| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2019/0174/Э |
| Дугаар | 179 |
| Огноо | 2019-11-29 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Т.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 179
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Б,
шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.С-д холбогдох 1913003520246 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1986 оны 06 сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Т овогт А-ы С, регистрийн дугаар: БА..............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/.
Шүүгдэгч А.С нь 2019 оны 09 дүгээр сарын 15-аас 25-ны өдрүүдэд Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалтай Ёлтын сав газраас хууль бусаар байгалийн нэн ховор ургамал болох сармисан сонгиныг /Далиу сонгино-Allium obliguum/ түүсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С мэдүүлэхдээ: “Би Ёлтод амралтаараа түлээний мод бэлдэхээр очсон. Харих замдаа сонгино байх гэж жаахныг түүсэн. Гэрт ирсний дараа сумын цагдаа залгаад чамд сармис байгаа юм байна. Аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд уг саримсыг сумын цагдаад хүргэж өгсөн. Миний зургийг аваад аймгийн төв рүү явуулсан...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэв.
Эрүүгийн 1913003520246 дугаартай хэргээс:
Мөрдөн шалган ажиллагаанд иргэний нэхэмжлэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг: /хх-ийн 7-8 дугаар хуудас/
3. Эд зүйл хураан авсан тэмдэглэл: /хх 11-12 дугаар хуудас/,
4. Саримсан сонгинод үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг: /хх 13-14 дүгээр хуудас/,
5. Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Ж-ы дүгнэлтэд: /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Дүгнэлт болгох нь:
1. “Байгалийн ургамлын тухай Монгол улсын хуулийн хавсралт нэн ховор ургамлын жагсаалт” бүртгэгдсэн Далиу сонгино /Allium obliguum/ ургамал юм.
2. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалын хавсралтаар экологи эдийн засгийн үнэлгээг/кг/-аар байна.
3. Үр нь бүрэн болж иш нь шаргалжсан үед түүж бэлтгэсэн байна.
4. 21000 төгрөг х 5=105000 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээтэй байна.
5. Монгол Улсын Их Хурлын 1996 оны 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газарт хамрагддаг юм.
6. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос байгалийн нэн ховор ургамал түүх бэлтгэх зөвшөөрөлгүй юм” дүгнэлт гаргасан М.Жухан” гэх дүгнэлт,
7. Иргэний нэхэмжлэгч Ү.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,
“...Алтай сумын 4 дүгээр багийн иргэн А.С нь 2019 оны 09 дүгээр сарын 15-наас 27-ны өдрүүдэд Улсын тусгай хамгаалалттай Ёлтын сав газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүй байгалийн нэн ховор ургамал болох сармисан сонгино түүсэн гэх хэрэгт шинжээчээр оролцсон Монгол Алтайн Нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны албан даргын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/19 дугаартай тушаалын дагуу шинжээчээр томилогдож дүгнэлт гаргасан байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Ж-ы шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Уг дүгнэлтэнд дурдсанаар нийт 21000 /хорин нэг мянган төгрөгийн бодит хохирол учирсан байна. Шинжээчийн дүгнэлттэй маргалдах зүйл байхгүй. Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.3 дахь хэсэгт учруулсан хохирлыг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэх ёстой, ингэхлээр 105.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирлын мөнгийг төрийн санд хийлгэж бүрэн барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй.” гэх мэдүүлэг,
8. Шүүгдэгч А.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
“...Миний бие жил болгон 09 дүгээр сарын үеэр Алтай сумын "Ёлт сав" улсын тусгай хамгаалалттай газар нутгаас түлээний мод авдаг. Уг түлээний мод авах үед Хилийн заставаас хилийн зурвас нэвтрэх зөвшөөрөл авч, уг зөвшөөрлийг үндэслэн тухайн орон нутгийн байгаль хамгаалагч ажилтай Ү.Б-ээс модны гарал үүслийн гэрчилгээ бичүүлж авч “Ёлт" руу явдаг юм. Тэр үед 2019 оны 09 дүгээр сарын 15-25-ны өдрийг хүртэл 10 хоногийн турш мод бэлтгэж явах хугацаанд Ёлтын сав газарт ургадаг байгалийн зэрлэг "Сармис" сонгино түүсэн нь үнэн. Уг сармисан сонгиныг эрүүл мэндэд сайн, эмчилгээний журмаар хэрэглэх гэж нийт 70, 80 ширхэг "Сармис" нь сонгино түүж, Улсын тусгай хамгаалалттай газар ёлтоос Алтай сум руу гэрт авч ирсэн. Тэр үед цагдаагийн байгууллагад мэдээлэл ирж цагдаад баригдаж, түүж авч ирсэн сармисан сонгиноо Цагдаагийн хэсэгт хураалгасан юм. Түүсэн сармисан сонгинод үзлэг хийж тоолоход нийт 74 ширхэг байсныг миний бие өөрийн биеэр хураалгасан болно. Би уг Сармисан сонгиныг ганцаараа түүсэн ба өөр хүн байгаагүй. Иймд Улсын тусгай хамгаалалттай газар нутаг "ёлтын сав" газраас байгалийн нэн ховор ургамал болох сармисан сонгино түүсэнд маш их гэмшиж, буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
8. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:
- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01/1039 дугаартай “А.С /БА................/-ын нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд Алтай сумын 4-р багт байршилтай, 2740 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-0201000221 тоот улсын бүртгэлийн дугаартай газар бүртгэгдсэн байна” гэх албан бичиг /хх-ийн 44/,
- 2012оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БА.............., овог:Ш.т, эцэг /эх/-ийн нэр:А, нэр:С, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1986/06/25, төрсөн газар:Баян-Өлгий, Алтай, хаяг:Баян-Өлгий, Алтай, 4-р баг, Чихэртэй, улсын бүртгэлийн дугаар:830436171216, хүчинтэй хугацаа:2031/06/25, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45-46/,
- Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 194 дугаартай “Тус сумын 4-р багийн иргэн А овогтой С нь ам бүл 3, урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд нэн ядуу өрх болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-ийн 47/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, холбогдох байгууллагаас хяналтаа сул тавьсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч А.С нь 2019 оны 09 дүгээр сарын 15-аас 25-ны өдрүүдэд Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалтай Ёлтын сав газраас хууль бусаар байгалийн нэн ховор ургамал болох сармисан сонгиныг /Далиу сонгино-Allium obliguum/ түүсэн болох нь: хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7-8 дугаар хуудас/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 11-12 дугаар хуудас/, саримсан сонгинод үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг /хх 13-14 дүгээр хуудас/, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Ж-ы дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Ү.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн /хх-ийн 17-19 дүгээр хуудас/ мэдүүлэг, шүүгдэгч А.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн /хх-ийн 20-21 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Сармисан сонгиныг /Далиу сонгино-Allium obliguum/ нь улаан номонд орсон нэн ховор ургамалд бүртгэгдсэн байна. /хх-ийн 33/.
Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалтай Ёлтын сав газар нь улсын тусгай хамгаалалтай газарт ордог болох нь Монгол Улсын их хурлын 1996 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай тогтоолоор /хх-ийн 31-32/ тогтоогдож байна.
Шүүгдэгч А.С-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Нэн ховор ургамал түүсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаартай тушаалын хавсралтын 7-д зааснаар Сармисан сонгины /Далиу сонгино-Allium obliguum/ үнэлгээг 21.000 төгрөгөөр тогтоосон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5дахин өсгөж тооцохоор заасны дагуу шүүгдэгч А.С-оос Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны 100020013005 тоот дансанд нийт 105.000 төгрөгийг хохирлын төлбөрт төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч А.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзлээ.
Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн учруулсан аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй байгаа, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулсан зэргийг болон шүүх хуралдаанд талуудын гаргасан саналууд зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД бичлэг 1 ширхгийг хэргийн хамт хадгалж, 74 ширхэг сармисан сонгиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.С-оос гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Т овогт А-ы С-ыг “Ховор ургамал түүсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч А.С-ыг тэнссэн 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч А.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус зааснаар зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан СД бичлэг 1 ширхгийг хэргийн хамт хадгалж, 74 ширхэг сармисан сонгиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК