Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 00183

 

 

 

 

 

 

 

                                   Я.Гэрэлийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

 Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1283 дугаар шийдвэртэй

 Нэхэмжлэгч Я.Гэрэлийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч Д.Цэвэлноров, Д.Амаржаргал, Б.Номин-Эрдэнэ нарт холбогдох

“Байр чөлөөлүүлж, 8.110.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй “паркетен шалны үнэ 2.500.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Я.Гэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Я.Гэрэл

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр

Хариуцагч Д.Цэвэлноров

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг

Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Я.Гэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орхон аймгийн Сум дундын шүүх С.Пүрэвцэндэд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор С.Бадралын нэр дээр бүртгэгдсэн Улсын бүртгэлийн 2101003688 дугаартай, Хүрэнбулаг багийн 4-16-52 тоот орон сууцны бүртгэлийг хүчингүй болгож, 4-16-52 тоот орон сууцны өмчлөгчөөр Я.Гэрэл, Б.Цацрал нарыг бүртгэхийг Улсын бүртгэлийн албанд даалгаж шийдвэрлэсэн юм.

Улсын Дээд Шүүх 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн СДШ-ийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

С.Пүрэвцэндэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад С.Бадрал нас барсан юм. Түүний гэр бүлийн хүн болох Д.Цэвэлноров шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх шатанд буюу 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр С.Бадрал, Д.Цэвэлноров нарын өмчлөлд бүртгэгдсэн байсан 4-16-52 тоот орон сууцыг өв залгамжлалын журмаар Д.Цэвэлноров, Б.Гүнсмаа, Б.Номин-Эрдэнэ нарын өмчлөлд шилжүүлж, Улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг.

УДШ-ын тогтоол гарсан 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 04 сарыг хүртэл нийт 13 сар хөлсний байранд төлсөн 3 250 000 төгрөгийг Д.Цэвэлноровоос гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагаа 4 сарын байрны хөлс болох 1 000 000 төгрөгөөр ихэсгэж байна. Өмгөөллийн Их цайз консалтинг ХХК-тай 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 15/13 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөлөгчид төлсөн хөлс болох 360 000 төгрөг нийт 1 360 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Мөн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 14 сар хөлсний байранд төлсөн 3 500 000 төгрөгийг Д.Цэвэлноровоос гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагаа 8 110 000 төгрөг болгож байна гэжээ.

Сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн УДШ-ын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 94 дүгээр тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Д.Цэвэлноров шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Намайг 4-16-52 тоот орон сууцыг чөлөөлж өг гэж хэн ч шаардаагүй. Энэ хүнээс би орон сууцыг аваагүй С.Пүрэвцэндээс авсан. Энэ хүн С.Пүрэвцэндэд зарсан орон сууцны үнэнд авсан 8 000 000 төгрөгийг буцааж, С.Пүрэвцэнд нь надаас авсан 20 000 000 төгрөгөө буцааж надад өгөх шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Гэтэл Я.Гэрэл нь энэ 8 000 000 сая төгрөгөө С.Пүрэвцэндэд одоо хүртэл өгөхгүй байгаа бөгөөд С.Пүрэвцэнд надад өгөх ёстой 20 000 000 төгрөгөө өгөхгүй байгаа. Орхон аймгийн ШШГА дээр би гүйцэтгэх хуудас бичүүлж аваачиж өгөөд одоо хүртэл нэг ч төгрөг авч чадаагүй байна. Тийм учраас өөрөө хүсэж орон сууц хөлсөлж амьдарч байгаа зардлыг би төлөх ёсгүй. Я.Гэрэл нь миний нэр дээрхи улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхэд өгөөд одоо хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Хариуцагч Д.Цэвэлноров шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2007 оноос хойш 4-16-52 тоот орон сууцанд шалыг нь бүтэн паркетласан нийтдээ паркет, ажлын хөлсөнд 2 500 000 төгрөг зарцуулсан. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т заасны дагуу энэ зардлыг нэхэмжилж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6-д Шудрага эзэмшигч шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж татгалзах эрхтэй гэсэн тул энэ заалтыг үндэслэн С.Пүрэвцэнд, Я.Гэрэл нараас шийтгэх тогтоолын дагуу надад гаргуулан олгохоор заасан мөнгийг төлөхөөс нааш би байрыг буцааж өгөхөөс татгалзах эрхтэй гэж үзэж байна. Иймд шүүхээс миний энэ татгалзах эрхийг баталгаажуулж шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийг гаргаж байгааг хүлээн авна уу гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1283 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 94.6, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Цэвэлноров, Д.Амаржаргал, Б.Номин-Эрдэнэ нарын хууль бус эзэмшлээс Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-16-52 тоот орон сууцыг чөлөөлж, 8,110,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 94.4 дахь хэсэгт заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Я.Гэрэлээс 2 500 000 төгрөг гаргуулан Д.Цэвэлноровт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.Гэрэл нь улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Д.Цэвэлноровоос 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, Д.Цэвэлноровын улсын тэмдэгтийн хурааминд урьдчилан төлсөн 125.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Я.Гэрэлээс 125.200 төгрөг гаргуулан Д.Цэвэлноровт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Я.Гэрэл давж заалдсан гомдолдоо:

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

“Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг мчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэж Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-дэх хэсэгт заасан байх тул Д.Цэвэлноров, С.Бадрал нарыг 4-16-52 тоот орон сууцыг шударгаар олж авсан гэж үзэхгүй юм.

Миний бие байраа суллуулахаар Д.Цэвэлноровтой нэг бус удаа уулзаж байсан. Уулзах болгонд урдаас С.Пүрэвнцэндэд төлөх мөнгөөр барьцаалж, мөнгө өгвөл байрнаас гарна гэдэг байсан. Шүүхийн шийдвэрт намайг “...байр суллаж өг гэж шаардаж байгаагүй... “ гэж бичигдсэн байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Орхон аймаг дах Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.12.23-ны өдрийн 14 дугаартай шийдвэр, анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцсэн 2016.03.01-ний өдрийн 33 дугаартай магадлал болон анхан шатны шүүхийн 2016.10.13-ны өдрийн 142/ШШ2016/01283 дугаартай шийдвэрийн хурлын аудио бичлэгүүдээс шүүх хуралдаан дээр миний ярьж, хэлсэн тайлбарыг судлуулах хүсэлтэй байна.

2.Сөрөг нэхэмжлэлий талаар:Хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой Эрүүгийн хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлээгүйг мэдсээр байж паркетан шал хийлгэсэн зардлаа нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг өөрчилж 8.110.000 төгрөг гаргуулах нэхэмжпэлийн шаардлагыг хангаж, мөн тогтоолын 2 дахь хэсэгт заасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                    ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам  болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Я.Гэрэл, Цацрал  нар тус сумын Хүрэнбулаг багийн 4-16-52 тоот орон байрыг чөлөөлүүлж, түрээсийн төлбөр болон зардал нийт 8.110.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Д.Цэвэлноров паркетен шалны хийсэн ажлын хөлс 2.500.000 төгрөг гаргуулах  тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан ба хариуцагч Д.Цэвэлноров нь шийтгэх тогтоолоор өгсөн мөнгийг өгөхгүй бол байрыг чөлөөлөхгүй, нэхэмжлэгч Я.Гэрэл паркетэн шал хийсэн  ажлын хөлс 2500000 төгрөг төлөх үндэслэлгүй гэж тус тус  маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд тус багийн 16 дугаар байрны 52 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн нэр шүүхийн шийдвэрийн үндсэн дээр  өөрчлөгдөж улмаар нэхэмжлэгч Я.Гэрэл, Б.Цацрал нар тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр /хх-ийн 224, 225 тал/ тогтоогдсон, хариуцагч Д.Цэвэлноров, Б.Номин-Эрдэнэ, Д.Амаржаргал  орон сууцыг шударгаар эзэмшиж байсан болох нь нотлогдсон ба шүүх  энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг  хангаж, 8.110.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн нь зөв байна.

Учир нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасны дагуу тухайн орон сууцны хууль ёсны өмчлөх эрх 2007 оны 05 дугаар сарын 09-ны өдөр бэлэглэлийн гэрээний үндсэн дээр хариуцагч Д.Цэвэлноров С.Бадрал нарт, өв залгамжлалын журмаар 2012 оны 09 дүгээр сарын18 -ны өдөр Д.Цэвэлноров Б.Номин-Эрдэнэ нарт тус тус шилжиж Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт тус тус бүртгэгдсэний дараа 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрх өөрчлөгдсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул хариуцагч Д.Цэвэлноров, Б.Цацрал нарыг шударга эзэмшигч гэж үзнэ.

Хэдийгээр хариуцагч Д.Цэвэлноров нь шүүхийн шийтгэх тогтоолоор надад олгогдох хохиролыг С. Пүрэвцэнд өгөлгүй өдий хүрсэн, Я.Гэрэлийг түүнд өгөх 8500000 төгрөгийг надад өгвөл байрыг чөлөөлж өгнө гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзал, үндэслэл нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй өөрөөр хэлбэл хариуцагчид олгогдох 8.500.000 төгрөгийн хохирлын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул дахин шийдвэрлэх боломжгүй юм.

Хариуцагч Д.Цэвэлноров шударга эзэмшигчийн хувьд орон сууцыг эрх бүхий этгээдэд буцаан өгөхдөө тухайн орон сууцны шалыг паркетлэж засан сайжруулсан, нэхэмжилж буй ажлын хөлс нь тухайн эд хөрөнгийн үнийн дүнгээс хэтрэхгүй байх тул шүүх Я.Гэрэлээс 2.500.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 94.4-т заасантай  нийцсэн байна.

Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч Д.Цэвэлноровыг тухайн орон сууцыг шударгаар эзэмшиж байсан, зохигчдын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй ба тэрээр орон сууцны шалыг паркетэлж өөрчилснөөр шалыг засч сайжруулсан гэдгийг үгүйсгэж нотолж чадаагүй тул нэхэмжлэгч Я.Гэрэлийн гаргасан “...8.110.000 төгрөгийг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Я.Гэрэл нь итгэмжлэлээр Цацралыг төлөөлж оролцсон тул шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага 2.500.1000 төгрөгийг Я.Гэрэлээс гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1283 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Я.Гэрэлийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184.710 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.УРАНЧИМЭГ

 

                  ШҮҮГЧИД                             Б.БАТТӨР

                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ