Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 175

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ф,

Шүүгдэгч Ш.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ф Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913000000232 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо Баян-Өлгий аймгийн ХААН банкны засварын ажлыг хийж байгаа, ам бүл 5, аав, ээж, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суудаг, урьд нэг удаа ял шийтгүүлж байсан, Ж.е овогт Ш-гийн Е, регистрийн дугаар:Б3........................

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Е нь 2019 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 02 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байдаг гэрийнхээ гадаа согтуугаар машины хөгжим чанга дуугаар тавьсан гэх үл ойлголцох асуудлаас улбаалан иргэн С.Б-ийн баруун талын нүд рүү гараараа нэг удаа цохисон ба зүүн нүд рүү нь нэг удаа өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:        

Нэг: Шүүгдэгч Ш.Е нь 2019 оны 2019 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 02 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байдаг гэрийнхээ гадаа согтуугаар машины хөгжим чанга дуугаар тавьсан гэх үл ойлголцох асуудлаас улбаалан иргэн С.Б-ийн баруун талын нүд рүү гараараа нэг удаа цохисон ба зүүн нүд рүү нь нэг удаа өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

- Шүүх шинжилгээний албаны шинжээч Е.Б-ы 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 461 дугаартай “...Иргэн С.Б-ийн баруун зүүн талын нүдний дээд доод зовхины хэсэгт хөх ягаан өнгийн, баруун талын нүдний алимны салстад улаан ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна, бусдад зодуулснаас үүсэх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 22-р хуудас/  хохирогч С.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна.

           

            Хохирогч С.Б-ийн эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч Ш.Е учруулсан болох нь:

            - Хохирогч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...02 цагийн үед гадаа чанга хөгжмийн дуу гарч байсан ба цонхноос харахад улаан өнгийн приус машин байсан. Машиныхаа хөгжмөө багасгаач гэж хэлэхэд сонсолгүй граж руу явчихсан тул жолоочид очиж одоо яаж байгаа юм бэ гэж хэлэхэд надад чи хэн юм бэ гэж хэлээд миний зүүн нүд рүү нэг цохисон. Тэр үед би тэрнийг заамдаж авч газар унаж тэр миний дээр гарч ноцолдож байхад би газар унасан. Би тэр залуугийн цамцны захнаас барьчихсан уг залуу намайг харилцан заамдаж авахад тэр залуугийн аав, ээж ирж салгаж авч миний дүү чи хурдан зугтаачих гэхээр нь би босох гэтэл миний зүүн талын нүд рүү хөлөөрөө өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

            - Шүүгдэгч Ш.Е-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр миний хүү Н-ий төрсөн өдөр болж би хамт ажилладаг хүмүүстэйгээ шар айраг уусан байсан. Шөнө 02 цагийн үед би машин дотроос юмнуудаа аваад гэртээ орох гэж байтал нэг эрэгтэй хүн ирээд намайг барьж авахад та хэн бэ гэхэд чи шөнө оройн цагаар яагаад хөгжим чанга дуугаргаад байна гэхэд би түүнд чамд ямар хамаатай юм бэ, миний юу хийх гэхэд шууд намайг заамдаж барьж авахад би нүүр рүү нь нэг цохисон. Тэгээд хоёулаа заамдалцаж аваад хэрэлдэж байтал манай аав, ээж хоёр гарч ирээд намайг гэр рүү дагуулаад орсон. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Миний буруу. Хохирогч С.Б-т учруулсан хохирлыг төлж барагдуулж уучлалт гуйсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.Е-ийн дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.Е бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. 

            Иймд шүүгдэгч Ш.Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч С.Б нь “Ш.Е-тэй сайн дурын үндсэн дээр эвлэрч, хохирол болох 138,000 төгрөгийг барагдуулж авсан. Одоо ямар нэгэн гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгч Ш.Е-ийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

      Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ш.Е нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Е-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ш.Е урьд нь Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д тус тус зааснаар 3 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж байсан байсан болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 32 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 34-36 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч Ш.Е-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

            Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ш.Е цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд шилжин ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Шүүгдэгч Ш.Е-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 7, 8, 9 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

 

  1. Шүүгдэгч Ж.е овогт Ш-гийн Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Е-ийг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Е-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Е нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч Ш.Е нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Ш.Е-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ДОРЖБАЛ