Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 005

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Улсын яллагч М.Ф,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,

Шүүгдэгч К.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913004040268 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, БӨ аймгийн С сумын 2 дугаар баг, “Х" гэх газарт оршин суудаг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, малчин, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, А овогт К-н С, регистрийн дугаар БИ.................

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч К.С нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 15 цагийн үед БӨ аймгийн С сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Дунд уул” гэх газарт бэлчээрийн маргаанаар шалтаглан иргэн У.С-ыг өөрийн бүсэлж явсан бүс болон гараараа зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч К.С мэдүүлэхдээ: “.Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Эрүүгийн 1913004040268 дугаартай хэргээс:

Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

 

2. Хохирогч У.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 47-50-рх/,

“...2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өглөө 10 цаг 30 минутын үед малаа хариулж “Дунд уул” нэртэй газарт байж байхад К.С ирж мотоциклоор миний малыг туугаад, хашхирч чи энэ газарт малаа бэлчээрлүүлэх эрхгүй, чамайг ална даа, эндээс зайлаарай гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд би тухайн газарт малаа бэлчээрлүүлж үлдсэн ба үдээс хойш малын захад мориноос бууж сууж байсан чинь нэг мотоциклын дуу гараад улмаар К.С 15 цагийн орчимд буцаж ирээд А-ын Х, Х-гийн Х нарыг зодсон байхад надаас юу ч олж долоогоогүй, чамайг алсан ч яадаг юм вэ гэж мотоциклоо тавьж шууд над руу ирээд сууж байхад зүүн талын буглаг орчим руу гараараа 2-3 удаа цохисон. Тэр үед миний барьж сууж байсан морь үргэж намайг чирэхээр нь би морио алдчих бол К.С намайг зодож, алж магадгүй юм байна гэж бодоод морио тавилгүй улмаар мориндоо морьдож авсан. Тэр үед гүйж ирээд өөрийнхөө бүслээд явж байсан казах мөнгөн бүсээ тайлж аваад уг бүсийг миний нуруу орчим руу 5-6 удаа ороолгож цохисон ба 3 юм уу, 4 дэх удаа ороолгож цохих үед бүсийн үзүүрийн хатуу хэсэг нь миний баруун талын тохой орчимд хүрээд улмаар миний гар хүчтэй өвдөхөөр нь хашхирч гар хугарлаа гэсэн чинь араас 2 удаа ороолгож цохиж мотоциклоо унаад яваад өгсөн. Тэгээд 11 дүгээр сарын 03-ны өдөр нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Би эмнэлэгт хэвтээд гарсан бөгөөд тухайн үед эмчилгээний болон ор хоногийн мөнгө 342.512 төгрөг гарсан ба уг мөнгийг би өнөөдрийг хүртэл төлж чадаагүй байгаа. Өвчний түүхэд энэ мөнгө бичээстэй байгаа. Харин шатахуунд нийт 4 удаа сумаас аймаг, аймгаас сум руу өөрсдийн машинд шатахуун хийж явсан бөгөөд шатахууны үнэ 97.900 төгрөг нийт 440.412 төгрөг гарсан байгаа. Би энэ мөнгийг л нэхэмжилсэн. Өнөөдөр К.С надад 440.412 төгрөгийг бэлнээр өгч хохирлыг минь барагдуулж өгсөн. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Надаас уучлалт гуйгаад 2- 3 удаа ирсэн. Би уучлаагүй байгаа. Намайг зодсоноо хүлээн зөвшөөрч ирсэн” гэх мэдүүлэг,

 

3. Гэрч Т.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 51-52-р х/

“2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр миний бие гэртээ амарч байхад тус сумын 2 дугаар багт оршин суудаг У.С гэх хүн үзүүлэхээр гэрт 19 цагийн үед ирсэн. Тэрээр миний бие гэрт ямар зовуурь байгаа эсэхийг асуухад “Дунд уул” нэртэй газарт мал дээр явж байхад К.С бүсээр ороолгож цохиж зодсон.Тэрнээс болж баруун гарын тохой орчим хавдсан гэсэн ба үзлэгээр баруун гарын тохой хэсэг 4.3*5 см хэмжээтэй хавдсан, тохойн хөдөлгөөн хязгаарлагдсан, баруун талын бөөр орчим хавдсан гэмтэлтэй байсан тул тодорхойлолт бичиж өгч, аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж рентген зураг авахуулах талаар зөвлөгөө өгч явуулсан. У.С хүүтэйгээ цуг явж байсан. Архи уугаагүй эрүүл байсан” гэх мэдүүлэг,

4. Гэрч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 55-56-р х/,

“...2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би сумын төвд гэртээ байж байхад аав болох У.С 15 цаг 30 минутын үед залгаж К.С бэлчээрээс мал туугаад явсны дараа буцаж ирээд намайг мөнгөн бүсээр ороолгож зодоод явлаа, чи хурдан ирээд аваад яв гэхээр нь сумаас хадам ахын мотоциклыг асаагаад “Дунд уул” нэртэй газар руу очсон чинь аав У.С гэртээ ирчихсэн, мал руу дүү болох С явах гэж байсан ба би аав У.С-ыг сумын төв руу аваад ирсэн. Тэрээр замд аав хэлэхдээ өглөө ирж малыг туугаад явсан, дараа нь үдээс хойш ирээд намайг зодож улмаар зугтаж морио унах үед мөнгөн бүсээр ороолгож зодож гарын тохой хавдсан гэсэн. Тэрээр сумын эмч М-т үзүүлсэн чинь аймагт очиж үзүүл, хугарсан байж магадгүй гэсэн ба тодорхойлолт бичиж өгсөн. Тэрээр цагдаад мэдэгдэх гэсэн чинь хэсгийн төлөөлөгч аймагт байна гэсэн бөгөөд 11 дүгээр сарын 04-ний өдөр гомдлыг хүлээж авсан. Сумын эмчийн зөвлөснөөр 11 дүгээр сарын 02-ны шөнө аймгийн эмнэлэгт хүргэж 03-ны өдөр эмнэлэгт хэвтүүлсэн. 11 дүгээр сарын 06-ны өдөр эмнэлгээс гаргаж ирсэн. Тухайн өдөр аав У.С-ын баруун талын тохой хөхөрч, хавдсан. Хөдөлгөөнгүй байсан. Бөөр орчмоор хавдсан байсан” гэх мэдүүлэг,

 

5. Гэрч С.С-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 57-58-р х/,

“...2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өглөө аав У.С мал хариулаад явсан. Би гэртээ ээжийн хамт байсан ба өдөр 15 цаг 30 минутын үед цай уугаад сууж байхад аав болох У.С баруун талын гараа өргөөд ороод ирсэн. Тэрээр юу болов гэж асуусан чинь К.С бэлчээрийн маргааны улмаас намайг мөнгөн бүсээр цохиж, зодлоо. Би зугтаад явлаа. Аав тухайн үед цамцаа тайлж ээж бид хоёрт харуулах үед баруун талын тохой хэсэг нь хөхөрч хавдсан, бөөр хэсгээрээ хавдсан байсан. Тэгээд аймагт очиж эмчилгээ хийлгэж ирсэн. Аав хэлэхдээ мөнгөн бүсээр ороолгож цохисон, мөр орчимд нь гараараа цохисон гэсэн. У.С-ын биед урьд нь ямар нэгэн гэмтэл байгаагүй, өглөө гэрээс гарахдаа зүв зүгээр гарсан” гэх мэдүүлэг,

 

6. Гэрч Б.Е-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 59-60-р х/

“...2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өглөө нөхөр болох У.С мал хариулж явсан ба гэрт хүү С бид хоёр сууж байсан. Тэрээр 16 цагийн орчимд У.С гаднаас орж ирсэн бөгөөд юу болсон вэ? гэхэд зүүн гараараа баруун гарын тохой орчимд барьж бэлчээрээс болж К.С мөнгөн бүсээр цохиж зодлоо гэж цамцаа тайлж харуулсан бөгөөд тухайн үед баруун гарын тохой орчмоор хавдсан байсан. Мөн бөөр хэсгээрээ хөхөрсөн байсан. Тэгээд С-д машин асаа гэсэн ба удалгүй сумын төвд байдаг хүү М хүрч ирээд аваад явсан. Сумын эмнэлэгт үзүүлээд улмаар аймагт очиж эмнэлэгт хэвтэж ирсэн. Өглөө гэрээс гарахдаа ямар нэгэн гэмтэл байхгүй, эрүүл байсан. Үдээс хойш ирэхдээ баруун гарын тохой, бөөр хэсгээрээ хавдаад ирсэн” гэх мэдүүлэг,

 

7. Гэрч Н.М-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 67-68-р х/,

“...У.С гэгч нь С сумаас 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мэс заслын тасагт ирж хэвлийн баруун талын болон баруун тохойн зөөлөн эдийн гэмтэл гэх оноштойгоор ирж хэвтэн эмчлүүлсэн. Төрөл садангийн холбоо байхгүй. У.С гэгч нь бэлчээрийн маргааны улмаас өөрийн дүүдээ зодуулсан гэж хэлсэн. Тэрээр хэвлийн баруун хэсэгт тэмтрэхээр элэглэлтэй, баруун гарын тохой орчимд хөхрөлттэй, элэглэлтэй байсан учир хэвтэн эмчилж 11 дүгээр сарын 06-ны өдөр эмнэлгээс гарсан. Тухайн үед У.С-ыг зодсон гэх хүн сууж байхад цохиж, улмаар мориндоо мордох үед бүсээр цохиж гэмтээсэн, морио унаж чадаагүй бол алах байсан гэж ярьж байсан" гэх мэдүүлэг,

 

8. Хохирогч У.С-ын 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 06- ны өдрийн хооронд Аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 1760 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 28-39-р х/,

9. Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х ын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 467 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 74-р х/,

10. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-12-р х/,

11. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 13-14-р х/,

 

12. Шүүгдэгч К.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 83-85-рх/,

“...2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 12 цаг 40 минутын үед гэрээс гараад голоос ус авах гэж өөрийн улсын дугааргүй, улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклоор доошлоод явж байсан чинь У.С дахин миний газар руу малаа оруулж бэлчээрлүүлээд явж байсан тул би очиж малыг нь туугаад доошлуулаад улмаар У.С морио барьж газар сууж байсан ба өөдөөс нь очиж та ямар үг ойлгодоггүй юм вэ? малаа өөр газар хариулж болно биз дээ, энэ миний мал бэлчээрлүүлдэг газар гэсэн чинь надад чамд ямар хамаатай юм вэ? би албаар малаа энд бэлчээрлүүлж явж байна, чамайг шорон руу явуулаад энэ газрыг би авна гэсэн утгатай зүйл ярихаар нь би тэгвэл олж ид гэж хэлээд зүүн талын мөр орчимд гараараа 2 удаа цохисон. Тэр үед У.С сууж байгаа газраасаа босоод морио унаад явах гэж байхад нь уур хүрээд бүслээд явж байсан өвөө нас барах үед надад үлдээгээд явсан мөнгөн тоногтой бүсээр 2-3 удаа цохисон чинь яваад өгсөн. Орой нь гэрт сууж байхад цагдаа дуудаж чиний нэр дээр гомдол ирлээ, У.С-ийн гар нь хугарчихсан юм шиг байна гэж байна хүрээд ир гэсэн. Би одоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. У.С-ыг гараараа цохиж, мөнгөн бүсээр цохисон минь үнэн. Учир нь бэлчээрийн маргааны улмаас ийм асуудал гарсан. Би У.С-аас 3 удаа очиж уучлалт гуйсан. Болох байх гэсэн хариу өгөөд байгаа юм. Би учирсан хохирлыг нь бүрэн барагдуулж өгсөн. Миний холбогдсон хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг,

 

13. Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд:

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88/,

- 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр олгосон “РД:БИ................., овог:А, эцэг /эх/-ийн нэр:К, нэр:С, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1985/09/20, төрсөн газар:БӨ , С , хаяг:БӨ , С , 2-р баг, Хол агаш, улсын бүртгэлийн дугаар:832815721777, хүчинтэй хугацаа:2030/09/20, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86,91/,

- Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Иргэн К.С, БИ.................-ийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэх лавлагаа /хх-ийн 89/,

- БӨ аймгийн С сумын ЗДТГ-ын төрийн сангийн төлөөлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн “С сумын 2-р багийн иргэн К овогтой С нь 1985 онд төрсөн, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. 2018 оны жилийн эцсийн мал тооллогод бүгд 222 толгой мал хамруулснаас адуу 10, үхэр 10, ямаа 61, хонь 141 толгой мал тус тус тоолуулсан нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 90/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч К.С нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 15 цагийн үед БӨ аймгийн С сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Дунд уул” гэх газарт бэлчээрийн маргаанаар шалтаглан иргэн У.С-ыг өөрийн бүсэлж явсан бүс болон гараараа зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь  хохирогч У.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Т.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч С.С-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Е-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Н.М-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч У.С-ын 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 06-ны өдрийн хооронд Аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 1760 дугаартай өвчний түүхийн хуулбар, шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 467 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч К.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч К.С-ын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл К.С нь бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч У.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

            Иймд шүүгдэгч К.С-д Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч У.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд “хохирлыг минь барагдуулж өгсөн. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

  1. Шүүгдэгч К.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч К.С-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч К.С урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 88/ тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч К.С-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч К.С нь цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Шүүгдэгч К.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч А овогт К-н С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.С-ыг 600 зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Шүүгдэгч К.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шүүгдэгч К.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй. 
  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         А.ДАУРЕНБЕК