Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 194

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Улсын яллагч Т.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б

Шүүгдэгч К.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.М-т холбогдох 1913003530259 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                 

Монгол Улсын харьяат, 1997 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж, ах нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух хаягтай, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан, Т овогт К-н М, регистрийн дугаар БЮ...................

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч К-н М нь 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн 6591 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Д.Ш-ын амь насыг хохироож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч К-н М нь 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн 6591 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Д.Ш-ын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэслэл нь:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-08 дугаар хуудас/,

2. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-16/,

3. Цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-22/,

4. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б-ы 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №39 дугаартай “...Талийгаач нь тархины битүү гэмтэл, зүүн зулай тархины суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн талын зулайн аалзан бүрхүүлийн тархмал цус харвалт зэрэг гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны төв дарангуйлагдаж нас баржээ” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 64-р хуудас/,

5. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч А.М-ийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №24 дугаартай дүгнэлт /хх-н 78-р хуудас/,

6. Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн инженер, техникийн шинжээч Е.Ж-ы 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №19 тоот дүгнэлт /хх-ийн 72-р хуудас/,

7. Хохирогч Х.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус өдөр миний бие өглөө эрт малаа хариулахаар явсан. Би гэрээсээ гарч явах үед миний хүү гэртээ байсан. Миний дараа 10 цагийн үед өөрийн приус-20 маркийн тээврийн хэрэгслээр гарч явсан байна. Дараа нь 4-5 цагийн үед ийм юм болсон талаар сонссон, одоогоор ямар нэгэн гомдол саналгүй....тухайн үед миний хүүгийн найз К.М машин жолоодож яваад осол болж миний хүү Д.Ш нас барсан. К.М аавынхаа хамт манай гэрт ирж оршуулгын зардал, бусад зардалд хэрэглээрэй гэж тодорхой хэмжээний мөнгө төгрөг өгч тусалсан, уучлалтаа гуйж ирсэн. Тиймээс хохирлын баримт гаргах шаардлагагүй. Одоо К.М-аас нэхэмжлэх зүйл байхгүй гомдол санал байхгүй хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... Миний бие шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг./хх-ийн 34-38/,

8. Гэрч А.Н-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өчигдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бид нар уулзаж өнөөдөр загасанд явахаар тохирсон байсан юм. Тэгээд өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн үед найз Д.Ш, К.М нар манай гэрийн гадна ирж намайг аваад бид гурав замаараа “Абай” гэх дэлгүүрээс загасны хэрэгсэл аваад гүүрийн цаана байгаа “Заря” гэх дэлгүүрээс цэвэр ус, ундаа, өег салаад, хиам, хар талх аваад буцаж К.М-ийн гэрт очиж найз Д.Ш өөрийнхөө приус-20 маркийн машиныг К.М-ийн хашаанд үлдээгээд бид гурав К.М-ийн УАЗ-469 маркийн хөх өнгийн машинтай 11 цагийн үед Тавалтайн рашааны тийш явж байсан. Тэр үед хажуугаар цагаан өнгийн жийп машин гүйцэт түрүүлж өнгөрөхөд машины урд талын замд шороо босож зам бүдэг харагдсан. Тэгээд тухайн үед машин савлах шиг болсон тэгээд онхолдож унасан юм. Тэгээд би хойд талын багажийн хэсгийг урж өшиглөж байгаад машинаас гарахад миний араас К.М гарч ирээд шоконд орчихсон юу ч дуугарахгүй байсан. Тэгээд би К.М-ийг тайвшруулж найз Д.Ш-ыг харахад урд суудалд дарагдаж хавчуулагдсан байдалтай байсан. Тэгээд К.М бид хоёр гаргаж авах гэж хаалгыг нь татахад онгойхгүй байхаар нь жолооч талын хаалгыг онгойлгоод татсан боловч гаргаж чадаагүй юм. Тэгээд би цагдаа болон онцгой байдал, эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн. Тэгээд удалгүй онцгой байдлын ажилтан нар ирээд найз Д.Ш-ыг машинаас гаргаж байхад эмнэлгийн машин ирж эмч нар Д.Ш-ыг үзээд нас барсан байна гэж хэлсэн. Удалгүй цагдаагийн ажилтан нар ирж хэмжилтээ хийж эхэлсэн. Тэгээд К.М-ийг онцгой байдлын машинд суулгаад аваад явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31, 34-38 дугаар хуудас/,

9. Шүүгдэгч К.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь хэлсэн байгаа. Тухайн өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн үед найз Д.Ш өөрийн Приус-20 маркийн машинтайгаа манай гэрт ирээд намайг хоёулаа загасанд Тавалтайн тийшээ яваад ирье гээд байхаар би зөвшөөрч, найз Д.Ш өөрийнхөө приустай эмнэлгийн доод талаас Н-ыг дагуулаад, “Абай” гэх дэлгүүрээс загасны хэрэглэл аваад гүүрийн цаана байгаа “Заря” гэх дэлгүүрээс цэвэр ус, ундаа, өег салаад, хиам, хар талх аваад буцаж манай гэрт очиж найз Д.Ш өөрийнхөө приус-20 маркийн машиныг манай хашаанд үлдээгээд миний уаз-469 маркийн хөх өнгийн машинтай бид гурав 11 цагийн үед Тавалтайн рашааны тийш явж байхад миний хойноос цагаан өнгийн жийп машин гүйцэт түрүүлж өнгөрөхөд миний урд талын зам шороо босож зам бүдэг харагдсан. Тухайн үед би 3 дугаар араагаар явж байсан ба машины руль ажиллагаагүй болох шиг болж машин савалж баруун тал руу замаас гарах гэхэд замын хажуу хэсэг өндөр байхаар нь рулийг зүүн гар тал руу дарахад машин онхолдож машины дөрвөн дугуй дээш харж унасан. Тэгээд би хэсэг хугацааны дараа машинаас гарчихсан айж сандарч байхад хамт явсан А.Н намайг тайвшруулж цагдаа болон онцгой байдал, эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн. Тэгээд би машин руу харахад машины урд суудалд сууж явсан найз Д.Ш суудлын засвар хавчуулагдсан байсан. Тэгээд Нурлан бид хоёр жолооч талын хаалгыг онгойлгож ороод гаргаж авах гэсэн боловч гарах боломжгүй тухайн үед найз Д.Ш ухаан алдсан байсан. Туслах талын урд хаалга онгойхгүй байсан, урд салхины шил хагарсан байсан. Тэр үед би сандраад байж байхад замаар явж байсан 3 машины хүмүүс ирээд яасан бэ гэсэн тэгээд туслаач гэхэд уг хүмүүс цагдаа, онцгой байдлын болон эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн. Тэгээд удалгүй онцгой байдлын ажилтан нар ирээд найз Д.Ш-ыг машинаас гаргаж байхад эмнэлгийн машин ирж эмч нар Д.Ш-ыг үзээд нас барсан байна гэж хэлсэн. Удалгүй цагдаагийн ажилтан нар ирж хэмжилтээ хийж эхэлсэн. Намайг онцгой байдлын машинд суулгаад цагдаагийн газарт авч ирсэн юм. ...Би өнөөдрийн шүүх хуралдаанд талийгаач найзынхаа аав, ээж нараас уучлалт гуйж байна. Мөн Монгол Улсын хуулийн өмнө та бүхнээс уучлалт гуйж байна. Авто осол гаргаж найзыгаа алдсандаа маш их харамсаж байна. Цаашид анхаарал болгоомжтой байх болно. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж нэг удаа боломж олгож өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-44 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүхээс шүүгдэгч К.М-ийн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодож Д.Ш-ын амь насыг хохироосон” яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б-ы 2019 оны 10 сарын 18-ны өдрийн №99 тоот дүгнэлт /хх-н 54-р хуудас/-ээр шүүгдэгч К.М нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдсон.

Мөн энэ гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон нөхцөл байдал нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Иймд шүүгдэгч К.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж Д.Ш-ын амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д-т учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь түүний “...Одоо К.М-аас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ...Миний бие шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-38/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч К.М-т үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч К.М урьд нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 997 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн төвийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч К.М-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлсөн, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.  

            Учир нь шүүгдэгч К.М-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Мөн шүүгдэгч К.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан нөхцөлийг бүрэн хангаж байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан. Шүүгдэгч К.М-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж заасан тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан гурван жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хассан хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүгдэгч К.М нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч К.М-ийг тэнссэн нэг жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Шүүгдэгч К.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын гаргасан 3 хуудас, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан 16 хуудас баримтыг хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч К.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                           

 

1. Шүүгдэгч Т овогт К-н М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч К.М-т мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хассан хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.М нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.
  4.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч К.М-ийг тэнссэн нэг жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9-д тус тус зааснаар шүүгдэгч К.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын гаргасан 3 хуудас, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан 16 хуудас баримтыг хэрэгт хадгалсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч К.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             П.ДОРЖБАЛ