Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 020

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Улсын яллагч, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ф,

Шүүгдэгч Ш.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2013000130005 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ц сумд төрсөн, 25 настай, эмэгтэй, яс үндэс Тува, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Арвин” ресторанд зөөгч ажилтай, Ө сумын 0  дугаар багт оршин суудаг, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-ээр гэм буруутайд тооцож, хоорондоо эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Ш-гийн Э, регистрийн дугаар БЛ...........................

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ш.Э нь 2019 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 02 цагийн үед БӨй аймгийн Ө сумын 00 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 340 дүгээр ангийн ажилчдын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ойлголцох маргааны улмаас Д.Д-гийн нүдэн тус газарт нударгаараа зодсоноос түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Э мэдүүлэхдээ: “...Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэв.

Эрүүгийн 2013000130005 дугаартай хэргээс:

Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

2. Хохирогч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 13-15-рх/,

“...миний бие 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ө сумын 0 дугаар багт байрлах 340 дүгээр ангийн байранд байдаг найз Ш.Э-гийн гэрт нь очиход тэнд үл таних 3 залуу байсан. Бид Ш.Э-гийн гэрт 2,5 литрийн шар айраг уусан юм. Тэгээд би Ш.Э-д казах хэлээр ярьсан чинь чи надад казах хэлээр ярилаа гээд шууд миний зүүн талын нүд рүү нударгаар хоёр удаа цохисон юм. Тэгээд тэнд байсан залуус салгаж авсан” гэх мэдүүлэг,

3. Шүүх шинжилгээний албаны шинжээч Е.Б-ы 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: /хх-ийн 20-рх/,

Бодит үзлэг: Биеийн ерөнхий байдал дунд ухаан санаа саруул, ас асуултад зөв хариулна, байрлал идэвхтэй, хүүхэн хараа 2 талд ижил, дугараг гэрлийн урвалд жигд оролцоно, нүдний алимын чичирхийлэлт үгүй, дагзны булчингийн хөшилд үгүй. хамар уруулын нугалаас 2 талд ижил, хэл гсгэв шугамаар, мөчдөд саа саажилтгүй, хамар хурууны сорилд алдагдахгүй, өнгөц ба гүний мэдрэхүй хэвийн, шөрмөсний рефлекс хэвийн, тархины 12 хос мэдрэл голомтот өөрчлөлтгүй, Ромбергийн сорилд тэнцвэртэй.

Хэсэг газрын үзлэг: Зүүн талын нүдний дээд доод зовхи хацрын төвгөрийн хэсгийг хамарсан хөх ягаан өнгийн цус хуралттай.

 

Дүгнэлт хэсэгт:

1. Иргэн Д.Д-гийн зүүн талын нүдний дээд доод зовхи хацрын төвгөрийн хэсгийг хамарсан хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-- зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна, бусдад зодуулснаас үүсэх боломжтой.

4. Яллагдагч Ш.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн /хх-ийн 25-рх/,

 “...Гэрт очоод бид 5 нийлээд нэг том 2,5 литрийн хэмжээтэй “Сэрүүн" нэртэй пиво хуваагаад ууж байтал Д.Д гэртээ харилаа гэхээр нь би одоо оройтчихлоо хоноод явчих гэхэд Э.А-гийн найз нь би хүргээд өгье гэхээр нь шөнө орой болсон хойно согтсон найзыгаа танихгүй залуутай явуулбал маргааш нь юу ч болох юм гэж бодоод явуулахгүй гэхэд Д.Д чи өөрөө наад хоёр залуутайгаа үлдэхгүй юу гэхээр нь уурандаа гараараа нэг удаа зүүн талын нүд рүү нь цохисон” гэх мэдүүлэг

5. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:

- Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/,

- Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 28/,

- Иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа, тодорхойлолт өгөх нэгдсэн маягт “БЛ.......................... регистрийн дугаартай, Д овогтой Ш-гийн Э нь БӨй аймгийн Ө сумын 13 дугаар баг, Жана ауыл, 16 гудамж, 16 тоотод оршин суудаг” гэх оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33/,

- Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн “Иргэн Ш.Э /БЛ........................../-ийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд  бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 34/,

- 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр олгосон “РД:БЛ.........................., овог:Д, эцэг /эх/-ийн нэр:Ш, нэр:Э, яс үндэс:Монголын харьяат бусад ястан үндэстэн, хүйс:Эмэгтэй, төрсөн огноо: 1994/08/08, төрсөн газар:БӨй, Цэнгэл, хаяг:БӨй, Ө 13-р баг, Жана ауыл, 16 гудамж, 16 тоот, улсын бүртгэлийн дугаар:**************, хүчинтэй хугацаа:2019/09/07, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Шүүгдэгч Ш.Э нь 2019 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 02 цагийн үед БӨй аймгийн Ө сумын 0000 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 340 дүгээр ангийн ажилчдын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ойлголцох маргааны улмаас Д.Д-гийн нүдэн тус газарт нударгаараа зодсоноос түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь  хохирогч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 13-15-рх/, шүүх шинжилгээний албаны шинжээч Е.Б-ы 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-рх/, шүүгдэгч Ш.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.Э-гийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл Ш.Э- нь бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Д-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.  

            Иймд шүүгдэгч Ш.Э-д Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Д-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд “Ш.Э надаас уучлалт гуйж бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн: Надад хохирлын талаар маргаан байхгүй” гэх хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

  1. Шүүгдэгч Ш.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-гийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ш.Э урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 26/, Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 28/ зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ш.Э-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ш.Э нь цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Шүүгдэгч Ш.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг БӨй аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, мөн хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д овогт Ш-гийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э-г 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Шүүгдэгч Ш.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шүүгдэгч Ш.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг БӨй аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй. 
  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨй аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           А.ДАУРЕНБЕК