Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/30

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэжидмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Ариунцэцэг,

Шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шилжүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 1938008890018 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Б.

Шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Магнай трейд” шатахуун түгээх газарт эхнэр Д.Ц-тай маргалдаж маргах явцдаа зодож баруун тохой, шуунд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Магнай трейд” шатахуун түгээх газарт эхнэр Д.Ц-тай маргалдаж маргах явцдаа зодож баруун тохой, шуунд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,
  • Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
  • Хохирогч Д.Ц-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 27-ны орой 22:00 цагийн үед ажил дээрээ байж байтал манай нөхөр Б- ирээд “чи гэртээ ирээч би чамайг сар гуйлаа” гэхэд нь би түүнд “би чамаас айж байна, чи харингуут зоддог биз дээ” гэхэд Б “би танайхаас авах юм байна зөндөө байгаа шүү” гээд зөндөө мөнгө нэхээд яриад байсан. ...Б- намайг амралтын өрөөнд миний гар утсыг авах гэхэд нь өгөхгүй гэхэд хүчээр авах гэж миний үснээс зулгааж чирж, гутлаараа нүүр рүү өшиглөж гарнаас мушгиж татсан. Би ажлынхаа хүнийг нэрээр нь П- гээд хэд хэд дуудсаны дараа П- орж ирээд Б-ийг надаас салгаад П- чи эндээс яваач, ажил төрөл ч хийлгэхгүй юм гэхэд үгэнд нь орохгүй хэрүүл хийгээд сууж сууж байгаад явсан. ...Б-д зодуулснаас болж миний баруун гарын булчин хэсэг нилэнхүйдээ, зүүн мөрний дээд бас хэсэг газар, миний зүүн талын хацар хавдаж хөхөрсөн. ...би цагдаагийн байгууллагад огт хандаж байгаагүй бөгөөд энэ удаад ажлын газар дээр маань ирээд цохиж зодохоор нь аргагүйн эрхэнд цагдаагийн байгууллагад хандсан юм. ...Тухайн гэмтлийг Б- надад учруулсан. Б тухайн үед миний гар утсыг булааж авахдаа гарыг маань мушгиж, базаж цохисон. ...Би гомдолгүй байна. Харин нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16, 18-19 дүгээр хуудас/,
  • Гэрч Д.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би ажил дээрээ ээлжтэй байсан юм. Орой 22 цагийн үед байх манай ажлын газрын Д.Ц- гэх түгээгч ажилтны нөхөр болох Б- гэх залуу ирсэн. ...намайг явж ороход Д.Ц- буйдангийн хажуу талаар газарт хэвтчихсэн, Б-ий гар нь Д.Ц-ы өмдний халаасанд орчихсон, гараа авъя гээд хоорондоо ноцолдсон байдалтай байсан. ...Д.Ц- надад хэлэхдээ Б-тэй ноцолдож байхад миний толгой руу өшиглөчихлөө гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаартай: “1. Д.Ц-ы биед баруун тохой, шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. 3. Д.Ц-ы биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний хувьд тухайн үед эхнэр Д.Ц-тайгаа гар утсыг булаацалдах үедээ гарнаас нь базаж гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэр Д.Ц-тайгаа эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа. ...Шинжээчийн дүгнэлтээр Д.Ц-ы биед тогтоогдсон гэмтлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. ...Эхнэр Д.Ц- намайг Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр явсан байх үед өөрийн гэсэн бүх зүйлээ аваад явчихсан байсан. Үүнээс болж л эхнэр Д.Ц-тай маргалдах болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 42 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Д.Б-ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 43 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Д.Б-, хохирогч Д.Ц- нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 44 дүгээр хуудас/,
  • Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/,
  • Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, шүүгдэгч нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

     Шүүгдэгч Д.Б- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Д.Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Д.Ц-, шүүгдэгч Д.Б- нар 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, “Дахиж архи ууж ажил дээр агсам тавихгүй. Харилцан тохиролцож эвлэрч байна” /хх-ийн 48/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Д.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчоос уучлалт гуйж эвлэрснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа улсын яллагчийн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналын хүрээнд шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Урианхад овогт Доржоогийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

5. Шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.АЗЖАРГАЛ