Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамъянхоролын Оюунчимэг |
Хэргийн индекс | 114/2017/0044/З |
Дугаар | 59 |
Огноо | 2017-11-17 |
Маргааны төрөл | Бусад, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 114/2017/0044/3/
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Ш- сумын Санжинт баг, өөрийн байранд байрлах “Ш-” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Ш- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох
Нэхэмжлэлийн “Ш- сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгдчийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай “Эрүүл ахуйн бүс тогтоох тухай” тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-,
Хариуцагч Л-нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ш-” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2016 оны 05 сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Ш- сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид “Эрүүл ахуйн бүс тогтоох тухай” 19 дугаартай тогтоол гаргасан. Энэхүү тогтоол нь хууль бус захиргааны актын шинжийг бүрэн агуулж байгаа бөгөөд манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Хууль бус захиргааны эрх зүйн акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэж ойлгоно” гэж заасан ба Монгол Улсын хууль тогтоомжийг дараах байдлаар ноцтой зөрчсөн. Үүнд:
1. Аливаа захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл, шаардлага журмыг баримтлан гаргах ёстой ч Ш- сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид тус хуулийг баримтлахгүйгээр гаргасан Тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлага болон захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан бичгээр гаргасан захиргааны актын шаардлагыг хангаагүй, түүнчлэн актыг мэдэгдэх ажиллагаа огт хийгээгүй зэрэг зөрчил гаргасан.
2. Дээрх 19 дугаартай тогтоолоор сумын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тогтоосон ба Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх хэсэгт усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс тогтоох эрхийг зөвхөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20.1.7 /хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх/, 20.1.14 /хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх/, гэсэн заалтуудаар тухайн шийдвэрийг гаргах эрхтэй гэдгийг тогтоолдоо дурдаж, эрүүл ахуйн бүсийг тогтоосон шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл бусад хуульд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал хэрэгжүүлэхээр заасан эрхийг Хурлын Тэргүүлэгчид хэрэгжүүлж болохгүй бөгөөд сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрх гэдгийг хуульчлан тогтоосон. Иймд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид нь хуулиар эрх олгоогүй буюу эрх мэдлээ хэтрүүлэн өөрт байхгүй эрхийг эдэлж шийдвэр гаргасан нь тодорхой байна.
3. Усны тухай хуулийн 11.1.4 дэх хэсгийн “...хот суурины ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох...” гэснийг зөрчиж энэ хэсэгт заасан эрх бүхийг байгууллагын дүгнэлт байхгүй байхад дур мэдэн, эрүүл ахуйн бүсийг тогтоосон.
Энэхүү хууль бус захиргааны акт нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дараах байдлаар зөрчиж байгаа болно. Манай “Ш-” ХК нь Дархан-Уул аймгийн Ш- сумын нуттагт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу нүүрс олборлолтын үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага юм.
Ус хангамжийн эх үүсвэр 3 дугаар худгаас 500 метрийн зайд эрүүл ахуйн бүс тогтоосон нь манай компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй талбайтай давхацсан. Ингэснээр манай тусгай зөвшөөрөл бүхий талбай усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс болж, бид ашигт малтмалын хайгуул, олборлолтын үндсэн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй нөхцөл байдал бий болсон. Өөрөөр хэлбэл тэрхүү бүсд үйл ажиллагаагаа явуулах юм бол Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргасан гэж үзэж, шийтгэл оногдуулах, улмаар үйл ажиллагаа явуулах, улмаар үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх хүчингүй болгох нөхцөл үүснэ.
Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг заасан бөгөөд тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “тухайн уурхайн хэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл журмын дагуу ашиглах”, 27.1.5-д “уурхайн талбайд ашигт малтмалын хайгуул явуулах” гэж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг зохицуулсан. Энэ заалтаас тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хайгуулын ажлаа чөлөөтэй явуулж, мөн олборлолтоо чөлөөтөй явуулах эрхийг олгосон. Гэч хууль бус захиргааны актын улмаас энэхүү эрх шууд зөрчигдөж байна.
Мөн манай байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, ашиг орлого буурах, төсөл, төлөвлөгөө хэрэгжихгүй болох, үүнээсээ болж, үндсэн үйл ажиллагааны санхүүжилтэнд хүндрэл гарах, ажилчдынхаа цалин хөлсийг олгох, нэмэгдүүлэх асуудал хойшлх асуудлууд бодитоор учирч ашиг сонирхол маань зөрчигдсөн. Түүнчлэн хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас татвар болон нийгмийн даатгалын байгууллага, бусад иргэн хуулийн этгээдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл үүсч, алданги, торгуул, хүү төлж, хохирох эрсдэл ихсэнэ.
Нөгөө талаас нэгэнт олон жилийн өмнө уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрөл өгчихсөн талбайтай давхцуулахгүйгээр /500 метрээр биш 400 метрээр/ эрүүл ахуйн бүсийг тогтоох боломж нь байсаар байтал, дур мэдэн мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүйгээр шийдвэр гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2 дэх хэсэгт заасан шударга ёс, хууль дээдлэх, зарчмыг зөрчин, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үйлдэл юм.
Манай компани эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маань зөрчсөн тогтоолыг хүчингүй болгуулах зорилгоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.1 дэх хэсэгт заасан Хурлын тэргүүлэгчдийн тогтоолыг хүчингүй болгох эрхтэй субъект болох иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 1/450 дугаартай албан тоотоор гомдал гаргасан. Гэвч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оны 8 дугаар сарын 25-ны 65 дугаартай албан тоотоор хариу өгсөн ба агуулга нь гомдол дурьдсан шийдвэрийг үндэслэлтэй, эсхүл үндэслэлгүй гэж үзэж байгаа нь тодорхойгүй ойлгомжгүй хариу өгсөн. Иймд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр харъяалах шүүхэд үүгээр хандаж байгаа болно.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Ш- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л-шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ш- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 19 дүгээр тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйл, 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй талаар гомдол гаргасан байна. Уг 19 дүгээр тогтоол нь 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гарсан бөгөөд Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тусгагдсан тул уг тогтоолд Захиргааны ерөнхий хууль хамаарахгүй болно.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Төлөөлөгчдийн бүрэн эрхэд халдсан гэх гомдол гаргасан байна. Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалтад
а) Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлд сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж тусгасан байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар гэж тусгагдаагүй тул Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэсэн нь эрхээ хэтрүүлээгүй гэж үзэж байна.
б) Ш- ХК, Баян талы өв ХХК зэрэг компаниудын гаргасан гомдлыг хүлээн авч уг асуудлаар сумын Засаг даргад албан бичиг хүргүүлэн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус V хуралдаанаар Засаг даргын Тамгын газрын ирүүлсэн санал оролцогч талууд болох “Дулаан Ш-” ТӨХК-ийн төлөөлөл, Ш- ХК-ийн хүний нөөцийн дарга Б.Энхболд, ЧЧБХ ХХК-ийн захирал Оюунтуяа, Баян талын өв ХХК-ийн захирал Д.Бямбасүрэн нарыг оролцуулан шийдвэр гаргах түвшинд талуудын оролцоог хангуулсан нь чуулганы хурлын тэмдэглэлээр батлагдаж байна.
Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт эрх бүхий байгууллагын дүгнэлтийг үндэслээгүй гэж гомдол гаргасан байна.
Уг хуралдаанаар Засаг даргын Тамгын газрын байгаль орчны улсын байцаагч БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/112 тоот тушаалаар томилогдсон мэргэжлийн шинжээчдийн зөвлөмж, дүгнэлтийг танилцуулсан бөгөөд мөн тус яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийн Ш- сумын ус хангамжийн эх үүсвэрийн талаар авах арга хэмжээний талаар тусгасан нь үүрэг даалгаварыг танилцуулсан. /2016.06.07-ны өдрийн 02/3540 тоот/
Эрүүл ахуйн бүсийг 500 метр тогтоосон нь тус компаний лицензтэй давхацсан хэдий ч хэвийн үйл ажиллагаанд саад учруулаагүй болно. Мөн 400 метрээр тогтоох боломжийн талаар тусгасан нь хуулинд сонголт байхгүй байсантай холбоотой гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ш-” ХК нь тус шүүхэд “Дархан-Уул аймгийн Ш- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Эрүүл ахуйн бүс тогтоох тухай” 19 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдасан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Ш-” ХК-нь Ашигт малтмал газрын тосны эрхлэх газраас олгосон Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 1498 А дугаар гэрчилгээ, түүний 1, 2 дугаар хавсралтын дагуу Дархан-Уул аймгийн Ш- сумын “Ш-” нэртэй газарт орших 1827.9 гектар уурхайн талбайд чулуун нүүрс олборлох үйл ажиллагаа явуулдаг байна.
Хариуцагч нь Дархан-Уул аймгийн Ш- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаар “ Эрүүл ахуйн бүс тогтоох тухай” тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгарийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 20.1.14, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн дэглэмийг мөрдөх журам”-ын 3 дахь хэсгийн 3.1, 3.14 дэх заалтыг тус тус баримтлан Тус сумын хүн амын унд, ахуйн төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэр болох Буянтын хөндийд байршилтай 3, 11, 4, 8, 5, 12, 6, 7 дугаар худгуудын эх үүсвэр тус бүрээс 500 метрийн зайд эрүүл ахуйн бүсийг тогтоож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч “Ш-” ХК-ийн МҮ-001498 дугаар лицензийн 6119,81 м.кв газартай давхцуулан тогтоосон, мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн “Мэргэжлийн шинжээчээр ажиллах, ажлын хэсэг байгуулах тухай” А/112 дугаар тушаалаар байгуулсан шинжээчдийн багийн тайлан, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-д заасан “... хот, суурины ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт” гараагүй байхад уг шийдвэрийг гаргасан болох нь хэрэгт авагдсан Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 7/3412, Монгол Улсын Байгаль орчин,ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 02/3540, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 09а /4700 дугаар албан бичгүүд болон нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбаруудаар нотлогдож байна.
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “...сум...-ын Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн ...заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлганахаар хурлын чөлөөт цагт хэрэгжүүлж болохоос гадна, 20.1.1 - 20.1.14-д заасан асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлэх” мөн Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлд ” Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” 11.1.4-т ”Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу, усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох” гэж зааснаас үзэхэд Буянтын хөндийд байршилтай 3, 11, 4, 8, 5, 12, 6, 7 дугаар худгуудын эх үүсвэрт “Эрүүл ахуйн бүс” тогтоох эсхийг хариуцагч Ш- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаанаар хэлэлцэж, тогтоол гаргах байтал дээрх хуулийн заалтыг зөрчин Ш- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 ”хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх”, 20.1.14 “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх” гэх хуулийн заалтуудыг баримтлан өөрт олгогдоогүй асуудлыг шийдвэрлэж Дархан-Уул аймгийн Ш- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Эрүүл ахуйн бүс тогтоох тухай” 19 дүгээр тогтоол гаргасан нь илт хууль бус байна.
Дээрх маргаан бүхий захиргааны акт гарах үед Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр үйлчлээгүй байсныг дурдах нь зүйтэй.
Иймд “Дархан-Уул аймгийн Ш- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Эрүүл ахуйн бүс тогтоох тухай” 19 дүгээр тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Усны тухай 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ш- сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Эрүүл ахуйн бүс тогтоох тухай” 19 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНЧИМЭГ