орон сууц,  үйлчилгээний зориулалтаар 2 жилээр тус тус эзэмшүүлэхээр, 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай”  66  дугаар захирамж түүний хавсралтаар дээрх  080100078, 080100077  нэгж талбарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 1 жилээр сунгаж байсан мөн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгож, газар олгох тухай ”  236  дугаар захирамжаар  “...  “H-ХХК” ХХК-ий газар нь “Шунхлай” ХХК-ий газартай давхацсан гэх үндэслэлээр “H-ХХК” ХХК-ий 0174833 тоот газар эзэмших гэрээ, гэрчилгээ, газар эзэмших эрхийг хүчингүй болгож Дархан сумын 12 дугаар баг,Найрамдал талбайд “H-ХХК” ХХК-д үйлчилгээний зориулалтаар  1000 м.кв газрыг эзэмшүүлэхээр  шийдвэрлэж, нэгж талбарын 080100078 дугаар бүхий газрын эзэмших эрхийн 0206800 дугаар гэрчилгээ  олгож, гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай”  267  дугаар захирамж түүний хавсралтаар нэгж талбарын 080100077 дугаар бүхий 12500 м.кв газрын  хугацааг 2 жилийн хугацаагаар сунгаж, газар эзэмших эрхийн 0206859 дугаар гэрчилгээ  олгож, гэрээ байгуулж байсан байна.

 Хамгийн сүүлд  “H-ХХК” ХХК-ний 2014 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 88,89 дугаартай албан бичгийг үндэслэн  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” 376 дугаар захирамж түүний хавсралтаар “H-ХХК” ХХК-ний  нэгж талбарын 080100077 дугаар бүхий 12500 м.кв,  нэгж талбарын 080100078 дугаар бүхий 1000 м.кв газрын эзэмших эрхийн  хугацааг 2 жилээр сунгаж,  газар эзэмшүүлэх  А-2294, А-2295 дугаар гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн 000301301,000301318 дугаар гэрчилгээнүүдийг олгосноор нэхэмжлэгч “H-ХХК” ХХК-ний газар эзэмших эрх баталгаажсан байна.

 Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/70 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “г”  29.2,  Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн  40.1.1, 40.1.3, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг баримталсан байх бөгөөд тус захирамжийн хавсралтанд дурдсанаар нэхэмжлэгч  “H-ХХК” ХХК-ний Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д  “ эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”  40.1.6 “ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа  2 жил дараалан ашиглаагүй”, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй  гэх үндэслэлээр хүчингүй болгожээ.

         Хэргийн оролцогчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд  дээрх хуулийн заалтуудад нийцсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно. Үүнд:

1. Нэхэмжлэгч “H-ХХК” ХХК нь 080100077, 080100078 дугаар нэгж талбаруудын газрын төлбөрт 2014 оны 4 дүгээр улирлаас 2016 оны 3 дугаар улирал дуустал 1.540.000 төгрөгийг төлөхөөс  2015 оны 12 дугаар сарын 31-нд 840.000 төгрөг,  2016 оны 11 дүгээр сарын 18-нд 750.000 төгрөгийг төлж 50.000 төгрөгийн илүү төлөлт хийсэн нь газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.

2. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” 376 дугаар захирамж түүний хавсралтаар “H-ХХК” ХХК-ний нэгж талбарын 080100077, 080100078 дугаар бүхий  газрын эзэмших эрхийн  хугацааг 2 жилээр сунгаж, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх  А-2294, А-2295 дугаар гэрээг 2014 оны 10 дугаар сарын 30 ны өдөр байгуулж, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000301301, 000301318 дугаар гэрчилгээнүүдийг олгосноос үзэхэд  2 жил дараалан ашиглаагүй гэж дүгнэх хуулийн хугацаа болоогүй байхад хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан байх бөгөөд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй  гэх  үндэслэл нь дээрх хуулийн  үндэслэлүүдэд хамаарахгүй болно.

 

          Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 “ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх хуулийн заалтыг зөрчиж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн 2 жилийн хугацаа дуусаагүй байхад 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/70 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж түүний хавсралтаар нэхэмжлэгч “H-ХХК” ХХК-ний нэгж талбарын 080100077, 080100078 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд энэхүү захирамжийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/70 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн “H-ХХК” ХХК-нд холбогдох хэсэг нь илт хууль бус  болохыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/70 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн “H-ХХК” ХХК-нд холбогдох хэсэг нь илт хууль бус  болохыг тогтоосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНЧИМЭГ