| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2019/0178/Э |
| Дугаар | 182 |
| Огноо | 2019-11-29 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 182
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Улсын яллагч Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Т,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913003090219 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 10 сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, орос, англи хэлний багш мэргэжилтэй, хувиараа жуулчдад орчуулагчийн ажил хийдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Б-гийн Б, регистрийн дугаар БЮ89102211.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн 70-33 БӨТ улсын дугаартай “Тоёото Веросса” маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож яваад Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байрлах “Төв халуун” усны хажуу талын баруун 4 замын уулзварын гэрлэн дохиог мөргөсний улмаас тээврийн хэрэгсэл дотор сууж явсан зорчигч С.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн 70-33 БӨТ улсын дугаартай “Тоёото Веросса” маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож яваад Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байрлах “Төв халуун” усны хажуу талын баруун 4 замын уулзварын гэрлэн дохиог мөргөсний улмаас тээврийн хэрэгсэл дотор сууж явсан зорчигч С.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
1. Шүүгдэгч Б.Б-ы өгсөн: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Согтууруулах ундаа уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсондоо харамсаж байна. Хохирогч С.Д-ийн эрүүл мэндэд учруулсан хохиролд 1,000,000 /нэг сая/ төгрөг төлсөн. Үлдсэн хохирлыг нь боломжтой болсон үедээ төлж өгөхөөр хохирогчтой тохирсон байгаа. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нь төлж өгөхөө илэрхийлж байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Мөрдөн байцаалтад:
1. Хохирогч С.Д-ийн өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 23 цаг болж байхад “Акеса” худалдааны төвийн эсрэг талд байрлах “Наз” PC тоглоомын газарт найзуудын хамт тоглохоор очиход тэнд М.Н, О, М, А, Б.Б нар байсан. Ингээд бид нар тоглож сууж байгаад ойролцоогоор нэг цагийн үед гараад А-ын гэрт нь очиж шөнийн 02 цаг хүртэл суугаад 1 шил 0.75 граммын “Соёрхол” нэртэй архи хувааж уугаад хэсэг ярилцаж байгаад архи дуусахаар нь гарсан. Харин Б.Б нь гэрээсээ очиж машинаа авна гэхээр нь бид хоёр тэдний гэр лүү очиж түүний 70-33 БӨТ “Тоёото веросса” маркийн машиныг Б.Б өөрөө унаж гараад Өлгий сумын 9-р багт байрлах нэрийг нь сайн санахгүй байна дэлгүүрээс 1 шил 0.75 “Соёрхол” архи авч М.Н, О нарыг дуудаж манай гэрийн ойролцоо очиж Б.Б-ы машин дотор хувааж ууж байхад О нь явахаар болж түүнийг гүүрийн хажууд очиж буулгаад буцаж намайг хүргэхээр явж байх замдаа баруун 4-н зам буюу Сансар дэлгүүрийн хажуу талын уулзвараас зүүн тийшээ эргэх үед Төв халуун ус талын гэрлэн дохиог очиж мөргөөд явган зорчигчийн зам руу гарч хашаа мөргөж зогссон. Б.Б нэлээн хурдтай явж байсан. Чухам хэдэн км-ийн хурдтай явж байсныг нь мэдээгүй. Учир нь Б.Б О-ийг хүргэж өгөөд буцаж явж байх замдаа хурдтай явсан. Тухайн үед дотор нь сууж явсан М.Н бид хоёр хурдаа багасгаж яваарай гэж хэлсэн. Надад нийт 2.215.700 төгрөгийн хохирол учирсан. Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэсэн. Үүнд: 1. Би онгоцоор Өлгийгээс Улаанбаатар хотод очиход 409.400 төгрөг, Улаанбаатараас Өлгийд ирэхэд 269.000 төгрөг, тухайн үед надтай хамт эхнэр болох Н нь хамт явсан ба үүний онгоцны зардал 269.000 төгрөг болно. Учир нь би өөрөө ганцаараа явах боломжгүй зүүн талын гарын бугалгын яс орчмоор 6 газар бутарч хугарсан, ямар нэгэн зүйл өргөх боломжгүй байсан. Мөн Гэмтэл согог Үндэсний төвийн гар сарвуу мэс заслын тасагт 7 хоног эмчлүүлсэн бөгөөд ор хоногийн мөнгө 76.194 төгрөг, хагалгаа хийлгэхэд 97.500 төгрөг, эм тариа авахад 265.900 төгрөг, Улаанбаатар хотод таксигаар явахад 120.000 төгрөг, хоолны зардал 200.000 төгрөг, эхнэр маань Улаанбаатараас Өлгийд хувийн унаагаар ирэхэд зардал болон замын хоолтой нийлээд 110.000 төгрөг, эмнэлгээс гараад 4 хоног буудалд байрласан ба нийт 160.000 төгрөг, мөн би 10 хоног акттай байсан ба 10 хоногийн цалин 127.000 төгрөг юм. Ингээд нийт 2.215.700 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс Б.Б нь 1.000.000 төгрөгийг барагдуулж өгсөн. Одоо үлдсэн 1.215.700 төгрөгийг нэхэмжилж байна. Миний бие 3 сарын дараа дахиж эмнэлэг үзүүлэх ёстой. Тухайн үед авахуулсан рентген зургийн өөрчлөлтөөс хамаарч дахин эмчилгээ хийлгэвэл учирсан хохирлыг тухай бүрт иргэний журмаар тусдаа нэхэмжлэх болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 дугаар хуудас/,
2. Гэрч М.Н-ын өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 20 цаг болж байхад найзууд болох Б.Б, О, С.Д, М, А нарын хамт “Акеса” худалдааны төвийн эсрэг талд байрлах “Наз” РС тоглоомын газарт тоглож сууж байгаад ойролцоогоор 23 цаг өнгөрч байхад тэндээс гараад бид зургуулаа А-ын гэрт нь очиж 1 шил 0.75 литр Соёрхол нэртэй архи хувааж уугаад хоол унд идэж хэсэг ярилцаж сууж байгаад шөнийн 02 цаг 20 минут болж байхад тэндээс гарсан. Ингээд А гэртээ үлдсэн ба О бид хоёр миний машинаар гүүрийн хажууд байрлах О-ийн танил айлаас очиж түлхүүр авах гэсэн боловч эзгүй байсан учраас өөр нэг айлаас О-ийн гэрийн түлхүүрийг авахаар Ерөнхий боловсролын 5-р сургуулийн хажууд явж байхад Б.Б нь өөрийнхөө машиныг жолоодож хажуудаа С.Д-ийн хамт тааралдсан. Ингээд бид дөрөв аймгийн шүүхийн хажууд байрлах байрны гадна ирж зогсоод Б.Б-ы машинд байсан 1 шил 0.75 Соёрхол нэртэй архийг Б.Б-ы машин дотор хувааж уугаад сууж байхад О гэр лүүгээ явахаар болсон. Тэгээд Б.Б-ы машинаар бид дөрөв хөдөлж, гүүрийн хажууд очиж О-ийг хүргэж өгөөд буцаад Б.Б, С.Д бид гурав явж байх замдаа баруун дөрвөн зам буюу Сансар дэлгүүрийн хажуу талын уулзвараас зүүн тийшээ эргэх үед төв халуун ус талын гэрлэн дохиог мөргөөд явган зорчигчийн зам руу гарч зогссон. ...Үзэгдэх орчин чөлөөтэй харагдаж байсан. Уг машин нь Б.Б-ы машин байсан ба өөрөө жолоодож явж байсан. Б.Б нь нэлээн халамцуу байсан ба С.Д бид хоёр бага зэрэг халамцуу байсан. С.Д урд талын суудалд би хойд талын суудалд тус тус сууж явсан. 80 км-ийн хурдтай явж байсан. Нэлээн хурдтай явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
3. Хохирогч С.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 376 дугаартай “...Иргэн С.Д-ийн зүүн талын атгаал яс бяцарч олон хэсэг болж хэлтэрхий үүссэн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Иргэн С.Д-ийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөхөд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан /удаан/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” /гэх шинжээчийн дүгнэлт хх-ийн 31 дүгээр хуудас/,
4. Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Тилеухабылын 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №20 дугаартай “...Жолооч Б.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д зааснаар тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад олдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн ба жолооч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.
-Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.
МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д зааснаар харанхуй үед үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээв хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.
МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг ага нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.
МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-б-д хамгаалах бүсээр тоноглог- автомашин жолоодохдоо хамгаалах бүс-хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн ба жолооч Б.Б нь хамгаалах бүс тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх гэсэн тус заалтыг зөрчсөн байна.
Осол гарах болсон шалтгаан нь жолооч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, зогсоох арга хэмжээ аваагүй, хурдыг тохируулж яваагүйн улмаас зам тээврийн осол болох гол шалтгаан болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас,
5. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-8 дүгээр хуудас/,
6. 3ам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-11 дүгээр хуудас/,
7. Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн шинжээч Ш.Маратын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №6 дугаартай дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
8. Шүүгдэгч Б.Б-ы өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн үед найзуудын хамт “Акеса” худалдааны төвийн эсрэг талд байрлах “Наз” РС тоглоомын газарт тоглож сууж байгаад цагаа сайн мэдэхгүй байна ойролцоогоор 23 цагийн үед тэндээс гараад бид хэд А-ын гэрт нь очиж шөнийн 02 цаг хүртэл суугаад 1 шил 0.75 Соёрхол нэртэй архи хувааж уугаад хэсэг ярилцаж байгаад архи дуусахаар нь тэндээс гарсан. Тухайн үед А гэртээ үлдэж М.Н, О хоёр өөр тийшээ явсан. Харин С.Д бид хоёр манай гэр лүү явж хашаанд байсан миний 70-33 БӨТ “Тоёото веросса” маркийн машиныг би өөрөө унаж гараад 1 шил 0.75 Соёрхол архи авч С.Д-ийн гэрийн ойролцоо очиж найз М.Н, О нарыг дуудаж ирэхээр нь миний машин дотор нэг тойруулж ууж байхад О нь явахаар болсон. Тэгээд түүнийг гүүрийн хажууд очиж буулгаад. С.Д-ийг хүргэхээр явж байх замдаа баруун дөрвөн зам буюу Сансар дэлгүүрийн хажуу талын уулзвараас зүүн тийшээ эргэх үед төв халуун ус талын гэрлэн дохиог очиж мөргөөд явган зорчигчийн зам руу гарч зогссон. Тухайн үед миний машин дотор С.Д, М.Н нар байсан юм. Ингээд түргэний 103-д дуудлага өгч эмнэлэгт хүргэгдэж очсон. Би халамцуу согтуу байсан. Гэвч ухаанаа мэдэж байсан бөгөөд үзэгдэх орчноо чөлөөтэй харж байсан. Миний буруу, гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч Б.Б нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.
Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүхээс шүүгдэгч Б.Б-ы үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Зам тээврийн осол гарсны дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 05 цаг 11 минутад шүүгдэгч Б.Б-ы согтуурлын хэмжээг драйгер үлээлгэн шалгахад 1.72 промилль заасан гэх “Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл” /хх-ийн 49 дүгээр хуудас/-ээр шүүгдэгч Б.Б нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 376 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. /хх-ийн 31 дүгээр хуудас/
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан. Үүний дагуу хохирогч С.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо шүүгдэгч Б.Б-аас нэмэмжлэх эрхтэй.
Хохирогч С.Д нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “...Надад нийт 2.215.700 төгрөгийн хохирол учирсан. Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэсэн. Үүнд: 1. Би онгоцоор Өлгийгээс Улаанбаатар хотод очиход 409.400 төгрөг, Улаанбаатараас Өлгийд ирэхэд 269.000 төгрөг, тухайн үед надтай хамт эхнэр болох Н нь хамт явсан ба үүний онгоцны зардал 269.000 төгрөг болно. Учир нь би өөрөө ганцаараа явах боломжгүй зүүн талын гарын бугалганы яс орчмоор 6 газар бутарч хугарсан, ямар нэгэн зүйл өргөх боломжгүй байсан. Мөн Гэмтэл согог Үндэсний төвийн гар сарвуу мэс заслын тасагт 7 хоног эмчлүүлсэн бөгөөд ор хоногийн мөнгө 76.194 төгрөг, хагалгаа хийлгэхэд 97.500 төгрөг, эм тариа авахад 265.900 төгрөг, Улаанбаатар хотод таксигаар явахад 120.000 төгрөг, хоолны зардал 200.000 төгрөг, эхнэр маань Улаанбаатараас Өлгийд хувийн унаагаар ирэхэд зардал болон замын хоолтой нийлээд 110.000 төгрөг, эмнэлгээс гараад 4 хоног буудалд байрласан ба нийт 160.000 төгрөг, мөн би 10 хоног акттай байсан ба 10 хоногийн цалин 127.000 төгрөг юм. Ингээд нийт 2.215.700 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс Б.Б нь 1.000.000 төгрөгийг барагдуулж өгсөн. Одоо үлдсэн 1.215.700 төгрөгийг нэхэмжилж байна. Миний бие 3 сарын дараа дахиж эмнэлэг үзүүлэх ёстой. Тухайн үед авахуулсан рентген зургийн өөрчлөлтөөс хамаарч дахин эмчилгээ хийлгэвэл учирсан хохирлыг тухай бүрт иргэний журмаар тусдаа нэхэмжлэх болно.”,
Шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Миний бие Сатан овогтой Досмагамбет нь Б.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцож байгаа тул ....дугаартай эрүүгийн хэрэгт санхүүгийн баримтуудыг хавсаргаж өгнө үү. Хавсаргасан материалууд 1. Буудлын баримт 1 ширхэг. 2. Эмийн зардал 7 ширхэг. Мөн хэрэгт хавсаргасан хохирлын хэсэгт хоолны зардал гэх 200,000 төгрөгийн зардал нь тухайн үед надад хагалгаанд орсон хагалгааны багт /мэс залын эмч 2, мэдээгүйжүүлэлтийн эмч 1, мэс заслын сувилагч 1 нийт 7 хүнд/ хоол захиалан авхуулсан болно. Тухайн үед би хагалгаанаас дөнгөж гарсан учраас тэр хоолны зардлын баримтыг авах боломжгүй байсан тул тодорхой баримт байхгүй байна.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтыг шинжлэн судлахад онгоцны билетийн зардлын 1,057,800 /нэг сая тавин долоон мянга найман зуу/ төгрөг /хх-ийн 84-87 дугаар хуудас/, эмнэлгийн ор хоног, мэс засал болон эмийн зардлын 468,341 /дөрвөн зуун жаран найман мянга гурван зуун дөчин нэг/ төгрөг /хх-ийн 90 дүгээр хуудас болон шүүхэд ирүүлсэн эмийн баримтууд/, “Dream hotel” буудлын баримт 160,000 /нэг зуун жаран мянга/ төгрөг /шүүхэд ирүүлсэн баримт/, 10 хоногийн цалингийн баримт 127,000 /нэг зуун хорин долоон мянга/ төгрөг /хх-ийн 91-101 дүгээр хуудас/ нийт 1,813,141 /нэг сая найман зуун арван гурван мянга нэг зуун дөчин нэг/ төгрөгийн баримт хавтаст хэрэгт авагдсан байна.
Харин хоолны зардал, эхнэрийн хувь хүний унаагаар буцсан зардал, хоолны мөнгө, таксины зардал зэргийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул уг нэхэмжлэлийг хангахаас татгалзаж хохирогч С.Д-ийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нэхэмжлэлийн нотлогдсон байдлыг харгалзан 1,813,141 /нэг сая найман зуун арван гурван мянга нэг зуун дөчин нэг/ төгрөгийн нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж үлдсэн 402,559 / дөрвөн зуун хоёр мянга таван зуун тавин ес/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Хагалгаанд орсон эмч нарт авч өгсөн хоолны зардал нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой шалтгаант холбоогүй бөгөөд эмч нь хууль болон гэрээнд заасны дагуу хийх ёстой ажлаа хийсэн тул заавал хоол авч өгөх шаардлагагүй бөгөөд энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамааралгүй байна. Мөн хохирогч С.Д хохиролтой холбоотой өөрийн ХААН банк дахь дипозит дансны хуулгыг /хх-ийн 78-83 дугаар хуудас/ ирүүлсэн байх бөгөөд шүүхээс үүнийг ямар хохиролд хэдэн төгрөг гарсныг шууд тогтоож үнэлэх боломжгүй байна.
Харин хохирогч С.Д нь “...Миний бие 3 сарын дараа дахиж эмнэлэгт үзүүлэх ёстой. Тухайн үед авахуулсан рентген зургийн өөрчлөлтөөс хамаарч дахин эмчилгээ хийлгэвэл учирсан хохирлыг тухай бүрт иргэний журмаар тусдаа нэхэмжлэх болно.” гэсэн байх тул уг хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэйг дурдаж байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд шүүгдэгч Б.Б нь хохирогчид 1,000,000 /нэг сая/ төгрөг төлсөн байна. Энэ нь хохирогч С.Д болон шүүгдэгч Б.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Б-аас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 813,141 /найман зуун арван гурван мянга нэг зуун дөчин нэг/ төгрөг гаргуулж хохирогч С.Д-д олгохоор шийдвэрлэлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоос нөхөн төлсөн, үлдсэн хохирол болон цаашид хохирогч С.Д эмчилгээ хийлгэвэл гарсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Б урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 74 дүгээр хуудас/ тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос төлсөн, үлдсэн хохирол болон хохирогч С.Д цаашид эмчилгээ хийлгэвэл гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан. Шүүгдэгч Б.Б-ы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж заасан тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 2 жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй. Мөн шүүгдэгч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж дахин тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээлгэж аваагүй эрх хасагдсан төлөвтэй байна. Энэ нь хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд авагдсан Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн мэдээлэл, лавлагаагаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Б-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд сэргээхгүй байх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч Б.Б-ыг тэнссэн нэг жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж хохирогч С.Д-ийн шүүхэд ирүүлсэн 10 хуудас баримтыг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ