| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2019/0177/Э |
| Дугаар | 181 |
| Огноо | 2019-11-29 |
| Зүйл хэсэг | 24.5.2., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 181
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Т,
Иргэний нэхэмжлэгч И.Ж,
Шүүгдэгч А.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Д-т холбогдох 1913003420224 дугаартай эрүүгийн хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1957 оны 03 сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр настны тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Е овогт А-ийн Д, регистрийн дугаар Б3...................
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Д нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэн ховор амьтан болох борцгор хотон шувууны 2 ширхэг хошууг үл таних хүнээс 135000 /нэг зуун гучин таван мянга/ төгрөгөөр худалдан авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч А.Д-ын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Д нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэн ховор амьтан болох борцгор хотон шувууны 2 ширхэг хошууг үл таних хүнээс 135000 /нэг зуун гучин таван мянга/ төгрөгөөр худалдан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцох үндэслэл:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
1. Шүүгдэгч А.Д-ын өгсөн: “...Миний бие хотон шувуу агнаагүй. Зөвхөн үл таних этгээдээс худалдан авсан маань гэмт хэрэгт холбогдсон. Би ийм хэрэгт оролцсон учир дутагдлаа ойлгож байна. Миний байдлыг харгалзан Монгол Улсын Үндсэн хууль болон эрхэм шүүгч танаас хэргийг хөнгөлж намайг уучилж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Интернэт орчинд уг хотон шувууны хошууг зарна гэсэн зар чөлөөтэй байршуулж зараад байдаг болохоор нь болдог юм байх гэж бодоод худалдаж авсан юм. Надад торгуулийн ял оногдуулж таван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Мөрдөн байцаалтад:
1. Гэрч К.А-ийн өгсөн: “...Би Е.Д ахтай утсаар холбогдоход надад 2 ширхэг шувууны хошуу байгаа үнэтэй зарагддаг гэж хүмүүс хэлж байна. Чи зарж өгч чадах уу гэсэн юм. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Е.Д ах над руу залгаж би аймагт ирсэн байна. 2 ширхэг хошууг авч ирлээ гэхээр би хуучин онгоцны буудлын дээд талаас аймаг руу ирж байсан учраас байгаа газраа хэлэхэд нэг жижиг тэргээр А.Д ах ирж надад 2 ширхэг хошуу үзүүлсэн юм. Тухайн хошууг үзчихээд хүн амьтнаас асууж байгаад үнэ ханшийг нь судлаад зарж өгье гэж хэлээд явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/
2. Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан ажиллагааг хүчинтэйд тооцох тухай хяналтын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 5/21 тоот тогтоол /хх-ийн 7 дугаар хуудас/,
3. Хотон шувууны хошуунд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,
4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,
5. Шүүгдэгч А.Д-ын өгсөн: “...2019 оны 10 дугаар 02-ны өдөр Ах дам захын ойролцоо явж байхад 2 үл таних залуу намайг дуудаж ах та хаанаас явж байна, танд нэг юм үзүүлье гээд гурил будаа зардаг лангууны хойно очоод хар уутнаас хотон шувууны хошуу гаргаж ирээд энэ их үнэтэй зүйл морины хусуур хийдэг юм. Танд 500,000 төгрөгөөр өгчихье гэхэд би тэр хоёр хошууг 100,000 төгрөгөөр өгөх үү гэхэд болохгүй гэсэн. Би өөрт байсан 135000 төгрөгийг гаргаж ирээд байгаа нь энэ гэхэд тэгвэл наад мөнгөндөө аваарай хамаагүй хүнд үзүүлж болохгүй хориотой мөн их үнэтэй зүйл бид хоёрт мөнгөний хэрэг гараад хямдхан өгчихлөө гэсэн. Тэгээд би аваад тэр өдөр Ногооннуур сум руу харьсан... Тэр хоёр залуу 2 ширхэг хотон шувууны хошуу үзүүлээд энэ хориотой зүйл шүү хамаагүй үзүүлж болохгүй гэсэн юм.” гэх мэдүүлэг /хх-н 47-48 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар шүүгдэгч А.Д-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь тогтоогдож байна.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт, цаг хугацааг хангалттай зөв тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Нэн ховор амьтанд ... Борцгор хотон /Pelicanus crispus/...зэрэг амьтан хамаарна” гэж хуульчилсан байх бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр борцгор хотон шувууны хошуу мөн болох нь тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч А.Д-ын үйлдсэн гэмт хэрэгт нь прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нэн ховор амьтны түүхий эдийг худалдсан авсан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч А.Д-т дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн.
Иргэний нэхэмжлэгч И.Ж нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас борцгор хотон шувууны экологи эдийн засгийн үнэлгээг хуульд заасны дагуу хоёр дахин нэмэгдүүлж нийт 2 ширхэг борцгор хотон шувууны нөхөн төлбөр 26,280,000 /хорин зургаан сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг амьтны аймагт хохирол учруулсан А.Д-аас нэхэмжилж байна.” гэснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь амьтны аймагт хохирол учруулах гэдэг нь тухайн этгээд хууль бусаар уг амьтныг агнаж хохирол учруулахыг ойлгох бөгөөд шүүгдэгч А.Д нь уг 2 борцгор хотон шувууг ангаж амьтны аймагт хохирол учруулаагүй зөвхөн бусдаас худалдан авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд шүүгдэгч А.Д-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч А.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.
Шүүх шүүгдэгч А.Д-т эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн бөгөөд түүнд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч А.Д анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 56 дугаар хуудас/ тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Д-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял шийтгэлээс торгох ялыг сонгож улсын яллагчийн санал болгосон тухайн гэмт хэрэгт оногдуулах торгох ялын хамгийн доод хэмжээ болох 10000 /арван мянга/ нэгж буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, тогтсон ажил хөдөлмөр эрхлээгүй байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 10000000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч А.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч А.Д- нь бусдад төлөх төлбөргүй тул түүний хүү Д.Т-ийн өмчлөлийн “Аксент верна” маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч А.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 2 ширхэг борцгор хотон шувууны хошууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж байна.
Шүүгдэгч А.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Е овогт А-ийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нэн ховор амьтны түүхий эдийг худалдан авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-ыг 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-т оногдуулсан 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10000000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчийн 26,280,000 /хорин зургаан сая хоёр зуун наян мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч А.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Д.Тилеубекийн өмчлөлийн “Аксент верна” маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хотон шувууны хошууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Шүүгдэгч А.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ