Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 014

 

БӨ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Улсын яллагч А.Т,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З,

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б-д холбогдох 1913003240266 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:     

Монгол Улсын харьяат, 1977 оны 12 дугаар сарын 01-ны өдөр БӨ аймгийн, Н суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт амьдардаг,  БӨ аймгийн Н сумын 9-р баг, Ц тосгонд оршин суух үндсэн хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Ж.м овогт А-ын Б, регистрийн дугаар БЗ................

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагийн орчимд өөрийн эзэмшлийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж Ц тосгон руу явж байх замдаа засмал зам дээр явсан ******улсын дугаартай мотоциклийг гүйцэж түрүүлж өнгөрөхдөө мөргөж авто осол гаргасны улмаас иргэн Х.А-ы амь насыг хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “Тухайн өдөр 19 цагт гэрээс гараад засмал зам руу орсон. Зам дагуу мотоцикл зөрсөн. Тэгээд гэрт очоод амарсан байсан. Шөнө цагдаа нар хүн дайрсан байна гэж хэлээд намайг хайгаад гэрт ирээд аваад явсан. Тухайн үед ямар нэгэн дуу сонсогдоогүй. Тийм байсан бол би зогсож арга хэмжээ авах байсан. 3,000,000 төгрөгийг бэлнээр төлж өгсөн. Мөн талийгаачийн амьд байхад авсан гэх 1088,300 төгрөгийн зээлийг төлж өгсөн. Үүнээс гадна бодит хохирлын үлдэгдэл 1,078,700 төгрөгийг төлж өгөхөд татгалзах зүйлгүй.” гэв.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж мэдүүлэхдээ: “2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр буцаад явж байхад араас ирж мөргөсөн. Араас ирээд мөргөөд зогсохгүй явж байгаад зайтай газар очиж зогсоод тэгээд бид нарт ирэхгүйгээр дахиад яваад өгсөн. Хохирогчийн амь насыг нэхэмжилнэ. Гомдол байхгүй. Сэтгэл санаа болон хүний амины үнэ 30,000,000 төгрөг нэхэмжилж байна.” гэв.

 

Эрүүгийн 1913003240266 дугаартай хэргээс:

Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

3. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-16-р хуудас/,

4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 17-24-р хуудас/,

5. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 26-31-р хуудас/

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: / хх-ийн 35- 37-р хуудас/,

“.... засмал зам дээр явж байхад, бидний араас 00000 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл ирж мөргөж, зогсолгүй яваад өгсөн. Мотоциклийг нөхөр болох А жолоодож, хойд талын суудалд хүү болох Е бид хоёр сууж явсан юм. Нөгөө тээврийн хэрэгсэл нь мотоциклийн хойд талаас ирж мөргөсөн ба тухайн үед мотоцикл зүүн талаар унахад хүү болох Е бид хоёр газар унасан. Харин нөгөө тээврийн хэрэгсэл нь мотоциклтэй хамт нөхөр болох А-ыг нэлээн газар луу чирээд явах шиг болохоор нь би хашхирахад нөгөө тээврийн хэрэгсэл бидний унасан газраас нэлээн зайтай газар очиж зогсоод, удаагүй, цаашаа яваад өгсөн....” гэх мэдүүлэг,

7. БӨ аймгийн авто тээврийн төвийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 11 -ний өдрийн 18 дугаартай дүгнэлт / хх-ийн 80-81-р хуудас/,

8. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 82-83-р хуудас/

9. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 5501 дугаартай дүгнэлт /хх-ийн 89-91-р хуудас/,

10. Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаартай дүгнэлт /хх-ийн 97-р хуудас/,

 11.Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:

- БӨ аймгийн Ц тосгоны захирагч Д.Еын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “А овогтой Б нь БӨ аймгийн Ц тосгоны 4-р хэсэгт оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 119/,

- БӨ аймгийн Авто тээврийн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 158 дугаартай “А овогтой Б /БЗ............/-ийн нэр дээр 1. Улсын дугаар-******, марк-УАЗ, модель-21512, аралын дугаар-178936, үйлдвэрлэсэн он-1988, өнгө-цагаан, овогт-А, нэр-Б, регистр-БЗ............, хаяг-БӨ аймгийн Н 09 цаг, Ц , утас-**************

2. Улсын дугаар-9070 БӨТ, марк-HYUNDAI модель-Excel, аралын дугаар-**********  үйлдвэрлэсэн он-1991, өнгө-цагаан, овогт-А, нэр-Б, регистр-БЗ............, хаяг-БӨ аймгийн Н 09 цаг, Ц , утас-************,

3. Улсын дугаар-4760 БӨТ, марк-TOYOTA модель-Tercel, аралын дугаар-********, үйлдвэрлэсэн он-1998, өнгө-Саарал, овогт-А, нэр-Б, регистр-БЗ............, хаяг-БӨ аймгийн Н 09 цаг, Ц , утас--*************

- Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123/,

-БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01/1099 дугаартай “А.Б- /БЗ............/-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд Ө сумын 9-р багт байршилтай 144 м.кв  талбайтай, ************ тоот улсын бүртгэлийн  дугаартай хувийн сууц, мөн тус багт 1125 м.кв талбайтай, ************   тоот улсын бүртгэлийн  дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар бүртгэгдсэн байна” гэх албан бичиг /хх-ийн 127/,

-2012 оны 12 дугаар сарын 01-ний өдөр олгосон “РД:БЗ............, овог:Ж.м эцэг /эх/-ийн нэр:А, нэр:Б, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1977/12/01, төрсөн газар:БӨ , Н , хаяг:БӨ , Н , 9-р баг, Ц , улсын бүртгэлийн дугаар:************* хүчинтэй хугацаа:2022/12/01, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 128/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо хамаарал уялдаатай, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагийн орчимд өөрийн эзэмшлийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж Ц тосгон руу явж байх замдаа засмал зам дээр явсан ******улсын дугаартай мотоциклийг гүйцэж түрүүлж өнгөрөхдөө мөргөж авто осол гаргасны улмаас иргэн Х.А-ы амь насыг хохироосон болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-16-р хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 17-24-р хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 26-31-р хуудас/, хохирогч Б.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: / хх-ийн 35- 37-р хуудас/ гэх мэдүүлэг, БӨ аймгийн авто тээврийн төвийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 11 -ний өдрийн 18 дугаартай дүгнэлт / хх-ийн 80-81-р хуудас/,  Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 82-83-р хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 5501 дугаартай дүгнэлт /хх-ийн 89-91-р хуудас/, Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаартай дүгнэлт /хх-ийн 97-р хуудас/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

БӨ аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Б-ы үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодож Х.А-ы амь насыг хохироосон” яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн  согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 55/, БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 88 тоот дүгнэлт /хх-ийн 62-р хуудас/-ээр шүүгдэгч А.Б нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдсон.

Мөн энэ гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон нөхцөл байдал нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон.

Иймд шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж Х.А-ы амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”,  510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Ж нь бодит хохирол 4,078,700, төгрөг, цалингийн зээл 1,088,300 төгрөг, нийт 5,167,000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь хохирогч Б.Ж-ийн талийгаачийн амьд байхад авсан цалингийн зээл гэх 1,088,300 төгрөгийг төлж өгсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргаж өгсөн Төрийн банкны орлогын мэдүүлэг, мөн мөрдөн шалган ажиллагааны явцад 3,000,000 төгрөгийн төлж өгсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэгдэл болох 1,078,700 төгрөгийг шүүгдэгч Д.Б сайн дураараа төлж өгөхөд татгалзах зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Мөн хохирогч Б.Ж нь сэтгэл санааны хохирол гэж мөрдөн байцаалтын шатанд 25,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт 30,000,000 нэхэмжилсэн болно.

Энэхүү сэтгэл санааны хохирол гэж нэхэмжилсэн 30,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.   Учир нь,

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуульд хүний амь хохирсон тохиолдолд сэтгэл санааны хохиролд төлөх мөнгөн дүнг тодорхойлоогүй тул шүүх сэтгэл санааны хохирлын хэмжээг шууд тооцон гаргуулах боломжгүй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Б-д үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлоос төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч А.Б урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 123/ тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч А.Б-ы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлсөн, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа, ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тус тус харгалзан шүүгдэгч А.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Шүүгдэгч А.Б-д шүүх хорих ял шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                            

1. Шүүгдэгч Ж.м овогт А-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч А.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан 1 /нэг/ хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9-д тус тус зааснаар шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шүүгдэгч А.Б-аас 1,078,700 /нэг сая далан найман мянган долоон зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Ж-д олгож, хохирогч Б.Ж нь сэтгэл санааны хохирол гэж нэхэмжилсэн 30,000,000 /гучин сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           А.ДАУРЕНБЕК