| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2019/0186/Э |
| Дугаар | 186 |
| Огноо | 2019-12-04 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Т.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 186
2019 оны 12 сарын 04 өдөр Дугаар 2019/ШЦТ/186 Өлгий сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Т,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Т,
Шүүгдэгч Т.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ф Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913003690249 дугаартай, шүүгдэгч Т.Ш-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Буянт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, одоо тодорхой эрхэлсэн ажилгүй, өмнө нь 2014 оны 6 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэл Баян-Өлгий аймгийн Буянт сумын Төрийн банкны салбарын теллерээр ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр багт оршин суудаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш.ж овогт Т-ы Ш, регистрийн дугаар БЕ................
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Ш нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Төрийн банкны салбарын теллерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглан 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрүүдийн хооронд Баян-Өлгий аймгийн Буянт сумын иргэн Б.Г, Ө.Б нарын харилцах дансанд байсан төгрөгийг бэлнээр гарган авч, иргэн Н.О-Э, З.Ж нарын нэр дээр хуурамч материал бүрдүүлэн зээл гарган авч нийтдээ 3.034.033 /гурван сая гучин дөрвөн мянган гучин гурав/ төгрөгийг завшиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч Т.Ш-ыг гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Т.Ш нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Төрийн банкны салбарын теллерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглан 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрүүдийн хооронд Баян-Өлгий аймгийн Буянт сумын иргэн Б.Г, Ө.Б нарын харилцах дансанд байсан төгрөгийг бэлнээр гарган авч, иргэн Н.О-Э, З.Ж нарын нэр дээр хуурамч материал бүрдүүлэн зээл гарган авч нийтдээ 3.034.033 /гурван сая гучин дөрвөн мянган гучин гурав/ төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Иргэний нэхэмжлэгч Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллага 2019 оны 8 дугаар 25-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр 01-ний өдөр хүртэл Төрийн банкны Буянт сумын тооцооны төвд шалгалт явуулсан юм. Уг шалгалтаар тус төвийн теллер Т.Ш нь 2019 оны 8 дугаар 02-ны өдөр Н.О-Э-ийн нэр дээр хуурамч материал бүрдүүлж 1.000.000 нэг сая төгрөгийн зээл гаргаад 900.000 /есөн зуун мянга/-н төгрөгийг Т.Ш авч ашигласан ба үлдсэн 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг ахлах теллер Ц.Б авч ашигласан байдаг юм. Одоо бол уг мөнгийг бүрэн төлж барагдуулсан байгаа. 2018 оны 10 дугаар 29-ний өдөр иргэн З.Ж-ийн нэр дээр хуурамч материал бүрдүүлж 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг авч хувьдаа завшсан байдаг. Гэхдээ Т.Ш өөрөө хэлэхдээ З.Ж-т хэлээд авсан гэдэг боловч материалыг хуурамчаар бүрдүүлсэн ба З.Ж нь Т.Ш-ад ямар нэгэн зээл авч өгөөгүй гэж тайлбар өгсөн юм. Иргэн Б.Г-ын харилцах дансанд байсан 75.000 /далан таван мянга/ төгрөгийг бэлнээр гаргаж авч ашигласан, иргэн Ө.Б-ийн харилцах дансанд байсан 77.200 /далан долоон мянга хоёр зуу/ төгрөгийг бас бэлнээр авч ашигласан байдаг юм. Ингээд манай банканд нийт 3.034.033 /гурван сая гучин дөрвөн мянга гучин гурав/ төгрөгийн хохирол учруулсан боловч одоо Т.Ш хууль бусаар авсан бүх мөнгөө хүүтэй нь цуг бүрэн төлж барагдуулсан байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дүгээр хуудас/,
2. Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Буянт сумын Төрийн банкны салбараас 2018 онд зээл авдаг байсан ба 2019 он гарахаас өмнө бүх зээлээ төлж барагдуулсан юм. Тэгээж байж байгаад 2019 оны 7 дугаар сард 1.400.000 орчим төгрөгийн лизингээр бараа аваад 2019 оны 9 дүгээр сарын сүүл үеэр уг лизингээ төлөхдөө 1.500.000 төгрөг төлж барагдуулсан. Одоо надад Төрийн банканд ямар нэгэн зээл байхгүй, би бүх зээлээ төлж барагдуулсан. 75.000 төгрөгийн талаар би огт мэдэхгүй байна. Намайг лизингээ төлөх үед Төрийн банкны ажилтан надад таны зээл бүрэн төлөгдлөө гэж хэлсэн юм." гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
3. Гэрч Ө.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Буянт сумын Төрийн банкны салбараас 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр малчин ХХК-иас 1.500.000 төгрөгийн бараа аваад тэр барааны зээлийг хувааж төлж байгаа юм. Уг зээлийн эргэн төлөлт болох эхний хугацаанд 600.000 төгрөгийг төлсөн, одоо 900.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл үлдсэн юм. Би 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 290600096475 тоот данснаас 77.200 төгрөг аваагүй болно." гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
4. Гэрч Н.О-Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Буянт сумын Төрийн банкны салбараас өөрийн тэтгэврийн мөнгийг авдаг юм. Төрийн банкнаас ямар нэгэн зээл авч байгаагүй, өнгөрсөн оны 9 дүгээр сард төрийн банканд шалгалт хийгдэж байна гээд аймгийн Төрийн банкны ажилтан Д.Б манайд ирээд “таны нэр дээр 921,939 төгрөгийн тэтгэврийн зээл байна. Уг зээлийг авсан эсэх талаар асууж лавласан” би хэлсэн тайлбарт “тухайн зээлийг би аваагүй, энэ талаар би мэдээгүй” гэж тайлбарласан. Надад төрийн банканд 921,939 төгрөгийн зээл байхгүй, би уг зээлийг аваагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
5. Гэрч З.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Буянт сумын Төрийн банкнаас малчны зээл авч хугацаанд нь төлдөг. Би 2018 онд малчны зээл гэж 2,500,000 төгрөгийн зээл авсан ба уг зээлийн үлдэгдэл 1,700,000 төгрөгийн зээлийг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр өөрийн хүү Ж.С-ы нэр дээр малчны зээл гэж 2.400.000 төгрөгийн зээл авч өөрийн малчны зээлийн 1.700.000 төгрөгийн зээлийг төлж, үлдэгдэл 700,000 төгрөгийг бэлэн авсан. Тухайн үед зээл төлөлтийн мөнгийг Төрийн банкны теллер Т.Ш бэлнээр авч, таны зээл бүрэн төлөгдлөө” гэж хэлсэн. Надад Төрийн банканд одоо үлдэгдэл зээл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
6. Шүүгдэгч Т.Ш-ын Төрийн банкнаас гаргуулж авсан зээл болон түүнийг төлсөн байдлыг харуулсан Төрийн банкны баримт бичгүүд /хх-ийн 55-81 дүгээр хуудас/,
7. Баян-Өлгий аймаг дахь Төрийн банкны салбарын яллагдагч Т.Ш-ад холбогдох шалгалтын материалын хуулбар /хх-ийн 85-106 дугаар хуудас/,
8. Шүүгдэгч Т.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2014 оны 06 дугаар сараас эхлээд Буянт сумын Төрийн банкны теллерээр томилогдож ажилласан юм. Тэгээд ажиллаж байх хугацаандаа эхний хэлэн жил ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажиллаж байсан юм. Тэгээд 2018 онд хувийн хэрэгцээнд мөнгө хэрэг болоод иргэн З.Ж-т өөрт хэлээд өөрөөр 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийн малчны зээл авхуулаад би авсан юм. Тэгээд энэ мөнгөний зээлийг хүүгийн хамт бүгдийг нь хаачихсан байгаа. 2019.08 дугаар сарын 02-ны өдөр Н.О-Э-ийн нэр дээр хуурамч материал бүрдүүлж 900.000 /есөн зуун мянга/-н төгрөгийн зээл гаргаад би өөрөө ашигласан бөгөөд одоо уг мөнгийг хүүтэй нь өөрөө төлөөд дуусгасан. Б.Г 1.500.000 төгрөгийн малчны зээл аваад лизингээр авсан барааны үнэ шилжүүлээд 75.000 /далан таван мянга/ төгрөг үлдэхээр нь би аваад ашигласан ба одоо уг мөнгийг төлчихсөн мөн төлсөн байгаа. Харин 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Ө.Б малчны зээл аваад бас лизингээр авсан барааны үнэ шилжүүлээд 77.200 /далан долоон мянга хоёр зуу/ төгрөг үлдэхээр нь бас би аваад хувьдаа ашигласан юм. Өөр ямар нэгэн асуудал бол байхгүй. Тухайн үед Б.Г, Ө.Б нарын мөнгөнөөс үлдсэн мөнгийг би ашигласан гэдгийг тэд мэдээгүй байсан 2019 оны 08 дугаар сарын сүүл үеэр банканд шалгалт ирэх үед мэдсэн болно. З.Ж-ээс авсан 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, Б.Г-ын харилцахаас авсан 75.000 /далан таван мянга/ төгрөг, Ө.Б-ийн харилцахаас авсан 77.200 /далан долоон мянга хоёр зуу/ төгрөгийг С.Н, Ц.Б нар мэдээгүй. Би уг мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулаад л дуусгасан. Өөр ямар нэгэн зүйл худалдаж аваагүй. Би Төрийн банкнаас хийсэн шалгалтын дүнтэй танилцсан уг шалгалтаар илэрсэн зөрчлийг хүлээн зөвшөөрч байна. Буянт сумын Төрийн банканд ажиллаж байх хугацаанд ар иргэдэд учруулсан бүх хохирлоо төлж барагдуулсан байгаа. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Надад прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Иймд уг торгуулийн ялыг оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Т.Ш-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан “албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Т.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан “албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Ш-ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.
Уг гэмт хэргийн улмаас Төрийн банканд 3,034,033 /гурван сая гучин дөрвөн мянга гучин гурав/ төгрөгийн хохирол учруулсан ба иргэний нэхэмжлэгч Д.Б-ы “Ингээд манай банканд нийт 3.034.033 /гурван сая гучин дөрвөн мянга гучин гурав/ төгрөгийн хохирол учруулсан боловч одоо Т.Ш хууль бусаар авсан бүх мөнгөө хүүтэй нь цуг бүрэн төлж барагдуулсан байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дүгээр хуудас/-ээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо шүүгдэгч Т.Ш нь бүрэн төлж барагдуулсан нь тогтоогдож байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.Ш-ын үйлдсэн дээрх гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч Т.Ш нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч шүүгдэгч Т.Ш нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 33 дугаар хуудас/ тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Ш-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв. 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгч Т.Ш-ын хувийн бичиг баримт иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлснийг тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Ш нь бусдад төлөх төлбөргүй тул түүний Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр багт байрлах Г-0206000075 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй 1845 метр квадрат газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Ш-ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ш.ж овогт Т-ы Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 2.1-д заасан “Албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш-ад 10000 /арван мянга/ нэгж буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш-ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Ш нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Т.Ш-ын өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр багт байрлах Г-0206000075 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй 1845 метр квадрат гарыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар ирүүлсэн шүүгдэгч Т.Ш-ын иргэний үнэмлэхийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ