Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 001

 

                        

 

 

 

 

 

 

     2019 оны 12 сарын 23 өдөр                      Дугаар 2019/ШЦТ/01                                        Өлгий сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

БӨ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Улсын яллагч, БӨ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,

Шүүгдэгч Л.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, БӨ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Т-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.О-т холбогдох 1913003560243 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр БӨаймгийн Б суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, малчин, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг, БӨ аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С.ы овогт Л-гийн О-, регистрийн дугаар *********

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/.

Шүүгдэгч Л.О нь БӨ аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Мөргөлжин гэх нэртэй газраас зохих зөвшөөрөлгүйгээр гэрийнхээ хэрэгцээнд зориулж 18 ширхэг тэмээн харгана бэлтгэж улмаар МТЗ-80 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг. Шүүгдэгч Л.О-ийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.О нь БӨ аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Мөргөлжин гэх нэртэй газраас зохих зөвшөөрөлгүйгээр гэрийнхээ хэрэгцээнд зориулж 18 ширхэг тэмээн харгана бэлтгэж улмаар МТЗ-80 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцох үндэслэл:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

  1. Шүүгдэгч Л.О мэдүүлэхдээ: “...Урьд нь мөрдөн байцаалтад бүх зүйлийг хэлсэн болохоор одоо хэлэх зүйлгүй. Би түүж бэлтгэсэн бургасаа өөрийн эзэмшлийн трактороор тээвэрлэж сумын төвд ирээд цагдаад журамлагдсан. Гэм буруугаа хүлээж та бүгдээс миний хэргийг хөнгөлж өгнө үү гэж хүсэж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй гэдгээ амлаж байна.” гэв.

 

Мөрдөн байцаалтад:

3. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

5. Хууль бусаар бэлтгэсэн тэмээн харгана гэх ургамалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16 дугаар хуудас/,

6. Иргэний нэхэмжлэгч Б.Ш-ий өгсөн: “...Б сумын 5 дугаар багийн иргэн Л.О- нь зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Мөргөлжин гэх нэртэй газраас харгана бэлтгэсэн бөгөөд хууль бусаар бэлтгэсэн харганын экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг бүрэн төлүүлж авах хүсэлтэй байна. Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлүүлэх ёстой байдаг юм. Иймд яллагдагч Л.О-аас 450,000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

7. Гэрч Л.Ж-ы өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байсан байх Мөргөлжин гэх газарт байдаг хаваржааны хашаанд байдаг дээврийн харганыг тракторт ачсан байгаа. Би өөрөө сайн трактор барьж чадахгүй, та тракторыг барьж сумын төвд байдаг гэрт хүргэж өгөөрэй гэхээр нь тракторыг нь барьж сумын төвд ирэх үед хэсгийн цагдаад баригдаж саатуулагдсан юм. Хаваржаанд байдаг хашааны дээвэрт байсан харганыг ачсан гэсэн. Зөвшөөрөл авсан эсэхийг нь мэдэхгүй. Хуурай харгана байсан юм. Хашааны дээвэрт байсан харганыг авсан гэсэн. Нэмж харгана бэлтгэсэн эсэхийг мэдэхгүй. Хууль бус гэдгийг мэдээгүй. Урьд нь хүнээс худалдаж авсан хашааны дээвэрт байсан олон жил болсон харганыг ачсан гэж хэлсэн. Уг трактор нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Гэхдээ 2019 оны 09 дүгээр сард дүү Л.О нь 500000 төгрөгөөр худалдаж авсан юм. Уг тракторын гэрчилгээ нь алга болсон гэхдээ жил болгон татварыг нь төлж байгаа. Уг харгана нь хуурай байсан болохоор ахуйн хэрэгцээнд түлэхээр авчирсан байсан юм.” гэх мэдүүлэг. /хх-ийн 29-р хуудас/,

8. Гэрч            Х.Х-гийн өгсөн: “...Миний бие Б сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажилладаг ба миний ажил байдлын тодорхойлолтод заасны дагуу түлээ мод бэлтгэх ямар нэгэн зөвшөөрлийг би олгодоггүй бөгөөд миний бие тухайн сум хариуцсан байгаль хамгаалагчийн сумын ард иргэдэд олгосон түлээ мод бэлтгэх эрхийн бичиг авсан эсэхэд мөн тухайн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг юм. Дээрх иргэд нь сумын байгаль хамгаалагч Ж.Е-аас ямар нэгэн эрхийн бичиг аваагүй. Тухайн сумын жилд бэлтгэж ашиглах түлээ модны хязгаарыг оны эхэнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталж өгдөг юм. Уг түлээ модны дотор нь хус, улиас, бургас гэсэн модны төрлүүд багтдаг. Харин харгана болохоор ургамлын төрөлд багтдаг болохоор харганыг бэлтгэх, ашиглах, түүхэд эрхийн бичиг олгодоггүй бөгөөд хориглодог юм. Л.О-ийн харгана бэлтгэсэн газар нь сумын төвөөс 12-15 орчим километрийн зайтай “Мөргөлжин” гэх газар байдаг ба тэрээр уг харганыг хаваржааны ойролцоо байдаг Ховд голын эргээс бэлтгэсэн гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

9. Гэрч            Ж.Е-ын өгсөн: “...Б сумын иргэн Л.О, З.С нар Б сумын нутаг дэвсгэрээс харгана бэлтгэх талаар ямар нэгэн эрхийн бичиг аваагүй, байгаль хамгаалагчийн хувьд харгана бэлтгэх талаар ямар нэгэн эрхийн бичиг өгөх хуулийн заалт байхгүй. Л.О-ийн харгана бэлтгэсэн газар нь сумын төвөөс 12-15 орчим километрийн зайтай “Мөргөлжин” гэх газар байдаг ба тэрээр уг харганыг хаваржааны ойролцоо байдаг Ховд голын эргээс бэлтгэсэн гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

10. Гэрч Ж.А-ийн өгсөн: “...Миний бие Цамбагарав уулын байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагчаар ажилладаг ба миний ажил байдлын тодорхойлолтод заасны дагуу түлээ мод бэлтгэх ямар нэгэн зөвшөөрлийг би олгодоггүй юм. Тус сумын Л.О, З.С болон А.Х, Б.Е нар нь хууль бусаар түлээний мод бэлтгэсэн гэдгийг байгаль хамгаалагч Ж.Е-аас сонссон юм. Л.О нь “Мөргөлжин” гэх газарт байдаг хаваржаанаас харгана бэлтгэсэн талаар сонссон юм. Надад энэ талаар өөр мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

11. Шүүгдэгч Л.О-ийн өгсөн: “...Харгана түүж бэлтгэхдээ ямар нэгэн тусгай зөвшөөрөл аваагүй. Би хаваржааны хажууд байгаа харгануудаас ганцаараа бэлтгэж түүгээд тракторт ачаад сумын төвд ирээд баригдсан юм. Би харгана бэлтгэхэд тусгай зөвшөөрөл авдаг гэдгийг мэднэ. Тусгай зөвшөөрөл аваагүй миний буруу, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар шүүгдэгч Л.О-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. 

Шүүгдэгч Л.О нь БӨ аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Мөргөлжин гэх нэртэй газраас хууль бусаар гэрийнхээ хэрэгцээнд зориулж 18 ширхэг тэмээн харгана бэлтгэж улмаар МТЗ-80 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Л.О-ийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай “Жагсаалт батлах тухай /ховор ургамлын жагсаалт/” тогтоолын хавсралт хэсгийн 224 дугаарт “Тэмээн харгана /Caragana spinosa/” гэж  ховор ургамалд бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 37 дугаар хуудас/

Иймд шүүгдэгч Л.О-ийн үйлдэлд нь БӨ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хууль бусаар ховор ургамал бэлтгэж тээвэрлэсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

БӨ аймгийн сум дундын ой ангийн мэргэжилтэн М.Н-ы 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 88 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Б сумын 5 дугаар багийн иргэн Л.О нь тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Мөргөлжин” гэх газраас зөвшөөрөлгүй хууль бусаар бэлтгэн авч ирсэн тэмээн харгана экологи эдийн засгийн үнэлгээ нь 18 ширхэг х 5000=90000 төгрөгийн бодит хохирол учруулсан байна.” гэжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дугаарт “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасан байх тул шүүгдэгч Л.О нь ургамлын аймагт 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.О нь ургамлын аймагт учруулсан хохиролд 270,000 /хоёр зуун далан мянга/ төгрөгийг БӨ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 100020300945 дугаартай дансанд тушаасан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт гаргаж өгөв.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна.” гэж заасан байна. Иймд шүүгдэгч Л.О-ийн ургамлын аймагт учруулсан хохиролд төлсөн 270,000 /хоёр зуун далан мянга/ төгрөгийг БӨ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 100020300945 дугаартай данснаас гаргуулж, шүүгдэгч Л.О-иас ургамлын аймагт учруулсан хохирлын төлөгдөөгүй 180,000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна. 

 

Хоёр. Шүүгдэгч Л.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч Л.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшсэн, учруулсан хохирлоос төлсөн бөгөөд үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Л.О урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 51 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос төлсөн үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болон шүүх хуралдаанд талуудын гаргасан санал зэргийг тус тус харгалзан зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.  

            Учир нь шүүгдэгч Л.О-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Мөн шүүгдэгч Л.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан нөхцөлийг бүрэн хангаж байна. 

Шүүгдэгч Л.О нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч Л.О-ийг тэнссэн нэг жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.О-ийн зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 18 ширхэг тэмээн харгана, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан МТЗ-80 маркийн тээврийн хэрэгсэл зэргийг тус тус хурааж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлөхөд зарцуулж илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна. Уг МТЗ-80 маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Л.О 2019 оны 09 дүгээр сард Л.Ж-аас худалдаж авсан болох нь гэрч Л.Ж болон шүүгдэгч Л.О нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох шүүгдэгч Л.О-ийн өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Оросын холбооны Улсад 1982 онд үйлдвэрлэгдсэн “МТЗ-80” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5/150 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч С.ы овогт Л-гийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ховор ургамал бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.О-т мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Л.О-ийг тэнссэн нэг жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Л.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-ийн ургамлын аймагт учруулсан хохиролд төлсөн 270,000 /хоёр зуун далан мянга/ төгрөгийг БӨ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 100020300945 дугаартай данснаас гаргуулж, шүүгдэгч Л.О-иас ургамлын аймагт учруулсан хохирлын төлөгдөөгүй 180,000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.О-ийн зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 18 ширхэг тэмээн харгана, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан МТЗ-80 маркийн тээврийн хэрэгсэл зэргийг тус тус хурааж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлөхөд зарцуулж илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шүүгдэгч Л.О-ийн өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Оросын холбооны Улсад 1982 онд үйлдвэрлэгдсэн “МТЗ-80” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5/150 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Л.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

              10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

              11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       П.ДОРЖБАЛ