| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2019/0197/Э |
| Дугаар | 002 |
| Огноо | 2019-12-23 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 002
БӨ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Хэлмэрч А.Е
Улсын яллагч БӨ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Т,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А
Шүүгдэгч Б.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913003540242 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр БӨ аймгийн Өлгий суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, БӨ аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, У овогт Б-ын Е, регистрийн дугаар БЮ..................
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Е нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний хооронд БӨ аймгийн Б сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Р гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр гэрийнхээ хэрэгцээнд зориулж хууль бусаар 3.7 метр куб хуурай түлээний мод бэлтгэж, улмаар өөрийнхөө эзэмшлийн “ЮМЗ-6" маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Шүүгдэгч Б.Е-ын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Е нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний хооронд БӨ аймгийн Б сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Р гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр гэрийнхээ хэрэгцээнд зориулж хууль бусаар 3.7 метр куб хуурай түлээний мод бэлтгэж, улмаар өөрийнхөө эзэмшлийн “ЮМЗ-6" маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцох үндэслэл:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Мөрдөн байцаалтад:
3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
5. Хууль бусаар бэлтгэсэн модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17 дугаар хуудас/,
6. Иргэний нэхэмжлэгч Б.Ш-ий өгсөн: “...Б сумын 5 дугаар багийн иргэн Б.Е нь зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Р гэх нэртэй газрын ойгоос бургас бэлтгэсэн бөгөөд хууль бусаар бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг бүрэн төлүүлж авах хүсэлтэй байна. Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ойн санд учруулсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлүүлэх ёстой байдаг. Иймд яллагдагч Б.Е-аас нийт учруулсан 666 000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
8. Гэрч Т.С-ын өгсөн: “...Өөрийнхөө гэрийн хэрэгцээнд Б сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр буюу "Р" гэх нэртэй арлын ойгоос түлээнд хэрэглэхээр мод бэлтгэсэн чи ачихад туслаарай гэхээр ачихад нь тусалсан юм. Надад өөр мэдэх ямар нэгэн зүйл байхгүй. Би тухайн үед хууль бусаар мод бэлтгэсэн талаар мэдээгүй. Харин хэсгийн цагдаа цагдаагийн дэд ахлагч Б.Ш нь биднийг зогсоож, кобонд авчирч саатуулах үеэр хууль бусаар тусгай зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэдгийг мэдсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
9. Гэрч Х.Х-гийн өгсөн: “...Тухайн сумын жилд бэлтгэж ашиглах түлээ модны хязгаарыг оны эхэнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталж өгдөг юм. Уг түлээ модны дотор нь хус, улиас, бургас гэсэн модны төрлүүд багтдаг. Иргэн Б.Е нар Б сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр буюу “Равжил" гэх арлаас бэлтгэсэн гэж хэлсэн. Уг арал нь сумын төвөөс 5-6 орчим километрийн зайд байдаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
10. Гэрч Ж.Е-ын өгсөн: “...Миний бие Б сум хариуцсан байгаль хамгаалагчаар 2013 оноос эхлэн ажиллаж байгаа бөгөөд Б сумын иргэд болох А.Х, Б.Е, Л.О, З.С нар нь 2019 онд надаас ямар нэгэн ойгоос түлээний мод бэлтгэх эрхийн бичиг огт авч байгаагүй. Дээрх хүмүүс ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ахуйн хэрэгцээнд бургас мод бэлтгэж ачиж ирж сумын цагдаагийн кобонд саатуулагдах үед мэдсэн юм. Тэд бургас модыг тракторын чиргүүлд ачсан байсан ба уг мод нь ахуйн хэрэгцээнд зориулж хэрэглэхээр түүж авсан хуурай түлээний мод байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
11. Гэрч Ж.А-ийн өгсөн "...Миний бие Цамбагарав уулын байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагчаар ажилладаг ба миний ажил байдлын тодорхойлолтод заасны дагуу түлээ мод бэлтгэх ямар нэгэн зөвшөөрлийг би олгодоггүй юм. Тус сумын Л.О, З.С болон А.Х, Б.Е нар нь хууль бусаар түлээний мод бэлтгэсэн гэдгийг байгаль хамгаалагч Ж.Е-аас сонссон юм. Иргэн А.Х, Б.Е нар Б сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр буюу “Р гэх арлаас бэлтгэсэн талаар сонссон юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
12. Шүүгдэгч Б.Е-ын өгсөн: “...Би ойгоос мод бэлтгэхээс өмнө тусгай зөвшөөрөл авдаг гэдгийг мэднэ. Мод бэлтгэх тусгай зөвшөөрөл аваагүй миний буруу. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. 222000 төгрөгийн бодит хохирол учирсан байна. Үүнийг төлж барагдуулах болно. Миний бэлтгэсэн мод нь хуурай, бургас мод бөгөөд нэг тракторын чиргүүлд ачсан мод байсан.” гэх мэдүүлэг /43-44 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Е-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Е нь БӨ аймгийн Б сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Р гэх нэртэй газраас зохих зөвшөөрөлгүйгээр гэрийнхээ хэрэгцээнд зориулж 3,7 метр куб хуурай түлээний мод бэлтгэж улмаар өөрийн өмчлөлийн “ЮМЗ-6” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Б.Е-ын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Е-ын үйлдэлд нь БӨ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
БӨ аймгийн сум дундын ой ангийн мэргэжилтэн М.Н-ы 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 86 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Б сумын 4 дүгээр багийн иргэн Б.Е нь тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Р гэх газрын ойгоос зөвшөөрөлгүй хууль бусаар бэлтгэн авч ирсэн хуурай түлээ модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 3,7м3х60000х1,0=222000 төгрөгийн бодит хохирол учруулсан байна.” гэжээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дүгээрт “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Е нь ойн санд 666000 /зургаан зуун жаран зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Е нь ойн санд учруулсан хохирол 666000 /зургаан зуун жаран зургаан мянга/ төгрөгийг БӨ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дансанд тушаасан гэж Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн 100020013001 дугаартай дансанд 666,000 /зургаан зуун жаран зургаан мянга/ төгрөг төлсөн баримт гаргаж өгөв.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна.” гэж заасан байна. Иймд шүүгдэгч Б.Е-ын ойн санд учруулсан хохиролд төлсөн 666,000 /зургаан зуун жаран зургаан мянга/ төгрөгийг БӨ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 100020013001 дугаартай данснаас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Е-ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгч Б.Е-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч Б.Е-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Е урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 47 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Е-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн болон шүүх хуралдаанд талуудын гаргасан санал зэргийг тус тус харгалзан зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж уг ялын БӨ аймгийн Б сумын Засаг даргын тамгын газарт хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Е-ын зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 3,7 метр куб хуурай түлээний мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ЮМЗ-6” маркийн тээврийн хэрэгсэл зэргийг тус тус хурааж улсын орлого болгохыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох шүүгдэгч Б.Е-ын өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Оросын холбооны Улсад 1980 онд үйлдвэрлэгдсэн “ЮМЗ-6” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5/151 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Е нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч У овогт Б-ын Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е-д БӨ аймгийн Б сумын Засаг даргын тамгын газарт 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөр дөрвөн цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Б.Е нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е-ын ойн санд учруулсан хохиролд төлсөн 666,000 /зургаан зуун жаран зургаан мянга/ төгрөгийг БӨ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 100020013001 дугаартай данснаас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Е-ын зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 3,7 метр куб хуурай түлээний мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ЮМЗ-6” маркийн тээврийн хэрэгсэл зэргийг тус тус хурааж улсын орлого болгохыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шүүгдэгч Б.Е-ын өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Оросын холбооны Улсад 1980 онд үйлдвэрлэгдсэн “ЮМЗ-6” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5/151 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Е-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ