Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 185

 

            Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Т,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З

Шүүгдэгч Б.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913000000254 дугаартай, шүүгдэгч Б.С-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1989 оны 01 сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, У овогт Б-ы С, регистрийн дугаар: БЛ...................

 

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 08 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “СС Монголиа” ХХК-ний гянтболдын хүдэр олборлох далд уурхайд ээлжит харуулын үүрэг гүйцэтгэж байх үедээ баяжуулах үйлдвэрийн хашаан дотроос 30 килограмм гянтболдын баяжмал хулгайлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Шүүгдэгч Б.С-ыг гэм буруутайд тооцох үндэслэл:

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 08 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “СС Монголиа” ХХК-ны гянтболдын хүдэр олборлох далд уурхайд ээлжит харуулын үүрэг гүйцэтгэж байх үедээ баяжуулах үйлдвэрийн хашаан дотроос 30 кг гянтболдын баяжмал хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            1. Эд мөрийн баримтаар хураагдсан баяжмалд үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

2. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллагад иргэн Б.С нь харуулаар ажиллах хугацаандаа хулгайлж авсан гэх 31 килограмм баяжмалыг цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн байна. Цаашид Б.С-ын хэрэгт холбогдуулан гаргах санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй болно. Тэгээд ч Б.С- нь 2019 оны 08 сарын 11-12-ны өдрийг шилжих шөнө уурхайн үүдний шалган дээр ажиллаж байсан бөгөөд тэндээс холдох ёсгүй юм. Манаач нарын хувьд ч уурхайн хашаанд байгаа баяжмалын үйлдвэрт орох эрхгүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар хуудас/,

4. Гэрч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний та нарт гаргаж өгсөн баяжмал гэх зүйлийг 2019 оны 08 дугаар сарын дундуур миний төрсөн дүү болох Б.С нь Цэнгэл сумын таксигаар аймагт ирэх үеэр манай гэрт авч ирсэн. Тэгээд одоог хүртэл уг баяжмал гэх зүйл авч ирсэн чигтээ ямар ч хөдөлгөөнгүй манай гэрийн балконд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

5. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.С нь өмнөх гараандаа 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 08 сарын 12-ны өдрийн хооронд шалган нэвтрүүлэх постонд 7 хоногийн орой 19:00 цагаас өглөөний 07:00 цагийн хооронд мөн өглөөний 07:00 цагаас орой 19:00 цагийн хооронд Энхтайван гэх хүнтэй ээлжилж үүрэг гүйцэтгэсэн.” гэх мэдүүлэг /хх-н 20-21 дүгээр хуудас/,

6. Шүүгдэгч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Уг баяжмал гэх зүйлийг 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 8 дугаар сарын 12-ны өдөр шилжих шөнө ээлжийн харуулаар үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнийн 00 цагийн үед ажилчид хоолонд орох үеэр уурхайн баяжуулахын хаалга онгорхой байсан тул 10 литрийн саарал өнгийн саванд хийж хашааны хажуу талд байрлалтай даланд нууж орхиод 2019 оны 8 дугаар сарын 12-ны  өдрийн 18:00 цагийн үед ажлаасаа буугаад Цэнгэл сумын төвд байрлах гэртээ замын унаагаар ирсэн. Буцаагаад аав болох Б-ы мотоциклыг унаж дахин уурхай руу очиж нөгөө баяжмалаа нуусан газраасаа аваад сумын төвд ирсэн. Тэгээд өвс хадлан гээд ажилтай явж байгаад 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байх уг баяжмалыг ах болох Х-ын гэрт Цэнгэл сумын таксигаар хүргэж тэнд хадгалсан болно. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.С нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдын эд хөрөнгийг, хэн нэгэн хүнд хүч хэрэглэлгүй өмчийн эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.С-ын үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу хүний эд хөрөнгийн халдашгүй байх эрхэд халдаж гянтболдын баяжмал хулгайлснаас хохирогч “СС Монголия” ХХК-д 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад баримтаар нотлогдож байх бөгөөд хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч “СС Монголия” ХХК-д учирсан хохирлыг бүрэн төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

 

  1. Шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.С-ын үйлдсэн дээрх гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч Б.С нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо биет байдлаар буцаан төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч шүүгдэгч Б.С нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 63 дугаар хуудас/ тогтоогдож байна.  

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газарт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгч Б.С-ын хувийн бичиг баримт иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлснийг тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.С-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 7, 8, 9 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч У овогт Б-ы С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.С-д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газарт хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Б.С-ын иргэний үнэмлэхийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            П.ДОРЖБАЛ