Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 178

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ф,

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ф Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913004140267 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Булган аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч, гагнуурчин, өндрийн оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн хабитатын 25 б тоотод оршин суух хаягтай, одоогоор Өлгий сумын ***** тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Т.е овогт Б-гийн Т, регистрийн дугаар ГЮ****

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг Н**** тоотод иргэн З.Б-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ойлголцох маргааны улмаас архины шилээр толгойн тус газар нь цохиж зодсоноос түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:        

Нэг: Шүүгдэгч Б.Т- нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг ***** тоотод иргэн З.Б-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ойлголцох маргааны улмаас архины шилээр толгойн тус газар нь цохиж зодсоноос түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 481 дугаартай “...Иргэн З.Б-ын биед тархи толгойн битүү гэмтэл, хоёр нүдний зовхи хөхөрсөн, дагзанд шарх, тархины хаван, зүүн нүдний ухархайн гадна хана булан хэсэгт цууралт, нүдний ухархайн дотор хана, самалдгийн хөндий рүү бага зэргийн цөмөрч хугарсан, дагз, зулай орчим хуйхан доор зөөлөн эдийн хавантай, хамрын таславч зүүн тийшээ мурийлттай, хамрын яс урд хэсгээрээ хугаралт зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 42-р хуудас/  хохирогч З.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна.

           

            Хохирогч З.Б-ын эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч Б.Т- учруулсан болох нь:

            - Хохирогч З.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн өглөө гэрт байж байхад найз Б залгаж “Думан” зочид буудалд байна хүрээд ирээч гэснээр би буудалд очсон. Тэнд Б ганцаараа байсан ба улмаар би очиж тэнд байсан 1 шил архийг Б бид хоёр хувааж ууж байхад миний утас дуугарч улмаар 7 хоногийн өмнө танилцсан Б.Т ярьсан. Тэрээр би байгаа газраа зааж өгсөн бөгөөд удалгүй Б.Т, Э.Т нар орж ирээд ууж байсан архийг хувааж уусан. Тэгээд буудлаас гараад Б.Т, Э.Т нарын гэр лүү очихоор болж замд дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн “Хараа” нэртэй архийг аваад тэднийд очиж уусан. Тэгээд би нэлээн согтсон бөгөөд нэг мэдэхэд С.Б нэг залуугийн хамт ирсэн ба хажууд нь байсан залуу цайгаа уугаад гараад явсан. Тэрнээс хойш юу болсныг нь санахгүй байна. Нэг мэдэхэд Б.Т миний толгой руу “Хараа” гэх бичигтэй 0.75 литрийн савлагаатай архины шилээр 5-6 удаа цохих үед толгойноос цус гарчихсан үед хаанаас ирснийг нь мэдэхгүй цагдаа нар ирэхээр нь учраа хэлээд улмаар эмнэлэгт дуудлага өгч, түргэний машинаар эмнэлэгт ирсэн. Хоорондоо эвлэрсэн. Намайг архины шилэр цохиж, гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа хэлж уучлалт гуйсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-33 дугаар хуудас/,

             - Гэрч Э.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Б.Т бид хоёр хамт архи уугаад улмаар 15-ны өдөр шартаад босож чадаагүй юм. Тэрээр ажилдаа яваагүй бөгөөд өглөө 11 цагийн үед З.Б над руу залгаж Б.Т-ыг дагуулаад хүрээд ир гэж байрлаж байгаа буудлаа зааж өгсөн. Тэгээд Б.Т бид хоёр “Думан” нэртэй буудлын 1206 тоот өрөөнд очих үед хажуудаа Б гэх залуу байсан ба 0.5 литрийн тал шил архи байсан. Б нь тасраад унтаж байсан тул тал шил архийг З.Б, Б.Т бид гурав хувааж уугаад улмаар манай гэр лүү очсон. Замд З.Б нэг шил 0.75 литрийн архи аваад очсон бөгөөд тухайн архийг Б.Т, З.Б бид гурав хувааж уусан. Тэгээд сууж байхад хамт байдаг С.Б, У нар хүрч ирээд хоол идээд улмаар У ажилдаа явлаа гэж яваад өгсөн. Тэрээр С.Б нэг шил 0.75 литрийн архи аваад ирсэн бөгөөд тухайн архийг ууж эхлээд би ухаанаа мэдэхгүй тасарчихсан байна. Орой 20 цагийн үед сэрсэн чинь У гэх хүн ажлаасаа ирсэн. З.Б, Б.Т, С.Б, Б нар байхгүй байсан. Гэрт 0.75 литрийн 2 архины шил байсан ба шөнө тэд ирээгүй. Өнөөдөр өглөө Б.Т З.Б-ыг зодож эрүүлжүүлэгт хоносон гэж мэдлээ" гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

- Гэрч С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэрээр би ууж байгаа архинаас нь уугаад улмаар надад нэг шил архи авч ирээд өгөөч гэхээр нь би гараад 0.75 литрийн “Хараа” нэртэй архи авч ирсэн. Уг архийг З.Б, Б.Т, Э.Т бид гурав ууж сууж байгаад талд нь ирэх үед би дахиж гараад 00-ын цаас, тамхи аваад буцаж орж ирсэн чинь гэрт Б.Т З.Б-тай зодолдсон юм шиг З.Б-ын толгойноос нь цус гарчихсан, зүс таних залуу унтаж байсан бөгөөд Э.Т нэлээн согтуу сууж байсан. Тэгээд би юу болсон бэ гэж асуухад З.Б надад Б.Т архины шилээр цохичихлоо гэж хэлсэн. Би дэлгүүр лүү 10 минут орчим яваад ирсэн бөгөөд тэд нарыг болиулж сууж байхад гаднаас цагдаа нар ирсэн. З.Б-ын толгойноос нь цус гарч байсан тул эмч дуудаж эмнэлгийн машинаар явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

- Өвчний түүх /хх-ийн 15-24 дүгээр хуудас/,

            - Шүүгдэгч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр орой Э.Т бид хоёр гэрт архи уугаад хоносон бөгөөд маргааш өглөө буюу 11 дүгээр сарын 15-ны өдөр шартаад гэрт хэвтэж байхад З.Б залгаж би “Думан" зочид буудалд байна хүрээд ир гэхээр нь Э.Т бид хоёр очсон чинь Б гэх залуугийн хамт байсан ба Б архи хэтрүүлэн хэрэглэж тасарсан байсан. Тэгээд тэдний байрлаж байсан өрөөнд сууж байгаад 0.5 литрийн тал шил архийг хуваагаад уугаад улмаар З.Б танай гэр рүү очъё гэхээр нь би захирал ирж уурлаж магадгүй, хэрэггүй гэсэн чинь хүч өгөлгүй манай гэр рүү очихоор болсон. Манайх руу очихдоо З.Б 0.75 литрийн “Хараа" нэртэй архи аваад очсон. Тэр архийг Э.Т, З.Б бид гурав хувааж уугаад тасраад унтчихсан бөгөөд сэрсэн чинь гаднаас У, С.Б нар өдрийн цайгаа уух гэж орж ирсэн. Тэгээд У ах хоол идээд яваад өгсөн ба С.Б би өнөөдөр ажилдаа явахгүй гэж хэлээд нэг шил 0.75 литрийн “Хараа" нэртэй архи аваад ирсэн. Тэр архийг С.Б, Э.Т, З.Б бид дөрөв хувааж уугаад улмаар би унтахаар хэвтсэн. Бидэнтэй цуг байсан Б согтуу тасраад унтаж байсан. Тэрээр би сэрсэн чинь З.Б Э.Т-д хоёулаа зодолдох юм уу гэсэн байдалтай маргалдаад сууж байсан ба би юун зодоон ярьж байгаа юм бэ, больцгоо гэхэд С.Б архи авахаар дахин гадагшаа гарсан. Тэр үед Э.Т руу З.Б дайраад байхаар нь уур хүрээд газар байсан “Хараа” нэртэй 0.75 литрийн хоосон архины шилээр З.Б-ын толгой руу 3 удаа цохисон чинь толгойноос нь цус гарчихсан. Тэгээд байж байхад гаднаас цагдаа нар орж ирсэн ба биднийг цагдаагийн газар луу дагуулж явсан ба З.Б-ыг эмнэлэг рүү аваад явсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ З.Б-ыг архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Миний бие З.Б эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд очиж уучлалт гуйж, улмаар хоорондоо эвлэрсэн юм. З.Б надаас эмнэлгийн ор хоногийн төлбөр болон компьютер томографын зураг авхуулахад гарсан 455.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд би 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл гүйцэтгэж байгаа ажлаа дуусгаж гэрээнд зааснаар үлдсэн 2 сая төгрөгөө авч З.Б-ын хохирлыг барагдуулж өгөхөөр тохиролцсон юм. ...Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Найзыгаа өмөөрөөд З.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсандаа гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Т-ын дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Т бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. 

            Иймд шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан байх тул үүний дагуу хохирогч З.Б нь эрүүл мэндэд учирсан хохирлоо шүүгдэгч Б.Т-оос нэхэмжлэх үндэслэлтэй байна.  Мөрдөн  шалгах ажиллагаанд хохирогч З.Б нь “...Хохирогч болох З.Б миний зүгээс яллагдагч Б.Т-оос нэхэмжилсэн эмнэлгийн ор хоногийн мөнгө болох 360.000 төгрөг, томографын зураг авахуулсан мөнгө болох 95.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд яллагдагч Б.Т нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд баригдаж байгаа 10 давхар барилгын ажлыг дуусгаад мөнгөө авах үед барагдуулж өгөхөөр болж тохиролцсон ба ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн, шүүгдэгч Б.Т- нь “...З.Б надаас эмнэлгийн ор хоногийн төлбөр болон компьютер томографын зураг авхуулахад гарсан 455.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд би 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл гүйцэтгэж байгаа ажлаа дуусгаж гэрээнд зааснаар үлдсэн 2 сая төгрөгөө авч З.Б-ын хохирлыг барагдуулж өгөхөөр тохиролцсон юм” гэсэн байх тул шүүгдэгч Б.Т-оос хохирогч З.Б-ын эрүүл мэндэд учирсан хохирол болох 455,000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

      Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Т-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Т урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 52 дугаар хуудас/ тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Т-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

            Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Т цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж байна.

Шүүгдэгч Б.Т-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримт болох гадаад паспортыг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тогтоолын хамт шилжүүлэх нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 7, 8, 9 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Т.е овогт Б-гийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ыг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д  оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Т-оос 455,000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч З.Б-ад олгосугай.
  6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримт болох гадаад паспортыг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тогтоолын хамт шилжүүлэхийг шүүгчийн туслах Т.А-т даалгасугай.
  8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Т-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        П.ДОРЖБАЛ