| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2019/0188/Э |
| Дугаар | 192 |
| Огноо | 2019-12-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 192
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Орчуулагч, хэлмэрч А.Е
Улсын яллагч, аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Т,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913003460225 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баян-өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 17 настай, яс үндэс казах, бага боловсролтой. мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт амьдардаг, тус аймгийн Өлгий сумын 12 дугаар багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С.е овогт Б-ы Б, регистрийн дугаар БЮ.................
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шөнийн 22 цагийн орчим Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр аймгийн төв сүмийн урьд талын зогсоол дээр тавьсан иргэн Ж.Х-ийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Мустанг-5” маркийн 0258БӨЗ улсын дугаартай, улаан өнгийн мотоциклийг түлхүүр тааруулан хулгайлсан,
Мөн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цагийн орчим Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт барилгын ажил явагдаж байгаа талбайн гадна талд хашааны хажууд тавьсан иргэн Ж.Г-ийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Мустанг-5” маркийн 0775БӨЗ улсын дугаартай мотоциклийг тус тус хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.
Эрүүгийн 1913003460225 дугаартай хэргээс:
Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
2. Эргүүлийн цагдаагийн илтгэх хуудас /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/
3. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийи үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас/,
4. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 12-17 дугаар хуудас/,
5. “Мөнх эстимэйт” ХХК-ны 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 19/44, 19/45 дугаартай шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 43-44, 48-49 дүгээр хуудас/,
6. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 20 дугаартай шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа / хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/,
7. Хохирогч Ж.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 12-ны оройн 21 цагийн үед Данеско хуримын ордонд хуриманд оролцох ажлаар ирж аймгийн төв сүм буюу Мешит-ийн талын зогсоол дээр өөрийн унаж явсан “Мустанг-5” маркийн 0268БӨЗ улсын дугаар бүхий улаан өнгийн мотоциклээ тавьж орхиод шөнийн 23 цагийн үед гарахад миний мотоцикль алдагдсан байсан. Тус өдөр миний мотоциклийг хулгайлсан залуу дөнгөж авч явж байгаад цагдаа нарт баригдсан байна. Энэ асуудлаас болж надад учирсан ямар нэгэн хохирол байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,
8. Хохирогч Ж.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа явуулж “Аумин Констракшн” ХХК-д барилгын туслах ажилтнаар ажилд томилогдож орсон бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө 8 цагт ажилдаа 0774БӨЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикльтой хадам дүү болох Жумакелдийн хамтаар ирж мотоциклоо барилгын ажил явагдаж байгаа талбайн гадна тал буюу урьд талын хашааны хажуу талд байрлуулсан. Гэтэл 14:30 цагийн үед шорооны ажил хийнх үед хашааны хаалга тийшээ очиход миний мотоцикль байхгүй байсан. Миний мотоцикль одоо бүрэн бүтэн байгаа. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-37 дугаар хуудас/
9. Гэрч Х.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүү Б.Б өдрийн 15 цагийн үед хар хөх өнгийн “Мустанг-5” маркийн 0774 БӨЗ улсын дугаартай мотоциклийг унаж ирсэн. Уг мотоциклийг хаанаас авсан бэ гэж асуухад нэг таньдаг хүний мотоцикл гээд байсан учир эзэнд нь аваачиж өг гэж би загнасан юм. Маргааш нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн орой эзэнд нь аваачиж өгнө гэж явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/
10. Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би хоёр удаа мотоцикль хулгайлсан. 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн мотоциклийг гэрт аваачсан үед аав загнахаар нь зам гүүрийн урьд талд орхиод явсан. 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн мотоциклийг 19 цагийн үед Мешитийн урьд байсан газраас унаад явж байх үед цагдаа нар замдаа зогсоож замдаа зогсоож барьж авсан. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас/,
11. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:
- 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр олгосон “РД:БЮ.............., овог:С.е, эцэг /эх/-ийн нэр:Б, нэр:Б, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 2002/06/18, төрсөн газар:Баян-Өлгий, Өлгий, хаяг:Баян-Өлгий, Өлгий, 12-р баг, Жасыл бах, 11 гудамж, 06 тоот, улсын бүртгэлийн дугаар:831393312568, хүчинтэй хугацаа:2027/06/18, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67 дугаар хуудас/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 139 дугаартай “Б овогтой Б-ын /БЮ................/ нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 70 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 12/72 дугаартай “Баян-Өлгий, Өлгий, 12-р баг, Жасыл бах, 11 гудамж, 06 тоотод оршин суугч Б овогтой Б нь БЮ........... регистрийн дугаартай, ам бүл 4,эцэг эх нарын хамт амьдардаг. Эцэг болох Х.Б нь хөдөлмөр эрхлэх чадвар алдалтын 70 хувийн групптэй, эх болон ах нь хоёулаа эрхэлсэн ажилгүй. Б.Б нь бага боловсролтой, өөрийн нэр дээр ямар нэгэн үл хөдлөх хөрөнгөгүй, төлөв даруу зантай, урьд өмнө ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй” гэх тодорхойлолт /хх-ийн 71 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шөнийн 22 цагийн орчим Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр аймгийн төв сүмийн урьд талын зогсоол дээр тавьсан иргэн Ж.Х-ийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Мустанг-5” маркийн 0258БӨЗ улсын дугаартай, улаан өнгийн мотоциклийг түлхүүр тааруулан хулгайлсан,
Мөн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цагийн орчим Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт барилгын ажил явагдаж байгаа талбайн гадна талд хашааны хажууд тавьсан иргэн Ж.Г-ийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Мустанг-5” маркийн 0775БӨЗ улсын дугаартай мотоциклийг тус тус хулгайлсан болох нь эргүүлийн цагдаагийн илтгэх хуудас /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийи үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 12-17 дугаар хуудас/, “Мөнх эстимэйт” ХХК-ны 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 19/44, 19/45 дугаартай шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 43-44, 48-49 дүгээр хуудас/, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 20 дугаартай шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа / хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/, хохирогч Ж.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/, хохирогч Ж.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-37 дугаар хуудас/, гэрч Х.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/ шүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдын эд хөрөнгийг, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэсэн байх тул дээрх иргэдэд учирсан үр дагавар бол гэмт хэргийн улмаас учирсан хохирол юм.
Иймд шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу хүний эд хөрөнгийн халдашгүй байх эрхэд халдаж 400000 төгрөгийн үнэтэй Мустанг-5 маркийн 0268БӨЗ улсын дугаар бүхий мотоциклийг хулгайлснаас хохирогч Ж.Х-ид бага хэмжээний хохирлоос дээш хохирол, мөн 800000 төгрөгийн үнэ бүхий Мустанг-5 маркийн 0774БӨЗ улсын дугаартай мотоциклийг хулгайлснаас хохирогч Ж.Г-д бага хэмжээний хохирлоос дээш хохирол тус тус учирсан болох нь хохирогч нарын цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад баримтаар нотлогдож байх бөгөөд хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Х болон Ж.Г нарт учирсан хохирлыг бүрэн төлж хохирогч нарыг хохиролгүй болгосон болох нь шүүгдэгч болон хохирогч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүнийг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн дээрх гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 3 сар 24 хоногтой байсан болох нь хэрэгт хавсаргасан иргэний үнэмлэхийн лавлагаагаар тогтоогдож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар өсвөр насны шүүгдэгч Б.Б нь 17 нас 7 сар 2 хоногтой байна.
Шүүгдэгч Б.Б нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо биет байдлаар буцаан төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.1, 1.2, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цээрлүүлэн, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгэмшүүлэх зорилгоор, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, насны байдал зэрэг хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөр төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 3 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-ыг 150 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зүйлгүй болно. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б-ын иргэний цахим үнэмлэхийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч С.е овогт Б-ы Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-ыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хот тохижуулах албанд 150 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурван цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйл шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б-ын иргэний цахим үнэмлэхийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
7. Өсвөр насны шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК