Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 184

 

           Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Орчуулагч, хэлмэрч Ж.А

Улсын яллагч М.Ф

            Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т

Шүүгдэгч Х.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ф Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913003300237 дугаартай Х.Ж-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1990 оны 01 сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын***дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Ж.ж овогт Х-ийн Ж, регистрийн дугаар БВ****

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Ж нь 2018 оны 06 дугаар 12-ноос 13-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багт оршин суух иргэн А.Ж-ын “Мустанг-150” маркийн мотоциклийг хулгайлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Х.Ж нь 2018 оны 06 дугаар 12-оос 13-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багт оршин суух иргэн А.Ж-ын “Мустанг-150” маркийн мотоциклийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-08 дугаар хуудас/,

- Хохирогч А.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие өөрийн эзэмшлийн мотоциклийг 2018 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө өөрийн хашааны дотроос хулгайд алдсан. Тэгээд маргааш өглөө нь сумын хэсгийн төлөөлөгч Ш.Н-д очиж хэлээд явсан. Тэр өдрөөс хойш эрж хайж байсан боловч уг мотоциклийг олоогүй байсан. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр залгаж дуудахад сумын цагдаагийн хэсгийн хашаанд очсон ба жилийн өмнө алга болсон мотоцикл байсныг харсан. Би хулгайд алдсан мотоциклийг олж авсандаа баяртай байна. Х.Ж 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хулгайлсан мотоциклийг бүрэн бүтэн буцааж өгсөн. Би ямар нэгэн хохиролгүй болсон. Мөн Х.Ж өөрийн үйлдсэн хэргийн талаар маш их гэмшиж байгаагаа илэрхийлж надаас сайн дураараа уучлалт гуйсан ба бид сайн дураараа эвлэрсэн. Бидний хооронд ямар нэгэн маргаан байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/

Шүүгдэгч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би тус өдөр хэдэн найз нарын хамт хэдэн шил пиво уусан байсан. Би уг мотоциклийг хулгайлах үед ухаан санаагаа мэдэж байсан. А.Ж бид хоёр арван жилийн сургуульд нэг ангид сурсан найзууд юм. Бид хоёр сургуульд сурч байх үед А.Ж нь намайг дарамталж, доромжилдог байсан. Тэгээд тус өдөр халамцуу явж байх үед А.Ж-ын хашааны гадна явж байгаад А.Ж-ын мотоциклийг таниад түүний мотоциклийг хулгайлж аваад хэнд ч мэдэгдэхгүй зарах санаатай байсан. Тийм учраас хэнд ч мэдэгдэхгүй гэсэндээ эхлээд хөтөлж гараад тухайн хөрш айлын хүмүүсээс холдож явсны дараа асаагаад унаж явсан. Би уг мотоциклийг авч ирсний дараа уг мотоциклийн хоёр дугуй, бензиний банк, гэрэл дохионуудыг тайлж аваад шуудайнд хийж амбаарын нэг буланд нуусан байсан. Дараа нь цагдаа нар надад мотоциклийг аваад ирвэл чамд хуулийн хөнгөлөлт үзүүлэх болно гэхээр нь би нуусан мотоциклийн хоёр дугуй, бензиний банк, гэрэл дохионуудыг дахин байр байранд нь хийж, хэвийн байдалд оруулсны дараа аваачиж өгсөн. Би уг мотоциклийг задалж аймгийн төвд авч ирж зарах бодолтой байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 50-51 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Х.Ж нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдын эд хөрөнгийг, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэсэн байх тул дээрх иргэнд учирсан үр дагавар бол гэмт хэргийн улмаас учирсан хохирол юм.

Иймд шүүгдэгч Х.Ж-ийн үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу хүний эд хөрөнгийн халдашгүй байх эрхэд халдаж 750,000 төгрөгийн үнэтэй “Мустанг-150” маркийн мотоциклийг хулгайлснаас хохирогч А.Ж-д хохирол учирсан болох нь хохирогчийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/ болон бусад баримтаар нотлогдож байх бөгөөд хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч А.Ж-д учирсан хохирлыг бүрэн төлсөн буюу мотоциклийг биет байдлаар хүлээлгэн өгч хохирогчийг хохиролгүй болгосон болох нь шүүгдэгч болон хохирогч нарын мэдүүлэг, мөрдөгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

 

Хоёр. Шүүгдэгч Х.Ж-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Ж-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч Х.Ж нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо биет байдлаар буцаан төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Х.Ж урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 29 дүгээр хуудас/  тогтоогдож байна.  

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Ж-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цээрлүүлэн, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгэмшүүлэх зорилгоор, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газарт гудамж талбай цэвэрлүүлэх 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Ж-ийн иргэний цахим үнэмлэх, гадаад паспорт зэргийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Ж-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 7, 8, 9 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Ж.ж овогт Х-ийн Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж-ийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Х.Ж-т оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газарт гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Х.Ж-ийн иргэний үнэмлэх, гадаад паспорт зэргийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

8. Шүүгдэгч Х.Ж-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ДОРЖБАЛ