Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 672

 

                                                                     Б.Г-д холбогдох эрүүгийн

                                                                               хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор А.Оюунгэрэл,

яллагдагч Б.Г-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүрийн гаргасан 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 500 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Батболдын бичсэн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 29 дугаартай эсэргүүцлээр Б.Г-д холбогдох эрүүгийн 201726030122 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овогт Б-ын Г, 1975 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүрэгт тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:/,

Б.Г нь согтуугаар, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн давтан үйлдлээр:

2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 06-07 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны гадна зогсоолд халаах гээд асаалттай орхисон байсан иргэн Б.Б-ын эзэмшлийн “Hyundai Acсent” загварын тээврийн хэрэгслийг хулгайлан авч, 1.500.000 төгрөгийн хохирол,

2017 оны 1 дүгээр сарын 23-наас 24-ний өдөрт шилжих шөнө 04-06 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын ордны баруун талд зогсоолд тавьсан байсан иргэн Г.Д-ын эзэмшлийн “Honda Fit” загварын тээврийн хэрэгслийг хулгайлан авч, 3.000.000 төгрөгийн хохирол,

2017 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумд оршин суух иргэн Э.Э-гийн гэрийн хаалганы цоожийг хөшин орж, 32 инчийн телевизор, ус буцалгагч, будаа агшаагч, “ДиДиш” хүлээн авагч зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, 790.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулж, бусдад нийтдээ 5.290.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,  

Мөн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр гадагш явахгүй байх баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Б.Г-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу “Яллагдагчийн шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх” үед шийдвэрлэвэл зохих дараах ажиллагааг гүйцэтгүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна. Үүнд:

1. Хяналтын прокурор В.Отгончимэг нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 160 дугаартай яллах дүгнэлтийг үйлдсэн ба уг яллах дүгнэлтийг 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ. Уг тэмдэглэлд “...прокурорын газрын захиргааны ажилтан Н.Энхболд би, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон В.Отгончимэг прокурорын даалгаснаар ... яллах дүгнэлтийг Б.Ганболдод эх хувиар нь гардуулан өгч тэмдэглэл үйлдэв...” гээд гардуулж өгсөн хяналтын прокурор В.Отгончимэг, тэмдэглэл үйлдсэн захиргааны ажилтан Н.Энхболд, хүлээн авсан яллагдагч Б.Г гэж гарын үсэг зурсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харъяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэж заасан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлтийг прокурор, эсхүл захиргааны ажилтан гардуулсан нь тодорхойгүй, мөн хуулийн дээрх шаардлагыг хангаагүйн гадна, прокурорын захиргааны ажилтан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурорын яллах дүгнэлтийг гардуулан өгөх үүрэг хүлээсэн этгээд биш байна. Иймээс прокурор яллах дүгнэлтийг хуульд заасан журмын дагуу гардуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2, 7, 8, 9, 10, 11 дахь хэсэг, мөн зүйлийн 6 дахь хэсгийн 6.1, 6.2, 6.3 дахь заалтуудад зааснаар оролцогч нарт хавтаст хэргийн материалыг танилцуулж, тэмдэглэл үйлдэх, оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн эсэх зэрэг ажиллагаануудыг хийлгэх шаардлагатай байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон яллагдагч Б.Г-д холбогдох 201726030122 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ц.Батболд давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...анхан шатны шүүхийн 500 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “хэргийг прокурорт буцаах” гэсэн заалтыг мөн хуулийн 33.3 дугаар зүйлд зааснаар хэрэгжүүлэхээр заасан байтал шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүйгээр хэргийг прокурорт буцааж, хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.

2. Хяналтын прокурор В.Отгончимэг 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 160 дугаартай яллах дүгнэлтийн хувийг яллагдагч Б.Г-д хүлээлгэн өгч, энэ тухай туслах ажилтан Н.Энхболд тэмдэглэл үйлдсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хяналтын прокурор В.Отгончимэг яллах дүгнэлтийн хувийг яллагдагч Б.Г-д гардуулж өгсөн болох нь тогтоогдож байна.

3. Шүүгчийн захирамжийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийлгэхээр заасан байна. Мөрдөн байцаагч уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусган 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр яллах дүгнэлт үйлдлүүлэхээр хэргийг прокурорын хяналтанд ирүүлсэн тул 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн дээрх хуулийн заалтыг биелүүлэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэл байхгүй юм.

Иймд уг шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

Яллагдагч Б.Г-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан ажиллагаа нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө хийгдэх, харин мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасан ажиллагаа нь яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа хийгдэх ажиллагаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Бидний зүгээс хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжтай холбогдуулан санал хэлэхээс илүүтэйгээр шүүх уг хэрэгт Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд Б.Г-д холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харъяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагчид, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэж маш тодорхой заасан ба хавтаст хэргийн материалд авагдсан 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 26 дугаартай “Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай” тэмдэглэлд /2хх-115/ хяналтын прокурор В.Отгончимэг гарын үсэг зурсан хэдий ч “...Хан-Уул дүүргийн прокурорын газрын захиргааны ажилтан Н.Энхболд би, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон В.Отгончимэг прокурорын даалгаснаар ... 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 160 дугаартай яллах дүгнэлтийг ... Б овогтой Г-д эх хувиар гардуулан өгч, тэмдэглэл үйлдэв...” гэсэн утга агуулга бүхий бичилтээс үзэхэд, яллах дүгнэлтийг яллагдагчид прокурор бус, прокурорын байгууллагын захиргааны ажилтан нь гардуулсан гэж ойлгогдохоор байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчихөөс гадна, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцэхгүй юм.

Түүнчлэн мөрдөгч уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж дууссаны дараа хэргийн оролцогч нарт хавтаст хэргийн материалыг танилцуулах, тэднээс гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд заасан зохих ажиллагааг гүйцэтгэсэн эсэх буюу мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг шалгах шаардлагатай байна.

Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд болон тус шүүх хуралдаанд оролцсон прокурорын дүгнэлтэд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “хэргийг прокурорт буцаах” гэсэн заалтыг мөн хуулийн 33.3 дугаар зүйлд зааснаар хэрэгжүүлэхээр заасан байтал шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүйгээр хэргийг прокурорт буцааж, хуулийн дээрх заалтыг зөрчсөн...” хэмээн дурдсаныг хүлээж авах хууль зүйн үндэслэл алга. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 33.3 дугаар зүйлд тус тус заасан “хэргийг прокурорт буцаах” заалтууд нь шүүхийн онцгой бүрэн эрхийн нэг бөгөөд нэг ойлголт мэт боловч анхан шатны шүүхийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат, цаг хугацаа, хянан шийдвэрлэх журам, процессын хувьд тус тусдаа хуулийн зохицуулалт болно.

Иймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад нийцэж байгаа учир захирамжийн дагуу ажиллагаа хийлгэхээр Б.Г-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорын газарт хүргүүлж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.