| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2019/0188/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/188 |
| Огноо | 2019-12-06 |
| Зүйл хэсэг | 22.4.2., 22.5.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2019/ШЦТ/188
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Хэлмэрч А.Е,
Улсын яллагч А.Т,
Гэрч А.А,
Шүүгдэгч А.К, К.С нарын өмгөөлөгч Х.Б,
Шүүгдэгч Д.А-ийн өмгөөлөгч Х.З,
шүүгдэгч Д.А, А.К, К.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ф Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Д-ын А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт А-ын К, И овогт К-н С нарт холбогдох эрүүгийн 1913001160133 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, аялал жуулчлалын удирдлага, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь Баян-Өлгий аймгийн Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар баг, ***** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, И овогт Д-ын А, регистрийн дугаар БА.................
2. Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, экологи байгаль хамгаалагч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багийн байгаль хамгаалагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар баг буюу “Х” багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, И овогт К-н С, регистрийн дугаар Б3................
3. Монгол Улсын иргэн, 1964 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Н сумын ***дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, И овогт А-ын К, регистрийн дугаар Б3......................
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч Д.А нь Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байхад буюу 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 1 дүгээр багийн иргэн А.К-гээс 3,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 4,000,000 төгрөгийн хахууль авч, сонгон шалгаруулалт зарлахгүйгээр түүний хүү К.С-г 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 тоот тушаал гарган гэрээт байгаль хамгаалагчаар түр томилж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
2. Шүүгдэгч К.С нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор аав А.К-тэй хамт Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллах байсан Д.А-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийн хахууль өгч сонгон шалгаруулалтгүйгээр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багийн гэрээт байгаль хамгаалагчаар түр томилогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
3. Шүүгдэгч А.К нь өөрийн хүү К.С-г Ногооннуур сумын 3 дугаар багийн гэрээт байгаль хамгаалагчаар томилуулж давуу байдал бий болгох зорилгоор хүү К.С-тай хамт Баян-Өлгий аймгийн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Д.А-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 25-нд 3,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийн хахууль өгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.А нь Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байхад буюу 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 1 дүгээр багийн иргэн А.К-гээс 3,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 4,000,000 төгрөгийн хахууль авч, сонгон шалгаруулалт зарлахгүйгээр түүний хүү К.С-г 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 тоот тушаал гарган гэрээт байгаль хамгаалагчаар түр томилж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн,
Шүүгдэгч К.С нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор аав нь А.К-тэй хамт тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллах байсан Д.А-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийн хахууль өгч сонгон шалгаруулалтгүйгээр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багийн гэрээт байгаль хамгаалагчаар түр томилогдсон,
Шүүгдэгч А.К нь өөрийн хүү К.С-г Ногооннуур сумын 3 дугаар багийн гэрээт байгаль хамгаалагчаар томилуулж давуу байдал бий болгох зорилгоор хүү К.С-тай хамт Баян-Өлгий аймгийн аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Д.А-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 25-нд 3,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ: “...Миний бие Байгаль орчин, аялал жуулчлалын газарт мэргэжилтнээр ажиллаж байх хугацаанд надад дадлага хийж байсан К.С гэх залуу сургуулиа төгсөж ирэхэд би Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан. Надад тус аймгийн Ховд багийн байгаль хамгаалагч тэтгэвэрт гарсан учраас Ховд багийн байгаль хамгаалагчийн ажилд авах талаар өргөдөл гаргаж байсан.Би К.С-г сайн танихгүй. 2017 оны 12 сарын сүүлээр байсан байх хэдэн сар гэдгийг сайн санахгүй байна. К.С-н эцэг А.К над руу утсаар залгаж Бугат сумын төвд байдаг хүүгийн гэрт байна. Та хүрээд ирээч, хоол, цай бэлдсэн байгаа гэж утсаар залгаж хэлсэн. Миний бие зав муутай байна гэж хэлж, тэд нарт очихоос татгалзаж байсан. Харин А.К заавал ирэхийг хүсэж захиж байсан тул ахмад хүнийг хүндэтгэж тухайн гэрт нь очсон. Гэрт очиход ширээ бэлдсэн байсан ба К.С гэх залуу зураг авч байсан. Энэ үйлдлийг нь ямар нэгэн үйлдлийг санаатай зохион байгуулж байсан үйлдэл гэж ойлгосон. Миний бие гайхаж сууж байхад А.К болон түүний хүүхэд К.С нар нь Ногооннуур сумын Ховд багийн байгаль хамгаалагчийн сул орон тоонд томилохыг хүсэж, мөнгө гаргаж ирээд надад атгуулах гэхэд би түүнээс татгалзаж аваагүй. А.К-д би “Та яагаад мөнгө гаргаж ирсэн бэ, сул орон тоо гарна, та хүүгээ төрийн албаны шалгалтад оруулаарай, таны мөнгийг авахгүй, таны хүүд боломжоороо туслах болно” гэж хэлээд явсан. Миний бие гайхаж сууж байсан. К.С-д мөнгө өг, би чамайг ажилд томилно гэж хэзээ ч хэлж байгаагүй. Би гэрээс гарах үед А.К- болон К.С нар миний араас ирж, дахиж мөнгө өгөхөөр завдаж байсан. Тэгэхэд би мөнгийг аваагүй явсан. А.К, К.С нар буюу хэсэг хүмүүс надад авлига өгөхийг завдаж байсан байна гэж үзэж байна. К.С өөрөө ажилд орохын тулд төрийн албаны шалгалтад орсон боловч шалгалтад тэнцээгүй. Миний бие үүрэгт ажлаас чөлөөлөгдсөний дараа К.С ажилд орсон. Арга ядсандаа мөнгө өгсөн гэж хэлж байна. Мөнгийг дэлгүүрт аваачиж өгсөн байна гэдгийг миний бие Авлигатай тэмцэх газрын мөрдөгч Ц ирж мэдүүлэг авахад мөнгө өгсөн гэсэн асуудлыг сонссон. Би тэгээд мөрдөгч Ц-д тухайн үед болсон асуудлын талаар ярьсан. Дэлгүүрт өгсөн мөнгийг дэлгүүрт зарцуулсан байх гэдэг үүднээс гэрчээр мэдүүлэг өгч байсан. Түүнээс өмнө К.С миний нэрийг барьж, дэлгүүрт мөнгө өгч байсан талаар ямар нэгэн зүйл ярьж байгаагүй. Тус дэлгүүр нь миний эзэмшлийн дэлгүүр биш. Мөрдөгчид мэдүүлэг өгсний дараа дэлгүүрийн эзэн Х.М, худалдагч А.А нараас тодруулж асуусан. Худалдагч А.А-ээс мөнгө өгсөн талаар асуухад надад цаасанд ороосон зүйл авч ирж өгсөн. Түүнийг шүүгээнд орхисон гэсэн зүйлийг хэлсэн. Дэлгүүрийн эзэн Х.М-гаас асуухад дэлгүүрт мөнгө байсан. Орлого авах үед дэлгүүрийн орлого байх гэж бодоод дэлгүүрийн орлогод нэмсэн гэж хэлсэн. Миний бодлоор К.С намайг гүтгэж байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Х.М надтай албан тушаалын болон эрх мэдлийн байдлаас болж таарамжгүй байдалтай байдаг байсан. Иймд хээл хахууль авсан хэмээн гүтгэж, зохиомол хэрэг бүрдүүлж, хуулийн байгууллагад хандаж К.С-г ажилтай болгосон гэдэг нь харагдаж байна. Эцэг, хүү хоёр нь хууль бус үйлдэл зохион байгуулсан гэж үзэж байна. Миний бие А.К, К.С нарт мөнгө өгөх талаар ямар нэгэн зүйл хэлж, шаардаж байгаагүй. Надад холбогдох хэргийг шалгах явцад хэт нэг талыг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж мэдүүлэг авсан. Мөрдөгч Ц-д мэдүүлэг өгөхдөө, би мөнгийг аваад зарцуулсан гэж хэлээгүй. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө надад хууль сануулсан байсан. Мөрдөгч Ц мэдүүлэг авахдаа, К.С-гаас мөнгө авсан чинь нотлогдсон. Уг мөнгийг юунд зарцуулсан талаар үнэн зөв мэдүүл гэж хөтөлж, тулгаж байцаалт авч байсан. Тухайн үед би мөнгө аваагүй гэж хариулж байсан. Мөрдөгч Ц мөнгийг дэлгүүрт аваачиж өгсөн байна гэж асуухад, би миний дэлгүүр биш, эгчийн дэлгүүр байгаа. Миний эхнэр тухайн дэлгүүрт ажилладаг гэж хариулж байсан. Мөн дэлгүүрийн дотор юу байдаг вэ гэж асуухад би дэлгүүрийн дотор хүнсний бараа байдаг гэж хэлж байсан. Мөрдөгч Ц эдгээр өгсөн мэдүүлгийг үндэслэж намайг авлига авсан байна гэж үзэж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Тухайн үед би мөрдөгч Ц-д буруу зүйл бичиж гарын үсэг зуруулна гэж бодоогүй. Гарын үсгээ зурж өгсөн байсан. К.С мөнгө өгсөн гэдгийг тодруулахаар дэлгүүрийн худалдагч А.А-ээс асуухад, хэдэн сар гэдгийг санахгүй байна. Нэг залуу цаасанд ороосон зүйлийг авч ирээд ширээнд тавиад явсан. Тэр залууг би огт танихгүй гэсэн. Дэлгүүрийн эзэн Х.М-гаас энэ талаар асуухад, дэлгүүрийн орлого байх гэж бодоод орлогод нэмсэн гэж хэлсэн. Миний нэрийг барьж К.С гэдэг хүн дэлгүүрт мөнгө аваачиж өгсөн байна. Түүнийг буцааж өгөөрэй. Би тийм мөнгө шаардаагүй шүү гэж дэлгүүрийн эзэнд хэлсэн. Мөрдөгч Ц тулгаж байцааж, К.С өгсөн мөнгийг тийм зүйлд зарцуулсан байна гэж байцаасан учраас мэдүүлэг өгсөн. Хуулийн хүрээнд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй. Тус дэлгүүрийн лангууг 09, 10 дугаар саруудад хийлгэсэн байна. Миний нэрийг барьж дэлгүүрт аваачиж өгсөн мөнгийг дэлгүүрийн эзэн мөнгө өгсөн хүмүүст буцааж өгсөн байх гэж бодож байна. Би авлига аваагүй. Авлига өгөхийг шаардаагүй. Миний ямар нэгэн буруу зүйл байсан бол шүүхээс уучлалт хүсэж байна.” гэв.
2. Шүүгдэгч К.С мэдүүлэхдээ: “...Би 2016 онд Ховд Их Сургуулийг экологи, байгаль хамгаалагч мэргэжлээр төгсөж ирсэн. 2017 онд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар Д.А ажиллаж байсан. Манай багийн байгаль хамгаалагч тэтгэвэрт гарсан байсан болохоор би тухайн сул орон тоонд ажиллахаар өргөдөл гаргасан. Дараагаар нь Д.А надаас 5,000,000 төгрөг нэхсэн. Надад 5,000,000 төгрөг авч ирэх юм бол ажилд авна гэж хэлсэн. Би аавдаа Д.А надаас 5,000,000 төгрөг нэхэж байна. Бид нар ямар нэгэн нам, эвсэлд байхгүй. Өнөө үед ажилд орох хэцүү болсон байна. Надтай хамт 3 хүн өрсөлдөж байна гэж хэлсэн. Тэгээд аав маань Бугат суманд байдаг ахын гэрт Д.А-ийг цайнд урьж, 3,000,000 төгрөг өгсөн. Тэр 3,000,000 төгрөгийг гадаа гарсны дараа Д.А надад өгөөд дэлгүүрийн кассад аваачиж хийчих гэж хэлсэн. Тэгээд худ И.Б, Д.А бид нар дэлгүүрт очсон. И.Б бид хоёр дэлгүүрт орж худалдагч охинд мөнгийг өгсөн. Дараагаар нь 01 дүгээр сарын 05-ны өдөр тушаал гарсан. Тушаал гарсан өдөр 3,000,000 төгрөг сайн хүрэхгүй байна. Одоо 1,000,000 төгрөг аваад ир гэж хэлсэн. Би тэр мөнгийг одоо ханаас олох юм бэ? гэж хэлж байсан. Урьд өгсөн 3,000,000 төгрөгийг ээжийнхээ тэтгэврийг 2 жилээр зээлдэж авсан. Мөн 10 тооны ямаа худалсан байсан. Сүүлд өгсөн 1,000,000 төгрөгийг ах, эгч нараас зээлдэж авсан. Тэгээд тушаал гарсны дараа 1,000,000 төгрөгийг өгсөн. 1,000,000 төгрөгийг өгөх үед өөрөө Байгаль орчин, аялал жуулчлалын газарт дуудсан ба аав, бид хоёр хамт очсон. Дараагаар нь гэрээт байгаль хамгаалагчаар томилж, цалингийн доод хэмжээгээр цалинжиж ажиллаж байсан. Тэр хугацаанд сонгон шалгаруулалт зарлаагүй. Дараагаар нь Ш.М дарга ажилд томилогдсон. Ш.М дарга сонгон шалгаруулалт зарласан. Би сонгон шалгаруулалтад орсон боловч тэнцээгүй. Ш.М дарга миний оронд өөр хүн авч ажиллуулсан. Би тэгээд 1 жил цалингийн доод хэмжээгээр цалинжсан. Би болсон зүйлийн талаар өөрөө илчилж хэлэх болно гэж хэлээд өргөдөл бичиж Прокурорын газарт аваачиж өгсөн. Энэ асуудалд би өөрөө ч гэсэн буруутай. Энэ гаргасан алдаагаа хуулийн дагуу шийдвэрлүүлье гэж бодсон. Мөрдөгч Ц-д өнгөрсөн жилийн 02 дугаар сарын 15-16-ны үед мэдүүлэг авсан. Мэдүүлэг өгөхдөө бүх болсон зүйлийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Одоо худлаа хэлж байгаа зүйл байхгүй. Одоо өмнөх өгсөн мэдүүлгээр явна гэж бодож байна.” гэв.
3. Шүүгдэгч А.К мэдүүлэхдээ: “...Би 8 хүүхэдтэй. К.С миний отгон хүүхэд. Хүү маань сургуулиа төгсөж ирээд ажилд орно гэхээр аймаг, сумын Засаг дарга нарт өргөдөл гаргасан. Д.А ажилд орох юм бол 5,000,000 төгрөг өгөөрэй гэж хүүд маань хэлсэн байна. Би тэгээд эхнэрийнхээ тэтгэврээс 2,500,000 төгрөгийг зээлдэж авсан. Үлдсэн 500,000 төгрөгт 10 тооны ямаа худалдаж байгаад 3,000,000 төгрөгийг бүрдүүлсэн. Тэгээд уг 3,000,000 төгрөгийг Д.А-т өгсөн. Эхлээд түр тушаал гаргасан. Дараагаар нь шалгалт өгөөд тэнцээгүй. Болсон асуудлын талаар үнэн зөвөөр хуулийн байгууллагад мэдэгдсэн.” гэв.
- Мөрдөн шалгах ажиллагаанд эрүүгийн 1913001160133 дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтууд. Үүнд:
1. Гэрч И.Б-ийн өгсөн: “...Намайг К-гийн гэрт очиход А.К худ хүүхдүүдийн хамт байж байсан ба надтай цуг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.А гэгч хамт очсон. Бодвол тэр хүнийг бас дуудсан байх. Тэгээд тэднийд цаг гаруй цай ундаалж суусан. Тэр үед манай худ А.К Д.А-т хандаад “3 сая төгрөг байгаа” гэж хэлээд бэлэн мөнгийг цаасанд ороож өгөх үед Д.А уг мөнгийг аваад К.С-д хандаад “энэ мөнгийг дэлгүүрт аваачаад өгчих” гэж хэлээд мөнгийг өгсөн. Тэгээд ч бид хэд удсангүй тэндээс Д.А, К.С бид гурав гараад Е-ийн орон сууцны нэг давхарт байдаг дэлгүүрийн худалдагчид Д.А өглөө гэж хэлээд нөгөө мөнгийг К.С гаргаж өгсөн. Бид нарыг дэлгүүрт ороход Д.А нь гадаа машин дотор сууж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19 дүгээр хуудас/,
2. Гэрч А.А-ийн өгсөн: “...Намайг тухайн сард ажиллаж байхад хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Ямар ч байсан үдээс хойш хоёр эрэгтэй хүн орж ирсэн ба 27-28 насны эрэгтэй хүн над руу ойртож ирээд бичгийн цаасанд боосон зүйл надад өгөөд Д.А-т өгчхөөрэй гэж хэлсэн. Би түүнийг аваад кассанд хийж дэлгүүрт үлдээгээд дэлгүүрээ хаагаад явсан. Түүнээс хойш хэн авсныг мэдэхгүй. Д.А, А хоёрын нэг нь авсан байх гэж бодож байна. Сүүлд надаас өөр юу ч нэхэж шаардаагүй. Д.А, Ар бид гуравт дэлгүүрийн түлхүүр байгаа.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
3. Гэрч Ш.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...К.С-гийн түр гэрээт байгаль хамгаалагчаар ажиллаж байсан орон тоонд жинхэнэ албан хаагч томилох ёстой болж 2018 оны 10 дугаар сард шалгалт зохион байгуулагдсан. Уг шалгалтад К.С тэнцээгүй бөгөөд түүний оронд шалгалтад тэнцсэн хүн томилогдсон. Тэгэхэд К.С надаас “би яах вэ” гэж асуусан. Тэгэхээр нь би “чи яачихсан юм бэ” гэж асуухад тэр надад “Би Байгаль орчин аялал, жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Д.А-т 4 сая төгрөг хахуульд өгч анх ажилд орсон. Одоо би ажилгүй яах юм бэ” гэж ярьсан. Тэгэхээр нь “Чи яах ёстой юм хуулийн байгууллагад хандаж наад асуудлаа шийдвэрлүүлсэн нь дээр” гэж хэлсэн. ...К.С надад хэлэхдээ “Д.А надаас хахууль өгөхийг шаардаж уг мөнгийг нь өгсний дараа түр орон тоонд томилсон. Түүний дараа жинхэлж өгнө энэ тэр гэж яриад байсан” гэж надад хэлсэн. ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26 дугаар хуудас/,
4. Гэрч Х.Ж-ийн өгсөн: “...Яагаад уг албан тушаалд К.С-г томилсон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан бид нарын дунд сонгон шалгаруулалт зарлаагүй юм. Ядаж л шалгалт авч болох байсан. Тэгээд ч К.С түүнээс сүүлд авсан төрийн албан хаагчийн шалгалтад тэнцээгүй байсан. 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр К.С-г Ногооннуур сумын 3 дугаар багийн байгаль хамгаалагчаар томилчихсон байхаар нь Д.А-ээс яагаад сонгон шалгаруулалтгүйгээр К.С-г томилсон юм бэ гэж асуусан юм. Тэгэхэд Д.А надад “Төрийн албан хаагчийн шалгалтад ороод тэнцвэл чамайг ажилд авах болно” гэж хэлсэн" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28 дугаар хуудас/,
5. Гэрч А.С-ын өгсөн: “...К.С надаас 2017 оны 12 дугаар сарын 20-ны үед 250,000 төгрөг зээлдэж авсан. Тэгэхдээ би ажилд орох хэрэгтэй байна, мөнгө төгрөг хэрэг болоод байна. Ажилд орох гэхээр надаас мөнгө өгөхийг шаардаад байна гэж хэлж байсан. К.С уг мөнгийг ажилд орсныхоо дараа 2018 оны 04 дүгээр сард надад буцааж бэлнээр өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29 дүгээр хуудас/,
6. Гэрч А.К-гийн өгсөн: “...Миний төрсөн ах А.К-гийн хүү К.С- надаас 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 300,000 төгрөг зээлдэж авсан. Тухайн үед ажилд ороход мөнгөний шаардлага гарч байна гэж хэлээд зээлдэж авсан. Дараа 2018 оны хавар буцааж авсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31 дүгээр хуудас/,
7. Гэрч М.К-гийн өгсөн: “...аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Д.А-т өргөдөл өгөхөд нь ажилд томилохын тулд 4.0 сая төгрөгийг хахууль өгөхийг миний хүү К.С-гаас шаардсан байна. Эхлээд 3.0 сая төгрөгийг тушаал гаргахаас өмнө өг, тушаал гаргасны дараа нь 1.0 сая төгрөгийг өг гэж шаардсан гэсэн. Тэгээд би 2017 оны сүүлчээр 3.0 сая төгрөгийн тэтгэврийн зээл авч хүү К.С-д өгсөн. Удалгүй миний хүүг ажилд томилсон тушаал гарсан. Тушаал гарсны дараа дахин 1 сая төгрөг өгөөрэй гэж хэлэхэд нь ах, дүү нараас миний хүү К.С бага багаар зээлдэж цуглуулж 1 сая төгрөгийг ажилд томилсон тушаал гаргах үед нь Д.А-т өгсөн байдаг.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
8. Мобиком корпорац ХХК-ийн ярианы дэлгэрэнгүй лавлагаа /1-р хх-ийн 42-50 дугаар хуудас/,
9. СД бичлэгт хадгалагдсан “...Чамайг энд тэнд дуудах юм бол хамаатан садангууддаа хэлчих ёстой. Тийм юм хэлж болохгүй гэж. Чи бид хоёр ялгаагүй явна. Би өөрийгөө аваагүй гэж нотолно. Хоёрын хооронд шалгагдаад шалгалтад орох эрхгүй болов. Марат энэ жил биш ч гэсэн дараа жил явах хүн шүү. Би чамд болох талаас тусалж яваад байхад чи юм хэлээд яваад байвал хоёулаа асуудалд орно шүү. Хамаатан садангууддаа хэлээрэй тийм юм хэлж болохгүй шүү гэж. Чи тэрийгээ хүнд хэлсэн юм шиг байна. Чи нөгөөдхийг хэн нэгэнд хэлсэн үү ер нь” гэх гар утсаар ярьсан ярианы бичлэгийн орчуулга /1-р хх-ийн 69 дүгээр хуудас/,
10. Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн иргэн К.С-г Ногооннуур сумын Ховд багийг хариуцсан гэрээт байгаль хамгаалагчаар түр томилсон Б/01 дугаартай тушаал /1-р хх-ийн 71 дүгээр хуудас/,
11. Иргэн М.К, А.К- нарын Төрийн банкин дахь депозит дансны хуулга /хх-ийн 160-165 дугаар хуудас/,
12. Шүүгдэгч К.С-н гэрчээр болон яллагдагчаар өгсөн “...Тэгээд 2017 оны 12 дугаар сард надад “Өрсөлдөгч нар их байна. Чи надад 3 сая төгрөг өгөх юм бол уг ажилд томилж өгнө” гэж хэлсэн. Тэгээд би уг мөнгийг өгснөөс хойш 10 хоногийн дараа намайг ажилд түр гэрээт байгаль хамгаалагчаар томилсон. Түүний дараа уг мөнгө чинь бага байна. дахиж 1 сая төгрөг олж өг гэж шаардсан юм. Тэгэхээр нь дахиад ах, дүү нараасаа зээлдэж өгсөн. Түүнээс өөрөөр би эхэлж мөнгө өгье гэж хэлээгүй. ...Би 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1 сая төгрөгийг өөрийн гараар Д.А-т Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2 давхрын 00-ийн өрөөнд өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-17, 185-186, 232-233 дугаар хуудас/
13. Шүүгдэгч А.К-н гэрчээр болон яллагдагчаар өгсөн “...миний хүү К.С-гаас 5 сая орчим төгрөг хахууль өгөхийг шаардсан юм байна лээ. Тэгээд К.С- надад ирж хэлээд мөнгө олж өг гэж хэлсэн. Түүний дагуу өөрийн эхнэрийн тэтгэврийн зээл авч, 10 гаруй ямаа худалдаж 3 сая төгрөг бэлэн болгосон юм. Би 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Бугат суманд амьдардаг өөрийн хүү К-гийн гэрт Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Д.А-ийг урьсан юм. Д.А ирээд цай унд уусны дараа би ширээн дээр 3 сая төгрөг бэлдсэн байсан. Би гэрт цай ууж дууссаны дараа Д.А-т “Миний хүү К.С-г ажилтай болгож өгөөч” гэж хэлээд цаасанд ороосон 3 сая төгрөгийг өгсөн. Тэгэхэд Д.А “Дахиад ярья, болох байхаа” гэж хэлээд уг 3 сая төгрөгийг надаас авсан. Тэгээд уг мөнгийг Д.А ширээний дээр тавьсан. Тэгээд нэг хэсэг сууж байгаад /нэг их удаагүй/ гараад явсан. Тэгэхдээ Д.А К.С-тай хамт гарсан. Д.А гэрээс гарахдаа Д.С-г мөнгийг авчих гэж хэлсэн. Тэгээд уг мөнгийг К.С- аваад Д.А-тэй хамт гарсан. ...К.С-г ажилд түр томилсон тушаал гарах үед Д.А-т нэмж 1 сая төгрөг хахуульд өгсөн. Уг мөнгийг өгөхөд би К.С-тай хамт Байгаль орчин аялал жуулчлалын газарт Д.А-ийн албан өрөөнд орж ярилцсан. Тэгээд өрөөнөөс гарч К.С, Д.А- хоёр 00-ийн өрөө рүү хамт орсон. Тэгэхэд би хоёр давхарт коридорт хүлээж байсан. Тэгээд К.С 00-ийн өрөөнөөс гарч ирээд надад мөнгийг Д.А-т өгчихсөн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18, 230-231, 2-р хх-ийн 6-7 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт, цаг хугацаа, эх сурвалжийг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч К.С, А.К нарын авлигын зөрчил, Төрийн албаны болон бусад хууль зүйн мэдлэг дутмаг байдал, нийтийн албан тушаалтан Д.А-ийн зүгээс шударга бус, ёс суртахуунгүй, шунахайн сэдэлтээр эрх мэдэл, албан тушаалаа ашиглан өөрт болон бусдад давуу байдал бий болгон авлигын замаар өмч хөрөнгө, ашиг хонжоо олж авч буй байдал нөлөөлсөн
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т “авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” хэлнэ гэж заасан. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээд гэдэгт “төрийн захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” хамаарахаар байна.
Шүүгдэгч А.К, К.С нар нь хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа эрх бүхий байгууллагад илчлэн ирсэн бөгөөд энэ нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон. Мөн шүүгдэгч А.К, К.С нар нь хахуульд өгсөн 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн эх үүсвэр хэрхэн бүрдсэн талаар мэдүүлсэн бөгөөд энэ нь гэрч М.К, А.С, А.К нарын мэдүүлэг болон М.К, А.К нарын Төрийн банкин дахь депозит дансны хуулга зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.А нь “...3,000,000 /гурван сая/ төгрөгийг дэлгүүрт аваачиж өгснийг мэдээгүй. Мөн надад 1,000,000 /нэг сая/ төгрөг өгөөгүй” гэх боловч энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд гэрч И.Б, А.А, Ш.М, М.К, А.С, А.К, шүүгдэгч А.К, К.С нарын мэдүүлэг бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Хээл хахууль гэдэгт хууль бус зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд өгсөн эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийн өмчлөх эрх, төлбөргүй буюу хөнгөлөлттэй үзүүлсэн аливаа ажил үйлчилгээ зэргийг хамааруулан ойлгох бөгөөд шүүгдэгч А.К нь өөрийн хүү К.С-д давуу байдал бий болгож ажилд оруулах зорилгоор бусдад хээл хахууль өгсөн,
Шүүгдэгч К.С нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор аав А.К-тэй хамт тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллах байсан Д.А-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгч сонгон шалгаруулалтгүйгээр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багийн гэрээт байгаль хамгаалагчаар түр томилогдсон болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч А.К, К.С нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг “Хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч К.С, А.К нар нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна.
Мөн шүүгдэгч Д.А нь Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байхдаа иргэн А.К, К.С нараас нийт 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн хахууль авч, сонгон шалгаруулалт зарлахгүйгээр түүний хүү К.С-г 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 тоот тушаал гарган гэрээт байгаль хамгаалагчаар түр томилж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хахууль авах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.А-ээс гэмт хэрэг үйлдэж хууль бусаар олсон орлого 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэмт хэрэг,
Шүүгдэгч К.С, А.К нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуул өгсөн” гэмт хэрэг үйлдсэн нь тус тус тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.С, А.К нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хахууль өгсөн хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.А-т Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.А, К.С, А.К нар урьд шийтгүүлж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /1-р хх-ийн 197-198, 226-р хуудас/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.А-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5600 /таван мянга зургаан зуу/ нэгж буюу 5,600,000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т оногдуулсан торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүгдэгч Д.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч К.С, А.К нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, хахууль өгсөн хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг нь нэг жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан. Шүүгдэгч Д.А-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч К.С, А.К нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж заасан тул шүүгдэгч Д.А, К.С, А.К нарын нийтийн албанд томилогдох эрхийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан тус бүр 2 жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А, К.С, А.К нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч К.С, А.К нар нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч К.С, А.К нарыг тэнссэн нэг жилийн хугацаанд тэдэнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Шүүгдэгч Д.А, К.С, А.К нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй байна. Мөн шүүгдэгч нарын хувийн бичиг баримт хэргийн хамт шүүхэд ирээгүй бөгөөд хэрэгт хавсарган ирүүлсэн СД диск нэг ширхэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.К, К.С нарын өмгөөлөгчийн гаргасан 4 хуудас баримт зэргийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.А, К.С, А.К нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Д-ын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
2. Шүүгдэгч И овогт К-н С, И овогт А-ын К нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуул өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Д.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,600,000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч К.С, А.К нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А, К.С, А.К нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар шүүгдэгч К.С, А.К нарыг тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд тэдэнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.С, А.К нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.А-ээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
11. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн СД диск нэг ширхэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.К, К.С нарын өмгөөлөгчийн гаргасан 4 хуудас баримт зэргийг хэргийн хамт хадгалсугай.
12. Шүүгдэгч Д.А, К.С, А.К нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ