Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 003

 

БӨ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Хэлмэрч А.Е,

Улсын яллагч, БӨ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Б,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.М,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.З,

Шүүгдэгч С.А, өсвөр насны шүүгдэгч Ш.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, БӨ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913003890261 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1996 оны 11 сарын 26-ны өдөр БӨ аймгийн Н суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт хамт амьдардаг, БӨ аймгийн Н сумын 4 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, А овогт С-гийн А, регистрийн дугаар БЗ...................

2. Монгол Улсын иргэн, 2002 оны 08 сарын 01-ны өдөр БӨ аймгийн Н суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 9, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, БӨ аймгийн Н сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж.а овогт Ш-гийн Ш, регистрийн дугаар Б3.................

Шүүгдэгчийн нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч С.А, Ш.Ш нар бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 09-нээс 10-нд шилжих шөнө БӨ аймгийн Н сумын 7 дугаар багийн иргэн А.Ж-ын байшингийн хажууд тавьсан байсан “НАILISHI” маркийн хөлдөөгч болон хөлдөөгчийн дотор байсан төмөр данх 2 ширхэг, буузны төмөр тогоо 1 ширхэг, шаазан аяга 20 ширхэг, цахилгаан тоолуур 1 ширхэг, хоолны халуун сав 1 ширхэг, 10 литрийн цагаан өнгийн төмөр тогоо 1 ширхэг зэргийг тус тус хулгайлсан,

Шүүгдэгч С.А нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө БӨ аймгийн Н сумын 7 дугаар багт байрлах иргэн А.Е-ын хашаанд байсан “Мустанг-5” маркийн цэнхэр өнгийн 41-92 БӨЗ улсын дугаартай мотоциклийг хулгайлсан,

2019 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө БӨ аймгийн Н сумын 7 дугаар багийн иргэн А.М-ийн хашаанд байсан нарны гэрлийн толь 1 ширхэг, 60 вольтын аккумлятор 1 ширхэг, 80 вольтын аккумлятор 1 ширхгийг тус тус хулгайлсан,

2019 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө БӨ аймгийн Н сумын 7 дугаар багийн иргэн А.Г-гийн байшингийн хаалгыг эвдэж, байшин дотор байсан 30 кг ааруул, гүзээнд хийсэн 20 кг шар тос, 20 кг улаан ээзгий, 20 кг цагаан ээзгий, бломберг маркийн плитка 1 ширхэг зэргийг тус тус хулгайлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2.1, 2.4 дүгээр зүйлд хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.А, Ш.Ш нар бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 09-нээс 10-нд шилжих шөнө БӨ аймгийн Н сумын 7 дугаар багийн иргэн А.Ж-ын байшингийн хажууд тавьсан байсан “НАILISHI” маркийн хөлдөөгч болон хөлдөөгчийн дотор байсан төмөр данх 2 ширхэг, буузны төмөр тогоо 1 ширхэг, шаазан аяга 20 ширхэг, цахилгаан тоолуур 1 ширхэг, хоолны халуун сав 1 ширхэг, 10 литрийн цагаан өнгийн төмөр тогоо 1 ширхэг зэргийг тус тус хулгайлсан,

Шүүгдэгч С.А нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө БӨ аймгийн Н сумын 7 дугаар багт байрлах иргэн А.Е-ын хашаанд байсан “Мустанг-5” маркийн цэнхэр өнгийн 41-92 БӨЗ улсын дугаартай мотоциклийг хулгайлсан,

2019 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө БӨ аймгийн Н сумын 7 дугаар багийн иргэн А.М-ийн хашаанд байсан нарны гэрлийн толь 1 ширхэг, 60 вольтын аккумлятор 1 ширхэг, 80 вольтын аккумлятор 1 ширхгийг тус тус хулгайлсан,

2019 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө БӨ аймгийн Н сумын 7 дугаар багийн иргэн А.Г-гийн байшингийн хаалгыг эвдэж, байшин дотор байсан 30 кг ааруул, гүзээнд хийсэн 20 кг шар тос, 20 кг улаан ээзгий, 20 кг цагаан ээзгий, бломберг маркийн плитка 1 ширхэг зэргийг тус тус хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Шүүхийн хэлэлцүүлэгт:  

1. Шүүгдэгч С.А-ийн өгсөн: “...Бусдын эд хөрөнгүүдийг хулгайлсан үйлдлүүдээ бүгдийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний ард жирэмсэн эхнэр, бага насны 2 хүүхэд минь маань үлдэж байна. Энэ байдлыг харгалзан хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү. Хохирогч нарт учирсан бүх хохирлыг төлж барагдуулсан байгаа. Дахиж ийм хэрэг хийхгүй гэдгээ амлаж байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

2. Өсвөр насны шүүгдэгч Ш.Ш-ы өгсөн: “...Нэгэнт хулгай хийсэн. Би уг нь хулгай хийе гэж бодоогүй. Энэ залуу намайг дуудаад ийм хэрэгт холбогдлоо. Дахиж ийм хэрэг үйлдэж та бүхний өмнө ирэхгүй гэдгээ амлаж байна. Нэг удаа уучлалт өгч хуулийн хөнгөлөлт үзүүлж ялыг минь тэнсэж өгнө үү.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

3. Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.М: “...Хүүд минь нэг удаа уучлалт үзүүлэхийг хүсэж байна. Хулгайн хэрэгт холбогдсонд нь харамсаж байна. Эцэг нь хэвтэрт байдаг болохоор айлын том хүүхдийн хувьд Ш.Ш малдаа явах гадуур дотуур бүх ажлыг амжуулдаг ганц хүүхэд минь. Дахиж ийм хэрэг үйлдүүлэхгүй хараа хяналтандаа байлгах болно. Тийм учраас хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

- Мөрдөн байцаалтад:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-20 дугаар хуудас/

2. Эд зүйлд үзлэг хийсэн, эд мөрийн баримтаар хураан авсан болон эд зүйлүүдийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-29 дүгээр хуудас/,

3. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримаар хураан авч эд зүйлд үзлэг хийж хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-38, 43-53 дугаар хуудас/,

4. Хохирогч    А.Г-гийн өгсөн: ”...2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сумын төвд байдаг манай өвлийн байшинд хулгай орж 2 шуудай ааруул, гүзээнд хийсэн 30 кг шар тос, улаан эзгий 20 кг, цагаан эзгий 20 кг, дөрвөн нүд бүхий мэдрэмжтэй, бломбер маркийн плетка, жимобайлын гар утас зэргийг тус тус алдсан. Үүнээс 50 кг ааруул, 9 кг шар тос, 20 кг цагаан эзгий, 20 кг улаан эзгий, бломбер маркийн плетка зэргийг буцааж авсан. ...Одоо 70 кг ааруул, 21 кг шар тос, жимобайл маркийн гар утас зэргийг аваагүй. Нийт 1.920.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-н 61-64 дүгээр хуудас/,

5. Хохирогч    А.Ж-ын өгсөн: “...2019 оны 10          дугаар сарын 10-ны өдөр Н сумын төвд байдаг хашаан дотор “Хайлиши” маркийн хөлдөөгч байсан юм. Маргааш өглөө босоод гадаа гартал миний хөлдөөгч алга болчихсон байсан ба хөлдөөгчийн дотор байсан төмөр данх 2 ширхэг, буузны төмөр тогоо 1 ширхэг, шаазан аяга 20 ширхэг, цахилгаа- тоолуур 1 ширхэг, хоолны халуун сав 1 ширхэг зэргийг алдсан. Дараа нь дээрх эд зүйлүүдийг хүлээж авсан. ...Энэ хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулж авсан. ...Хэргийн материалтай танилцахгүй.” гэх мэдүүлэг /хх-н 67-70 дугаар хуудас/,

6. Хохирогч    А.М-ийн өгсөн: “...2019 оны  10 дугаар сарын 17-ны өдөр орой нарны гэрлийн толь болон 2 ширхэг аккумляторыг байшингийн хажууд тавьсан байсан. Маргааш өглөө босоод гадаа гартал миний нарны гэрлийн толь, 2 ширхэг аккумлятор алга болсон байсан. Дараа нь хулгайд алдсан эд зүйлүүдээ хүлээж авсан. Энэ хэргийн улмаас 600.000 төгрөгийн хохирол учирсан ба үүнийг бүрэн төлүүлж авсан.” гэх мэдүүлэг /хх-н 73-76 дугаар хуудас/,

7. Хохирогч А.Е-ын өгсөн: “...Миний бие 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр орой Н сумын төвд байдаг хашаандаа өөрийн эзэмшлийн 41-92 БӨЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоциклийг байшингийн хажууд түшүүлээд тавьсан байсан. Маргааш өглөө нь босоод гадаа гартал миний мотоцикл алга болчихсон. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр миний мотоциклийг Н сумын “Шар харгана” гэх хээр хөдөө газарт аваачиж булсан байсныг сумын цагдаа нар олж илрүүлсэн.... Би 2018 оны 11 дүгээр сард 1.800.000 төгрөгөөр шинээр худалдаж авсан мотоциклээ хулгайд алдсан бөгөөд уг мотоциклийг хүлээж авсан. Харин мотоциклийн шатахуун хийдэг банк нь эвдэрсэн байна. Мөн аккумлятор нь ажиллахгүй байна. Иймд би дээрх эд зүйлүүдийг нэхэмжлэх болно. Мотоциклийн банк нь 120.000 төгрөг, аккумлятор нь 30.000 төгрөг байна. Ингээд нийт 150.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-н 80-83 дугаар хуудас/,

8. Иргэний нэхэмжлэгч М.Ү-ийн өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Тирлик зах дотор цагаан идээ зардаг өөрийн байранд байхад өдрийн 14 цагийн үед үл таних нэг залуу ирж та ааруул шар тос бөөндөж авах уу? би ааруул, шар тос бөөндөж явж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би ааруул, шар тосоо аваад ир харж байгаад авна гэхээр нөгөө залуу яваад цагийн дараа хажуудаа үл таних эмэгтэй хүн дагуулж ирж, та ааруул, шар тосыг авах уу? бид нар машинаар аваад ирсэн. Тирлик захын гадна байна гэхээр бид гурав Тирлик захаас гараад очиход цагаан өнгийн Тоёото Естима маркийн машин байсан ба уг машины хаалгыг онгойлгож дотор нь байсан 2 шуудай ааруул, гүзээтэй шар тос 2 ширхэг тус тус байсныг хараад бид нар хоорондоо тохиролцож, уг залуугаас 90 кг хатаасан ааруул, 32 кг гүзээтэй шар тос авсан. Ааруулын нэг кг-ыг 11.000 төгрөгөөр, шар тосын 1 кг-ыг 15.000 төгрөгөөр тус тус нийт 1.470.000 төгрөг гарснаас 870.000 төгрөгийг бэлэн өгсөн. Үлдсэн мөнгийг 7 хоногийн дараа авахаар тохиролцсон  Би тухайн залуугаас ааруул, шар тосыг авчирч өгөх үед чиний аав, ээж байгаа юу, энэ цагаан идээ ямар чанартай бэ, энэ танай ааруул, тос мөн үү гэж асуухад хажуудаа байгаа эмэгтэй хүнийг зааж манай эхнэр байгаа юм, бид нар өөрсдөө авдаг гэж хэлсэн. Тэгээд би итгэсэн юм. Би тухайн үед хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Би 90.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-н 85-86 дугаар хуудас/,

9. Гэрч Х.А-ийн өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр орой 21 цаг 30 минутын үед манай гэрт цагаан өнгийн Тоёото Естима маркийн тээврийн хэрэгслээр С.А хажуудаа нэг залуугийн хамт явж байсан. Тэгээд С.А надад би Казакстан улс руу нүүх гэж гэрийн барааг зарж байна, танайд түр плитка, хөлдөөгч хоёрыг тавья гэж манай гэрт хөлдөөгч, плитка хоёрыг буулгаж 2 сарын дараа ирж авна гэж хэлээд явсан.” гэх мэдүүлэг /хх-н 92-93 дугаар хуудас/,

10. Шүүгдэгч С.А-ийн өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн үед Н сумын төв буюу 7 дугаар багт байрлах Ш хочтой, Е гэх хүний гэрийн гадна явж байхад тэдний хашаан дотор цэнхэр өнгийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн мотоцикл байхыг хараад уг мотоциклийг хулгайлж аваад тэмээгээ хайж ирэх бодол төрсөн. Тэгээд би тус өдөр 23 цагийн үед тэдний хашаанд байсан мотоциклийг өөрөө ганцаараа очиж хашааны гадна гаргаж аваад, хянах самбарын утсыг тасалж, мотоциклийг холбон асааж өөрөө жолоодож аваад гэр лүүгээ ирж амбаарт оруулж нуугаад амарсан. Ингээд маргааш нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өглөө 07 цагийн үед уг мотоциклийг амбаараас гаргаж аваад тус сумын “Хар магнай” гэх газарт очиж тэмээгээ хайгаад буцаж орой 20 цагийн үед гэртээ ирж мотоциклийг амбаарт оруулж тавьсан. Үүнээс хойш уг мотоциклийг гаргаагүй. Ингээд би 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шөнийн 00:30 минутын үед уг мотоциклийг дүү болох Ш.Ш-ы хамт “Шар харгана” гэх газар луу аваачиж газар ухаж, мотоциклийг шороогоор булж нуусан. Дараа нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Жанат гэх хүнээс нүүрс худалдаж авахаар дүү болох Ш.Ш-тай хамт очсон. Тэгсэн тэдний байшингийн гадна цагаан өнгийн том хөлдөөгч байсан /гаднах бичгийн одоо санахгүй байна/. Тэгэхээр нь Ш.Ш бид хоёр уг хөлдөөгчийг хулгайлаад манай гэрт авчирч тавьсан. Тухайн үед Ш.Ш өөрийнхөө мотоциклээр явж байсан ба би уг хөлдөөгчийг оосроор, нуруундаа бэхэлж байрлуулаад, Ш.Ш-ы хойно сууж ирсэн. Тэгээд гэртээ ирээд хөлдөөгчийг онгойлгож үзэхэд дотор нь 2 ширхэг төмөр данх, шаазан аяга 20 ширхэг, буузны төмөр тогоо 1 ширхэг, цахилгаан тоолуур 1 ширхэг, хоолны халуун сав 1 ширхэг, цагаан өнгийн 8-10 литрийн 1 ширхэг тогоо байсан. Ингээд дээрх эд зүйлүүдийг гэртээ байрлуулж тавиад 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өөрийн Естима маркийн машинд ачиж дүү Ш.Ш, эхнэр Б болон 2 хүүхдийн хамт аймгийн төвд ирж танил болох А ийн гэрт очиж буулгасан. Дараа нь ?019 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Н сумын 7 дугаар багт байрлах А.М гэх айлын хашаан дотор байсан 2 ширхэг аккумлятор, нарны цэнэгийн толь хоёрыг хулгайлж аваад гэртээ авчирч тавьсан. Тэгээд дараа нь хамаатны ах болох Б гэх хүнд аккумлятор болон нарны цэнэгийн толь хоёрыг түр хэрэглүүлэхээр өгсөн бөгөөд Р-д хулгайн эд зүйл гэдгийг хэлээгүй. Ингээд дараа нь 2019 оны 10 дугаар арын 25-ны өдрөөс 27-нд шилжих шөнө тус сумын 7-р багт байрлах А.Г гэх хүний байшингийн хаалганы цоожийг арматур төмрөөр эвдэлж ороод дотор нь байсан 30 кг буюу шуудай ааруул, гүзээнд хийсэн 20 кг шар тос, улаан эзгий 20 кг, цагаан эзгий 20 кг, ломберг маркийн мэдрэмжтэй орчин үеийн плитка зэрэг эд зүйлүүдийг хулгайлж аваад нэг нэгээр нь өргөж, гэр лүүгээ авчирч тавьсан. Ингээд үүнийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр аймгийн төвд ирж цагаан идээ борлуулдаг үл таних эмэгтэйд зарсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Мөн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өөрийн машинаар эхнэр Б, дүү Ш.Ш нарын хамт аймгийн төвд ирсэн ба тухайн үед би хулгайлсан хөлдөөгч, плитка бусад эд зүйлүүдийг ачиж ирсэн. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Ш.Ш нь надтай хамт Х-ын байшингийн гаднаас хөлдөөгч хулгайлахад хамт явсан. Мөн дараа нь хулгайлсан мотоциклийг нуух үед хамт явсан. Өөр хоёр удаагийн хулгай хийхэд Ш.Ш оролцоогүй. Мөн Ш.Ш-аас өөр хүн надтай хамт хулгай хийгээгүй. Өөр ямар нэгэн хүний оролцоо байхгүй. Нэмж шалгуулах зүйл байхгүй. А.Г-гийн байшингаас хулгай хийх үед би өөрийн “Тоёото Естима” маркийн тээврийн хэрэгслээр явж байсан бөгөөд хулгайлсан эд зүйлүүдийг өөрийн машиндаа ачиж гэр лүүгээ авчирсан. Би анх удаа мэдүүлэг өгөх үед тээврийн хэрэгслээр явж байсан гэдгийг хэлж өгсөн. Дараа нь яллагдагчаар татагдсаны дараа мэдүүлэг өгөх үед айж сандраад хулгайлсан эд зүйлүүдийг нэг нэгээр нь өргөж гэр лүүгээ хүргэсэн гэж худлаа хэлсэн болно.” гэх мэдүүлэг /хх-н 147-151 дүгээр хуудас/,

11. Өсвөр насны шүүгдэгч Ш.Ш-ы өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хадланд яваад А ахынд очсон. Ингээд тэдний гэрээс цай ууж аваад гэр лүүгээ явах гэхэд А ах доод талын гудамжинд байрлах айлаас эд зүйл аваад ирье гэж хэлсэн. Тэгээд би А ахтай хамт өөрийн мотоциклээр Ж гэх айлын гадна очиход байшингийн гадна цагаан өнгийн том хөлдөөгч байсан. Тэгсэн А ах уг хөлдөөгчийг гэр лүүгээ авч явна гэхээр нь би яаж байгаа юм бэ? гэхэд чи зүгээр дуугаа яв гэж хэлсэн. Тэгээд уг хөлдөөгчийн гадна талаас оосроор боогоод миний мотоциклээр тээвэрлээд А ахын гэрт хүргэсэн. Тухайн үед мотоциклийг би өөрөө жолоодоод А ах миний ард сундлаад хөлдөөгчийг нуруундаа оосроор бэхэлж байрлуулаад тэднийд ирсэн. Ингээд би 22 цагийн үед гэр лүүгээ яваад өгсөн. Манайх Н сумаас 25 км-ийн зайтай байрлах “Б” гэх газарт оршин суудаг юм. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр орой 20 цагийн үед ах болох А нь над руу залгаж тэмээгээ алдсан. Чи хүрээд ирээч 2-лаа хамт явж хайгаад ирье гэхээр нь би өөрийн “Даян” маркийн мотоциклээр сумын төвд оршин суух ах болох А-ийн гэрт ойролцоогоор 22 цагийн үед ирсэн. Тэгсэн тэдний гэрт А ах, эхнэр нь Б болон хоёр хүүхдийн хамт байсан. Тэгтэл А ах хэдүүлээ аймаг руу яваад ирье тэмээгээ дараа нь хайхад яаралтай ажил гарсан гэхээр нь би тэгвэл би гэр лүүгээ явж байх уу? гэж хэлэхэд А ах миний машины дугуйнууд нь хуучин юм. Чи бид нартай хамт яваад ирээч харанхуйд дугуй хагарвал хэцүү байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэд нартай хамт аймгийн орохоор болсон. Тэгсэн А ах нөгөө бид хоёрын хулгайлсан хөлдөөгчийг машиндаа ачсан. Ингээд А ахын Естима маркийн машинаар миний бие, эхнэр нь Б болон 2 хүүхдийн хамт сумаас гараад аймгийн төвд байрлах Б эгчийн ах нь С гэх айлд ирээд Б эгчийг буулгаад нөгөө хөлдөөгчийг өөр нэг айлд буулгахаар А ахтай хамт явсан. Тэгсэн А найз нь гэх айлд очсон ба нэг залуу гараад ирсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо ярилцаж байсан. Би тухайн үед машин дотор сууж байсан. Ингээд нөгөө хөлдөөгчийг уг айлд буулгаад А бид хоёр С гэх айлд ирж унтаж амарсан. Ингээд маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр орсон бид хэд аймгаас гараад Н сум орж А ахынд очсон. Тэгээд тэнд байж байхад А ах намайг гадагшаа дагуулж гараад би Ш хочтой Е гэх хүний мотоциклийг хулгайлж аваад амбаар дотор нуусан байгаа. Хоёулаа хамт яваад дам оруулаад ирье гэж амбаар дотор байсан цэнхэр өнгийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн мотоциклийг харуулсан. Тэгэхээр нь би татгалзаж би очиж чадахгүй гэж хэлсэн боловч хүч өгөөгүй. Тэгээд бид хоёр нөгөө мотоциклийг амбаараас гаргаж аваад уг мотоциклийг ах А унаж аваад би өөрийн мотоциклээр “Шар харгана” гэх газар луу очиж газар ухаад уг мотоциклийг шороогоор далдалж булцгаасан. Ингээд тэндээс А бид хоёр миний мотоциклээр тэдний гэрийн гадна ирээд Аийг буулгаад би цаашаа гэр лүүгээ явсан. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-н 155-156 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч С.А нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдын эд хөрөнгийг, хэн нэгэн хүнд хүч хэрэглэлгүй өмчийн эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдаж хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч С.А нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж,

Өсвөр насны шүүгдэгч Ш.Ш нь хулгайлах гэмт хэрэг үйлдэх санаа зорилго анхнаасаа байхгүй хэдий ч үйлдэл дээрээ нэгдэж тухайн цаг хугацаанд бусдын эд хөрөнгийг хулгайлж байгаагаа мэдсээр байж түүнээс татгалзалгүй хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж тус тус үйлдсэний улмаас хохирогч нарт эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч С.А, өсвөр насны шүүгдэгч Ш.Ш нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.А, өсвөр насны шүүгдэгч Ш.Ш нар нь хохирогч нар болон иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь эд зүйлд үзлэг хийж хохирогч нарт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон хохирлоо бүрэн барагдуулж авсан талаар өгсөн хохирогч нар, иргэний нэхэмжлэгчийн тайлбар мэдүүлэг болон шүүгдэгч С.А-ийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан 4 хуудас баримт зэргээр тус тус тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.А, өсвөр насны шүүгдэгч Ш.Ш нарыг хохирогч нар болон иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгч С.А, өсвөр насны шүүгдэгч Ш.Ш нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.А, өсвөр насны шүүгдэгч Ш.Ш нарт үйлдсэн дээрх гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч шүүгдэгч С.А, өсвөр насны шүүгдэгч Ш.Ш нар нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар болон иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлоо биет байдлаар болон үнийн дүнг нөхөн буцаан төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй байгааг шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.А, өсвөр насны шүүгдэгч Ш.Ш нар урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 159, 168 дугаар хуудас/ тогтоогдож байна.  

Өсвөр насны шүүгдэгч Ш.Ш нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 2 сар 9 хоногтой байсан байна. Энэ нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаа болон мөрдөгчийн өсвөр насны шүүгдэгч Ш.Ш-ы насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 166, 188 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж шүүгдэгч нарыг буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялын хоёрны нэгээс багагүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-т оногдуулсан 1 жил 1 сарын хугацаатай хорих ялыг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.  

Өсвөр насны шүүгдэгч Ш.Ш-д шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад төлөх хохирол төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйл, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ш.Ш-д мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д заасан “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг хүлээлгэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ш.Ш-д оногдуулсан “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг хэрэгжүүлэхийг БӨ аймаг дахь хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг эх Т.М нарт тус тус даалгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан өөрийн өмчлөлийн “Тоёота Эстима” маркийн 94-11 улсын дугаартай тээврийн хэрэгсэл, өсвөр насны шүүгдэгч Ш.Ш-ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан өөрийн өмчлөлийн “Даян” маркийн мотоцикл зэргийг тус тус хурааж улсын орлого болгох нь зүйтэй. Иймд хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болох шүүгдэгч С.А-ийн өмчлөлийн “Тоёота Эстима” маркийн 94-11 улсын дугаартай тээврийн хэрэгсэл, өсвөр насны шүүгдэгч Ш.Ш-ы өмчлөлийн “Даян” маркийн мотоцикл зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.А, өсвөр насны шүүгдэгч Ш.Ш нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдний хувийн баримт бичиг шүүхэд шилжин ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан 4 хуудас баримтыг хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.А-т хорих ял шийтгэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолж, өсвөр насны шүүгдэгч Ш.Ш-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч А овогт С-н А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1, 2.4-д заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд,

Өсвөр насны шүүгдэгч Ж.а овогт Ш-гийн Ш-ыг “Хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан шүүгдэгч С.А-т мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1, 2.4-д зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ш.Ш-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйл, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-т оногдуулсан 1 жил 1 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ш.Ш-д мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д заасан “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг хүлээлгэсүгэй. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ш.Ш-д оногдуулсан “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг хэрэгжүүлэхийг БӨ аймаг дахь хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг эх Т.М- нарт тус тус даалгасугай.

7. Шүүгдэгч С.А, өсвөр насны шүүгдэгч Ш.Ш- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар болон иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдний хувийн баримт бичиг шүүхэд шилжин ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан 4 хуудас баримтыг хэрэгт хадгалсугай.

8.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан өөрийн өмчлөлийн “Тоёота Эстима” маркийн 94-11 улсын дугаартай тээврийн хэрэгсэл, өсвөр насны шүүгдэгч Ш.Ш-ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан өөрийн өмчлөлийн “Даян” маркийн мотоцикл зэргийг тус тус хурааж улсын орлого болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч С.А-ийн өмчлөлийн “Тоёота Эстима” маркийн 94-11 улсын дугаартай тээврийн хэрэгсэл, өсвөр насны шүүгдэгч Ш.Ш-ы өмчлөлийн “Даян” маркийн мотоцикл зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолж, өсвөр насны шүүгдэгч Ш.Ш-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.А, өсвөр насны шүүгдэгч Ш.Ш нарт энэ тогтоолоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ДОРЖБАЛ