Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                               Хэргийн индекс: 158/2016/0019/З

   Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

  

   Нэхэмжлэгч “A-” ХХК нэхэмжлэлтэй        

   Хариуцагч  Б-

Гуравдагч этгээд “Т-” ХХК, “С-” ХХК, “А-” ХХК, иргэн Б-, О-, Л-

 

 Нэхэмжлэлийн  “Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 тоот захирамж нь илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох” нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай,

 

 “A-” ХХК-д олгосон 100 га /93 га/ газрыг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/139 тоот захирамжаар Б-д 20 га, О-д 40 га, С.Лхагвасүрэнд 40 га газруудыг давхардуулж илт хууль бусаар олгосон захирамжийг хүчингүй болгох,

Бугат сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн А/24 тоот захирамжаар “С-” ХХК-д тариалангийн 80 га газар олгосон захирамжийг хүчингүй болгох,

            Бугат сумын   Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны А/144 тоот захирамжаар “Та-мэд-Эрдэнэ” ХХК-д  223 га  тариалангийн газар олгосон захирамжийг хүчингүй болгох,

Шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах явцад Бугат сумын Засаг дарга манай компаний эзэмшлийн 190 га газрыг “Алтантошлой” ХХК-д шилжүүлэн олгосон 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/168 тоот захирамжийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэмэгдүүлсэн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

  

   Шүүх хуралдаанд:

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                                 Ё.Мөнхцоож,                       

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                                    Ж.Ганбат,

    Гуравдагч этгээд                                      Т-” ХХК-ийн захирал А.Бат-Эрдэнэ,           

                                                           “С-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга,   

                                              иргэн Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Балжинням,  

                                               иргэн О-, Л-нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвцэрэн,

      Гэрч                                                                                            Б.Бадарч нар оролцов.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “A-” ХХК нь Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/107 тоот захирамжаар тус сумын Бороодой гэх газар 148,8 га, 223,06, 100 га газруудыг газар тариалангийн зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшихээр 0208158, 0208159, 0208160 тоот дугаартай  газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Уг газар  дээрээ нэгж талбарын дугаар  авч эзэмшил газартаа кадастрын зураглал хийлгэж, Булган аймгийн  Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын  кадастрын мэдээллийн санд бүртгүүлсэн. Харин 100 га газрыг бүртгүүлэхээр өгснийг бүртгээгүй байсан нь сумын газрын даамал Ж.Ганбаттай холбоотой байсан тул Булган аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 39 тоот шүүгчийн захирамжаар газрын даамалд үүрэг даалгасан хэлцлийг баталж шийдвэрлүүлсэн.

Ингээд Булган аймгийн Бугат сумын засаг дарга Б.Бадарч манай эзэмшлийн дээр дурдсан 3 нэгж талбар бүхий 471 га газрын эзэмших эрхийг 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 тоот захирамжаар хүчингүй болгосныг бид хожим мэдсэн. Манай компани А/109 тоот захирамжийн хуулбарыг өөрсдөө олж танилцахад 2 жилийн хугацаанд ажил хийгээгүй, газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлгүй худал ташаа илт хууль бус захирамж гэж үзэж байгаа.

Манай газар эзэмших эрх 2 жил болоогүй, газрын төлбөрөө төлсөн, газар эзэмших гэрчилгээгээ авсан өдрөөсөө эхлэн Булган аймгийн, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих санд тоног төхөөрөмж, уринш, үр тарианы зээл хүссэн албан тоотуудыг өгч захиалгад оруулан газраа эргэлтэд оруулах зорилго тавин ажиллаж байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байсан. 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр уринш болон үр тарианы 17,640,000 төгрөгний зээл бүтэж  газар дээрээ хөрөнгө оруулалт хийсэн. Бугат сумын Засаг дарга Б.Бадарч нь манай газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамжийг гаргахдаа манай компаниас албан ёсоор үйл ажиллагааны талаар тайлбар аваагүй, хүчингүй болгосон захирамжаа албан тоотоор өгөөгүй. Мөн газрын гэрчилгээ гэрээг хурааж авах шаардлага тавиагүй. Иймээс манай компани манай газар эзэмших гэрчилгээ авснаас хойш 2 жилийн хугацаа болоогүй байхад газар эзэмших эрхийг нь хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг хангаагүй илт хууль бус захирамж гэж үзэж байна. Булган аймгийн Татварын хэлтсээс газрын төлбөр төлсөн тухай 2014 оны 13 дугаар сарын 23-ны өдрийн 1/556 тоот тодорхойлолт аваад Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбатад хандсан. Аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/1422 тоотоор Бугат сумын Засаг дарга Б.Бадарчид А/109 тоот захирамжаа хүчингүй болгохыг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.9-т заасан эрхийн хүрээнд мэдэгдсэн. Асуудал ийнхүү хуулийн дагуу хуулиар эрх олгогдсон субьектын хүрээнд шийдэгдсэн гэж үзээд Бороодойн тариалангийн газар дээрээ 100 га газарт уринш хийсэн. Энэ уринш хийж байхад Бугат сумын Засаг дарга Б.Бадарч танай компани манай газар нутаг дээр үйл ажиллагаа явуулж байгаа тул Бугат сумын 80 жилийн ойд хандив өг гэсний дагуу бид 1 000 000 төгрөг хандивласан. Мөн малчид бэлчээрийн газаргүй болох гээд байна гэхээр нь бид нийгмийн хариуцлагын хүрээнд 100 га газрыг өгье бусад газруудыг нь хууль ёсны дагуу баталгаажуулаад өгөхөөр аман тохироо хийгээд шийдвэр захирамж гарахыг хүлээж хүлээлтийн байдалд байлгасан. Газрын төлбөрт 181800 төгрөг төлсөн, үүнээс хойшхи газрын төлбөрөө төлье, үйл ажиллагаагаа  явуулъя гэхэд газрын даамал Ж.Ганбат Засаг даргын А/109 тоот захирамж хүчингүй болоогүй тул үйл ажиллагаа болон татвар авч болохгүй гэж хүлээлгэж байсан.

 Гэтэл 2016 оны хавар манай эзэмшил газруудыг Бугат сумын Засаг дарга Б.Бадарч 2015 онд ажлаасаа чөлөөлөгдөхдөө захирамж гарган өөр компаниуд болон хувь хүмүүст өгсөн гэх мэдээд дуулаад бид дахин Булган аймгийн Газрын албанд хандсан ба манай 3 нэгж талбар бүхий газрын мэдээллийн санд хэвээр байгааг баталж өгсөн. Энэ талаар аймаг Засаг дарга Д.Эрдэнэбат, сумын Засаг дарга Д.Дэмбэрэлдорж нарт хандахад “шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл” гэсэн хариу өгсөн. Манай компанийн эзэмшил газрын кадастрын нэгдмэл сангийн мэдээлэлд өөрчлөлт ороогүй, дээд шатны Засаг даргын хуульд заасан эрхийн хүрээнд А/109 тоот захирамжаа хүчингүй болго гэж өгсөн үүргийг биелүүлэх боломжгүй тухайгаа сумын Засаг дарга манайд мэдэгдээгүй.  

Бугат сумын Засаг дарга асан Б.Бадарч нь Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны 39 тоот захирамжаар “A-” ХХК-нд Бугат сумын Бороодой гэдэг газар 100 га /93 га/ газар олгосон газар дээр 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/139 тоот захирамжаар  Б-д 20 га, О-д 40 га, С.Лхагвасүрэнд 40 Га газруудыг шүүхийн шийдвэрийг үл тоон давхардуулж илт хууль бусаар олгосоныг анхан шатны шүүх анхааралгүй нэхэмжлэлийг бүхэлд нь  хүчингүйд тооцсоныг орон нутгийн үзэл гаргасан гэж үзэж байна.

Бугат сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 05-ны А/144 тоот захирамжаар “С-” ХХК-д 80 га газар олгосон нь захирамжаас өөр юмгүй, бараг энэ газрыг авсан компани нь захирамж гарсныг ч бараг мэдээгүй явсан байх магадлалтай. Энэ мэтээр иргэд аж ахуйн нэгжийн нэр дээр хуурамч захирамж гаргаж, цааш нь газрыг зардаг байхыг үгүйсгэхгүй.

2013 оны  06 дугаар сарын 07-ны өдрийн А/111 тоот захирамжаар “Т-” ХХК-ийн 223 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгохдоо хаана ямар нэртэй газрын эрхийг хүчингүй болгосныг зааж өгөөгүй. Энэ захирамж нь кадастрын зураглал хийгээгүй, мэдээллийн санд ороогүй, гэрээ байгуулаагүй, Бороодойд тариалангийн газаргүй зөвхөн 0207715 дугаартай гэрчилгээг 2008 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 38-р шийдвэрээр олгосон гэх хуурамч гэрчилгээг хэрэгсэхгүй болгосон хуурамч захирамж юм. Хэрвээ 2008 оны 03 дугаар сарын 24-ний 38 тоот захирамжаар “Т-” ХХК-д дээрх гэрчилгээ бүхий газрыг олгосон бол 38 тоот захирамжид тусгаж өгсөн байх ёстой. 2008 оны 03 дугаар сарын 24-ний 38 тоот захирамжаар “Толгуун” ХХК-ийн Арцатын 76 га, Арнугын 200 га, Толионы 46 га, Хужирын адгийн 37 га, бүгд 327 га үр тарианы зориулалтаар “Т-” ХХК-д эзэмшүүлсэн байдаг. 0207715 дугаартай гэрчилгээн дээр бичигдсэн “Бороодой” гэх газрын 223 га газар 38 тоот захирамж дээр байдаггүй.

 Эндээс харахад манай компанийн газар эзэмших эрхийг илт хууль бусаар хүчингүй болгоод “Та-мэд-Эрдэнэ” ХХК, “С-” ХХК, иргэдэд олгохоор эртнээс зохион байгуулсан бусармаг үйл ажиллагаа байсныг захын хүн хараад мэдэхээр байна. Сүүлд эвлэрлийн гэрээ байгуулж энэхүү гэрээгээр олгогдсон 218 га газар нь Г.Пүрэвсүрэн гэдэг хүний газартай давхацсан тул шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах явцад Бугат сумын Засаг дарга байсан Д.Дэмбэрэлдоржийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны А/168 дугаар захирамжаар “A-” ХХК-ийн 190 га газрыг “Алтантошлой” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн хууль бус захирамж гаргасан байсан нь илэрсэн. Засаг дарга Д.Дэмбэрэлдорж нь “A-” ХХК-ны нэхэмжлэлтэй газрын маргаанд шүүхэд тайлбар өгч байсан атлаа энэ маргаан шүүхийн шатандаа явж байгааг мэдсээр байж ажлаасаа чөлөөлөгдөхдөө энэ захирамжийг хууль бусаар гаргасан нь ашиг сонирхол орсон гэж бид хардаж байна. Бид хууль бус захиргааны акт буюу Бугат сумыг Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгуулахаар шаардахдаа энгийн иргэдийн эрх ашгийг хүндэтгэн үзэж сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 29-ний А/48 тоот захирамжаар Ж.Ганзориг, Д.Баянбулаг нарт тус бүрт нь 5 га, 2016 оны А/121 тоот захирамжаар иргэн М.Гочоодорж 4 га, Б.Сайнхүүд 2 га, Ц.Наранбаатарт 5 га орчим газар олгосон буюу эдгээр иргэдэд оногдох газрыг хэвээр үлдээж, буцааж шаардахгүй гэв.

 

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “A-” ХХК-ны эзэмшил газрыг анх 2008 оны 05 сарын 19-ний  өдрийн 64 тоот захирамжаар “НМШ” ХХК-д 93 га, 133 га, 245 га Бороодой Шанд-д байршилтай тариалангийн талбайг эзэмшүүлж, тухайн компани нь үйл ажиллагаа явуулаагүй байж байгаад 2011 онд “A-” ХХК-д сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/107 захирамжаар шилжүүлсэн эзэмшүүлсэн билээ. Дээрхи тариалангийн талбайг төлбөр төлөөгүй шалтгаанаар, үйл ажиллагаа явуулаагүй, талбайг ашиглаагүй шалтгаанаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн эзэмших эрхийн гэрчилгээг сумын Засаг даргын 2013 оны 06 сарын 07-ны өдрийн А/109 тоот захирамжаар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

            Тариалангийн талбайг ашиглаагүй шалтгаанаар “Та-мэд-Эрдэнэ” ХХК-ны 223 га газар эзэмших эрхийг 2013 оны 06 сарын 07-ны А/111 тоот захирамжаар хүчингүй болгосон талбайгаас 100 га газрыг эвлэрэл хэлцлээр эзэмшихээр тохиролцсон байсан ч “Та-мэд-Эрдэнэ” ХХК-д тариалангийн талбайг 2015 оны 11 сарын 05-ны өдрийн А/144 тоот захирамжаар сэргээн эзэмшүүлж, иргэн Б-д 20 га, С.Лхагвасүрэн, О- нарт тус бүр 40 га газрыг 2015 оны 10 сарын 30-ны өдрийн А/139 тоот захирамжаар эзэмшүүлэхээр шийдвэрлэснээс иргэн Б-д 20 га газар эзэмшүүлсэн гэрчилгээг газар эзэмших эрхийн үнийг шилжүүлсэний дараа буюу 2016 оны 01 сарын 20-нд газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээг олгосон. Харин иргэн О-, Л-нарын эзэмших эрхийн үнийг “Та-мэд-Эрдэнэ”  ХХК-аас 2016 оны 04 сарын 18-ны өдөр  4013360 төгрөг тушаасан байсанд гэрчилгээг хэн гэдэг иргэн, хуулийн этгээдэд бичиж өгөх талаар тодорхойлоогүй байгаа тул  гэрээ байгуулж гэрчилгээ олгогдоогүй байгаа болно.

            “С-” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 80 га талбайд тухайн компани нь тариалангийн талбай эзэмших эрхийн үнийг ирүүлээгүй, тухай Засаг даргатай байгуулсан гэрээ хэлэлцээрээ биелүүлээгүй, тухайн газраа эзэмшиж, ашиглах үйл ажиллагаа явуулаагүй учир шийдвэр нь сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/43 дугаар захирамжаар цуцлагдсан болно.

            “A-” ХХК нь тариалангийн газрыг эзэмших эрх шилжүүлж авснаас хойш 2013 оныг дуустал үйл ажиллагаа явуулаагүйг тухайн үед тариалангийн талбай анх авсан хэвээр байснаар тодорхойлох бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгосон талаар захирал Д.Амарсайханд 2013 онд утсаар ярьж мэдэгдсэнд ХХААЯ-д зээлийн асуудлаар ажил хөөцөлдөж яваа тухай ярьж байсан. Тариалангийн үйл ажиллагааг эрхлэхэд 2011-2013 онд эрх бүхий байгууллага болон Засаг дарга, төрийн захиргааны байгууллагаас саад учруулж, хориглосон зүйл байхгүй болно. “A-” ХХК нь 2014 онд хүчингүй болгосон захирамжаа сэргээлгүй 100 га-д  хагас дутуу уринш хийж талбайн маргаан гарган, шүүхийн шийдвэрээр эвлэрэл хэлцэлээр шийдвэрлэсэн газарт 2015, 2016 онд үйл ажиллагаа эрхлээгүй байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүй 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж байна.

Анх 2008 онд “НМШ” ХХК-ний эзэмшиж байсан гэх 93. 133. 245 га нийт 471 га талбайгаас “A-” ХХК нь тариалалтын үйл ажиллагаа явуулаагүй учир хураагдсан тариалангийн талбайгаас 2016 оны 10 дугаар сарын 17-ны едрийн А/168 тоот ззхирамжаар 190 га газар “А-” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ч төлбөр тооцоо, гэрээ, гэрчилгээ хийгдээгүй байгаа болно гэв.

 

Гуравдагч этгээд Б- шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Балжиннямын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны А/139 дүгээр шийдвэрээр Бугат сумын 1 дүгээр багийн “Бороодой” гэх газарт 20 га газрыг 15 жилийн хугацаатай үр тариа тэжээлийн ургамал тарих зориулалтаар дуудлага худалдааны анхны үнэ 1 сая 28 мянган төгрөг төлж авсан билээ. Ингээд 2016 оны 5 дугаар сард газрын даамал Ж.Ганбаттай уулзаж, газраа заалган авсан бөгөөд 2016 оны 8 дугаар сард газар дээрээ хашаа барих кадастрын зураг хийлгэхээр дахин ирэхэд миний газрыг хагалчихсан байсан тул Ж.Ганбаттай холбогдож лавлахад шүүхээр маргаантай гэдгийг хэлсэн. Надад өгсөн гэх 20 га газрыг "Та-мэд-Эрдэнэ" ХХК-д давхар олгоод тэр компани нь газар хагалсныг дараа нь мэдсэн болно. Хууль тогтоомжийн дагуу 20 га газрыг  эзэмшихээр авсан тул, газраа эзэмших хүсэлтэй байна гэв.

 

Гуравдагч этгээд О-, Л-нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвцэрэн шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:- О-, Л-нарт Бугат сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/139 тоот захирамжаар “Бороодой” гэх газарт 40, 40 га газруудыг газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн. “A-” ХХК-иас хураагдсан 471 га газраас хуучин захирал нь байсан Д.Ганхуягтай тохиролцон бэлчээрийн даац хэтэрч, хадлан, бэлчээрийн талбай хомсдолтой, сумын болон багийн нөөцөд ногоон тэжээл тариалах зэрэг шаардлага байгаа учир 235 га талбайг иргэд, малчдад олгохоор ярилцсан байсан. Газар авсан иргэд нь өөр өөрсдийн боломжоор ногоон тэжээл, царгас, овъёос зэргийг тариалж байгаа. Иргэн О-, Л-нар “"Та-мэд-Эрдэнэ" ХХК-д хүсэлт гарган энэ жилийн уринш хагалгааг хийлгээд байгаа болно. Эдгээр малчдын авсан газарт урд өмнө нь уринш, тариа тариалаагүй байсан болно гэв.

 

Гуравдагч этгээд “Та-мэд-Эрдэнэ” ХХК-аас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- “Манай компани нь 2008 оноос атрын 3 дугаар аяны хүрээнд шинээр байгуулагдан төрөлх сумандаа “Хужирын адаг”, “Ар нуга” зэрэг газарт 399 га талбайд тариалалт хийж эхэлсэн бөгөөд тухайн үед өөрсдийн техник хэрэгсэл болох нэг дугуйт болон гинжит трактортой ажиллаж эхэлсэн. Аяны хүрээнд тариалангийн талбайгаа нэмэгдүулж нийтдээ 500 га газартай бол техник хөрөнгө оруулалт хийх талаар яригдаж тухайн үеийн Засаг дарга Оюумаа дээр орж хүсэлтээ гаргаж, “Бороодой” гэх газар 223 га газар авахаар тохиролцож Засаг дарга Америкийн нэгдсэн улс руу ажлаар явах гэж байсан тул ирээд шийдвэрээ гаргахаар тохиролцсон учир  газар эзэмших гэрчилгээ захирамжгүй гарсан байхаа. Ингээд манай газрыг  Засаг дарга 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/111 тоот захирамжаар хүчингүй болгосон байсныг газар эзэмших эрхийг сэргээж өгөх хүсэлт гарган 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/144 тоот сумын Засаг даргын захирамжаар 223 га газрыг Бороодойд сэргээн эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2016 оны 7 дугаар сараас уринш боловсруулах ажлыг сумын газрын даамлаар газраа заалгуулан үйл ажиллагаагаа эхэлсэн болно. Уринш боловсруулалтын үед манай компаний тариалангийн талбай атаршсан хэвээр байсан болно.”A-” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Гуравдагч этгээд “С-” ХХК шүүхэд шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани газар тариалангийн зориулалтаар Бугат сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/24 дүгээр захирамжаар  80 га газар тэжээлийн ургамал тариалах зориуулалтаар авсан. Ингээд газар дээрээ техникээ аваад газраа хагалахаар ирэхэд сумын хэсгийн цагдаа 3 удаа ирж газар маргаантай байгаа гэсэн үндэслэлээр хориглосон тул бид орхиод явсан. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гуравдагч этгээдээр  татагдан газартай холбоотой маргаанд оролцож байгаагаа мэдсэн. Газар маргаантай гэсэн тул газар эзэмших гэрээ, гэрчилгээ аваагүй, газрын төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй байгаа болно.

Харин шүүх үзлэгээр очиход манайд олгосон газрыг сумын Засаг дарга 2017 оны 04 дүгээр схрын 25-ны өдрийн А/43 дугаар захирамжаар хүчингүй болгосныг мэдлээ. Газар эзэмших эрхийг хүчингүй болгосноо бидэнд мэдэгдээгүй байсан байна гэв.

 

Гуравдагч этгээд “Алтантошлой” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “..Булган аймгийн Бугат суманд үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Засаг даргын тамгын газарт удаа дараа хүсэлт тавьсны улмаас 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр А/168 тоот захирамж гарган Баянтөгөл багийн Бороодой гэдэг газар байрлалтай 190 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэр гаргасан болно. Захирамжийг үндэслэн манай компани нь уринш хийж тариалантандаа  бэлдэх гэтэл газрын маргаан гарсан түр хүлээж бай гэсэн тул шүүхийн шийдвэрийг хүлээж ажлаа эхлээгүй болно. Манай компани нь газар тариалангийн салбарт олон жил тууштай ажиллаж аймаг, сум, улсын “Тэргүүний тариланч” хамт олноор олон удаа дараалан шалгарч, орон нутгийн төр захиргаатай хамтран нийгмийн хариуцлагаа биелүүлж ирсэн бөгөөд цаашид газар тариалангийн талбайгаа өргөжүүлэх зорилготойгоос биш бусдын талбайг хууль бусаар эзэмших, шийдвэр гаргуулах, ашиг сонирхолын зөрчил үүсгээгүй болно. Ер нь бол энэ газар бусад компанийн газартай давхацсан гэдгийг мэдээгүй.

Иймд манай компани нь Булган аймгийн Бугат сумын Бороодойд байрлах 190 га газрыг цаашид эзэмших хүсэлгүй байгаа бөгөөд гуравдагч этгээдээр оролцохоос татгалзаж байна. Харин цаашид газар тариалангийн газраа өргөжүүлэх үйл ажиллагаагаа тэлэх зорилго хэвээр байгааг уламжилж байна гэжээ.

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг  зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1.Нэхэмжлэлийн “Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр захирамж илт хууль бус тул хүчингүй болгох” тухай үндсэн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “A-” ХХК нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2-д зааснаар Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/107 дугаар захирамжаар тус сумын нутаг дэвсгэр “Бороодой” гэх газарт “НМШ” ХХК-ийн газар тариалангийн зориулалтаар эзэмшиж байсан 471 га газар буюу 3 нэгж талбар бүхий газрыг шилжүүлэн  авч эзэмшсэн болох нь “A-” ХХК-ийн 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 31 тоот, “НМШ” ХХК-ийн 2011 оны 08 дугаар сарын 1-ний өдрийн А/31 тоот “газар эзэмших гэрчилгээг шилжүүлэх тухай” хүсэлтүүд, Бугат сумын Засаг даргын 2011 оны А/107 дугаар захирамж,  2011 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 223.06 га газрыг эзэмших 0208158 дугаартай гэрчилгээ, 148.8 га газрыг эзэмших 0208159 дугаартай гэрчилгээ, 100 га газрыг эзэмших 0208160 дугаартай гэрчилгээ болон нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч Булган аймгийн Бугат сумын Засаг дарга 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “A-” ХХК-ийн эзэмшилд байгаа 3 нэгж талбарын нийт 472 /анх олгосон хэмжээ 471 га/ га газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д  заасныг үндэслэн газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “A-” ХХК нь 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдөр  тус сумын газрын даамал Ж.Ганбаттай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулж газар эзэмших эрх үүссэн бөгөөд гэрээ байгуулснаас хойш газрын төлбөрт “A-” ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 25-нд 181800 төгрөг төлсөн болох нь Төрийн банкны 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн хуулбар, мөн өдрийн Төрийн банкны кассын орлогын баримт, орлогын дансны хуулга, Бугат сумын татварын улсын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 тоот тодорхойлолт /2 дахь хавтаст хэргийн хуудас 80-85/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “1 удаа 181800 төгрөг төлсөн, 2013 оноос газрын маргаан гарсан учир төлбөрөө төлөөгүй” гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж зааснаар  газар эзэмших эрхийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлийг заажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх газар эзэмших гэрээг 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 20 жилийн хугацаатай байгуулсан болох нь уг гэрээний 6.2-т “энэхүү гэрээг 2 хувь үйлдэж, талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 20 /хорин/ жилийн хугацаатай байгуулав” гэж зааснаар нотлогдож байна. Гэтэл хариуцагч 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/107 дугаар захирамж болон газар эзэмших гэрээгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрх үүсээд 2 жилийн хугацаа дуусаагүй байхад 2013 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн А/109 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай нийцэхгүй, хууль зөрчсөн, хууль бус шийдвэр болох нь тогтоогдож байна.

Хариуцагч дээрх маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгч газраа 2 жил дараалан ашиглаагүйг хэдийнээс тооцож байгаа болон нэхэмжлэгчийг газраа ашиглаагүй гэдгийг хэрхэн шалгаж тогтоосон нь нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд  захиргааны байгууллага нь  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “ Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол ...сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, ...мэдэгдэнэ” гэж зааснаар газар эзэмшигч нь хуулийн 40.1.1-40.1.6-д заасан газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхийг нотлож шалгаж тогтоох  үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд дээрх хууль бус маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч “A-” ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн байх тул нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж, Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр захирамж илт хууль бус байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2. Нэхэмжлэлийн “ Бугат сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн А/24 тоот захирамжаар “С-” ХХК-д тариалангийн 80 га газар олгосон захирамжийг хүчингүй болгох, “A-” ХХК-Д олгосон 100 га /93 га/ газрыг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/139 тоот захирамжаар Б-д 20 га, О-д 40 га, С.Лхагвасүрэнд 40 га газруудыг шүүхийн шийдвэрий үл тоон давхардуулж илт хууль бусаар олгосон захирамжийг хүчингүй болгох”, Бугат сумын   Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны А/144 тоот захирамжаар “Т-” ХХК-д манай компаний эзэмшлийн 223 га  тариалангийн газрыг илт хууль бусаар олгосон захирамжийг хүчингүй болгох, шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах явцад Бугат сумын Засаг дарга манай компаний эзэмшлийн 190 га газрыг “Алтантошлой” ХХК-д шилжүүлэн олгосон 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/168 тоот захирамжийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэгч “A-” ХХК-аас гаргасан “Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр захирамжийг хууль бус тул хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцдаа 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 85 дугаар шүүгчийн захирамжаар “С-” ХХК, “Та-Мэд-Эрдэнэ” ХХК, иргэн Б-, О-, Л-нарын, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 88 дугаар шүүгчийн захирамжаар иргэн Ж.Ганзориг, Д.Баянбулаг, М.Гочоодорж, Ц.Наранбаатар, Д.Сайнхүү нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзэж гуравдагч этгээдээр татсан бөгөөд дээрх шүүгчийн захирамжууд  тус тус хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч нь гуравдагч этгээд  Ж.Ганзориг, Д.Баянбулаг, М.Гочоодорж, Ц.Наранбаатар, Д.Сайнхүү нарт газар эзэмшүүлсэн шийдвэрийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

Хариуцагч Булган аймгийн Бугат сумын Засаг дарга нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг 2013 оны А/109 дүгээр захирамжаар хүчингүй болгосны дараа маргаан бүхий акт нь дээд шатны байгууллага болон  шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд Бугат сумын нутаг дэвсгэр “Бороодой” гэх газарт 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/24 дүгээр захирамжаар “С-” ХХК-д 80 га газар, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/139 дүгээр захирамжаар иргэн Б-д 20 га газар, О-д 40 га газар, С.Лхагвасүрэнд 40 га газар, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/144 дүгээр захирамжаар “Та- Мэд- Эрдэнэ” ХХК-д 223 га газар, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/168 дугаар захирамжаар “А-” ХХК-д 190 га газрыг  тус тус тариалангийн зориулалтаар  олгож шийдвэрлэсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Бугат сумын Засаг дарга нь  гуравдагч этгээд “С-” ХХК-д 80 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/24 дүгээр захирамжийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/43 дугаар захирамжаар хүчингүй болгосон нь гуравдагч этгээдийн тайлбар, 2017 оны А/43 тоот захирамжаар нотлогдож байх тул “С-” ХХК-д холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хариуцагч Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2013 оны А/109 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч “A-” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх  тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж газар давхардуулан олгосон 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/139 дүгээр захирамжийн Б-, О-, Л-нарт холбогдох хэсгийг, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/144 дүгээрийн захирамжийн “Та-Мэд-Эрдэнэ” ХХК-д холбогдох хэсгийг, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/168 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зааснаар  хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.13 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3,  40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6,  61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “A-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дүгээр захирамж, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/139 дүгээр захирамжийн Б-, О-, Л-нарт холбогдох хэсгийг, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны А/144 дүгээр захирамжийн “Та-мэд-Эрдэнэ” ХХК-д холбогдох хэсгийг, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/168 тоот захирамжийг тус тус хүчингүй болгож,  үлдсэн нэхэмжлэлийн Бугат сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн А/24 тоот захирамжийг хүчингүй болгох  шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд  нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            З.ЭНХТУЯА