Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2020/0651

 

 

   Адобаз-ны нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Л, тус сумын Засаг дарга Э.Т, гуравдагч этгээд “Ар” ХХК-ийн төлөөлөгч Л.Э, түүний өмгөөлөгч Г.Б, гуравдагч этгээд “Дтиснт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч В.Э нарыг оролцуулан Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, тус сумын Засаг дарга, гуравдагч этгээд “Ар” ХХК-ийн төлөөлөгч Л.Э, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч В.Э нарын давж заалдах гомдлоор Адобаз-ынзахиргааны нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус сумын Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.2.4 дэх хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Адобаз-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 05 тоот тогтоол /тогтоолын хавсралтын 1 дүгээр баг тариа бригад 250 га гэх хэсэг/, Дэлгэрхаан сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/44 дүгээр захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг, тухайн бүс нутагт дахин газар зохион байгуулалтын төлөвлөгөө хэлэлцэн батлахгүй байхыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд, газар эзэмших эрх олгосон захирамж гаргахгүй байхыг сумын Засаг даргад даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

 Хариуцагч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анх шүүхэд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, тодруулсан бичгийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны өмнө гаргаж ирүүлснийг хариуцагч нарт гардуулж танилцуулаагүй. тайлбар хийх боломжоор хангаагүй. Нэхэмжлэлийн анх гаргасан нэхэмжлэлд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардаагүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл өөрчлөгдсөн. Газрын тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тул хүчингүй болгуулах гэсэн байснаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар илт хууль бус болохыг тогтоох хэмээн шинээр хууль зүйн үндэслэл гаргасан байна. Хариуцагч нь маргаж буй актын талаар мэдээгүй байхад хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаж, мэдээгүй актыг илт хууль бус гээд шийдсэн нь илэрхий нэг талыг барьж хууль бусаар хурал хийсэн хэмээн үзэж байна. Хариуцагч нарыг шүүх хуралдаанд оролцуулж, тайлбар хийх, мэтгэлцэх боломжоор хангаагүй. Шүүх хуралдааны өмнөх өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль улс даяар болж, Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Б, Засаг дарга О.А нар уг сонгуульд нэр дэвшигчээр оролцож байгаа учир хурал хойшлуулах хүсэлтийг утсаар шүүгчийн туслахад хэлсэн байна.

Энэ үйл баримт нь тогтоох шаардлагагүй нийтэд илэрхий үйл баримт байхад шүүх энэхүү хүндэтгэн үзэх шалтгааныг үл харгалзаж. шүүх хуралдааныг хийж, шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хангаагүй, шүүх хуралдаанд биечлэн оролцож, тайлбар өгөх боломжоор хангаагүй байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бэлчээрийн асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У. Бямбасүрэн, Хэнтий аймгийн Засаг дарга Ц.И нараар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, уг ажлын хэсгийн гишүүд болон сумын удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хэрлэнбаян-Улаанд ажиллаж. нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж хуралдсан байна. Энэхүү ажлын хэсгээс Хэрлэнбаян-Улаан аймаг дундын отрын бэлчээрийн хил заагаас тосгоны эдэлбэр газар болон тариалангийн зориулалтаар ашигладаг улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэгдсэн тариалангийн талбайнуудыг хэсэгчлэн гаргах санал гарсан. Эдгээр баримтууд хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан ба үүнийг холбогдох газраас авч хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөх, тайлбар хийх боломжоор хангасангүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанаас өмнөхөн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ өөрчилж, “...Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах” гэсэн шаардлагаа “Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-т заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн байна. Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн баримттай танилцаж тайлбар хийх боломж олгохгүйгээр шүүх хуралдааныг хийж, хэргийг шийдвэрлэсэн нь хуульд заасан мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэж үзэж байна.

Хэрлэнбаян-Улаан нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1962 оны 470 дугаар тогтоолоор Отор, тэжээлийн аж ахуй нэртэйгээр байгуулагдсан ба тухайн үед 40 гаруй машин механизмтай хөдөө аж ахуйн автограж, нефть шатахууны агуулах, тэжээлийн агуулах зэрэг байгууламжууд баригдсан, аж ахуйн захиргаа, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв, худалдаа үйлчилгээний байгууллагатай сангийн аж ахуйн төв болтол хөгжиж, газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байсан байдаг. Уг сангийн аж ахуйн ашиглаж байсан, атаршсан тариалангийн талбай нь голын зүүн хүр, цагаан дэвсэг дээр байрладаг, өвөлжөө хаваржаа байдаггүй, өвөл хаврын цагт мал оторлодоггүй газар байрладаг.

Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас маргаан бүхий газар буюу атаршсан тариалангийн талбайнуудыг тариалангийн зориулалтаар эзэмшүүлж, ашиглуулахыг хязгаарласан, хориглосон чиглэл өгч байгаагүй, харин Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 70 дугаар тогтоолоор “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийг батлахдаа “Тариалан эрхлэх эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар хүн амыг аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр тогтвортой ханган импортын хараат байдлыг арилгаж тариалангийн хөгжлийг эрчимжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино'' гэж хөтөлбөрийн зорилгыг тодорхойлоод “Атаршсан талбайг эргэлтэд оруулах замаар тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх” зорилтыг хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэсэн байна. Үүнээс хойш Засгийн газрын 2009 оны “Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 12 дугаар тогтоолоор “Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудад усалгаатай үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх, техник, тоног төхөөрөмж, үр, бордоо, ургамал хамгааллын бодисын хүрэлцээ, хангамжийг сайжруулах замаар хурааж авах ургацын хэмжээг өсгөж аймаг болон бүс нутгийн дотоодын хэрэгцээг хангах нөхцөлийг бүрдүүлэхийг холбогдох яам, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон байдаг. Иймд нэхэмжлэгч байгууллагын үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүйгээр төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, хуулиар олгогдсон эрхийн хүрээнд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан байдаг.

Иймд Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 127/ШШ2020/0018 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Ар” ХХК-ийн төлөөлөгч Л.Э давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 10 дугаар 16-ны өдрийн шүүх хуралдааны өмнө өөрчилсөн байхад хариуцагч, гуравдагч этгээдэд гардуулж, танилцуулаагүй. тайлбар хийх боломжоор хангаагүй. Анхны нэхэмжлэлийн шаардлага нь “хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр ...сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах” гэж байсан бол “...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргын захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох” гэж хууль зүйн үндэслэлийг өөрчилсөн. Үүний улмаас анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа”-ны талаар дүгнэлт хийгээгүй.

Дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөнийг гуравдагч этгээд “Ар” ХХК болон түүний өмгөөлөгч Г.Б-т анхан шатны шүүх гардуулаагүй. Хурал эхлэхийн өмнө өмгөөлөгч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөнийг гардан авъя гэж шүүгчийн туслахад хэлэхэд “Ар” ХХК-ийн гүйцэтгэх захиралд нь гардуулна гэсэн байна.

Шүүх хуралдаан эхлэхэд өмгөөлөгч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөнийг өнөөдөр сая мэдлээ, нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн баримттай танилцаж, тайлбар хийх боломжоор хангах, хариуцагч нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж, мэтгэлцэх зарчмыг ханган шүүх хуралдааныг хийх, зарим хэргийг нэгтгэх, нэмэлт нотлох баримт гаргуулах хүсэлт хэлж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мэтгэлцэх зарчмыг хангаагүй, хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлэхгүйгээр шүүх хуралдааныг хийж, хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон.

Гуравдагч этгээд болон бусад хэргийн оролцогч нар 2020 оны 09 дүгээр сарын 23-нд хэргийн материалтай танилцсанаас хойш нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснөөс гадна шүүх өөрийн санаачилгаар нэмэлт нотлох баримт бүрдүүлсэн, хэргийн оролцогчийн зүгээс нэмэлт нотлох баримт гаргаж өгсөн байхад тэдгээр нэмэлт баримтуудтай танилцаж, тайлбар хийх боломжоор хэргийн оролцогч нарыг хангаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т заасан “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх" эрхийг эдлүүлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон.

Шүүх хуралдаан эхлэхээс өмнө гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан нотлох баримт гаргуулах болон шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ямар үндэслэлээр хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, гомдол гаргах эрх боломж олгоогүй хэрнээ шүүх хуралдааныг шууд үргэлжлүүлэн явуулсан.

Гуравдагч этгээд ”Ар” ХХК-ийн өмгөөлөгч нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дараах нотлох баримтыг гаргуулах хүсэлт гаргасан байдаг:

Маргаан бүхий газрууд нь газар тариалангийн зориулалттай газрын улсын нэгдсэн тооллого, бүртгэл, зураглалд орсон байдаг эсэх болон эдгээр газруудад ямар зориулалтаар Газрын тухай хуульд заасан төлөв байдал, чанарын хянан баталгааг хийдэг талаарх нотлох баримтыг Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газраас гаргуулах

Дэлгэрхаан сумын нутаг дахь гуравдагч этгээдүүдийн эзэмшлийн газрыг хэзээнээс эхлэн Тариалангийн зориулалттай газрын ангилалд хамааруулсан болон бусад иргэн, аж ахуйн нэгж байгууллагад өмнө эзэмшүүлж, эдлүүлж байсан эсэх талаар дэлгэрэнгүй түүхчилсэн лавлагааг Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газраас гаргуулах зэрэг.

Өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг сонсоод, шүүх зөвлөлдөх тасалгаанд ороод гарч ирсний дараа шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлэв гээд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Шүүхэд гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхойгүй, ойлгомжгүй байсан учраас шүүх хуралдаан үргэлжилж байх дундуур хүсэлтийг яаж шийдвэрлэсэн гэж ойлгох уу гэж шүүгчээс асуухад хүлээж аваагүй гэхээс өөр юм хэлэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байна.

Гуравдагч этгээдийн гаргуулахыг хүссэн нотлох баримтууд нь Газрын тухай хуулийн 24.1 дэх заалт, 25, 26 дугаар зүйлд заасан газар зохион байгуулалт болоод түүний үндсэн баримт бичиг, арга хэмжээнд маргаан бүхий газар нь хэрхэн ямар байдлаар тусгагдсаныг тодруулах, улмаар анхан шатны шүүхийн шийдвэрт “Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4 дэх хэсэгт, улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтыг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэх хэмжээтэй” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой байсан, мөн нэхэмжлэгч захиргааны байгууллага нь өөрөө маргаан бүхий газартай зэргэлдээ 60 га газрыг мөн адил газар тариалангийн зориулалтаар эзэмшиж байгаа нь нэхэмжлэгч өөрийн чиг үүргээ ямар нэгэн саадгүйгээр хэрэгжүүлэх боломжтой байгааг нотлох, мөн захиргааны байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон эрх зүйн хэм хэмжээний зохицуулалтыг тодорхой болгох ажиллагаа хийгдэж байгааг нотлох нь хэрэгт чухал ач холбогдолтой байсан.

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий шаардлагатай нотлох баримтыг гаргуулах хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлээгүй, шүүх өөрөө шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчихөөс гадна шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4 дэх хэсэгт улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтыг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэх хэмжээтэй гэж заасан нь тухайн төрийн байгууллагын ерөнхий чиг үүргийг зохицуулсан заалт болохоос сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахыг хориглосон, хязгаарласан зохицуулалт биш юм.

Мөн тодорхой газар нутгийг Улсын тусгай хэрэгцээнд авсан нь тухайн газрыг иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглахыг шууд хориглосон зохицуулалт гэж үзэхгүй. Улсын тусгай хэрэгцээний газрын дэглэм, тэр дундаа газар эзэмшүүлэх, ашиглах хамгаалах асуудлыг тухайлсан хууль, эрх бүхий төрийн байгууллагын баталсан журмаар зохицуулсан байдаг. Иймд Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 127/ШШ2020/0018 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч В.Э давж заалдах гомдолдоо: “...Гуравдагч этгээд “Ар” ХХК-ийн өмгөөлөгч нь хэргийг нэг шийдвэрлүүлэх үүднээс тодорхой үндэслэл бүхий нотлох баримт гаргуулах хүсэлтийг бичгээр гаргажээ. Гэвч шүүх энэхүү хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар ямар нэг захирамж гаргаагүй байна. Зүй нь хүсэлтийг хангахгүй байхаар шийдвэрлэсэн бол энэ тухай захирамж гаргаж, энэхүү захирамжид хэргийн оролцогчдыг гомдол гаргах эрхтэй талаар тусгах шаардлагатай байсан. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн уг процесс ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхэд эргэлзэж байгаа тул давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт өгөхийг хүсье.

Анхан шатны шүүх нь хууль хэрэглээний алдаа гаргасан, Улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтыг эрхлэх чиг үүрэгтэй Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1/1585 дугаартай албан бичигтээ “Адобаз” нь холбогдох дүрэм журамд заасны дагуу “улсын тусгай хэрэгцээний газрын гэрчилгээ’’-г гаргуулж аваагүй гэдгийг нотолсон байхад анхан шатны шүүх нь энэхүү нотлох баримтыг үнэлж дүгнээгүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно" гэж заасныг нэхэмжлэгч Адобаз газар тариалангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрын эзэмших эрх нь хууль ёсны дагуу гэж үзэж болно. Харин хуулийн дагуу газар эзэмших эрх нь үүссэн бусад иргэд, хуулийн этгээдийн газрын эрхийг “улсын тусгай хэрэгцээний газар гэх үндэслэлээр” хүчингүй болгуулахаар шаардах нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Маргаан бүхий газрууд нь газар тариалангийн зориулалттай газрын улсын тооллого, бүртгэл, зураглалд орсон эсэх, Газрын тухай хуульд зааснаар эдгээр –газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг ямар зориулалттай газрын хувьд хийдэг талаар нотлох баримтыг Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газраас гаргуулах гэсэн өмгөөлөгчийн хүсэлт нь улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтыг эрхэлдэг байгууллага нь тухайн маргаантай байгаа газарт газар зохион байгуулалтын ямар тодорхой үйл ажиллагаа явуулж байсныг баримтаар нотлох ач холбогдолтой, нөгөө талаас мэргэжлийн байгууллагын хувиар хийж байсан тодорхой үйл ажиллагаа, чиг үүрэг нь нэхэмжлэгч, хариуцагч болон бусад гуравдагч этгээдийн эрх, үүргийг хязгаарлаж, хориглож, зөвшөөрч, баталгаажуулсан байсан эсэхийг тодорхойлох өөр нэмэлт ач холбогдолтой байсан юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дараах үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Адобаз нь “Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг болон Дэлгэрхаан сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/44 дугаартай захирамжийн “Ар” ХХК, “Дэвшилтэд технологи инноваци судлан нэвтрүүлэх” төв-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, мөн Хэнтий аймаг дахь “Хэрлэнбаян-Улаан"-ны аймаг дундын отрын бүс нутагт дахин газар эзэмшүүлэх, ашиглуулахаар захирамж гаргахгүй байхыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/44 дүгээр захирамжийн “Ар” ХХК, “Дтиснт” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн зарим шаардлагаа өөрчилж, үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж тайлбарласан байна.

Гэтэл анхан шатны шүүхээс өөрчилсөн нэхэмжлэлийн хувийг хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, гуравдагч этгээд “Ар” ХХК-д гардуулаагүй, гуравдагч этгээд “Дтиснт” ХХК-д 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гардуулсан боловч хариу тайлбар гаргаж, мэтгэлцэх боломж олгохгүйгээр тухайн өдрөө хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д заасан “...хариу тайлбар, нотлох баримт гаргах”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэж заасныг зөрчсөн байна.

Тодруулбал, нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаар тогтоол”-д холбогдуулан маргаагүй, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрчлөн тодруулсан нэхэмжлэлдээ Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 05 тоот тогтоол, сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/44 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн, илт хууль бус акт гэж маргасан байхад хариуцагч, гуравдагч этгээдүүдээс нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн, Газрын тухай хууль зөрчөөгүй хэмээн тайлбарласнаас өөрөөр илт  хууль бус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тайлбар гаргаж мэтгэлцээгүй, сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаар тогтоолд холбогдох тайлбар, баримтыг гаргаагүй, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй.

2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, хариуцагч, гуравдагч этгээдүүд нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хэргийн материалтай танилцсан, үүнээс хойш хэрэгт шинээр нотлох баримтууд авагдсан байхад шүүхээс хэргийн оролцогчдод нотлох баримттай танилцах боломжийг олгоогүй, энэ талаар талуудад огт мэдэгдэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д “...хэргийн материалтай танилцах” гэж заасныг зөрчсөн, тэдгээрт баримт гарган мэтгэлцэх эрхийг эдлүүлээгүй байна. Хэдийгээр хэргийн материалтай танилцах нь хэргийн оролцогчийн эрх боловч талуудыг холбогдох баримтуудтай танилцах боломж, нөхцөлөөр хангах нь шүүхийн үүрэг юм. Ийнхүү боломж, нөхцөлөөр хангагдаж, талууд хэргийн материалтай танилцсанаар мэтгэлцэх зарчим бодитойгоор хэрэгжих нөхцөл бүрдэх юм.

3. Шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Б-ээс нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай холбогдуулан нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үндэслэл заахгүйгээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй” гэж заасан ямар үндэслэл тогтоогдсон болохыг тайлбарлахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн төдийгүй гуравдагч этгээдийн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 14.6, 32.6, 54.2, 61.1, 65.1, 111.3, 119.6, 123.7 дахь хэсэгт заасан болон гуравдагч этгээдийг оролцуулахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заажээ.

Нэгэнт нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг “...отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газар” учраас эзэмшил, ашиглалтын асуудлыг Адобаз хариуцна гэх үндэслэлээр илт хууль бус шийдвэр гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, хариуцагч Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “...гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлсэн газар нь тариалангийн бүс нутагт хамаарах атаршсан газар” гэсэн тайлбар гаргасан байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Б-ийн гаргасан “маргаан бүхий газрууд нь газар тариалангийн зориулалттай газрын улсын нэгдсэн тооллого, бүртгэл, зураглалд орсон байдаг эсэх болон эдгээр газруудад ямар зориулалтаар Газрын тухай хуульд заасан төлөв байдал, чанарын хянан баталгааг хийдэг талаарх нотлох баримтыг Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газраас гаргуулах” нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

4. Анхан шатны шүүхээс маргаан бүхий газруудыг улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан байх боловч шинжээчийн дүгнэлтэд гуравдагч этгээд “Дтиснт” ХХК-д эзэмшүүлсэн газар нь аль хэсгээрээ, ямар хэмжээгээр давхцалтай болох нь тодорхойгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлийг бүрэн шалгаж дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна.

5.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан гаргавал зохих акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч нь эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтан биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсан эсхүл шаардлагатай акт гаргахаас татгалзсан шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдсон тохиолдолд захиргааны зохих акт гаргахыг захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгуулахаар нэхэмжлэл гаргах боломжтой.

Гэтэл нэхэмжлэгч “...Хэнтий аймаг дахь “Хэрлэнбаян-Улаан"-ны аймаг дундын отрын бүс нутагт дахин газар эзэмшүүлэх, ашиглуулахаар захирамж гаргахгүй байхыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан атлаа захиргааны хэзээ гаргасан, ямар татгалзал, эсхүл эс үйлдэхүйн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж маргаж байгаа болохоо тодорхойлон маргаагүй байхад тодруулаагүйн улмаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй үлджээ.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдүүдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                      Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН