Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 173

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Улсын яллагч Т.Б,

Хохирогч З.Ш,

Хохирогч нарын өмгөөлөгч С.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Т,

Шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ф Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913000570056 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөлсний ажил хийдэг, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Т-ын Г, регистрийн дугаар БЮ…......................

 

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Т.Г нь 5662 БӨА улсын дугаартай “Королла” маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед жолоодож яваад 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шөнийн 00 цаг 20 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах “Хос терек” авто угаалгын газрын баруун талын засмал замаар З.Ш-ын жолоодож явсан 3195 БӨА улсын дугаартай “Аванте” маркийн тээврийн хэрэгслийг хажуу талаас нь мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас З.Ш-ын эрүүл мэндэд хүнд хохирол, Х.А-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, П.А, Ш.И, Д.С нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Т.Г нь 5662 БӨА улсын дугаартай “Королла” маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед жолоодож яваад 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шөнийн 00 цаг 20 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах “Хос терек” авто угаалгын газрын баруун талын засмал замаар  З.Ш-ын жолоодож явсан 3195 БӨА улсын дугаартай “Аванте” маркийн тээврийн хэрэгслийг хажуу талаас нь мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас З.Ш-ын эрүүл мэндэд хүнд хохирол, Х.А-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, П.А, Ш.И, Д.С нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Эрх бүхий албан тушаалтан Б.М-ын 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 7-13 дугаар хуудас/,

2. “Тоёота Королла” маркийн 5662 БӨА улсын дугаартай, “Хюндей Аванте” маркийн 3195 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 22-28 дугаар хуудас/,

3. Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженер, техникийн ухааны магистр, Монгол Улсын мэргэшсэн инженер Е.Ж-ы 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай “Ослын дүгнэлт” /1-р хх-ийн 101-102 дугаар хуудас/,

4. Баян-Өлгий аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад А.М, “Баян-Авто” ХХК-ийн жолооны сургуулийн замын хөдөлгөөний хууль, дүрмийн багш Х.М, “Таннур” ХХК-ийн жолооны сургуулийн замын хөдөлгөөний хууль, дүрмийн багш Ж.Т нарын 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаартай “...Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Т-ын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн гаргасан №01 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй боловч Замын хөдөлгөөний дүрмийн зарим зүйл заалтыг буруу хэрэглэсэн байна.

Иргэн З.Ш нь “Аванте” маркийн 3195 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл, заалтыг зөрчөөгүй байна.

Иргэн Т.Г нь “Королло” маркийн 5662 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргах үед Замын хөдөлгөөний дүрмийн доорх зүйл заалтуудыг тус тус зөрчсөн байна.

  • Иргэн Т.Г нь “Королло” маркийн 5662 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн “а” заасан жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна.
  • Иргэн Т.Г нь “Королло” маркийн 5662 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна.
  • Иргэн Т.Г нь “Королло” маркийн 5662 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна.

            Иргэн З.Ш нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчөөгүй тул тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авах үүрэг хүлээхгүй.

            Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Тилеухабылын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн гаргасан №01 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргахдаа иргэн Т.Г нь “Королло” маркийн 5662 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн талаар шинжээчийн дүгнэлтэд огт тусгаагүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 66-67 дугаар хуудас/,

            5.  Хохирогч З.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өөрийн эзэмшлийн 3195 БӨА улсын дугаартай Аванте маркийн тээврийн хэрэгсэл жолоодож 00 цаг 30 минутын орчим гэр лүүгээ явж байх замдаа “Күнгей” дэлгүүрийн эсрэг талд байрлах Петровис шатахуун түгээх станцаас машиндаа бензин аваад колонкоос хөдөлж уулзварт орж баруун талын эгнээгээр 10 дугаар хороолол руу өгсөж явж байхад турк коллеж талаас маш их хурдтай нэг машин ирж миний машины зүүн тал буюу жолооч талын урд хаалга хэсэг рүү хүчтэй мөргөх дуу чимээ сонсогдсон тэгээд юу болсон талаар би мэдэхгүй. ...Эмч нар сүүж болон аарцагны яс хугарсан талаар хэлсэн. Ямар эд эрхтэн гэмтсэн талаар өвчний түүхэд тусгаж бичсэн байгаа. ...Би энэ хэргээс болж аймгийн нэгдсэн эмнэлэгт 10 хоног эмчилгээ хийлгээд гараад гэртээ хэвтэрт 45 хоног байсан юм. Одоо болтол бие маань сайн болж эдгэрээгүй хүний гарт асаргаанд байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан гэм буруутай этгээдээс хуулийн дагуу арга хэмжээ авч өгөөрэй. Надад учирсан хохирлоос одоо болтол ямар нэгэн хохирол төлж барагдуулсан асуудал байхгүй. Тухайн үед миний унаж явсан тээврийн хэрэгслийг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Миний тээврийн хэрэгслийн үнэ ханшийг тогтооход 5 сая төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон байгаа. ...Одоогийн байдлаар машины үнэ болох 5 сая, тухайн үед эмчилгээ хийлгэсэн эм тарианы үнэ болох 897,944 төгрөг, одоо УБ хот руу явах хоёр хүний онгоцны зардал 568,400 төгрөг нийт 6.466.344 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс ямар нэгэн төлж барагдуулсан мөнгө байхгүй. ...гэм буруутай этгээдээс хуулийн дагуу арга хэмжээ авч, намайг хохиролгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-48-р хуудас/,

6. Хохирогч З.Ш-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Одоогийн байдлаар ямар нэгэн гомдол санал байхгүй. Нийт 15,000,000 төгрөгийн хохирол гарсан ба хохирлын 7,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. 500,000 төгрөгийг миний эвдэрсэн машиныг сэлбэгэнд зарж, 500,000 төгрөгт өөрийн аавын “Excel” маркийн машиныг өгөхөөр болж, үлдсэн 7,000,000 төгрөгийг тохиролцсон ёсоор тодорхой хугацаанд төлж өгөхөөр болсон. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

7. Х.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч болон гэрчээр өгсөн: “ ...2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хадам дүү болох З.Б, Б.М-тэй гэр бүл болж хурим нь Өлгий сумын 11 дүгээр багт байрлах “Мынтилек” нэртэй хуримын ордонд болсон. Тэгээд хурим 00 цагт тарж би хадам дүү З.Ш түүний эхнэр П.А, түүний 6 сартай хүүхэдтэй, хадам дүү болох Д.С нарын хамт хадам дүү З.Ш-ын 3195 БӨА улсын дугаартай “Аванте” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслээр 00 цаг 30 минутын орчим гэр лүүгээ явж байх замдаа “Күнгей” дэлгүүрийн эсрэг талд байрлах “Петровис” шатахуун түгээх станцаас машиндаа бензин аваад колонкоос хөдөлж засмал замын баруун талын эгнээгээр 10 дугаар хороолол руу өгсөж явж байхад маш их хурдтай нэг тээврийн хэрэгсэл ирж З.Ш-ын машиныг зүүн хэсэг рүү мөргөснөөс болж ухаан алдсан байсан. Би тухайн үед машины арын суудалд хадам дүү Д.С-тэй хамт сууж явж байсан. Миний толгой маань хатгаж өвддөг байсан одоо зүгээр болж байгаа. Тухайн үед нуруу маань өвдөж байсан одоо зүгээр болсон. ...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-63, 2-р хх-ийн 54-55 дугаар хуудас/,

8. П.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч болон гэрчээр өгсөн: “ ...нөхөр З.Ш, 6 сартай хүү болон 2 хадам эгчийн хамт нөхрийн эзэмшлийн 3195 БӨА улсын дугаартай “Аванте” маркийн тээврийн хэрэгслээр 00 цаг 30 минутын орчим гэр лүүгээ явж байх замдаа нөхөр маань “Күнгей" дэлгүүрийн эсрэг талд байрлах Петровис шатахуун түгээх станцаас машиндаа бензин аваад колонкоос хөдөлж уулзварт орж баруун талын эгнээгээр 10 дугаар хороолол руу өгсөж явж байхад “Турк” коллеж талаас маш их хурдтай гэрлээ асаасан машин ирж бид нарын машины зүүн тал буюу жолооч талын урд хаалга хэсэг рүү хүчтэй мөргөх дуу чимээ сонсогдсон. Тэгээд юу болсон талаар би мэдэхгүй ухаан алдсан байна. ...эмч нар үзэж зүүн талын 12 дугаар хавирга чинь хугарсан байна гээд наалт нааж өгсөн. ...хоёр хоногийн дараа манай хүүхэд уйлж, өвдөөд байхаар нь хүүгийн хамт аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн.” /1-р хх-ийн 58-59, 2-р хх-ийн хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

9. Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...З.Ш-ын 3195 БӨА улсын дугаартай “Аванте” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслээр 00 цаг 30 минутын орчим гэр лүүгээ явж байх замдаа “Күнгей” дэлгүүрийн эсрэг талд байрлах “Петровис” шатахуун түгээх станцаас З.Ш машиндаа бензин аваад колонкоос хөдөлж засмал замын баруун талын эгнээгээр 10 дугаар хороолол руу өгсөж явж байхад турк коллеж талаас маш их хурдтай нэг тээврийн хэрэгсэл ирж З.Ш-ын машины зүүн талын хаалга хэсэг рүү хүчтэй мөргөх дуу чимээ сонсогдсон юм. ...Ухаан орох үед зүүн хөлийн шуу хэсгээр өвдөж, хавдсан байсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-61-р хуудас/,

10. Гэрч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би 2019 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө 00 цаг өнгөрч байсан юм. Би ажлаасаа тараад гэр лүүгээ явж байх замд Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай “Күнгей”, “Еламан” нэртэй дэлгүүрүүдийн дунд хэсгийн засмал замд авто осол болсон юм. Юу ч гэсэн 10 дугаар хороолол буюу Турк коллеж талаас хурдтай машин ирж байгаа харагдсан. Тэгээд нэг мэдэхэд тас хийсэн дуу чимээ сонсогдоход эргээд харсан тэр үед нөгөө хурдтай ирж байсан машин өөр нэг машины зүүн хажуу талаас мөргөж шидэгдсэн байдалтай байсан. Наад талаас мөргүүлсэн жижиг цагаан машин яг хаанаас гарч тухайн үед гарч ирж байсан гэдгийг анхаарч хараагүй юм. Юу ч гэсэн 10 дугаар хороолол талаас маш их хурдтай машин ирж байхыг хараад замын хажуу талаас гараад алхаж явахад тас хийсэн дуу чимээ сонсогдсон тэгээд эргэж харахад нөгөө хурдтай ирж байсан машин нэг машиныг хажуу талаас мөргөсөн байсан юм. Тэгээд би тэр газарт эргэж очоод харахад цагаан машин дотор нэг жижиг хүүхэд байсныг гаргаж авсан. Дотор нь урд суудалд суусан эмэгтэй жолоочийн толгойг бариад сууж байсан. Хойд суудалд хоёр эмэгтэй ухаан алдсан байдалтай байсан. Тэгээд тэд нар машинаас буух шиг болсон. Удалгүй түргэн тусламжийн машин болон цагдаагийн машин ирсэн юм. ...нөгөө хурдтай ирсэн машины жолооч нь буугаад шууд хашааны хажууд бөөлжиж байсан юм. ...хурдтай ирсэн машины жолооч нь ганцаараа бууж ирээд бөөлжиж байсан огт болсон зүйлийг мэдэхгүй байх шиг байсан. Яагаад гэвэл айж сандарсан зүйл ажиглагдаагүй өөрөө бөөлжиж байсан. Мөргөсөн машинд ч дөхөж ирээгүй дахин машин руугаа явж байсан. Тэгээд би ийм ухаангүй согтуу хүнийг яагаад ганцаараа машин барьж явж байсан юм бол гэж бодсон юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-67-р хуудас/,

11. Гэрч А.Ж-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгж байхад Т.Г машиныг шууд асаагаад яваад өгсөн юм. Би араас нь ганцаараа явган орилж гүйсэн боловч зогсоогүй явчихсан юм. Гүүрний хажууд гүйж ирээд цагаан өнгийн такси бариад гэр лүүгээ явсан байх гээд дөрвөн замын уулзвар гараад хуучин улсын бүртгэлийн гурван замын наад талд очиж байхад эмнэлгийн түргэний машин аваарын гэрлээ асаагаад явж байхаар нь осолд орсон байна гэж мэдээд араас нь очиход “Күнгей” дэлгүүрийн урд засмал замд осолд орсон байсан. ...Миний машин болон мөргүүлсэн гэх нэг машин нэлээд их эвдэрч гэмтэж эд ангиуд нь цацагдаж дотор нь байсан хүмүүсийг эмнэлгийн машинд суулгаж байсан би очиход Т.Г машины жолоодлогод наалдаж сууж байхаар нь татаж гаргаад эмнэлгийн машины хойд талд суулгаад эмнэлэгт авч ирсэн. Т.Г тухайн үед ямар нэгэн мэдрэмжгүй ухаангүй байсан. ...Т.Г нэлээд их согтсон байсан. ...Т.Г машиныг гэнэт асаагаад ганцаараа зугтсан юм. ...Миний найз Т.Г миний машиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож зам тээврийн осол гаргаж бусад хүмүүсийн биед гэмтэл учруулсан байгаа. Тэр хүмүүсийн хохирлыг төлж барагдуулах байх. Миний машиныг энэ асуудал дууссаны дараа засаж өгөх байх. Надад Т.Г-тай холбоотой ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болно. Боломж гарвал өөрөө засаж өгөх байх. Энэ асуудал нь шийдэгдээд миний машиныг журмын хашаанаас гарсны дараа өөрөө ч гэсэн засаж авах болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51-р хуудас/,

12. Гэрч Х.Т, Б.Д, А.Е нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрийн хажуугийн “Наран шарлаг” гэх нэртэй газарт ирж пивонуудаа уусны дараа би “Наран шарлаг” гэх нэртэй дэлгүүрийн хажуугийн жижиг дэлгүүрээс 2,5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво 1 ширхэг аваад авч ирсэн пиво ууж дуусах үед Б.Д, А.Е, А.Ж бид 4 машинаас бууж тамхи татаад зогсож байх үед Т.Г машиныг асааж явсан бөгөөд бид нар араас нь дуудсан боловч биднийг сонсолгүй яваад өгсөн. Бид 4 үлдэж гэр гэр лүүгээ явсан. Харин А.Ж машиныхаа араас гүйгээд явчихсан.” гэх мэдүүлгүүд /1-р хх-ийн 52-57 дугаар хуудас/,

13. Гэрч Е.М-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шөнө 00 цаг болж байсан байх манай 1 дүгээр багт байрлах гудамж руу орох гэж байхад нэг хүн ганцаараа гараа өргөхөд нь зогссон юм. Тэр үед А.Ж миний машинд суугаад “Чамтай сая миний королла машин зөрж өнгөрсөн үү” гэж асуусан. Би таны машиныг танхигүй сая хэсэг хугацааны өмнө нэг их хурдтай королла машин зөрж өнгөрсөн гэж хэлсэн юм. Тэр үед нөгөө залуу хоёулаа араас нь явъя гэсэн. Бид хоёр тэгээд хуучин улсын бүртгэлийн гурван замын уулзварт дөхөж очиход эмнэлгийн түргэн тусламжийн машин 10 дугаар хороо руу өгсөж явсан энэ машины араас дагаж яваарай гэсэн. Тэгээд араас нь очиход цагдаа нар очсон байсан. Би наад талд зогссон. Нөгөө залуу миний машин энд осолд орсон байна, дараа нь чамд таксины мөнгө өгье гээд буугаад явчихсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-65 дугаар хуудас/

14. Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие хэрэг учрал болсон газарт очиж хэргийн газрын үзлэг хийж 2019-01-28-ны өдөр эрх бүхий албан тушаалтны магадалгаа гаргасан. Уг магадалгааг тухайн үеийн нөхцөл байдал, хэргийн газрын үзлэгийг үндэслэн жолооч 3.Ш нь гарцаар замд нийлэхдээ уг зам дагуу яваа оролцогчдод зам тавьж өгөөгүй гэж үзэж замын хөдөлгөөний дүрмийн 10-3-д заасныг зөрчсөн гэж магадалгаанд тусгасан. Миний дээрх магадалгаа нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах үед цугларсан нотлох баримтыг үндэслэн гаргасан зам тээврийн ослын шинжээчийн дүгнэлттэй зөрүүтэй байж болно. Яагаад гэвэл тухайн үед жолооч 3.Ш нь өөрийн явах эгнээнд байраа эзэлсэн байж болзошгүй, учир нь анх мөргөлдсөн гэх газар нь буюу А цэг нь мөргөсөн тээврийн хэрэгслийн эсрэг урсгалд буюу жолооч З.Ш-ын явах замын эгнээнд байсан. ... “Күнгей”, “Еламан” дэлгүүрүүдийн камерын бичлэг нь зөвхөн үүдний хэсгээ харуулж байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 59 дүгээр хуудас/,

15. Гэрч Х.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг тээврийн хэрэгслийн жолооч З.Ш нь гарцаар гарч гол замд нийлэхдээ зам дагуу яваа оролцогчдод зам тавьж өгөөгүй гэж замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д заасныг зөрчсөн гэж дүгнэлтэд тусгасан юм. Миний дээрх гаргасан дүгнэлт нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах үед цугларсан нотлох баримтыг үндэслэж гаргасан бүрэлдэхүүнтэй зам тээврийн ослын шинжээчийн дүгнэлттэй зөрүүтэй байж болно. Яагаад зөрүүтэй гэвэл тухайн үед жолооч З.Ш нь өөрийн явах эгнээнд байраа эзэлсэн байж болзошгүй үндэслэл байгаа. Учир нь гэвэл ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд анх мөргөлдсөн гэх газар нь буюу “А” цэг нь мөргөсөн тээврийн хэрэгсэл нь эсрэг урсгалд буюу жолооч З.Ш явах замын эгнээнд орж ирж мөргөсөн байсан юм.” гэх мэдүүлэг /2-х хх-ийн 57 дугаар хуудас/,

16. Шүүгдэгч Т.Г-гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Надад ярих зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарын үлдсэн хохирлыг заавал төлж өгөх болно. Би өөрөө өдөр, шөнөгүй ажил хийж байгаа. Цаашдаа архи уухгүй явж чадна. Мөн цаашдаа сайхан амьдрах болно. Уучлалт хүсэж байна. ...Хохирогч З.Ш цаашид эмчлүүлсэн тохиолдолд эмчилгээнд гарах зардлыг нь төлж өгөх болно.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч Т.Г нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул үнэн зөв, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Б-ээс шүүгдэгч Т.Г-гийн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Зам тээврийн осол гарсны дараа буюу 2019 оны 01 сарын 27-ны өдрийн 02 цаг 15 минутад шүүгдэгч Т.Г-гийн согтуурлын хэмжээг драйгер үлээлгэн шалгахад 1.27 промилль заасан гэх “Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл” /1-р хх-ийн 16 дугаар хуудас/ болон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б-ы 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 18 дугаартай “...Иргэн Т.Г-гийн биенээс авсан гэх Т.Г гэж хаягласан 2 ширхэг хуруу шилтэй цус нь шинжилгээнд бүрэн тэнцэнэ. Иргэн Т.Г-гийн цусанд 1,8% промилль этилийн спирт илэрч байна. Иргэн Т.Г нь тухайн үед дунд зэргийн согтолттой байсан байна.” /1-р хх-ийн 92 дугаар хуудас/ гэх шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч Т.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч З.Ш-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 77 дугаартай: “...Иргэн З.Ш-ийн биед тархины доргилт, тархины битүү гэмтэл, умдаг ясны баруун дээд доод талын салааны уулзвар бутарч хугарсан, баруун талын суудал ясны хөндлөн хугаралттай, зүүн талын умдаг ясанд бага зэргийн зөрөөтэй ташуу хугаралттай, сүүж ясны баруун талын тогооны ясны зөрсөн хугаралттай, зүүн талын сүүж ясны тэр хэсгээр бүрэн бус хугаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу зүйлээр үүссэн, шинэ гэмтэл байна. Бүх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад удаан нөлөөлөх болно. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2 заалтыг агуулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 69 дүгээр хуудас/-ээр тогтоогдсон.   

Иймд шүүхээс шүүгдэгч Т.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”,  510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч З.Ш нь өөрийн болон хүү Ш.И /шинжээчийн дүгнэлтээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан/ нарын эрүүл мэндэд учирсан хохирол, “Аванте” маркийн тээврийн хэрэгслийн үнэ зэрэг нийт 14,883,669 /арван дөрвөн сая найман зуун наян гурван мянга зургаан зуун жаран ес/ төгрөгийн хохирлыг баримтаар нэхэмжилснээс /1-х хх-ийн 229-232, 2-р хх-ийн 167-215 дугаар хуудас/ шүүгдэгч Т.Г хохирогч З.Ш-д 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг өгөхөөр харицлан тохиролцож 8,000,000 төгрөгийн хохирлыг барагдуулж үлдсэн 7,000,000 /долоон сая/ төгрөгийн хохирлыг тодорхой хугацаанд бүрэн төлж барагдуулахаар болсон байна. Энэ нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Т.Г болон хохирогч З.Ш нарын мэдүүлэг болон мөн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 4 хуудас баримт зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Т.Г-гаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол 7,000,000 /долоон сая/ төгрөгийг гаргуулж хохирогч З.Ш-ад олгуулж, хохирогч нь цаашид эмчлүүлсэн тохиолдолд уг хохирол төлбөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Хэрэгт авагдсан техникийн шинжээч Е.Ж-ы 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай Ослын дүгнэлтээр “...Уг тээврийн хэрэгслийн арал гажиж хэв алдсан цаашид ашиглах боломжгүй.” гэсэн бөгөөд хохирогч З.Ш нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тээврийн хэрэгслийн үнийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийн дагуу уг “Аванте” маркийн тээврийн хэрэгслийн үнийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Мөн уг гэмт хэргийн улмаас П.А, Д.С нарын эрүүл мэндэд хөнгөн, Х.А-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтүүдээр /1-р хх-ийн 73, 81, 2-р хх-ийн 71-72, 81-82, 86-87 дугаар хуудас/ тогтоогдсон бөгөөд хохирогч П.А, Д.С, Х.А нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул дээрх хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй гэж үзсэн.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Т.Г-д 5662 БӨА улсын дугаартай “Тоёота Королла” маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч А.Ж нь өөрийн тээврийн хэрэгслээ жолоодохыг зөвшөөрч шилжүүлж өгөөгүй болох нь гэрч Х.Т, Б.Д, А.Е нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрийн хажуугийн “Наран шарлаг” гэх нэртэй газарт ирж пивонуудаа уусны дараа би “Наран шарлаг” гэх нэртэй дэлгүүрийн хажуугийн жижиг дэлгүүрээс 2,5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво 1 ширхэг аваад авч ирсэн пиво ууж дуусах үед Б.Д, А.Е, А.Ж бид 4 машинаас бууж тамхи татаад зогсож байх үед Т.Г машиныг асааж явсан бөгөөд бид нар араас нь дуудсан боловч биднийг сонсолгүй яваад өгсөн. Бид 4 үлдэж гэр гэр лүүгээ явсан. Харин А.Ж машиныхаа араас гүйгээд явчихсан.” гэх мэдүүлгүүд /1-р хх-ийн 52-57 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна.

Уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг өмчлөгч А.Ж нь нэхэмжлээгүй бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагаанд “...Надад Т.Г-тай холбоотой ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болно. Боломж гарвал өөрөө засаж өгөх байх. Энэ асуудал нь шийдэгдээд миний машиныг журмын хашаанаас гарсны дараа өөрөө ч гэсэн засаж авах болно.” гэж мэдүүлснийг /хх-ийн 49-51-р хуудас/ тэмдэглэж байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 8,000,000 /найман сая/ төгрөг нөхөн төлсөн. Үлдсэн 7,000,000 /долоон сая/ төгрөгийн хохирол болон З.Ш-ыг цаашид эмчлүүлсэн тохиолдолд уг эмчилгээнд гарсан зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Т.Г урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /1-р хх-ийн 137 дугаар хуудас/ тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Т.Г нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нь санаатай үйлдэл хэдий ч урьдаас төлөвлөж хохирогч З.Ш-ын тээврийн хэрэгслийг мөргөж хүний эрүүл мэндэд хохирол учруулах санаа зорилго байхгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулсан.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Т-ы гаргасан “Шүүгдэгч Т.Г-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэр бүлийн байдал, мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээр өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнцэж өгнө үү” гэсэн санал гаргасныг шүүхээс хүлээн авах боломжтой гэж үзлээ.

            Иймд шүүгдэгч Т.Г-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлсөн, үлдсэн хохирол болон хохирогч З.Ш-ыг цаашид эмчлүүлсэн тохиолдолд гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан. Шүүгдэгч Т.Г-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэгт “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж заасан тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан нэг жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

     Шүүгдэгч Т.Г нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч Т.Г-г тэнссэн нэг жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Шүүгдэгч Т.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан 4 хуудас баримт, хэрэгт хавсарган ирүүлсэн СД диск нэг ширхэг зэргийг хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Хэрэгт хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Т.Г-гийн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт байдаг 500 метр квадрат газар, шүүгдэгчийн аав Х.Т-ын эзэмшийн “Ехсел” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хохирол нөхөн төлөгдөх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Т.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар ирүүлсэн 5662 БӨА улсын дугаартай “Тоёота Королла” маркийн 01465463 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч А.Ж-д хүлээлгэн өгч, шүүгдэгч Т.Г-гийн Е 1022652 жолоочийн гадаад паспорт, В 01367742 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

  

  1. Шүүгдэгч Ж овогт Т-ын Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Г-д мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2.1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.
  5.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Т.Г-г тэнссэн нэг жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9-д тус тус зааснаар шүүгдэгч Т.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.А-, Д.С-, Х.А нарт төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн СД диск нэг ширхэг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан 4 хуудас баримтыг хэрэгт хадгалсугай.  
  7. Ирэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Т.Г нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч З.Ш-ад 8,000,000 /найман сая/ төгрөг төлснийг дурдаж, түүнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 7,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Ш-д олгуулж, хохирогч З.Ш нь цаашид эмчлүүлсэн тохиолдолд уг хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Т.Г-гийн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт байдаг 500 метр квадрат газар, шүүгдэгчийн аав Х.Т-ын эзэмшийн “Ехсел” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хохирол нөхөн төлөгдөх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар ирүүлсэн 5662 БӨА улсын дугаартай “Тоёота Королла” маркийн 01465463 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч А.Ж-д хүлээлгэн өгч, шүүгдэгч Т.Г-гийн Е 1022652 жолоочийн гадаад паспорт, В 01367742 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ДОРЖБАЛ