| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2019/0187/Э |
| Дугаар | 187 |
| Огноо | 2019-12-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 187
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Орчуулагч, хэлмэрч А.Е,
Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Т,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К
Өсвөр насны шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ф Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913004100260 дугаартай, шүүгдэгч А.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улаанхус суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өлгий аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 1 дүгээр дамжааны оюутан, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт А-ийн Г, регистрийн дугаар БК.................
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч А.Г /Н/ нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 20 цагийн орчимд аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд хоорондоо үл ойлголцлын улмаас иргэн Ш.Н-ийг өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч А.Г-ыг гэм буруутайд тооцох үндэслэл:
Өсвөр насны шүүгдэгч А.Г /Н/ нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 20 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд хоорондоо үл ойлголцлын улмаас иргэн Ш.Н-ийг өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Баян-Өлгий аймгийн Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэлсэгч Е.Б-ы 2019 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 470 дугаартай шинжээчийн дүгнэлт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 34-40 дүгээр хуудас/,
2. Насанд хүрээгүй хохирогч Ш.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Дэлүүн сумын 10 дугаар баг Хүйтэн нуур нэртэй газарт аав, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг бөгөөд 2017 онд Дэлүүн сумын төвд бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Тэрээр аавдаа туслаад мал хариулж байгаад 2019 оны намар аймгийн төвд М-д компьютерын ангид элсэн орж улмаар нагац ах болох Т.М-ийн гэрт байсан. Тэрээр 2019 оны 10 дугаар сард дотуур байранд байрлаж суралцмаар санагдаж дотуур байранд байрласан юм. 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр орой хоол идчихээд коридорт явж байсан чинь А.Г /А.Н/ надад өрөөндөө байсан чихэр, печенийг чи идсэн үү гэж асуусан. Би чиний печенийг идээгүй гэж хэлээд улмаар маргалдсан бөгөөд тэрээр би коридорт явж байхад А.Г ирээд миний төмсөг рүү өшиглөсөн. Миний төмсөг өвдсөн учир жижүүр багшид очиж хэлсэн ба жижүүр багш А.Г /А.Н/-ийг загнаад боль гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа миний төмсөг өвдөөд байсан тул жижүүр багшид хэлээд улмаар А.Г /А.Н/ дагаж очиж нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн. Тэр өдөр эм бичиж өгсөн ба тухайн эмийг А.Г /А.Н/ халааснаасаа мөнгө гаргаж аваад өгсөн. Намайг зодсон өдөр амралтын өдөр байсан бөгөөд 11 дүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд мөн эмнэлэг дагуулж очиж үзүүлсэн. Тэрээр намайг зодуулсан гэж аав болох Ш-ийг дуудуулсан боловч ирээд битгий зодолдоорой, эвтэй байгаарай гэж хэлээд мал эзэнгүй үлдсэн учир буцаж явсан. А.Г /А.Н/ бид хоёр одоо эвлэрсэн. Ямар нэгэн гомдол, санал байхгүй. Намайг нэг л удаа өшиглөснөөс болж ийм гэмтэл учирсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
3. Гэрч К.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22 цагийн орчимд сургуулийн дотуур байрны багш Г багш залгаж танай ангид сурдаг А.Н зодоон хийж нэг хүүхдийн төмсөг рүү нь өшиглөчихлөө, та завтай бол ирэх үү гэхээр нь би өвдөөд хэвтэж байна гэсэн чинь за за тэгвэл би өөрөө зохицуулъя гэсэн. 11 дүгээр сарын 04-ний өдөр өглөө сургууль руу очиж ангийн хүүхэд болох А.Н-ээс юу болсон талаар асуухад Ш.Н-ийг өшиглөж гэмтээчихсэн, аймгийн нэгдсэн эмнэлэгт очих үзүүлсэн, эм бичиж өгсөн ба тэр эмийг би өөрөө авч өглөө гэж хэлсэн. Тэрээр цагдаагаас дуудаж байна гэхээр нь А.Н-ийг дагуулаад цагдаад ирсэн чинь хохирогч хүүхэд болох Ш.Н аавтайгаа цуг ирсэн бөгөөд би уулзахад аав нь хөдөөнөөс ирлээ эмч нар гайгүй байна гэж хэллээ. Ямар нэгэн гомдол, санал байхгүй гэж хэлсэн А.Н нь ямар нэгэн бичиг баримтгүй сургуульд ирсэн. Төрсний гэрчилгээ нь алга болсон бөгөөд ааваас нь асуухад А.Н-ийн нэр нь анх төрсний гэрчилгээнд А.Г, эмэгтэй гэж бүртгэгдсэн байсан тул засуулах гэж явж байна. Янзлаад дуусаад төрсний гэрчилгээг нь авч ирээд өгнө гэсэн. Манай сургуульд А-ийн Н гэдэг нэрээр явж байгаа. Өнөөдөр төрсний гэрчилгээний лавлагааг авахуулахад А-ийн Гүлнур гэж явж байгаа юм байна. Нэрийн зөрүүнээс болж төрөөс олгодог оюутны тэтгэлгийг одоо хүртэл авч чадахгүй явж байна” гэх мэдүүлэг /хх- ийн 27-28 дугаар хуудас/,
3. Өсвөр насны яллагдагч А.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний бие 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс аймгийн МСҮТ-д Улаанхус сумын Агуйт гэх газраас ирээд дотуур байранд байрлаж суралцаж байгаа юм. 2019 оны 06 дугаар сард Улаанхус сумын Согог багийн Ерөнхий боловсролын сургуулийг бүрэн бус дунд боловсролтой төгссөн. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хөдөө байдаг гэр лүү яваад 11 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цагийн орчимд дотуур байрандаа буцаж ирсэн. Хөдөөнөөс ирэхдээ идэж, уух боорцог, пичен, чихэр авч ирээд дотуур байрандаа тавьсан бөгөөд 19 цаг 45 минутын орчимд хоолонд ороод буцаж өрөөндөө ирсэн чинь дотуур байранд байдаг Ш.Н миний өрөөнд орж ирээд миний хөдөөнөөс авч ирсэн хүнсийг идчихсэн байсан. Тэгээд би уурлаад хэн идсэн вэ? гэхэд Ш.Н эцгийн чинь толгой чамд ямар хамаатай юм вэ гэхээр нь би юм хэлээгүй. Удалгүй коридорт явж байхад Ш.Н чиний боорцог, печенийг чинь би идсэн, надаас олж долоох юм байна уу гэхээр нь уурлаад гуя руу нь өшиглөсөн чинь миний хөл зөрөөд Ш.Н-ийн төмсөг рүү нь хүрсэн ба над руу дайрахаар нь дотуур байрны багш ирээд болиулж өрөөндөө дагуулж очоод загнаад явуулсан. Ш.Н хэсэг хугацааны дараа миний төмсөг өвдөж байна гэхээр нь нэгдсэн эмнэлэгт очиж Ш.Н-ийг үзүүлээд ирж уучлалт гуйсан ба 2 хоногийн дараа Ш.Н-ийн төмсөг нь хөхөрчихлөө гэж цагдаад гомдол гаргасан байна. Би Ш.Н-ийг өшиглөж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Ш.Н-ийг эмнэлэгт үзүүлж эм авахад 35.000 төгрөг гарсан бөгөөд бүх мөнгийг нь би өөрөө төлж өгсөн. Ш.Н-ийн аав нь хөдөөнөөс ирээд надад ямар нэгэн гомдол саналгүй гэж хэлээд явсан. Ш.Н-ийг өшиглөж гэмтэл учруулсандаа харамсаж байна. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Г-ын дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Г бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Ш.Н-ийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Баян-Өлгий аймгийн Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэлсэгч Е.Б-ы 2019 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 470 дугаартай шинжээчийн дүгнэлт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 34-40 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Уг гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ш.Н-эд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь насанд хүрээгүй хохирогч Ш.Н-ийн “А.Г /А.Н/ бид хоёр одоо эвлэрсэн. Ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул түүнийг насанд хүрээгүй хохирогч Ш.Н-эд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Г-ын үйлдсэн дээрх гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Өсвөр насны шүүгдэгч А.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 7 сар 17 хоногтой байсан болох нь хэрэгт хавсаргасан төрсний гэрчилгээ болон цагдаагийн хошууч Б.Т-н тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар өсвөр насны шүүгдэгч А.Г нь 16 нас 8 сар 21 хоногтой байна.
Шүүгдэгч А.Г нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч шүүгдэгч А.Г нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 55 дугаар хуудас/ тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдад гэмт хэрэг, түүний ойлголт, хор уршгийн талаар 120 цагийн мэдээлэл, сургалт зохион байгуулах нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв, шүүгдэгч А.Г-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурван цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
16 насанд хүрсэн хүн гэдэг нь бие хүний хувьд төлөвших аливаа зүйлийн зөв бурууг дүгнэж цэгнэх, интернэт орчин болон бусад байдлаар аливаа мэдээллийг олж авах бүрэн боломжтой тул дээрх нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан.
Шүүгдэгч А.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
Шүүгдэгч А.Г-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 7, 8, 9 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт А-ийн Г-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Г-т Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдад гэмт хэрэг, түүний ойлголт, хор уршгийн талаар 120 цагийн мэдээлэл, сургалт зохион байгуулах нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Г-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурван цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны өсвөр насны шүүгдэгч А.Г нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд өсвөр насны шүүгдэгч А.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ