| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2019/0194/Э |
| Дугаар | 010 |
| Огноо | 2019-12-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 010
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Улсын яллагч, БӨ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Т,
Гэрч Д.Ө,
Хохирогч Б.Б,
Хохирогчийн өмгөөлөгч Т.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгчид А.С, С.Н,
Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, БӨ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д-ий А-т холбогдох 1913000950198 дугаартай эрүүгийн хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол Улсын харьяат, Х овогт Д-ий А, 1981 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр БӨ аймгийн Б суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, БӨ аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, хэрэг Х.Хуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЕ........................
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Д.А нь БӨ аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр өглөөний 10 цагийн үед мэс заслын зөвлөх эмч Б.Б гадуур хувцастай орлоо, халдвар хамгааллын журам зөрчлөө гэх үндэслэлээр шаардлага тавихад түүнтэй маргалдаж, улмаар түүний зүүн талын гарын булчин хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ: “...Энэ хэргийн хохирогч нь би байсан. Гэтэл би өнөөдөр шүүгдэгч болон сууж байна. Би хууль зөрчөөгүй, зөвшөөрлийн дагуу 00 өрөөг янзлах гэж яваад Б.Б болон түүний хүү Б.Д нарт зодуулсан. Миний биед хөнгөн гэмтэл учирсан байхад дахин шинжилгээ хийж шинжээч нар миний биед гэмтэл учраагүй гэж худлаа дүгнэлт гаргасан явдалд гомдолтой байна. Би гэмт хэрэг үйлдээгүй тул цагаатгаж өгнө үү.” гэв.
2. Хохирогч Б.Б мэдүүлэхдээ: “...Энэ гэмт хэргийн улмаас миний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан ба “MED TRAUMA” эмнэлэгт дүрс оношилгоо хийлгэхэд 220,000 төгрөг, аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлэхэд төлсөн 31,242 төгрөг, онгоцны зардал 464,000 төгрөг, нэгдсэн эмнэлэгт хэвтэхэд зарцуулсан даатгалаас төлсөн 281,178 төгрөг, эмийн зардал 96,279 төгрөг, өмгөөллийн хөлс 340,000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна. Би эрүүл мэндээрээ хохирсон. Д.А нь надад ирж уучлалт гуйгаагүй.” гэв.
Эрүүгийн 1913000950198 дугаартай хэргээс:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
3. Хохирогч Б.Б-ий 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 92-93 дугаар хуудас/,
“Тэр үед тэрээр намайг өмсөж явсан хагалгааны өмсгөлийн зах хэсэг, цээжнээс атгаж заамдаж авч зууралдсан. Тэрээр зууралдаж яваад миний гарыг суллах гэж байгаад зүүн гарын бугалгын булчин хэсэгт гараараа цохисон. Тэгж байтал коридороор явж байсан эмч нар болох Х.Х, Б.Х, Н.М, Х.Б нар ирж салгасан” гэх мэдүүлэг,
2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 99-100 дугаар хуудас/,
“...Тухайн үед би хагалгааны цэнхэр хувцастай явж байсан юм. Бид хоёр зууралдаж чирэлцэж коридорт явж байхад миний гарыг өөрөөсөө салгахаар миний зүүн талын гарын булчингийн хэсэг рүү 2-3 удаа гараараа хүчтэй цохиж базаж авч байсан” гэх мэдүүлэг,
4. Гэрч Д.Ө-ы 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 110 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
“... 2019 оны 2 дугаар сарын 19-ний өглөө аж ахуйн албаны дарга Д.А-мэс заслын тасгийн 00-ын өрөөний цахилгааны утсыг аваадах гэж дуудахаар нь би ажлын хувцастайгаа ороод мэс заслын тасгийн 00-ын өрөөний утсыг аваад зогсож байтал Б.Б эмч намайг хараад яагаад гадуур хувцастайгаа мэс заслын тасагт яваад байгаа юм бэ гэж загнахаар нь би мэс заслын өрөөний аваарын хаалгаар гадагш гараад явчихсан. Би цахилгаан утас авах гэхэд та нар зөвшөөрөлгүй засвар хийсэн, гадуур хувцастай явж болохгүй гэж маргаан гаргасан. Тэгээд надад гар гэж хэлсэн. Би утсаа аваад гараад явсан” гэх мэдүүлэг,
5. Гэрч З.И-ын 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 111 дүгээр хуудас/,
“Б.Б эмч Д.А-тэй маргалдсаныхаа дараа зүүн гарын бугалгын хэсэг өвдөж байна гэж хэлж байсан. Маргааш нь үзэхэд хөхөрсөн байсан юм. Бугалгын хэсэг өвдөж байна гэж хэлэхэд би булчинг барьж үзэхэд тухайн хэсэг газар нь хавдсан, эмзэглэлтэй байна гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг,
6. Гэрч Х.Х-гийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 112-113 дугаар хуудас/,
“... 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн өглөө өрөөндөө байж байтал хүмүүсийн хэрэлдэх чимээ коридорт гарахаар нь би өрөөнөөсөө гартал Б.Б эмч болон Д.А нар нэг нэгнийгээ заамдаж барьж авсан хоорондоо хэрэлдээд байхаар нь Б.Х эмч бид хоёр очиж салгаж авсан. З.И эмч байсан эсэхийг нь би сайн санахгүй байна. Хэрүүл хийх чимээ гарахаар нь би өрөөнөөс гараад иртэл Б.Б эмч болон Д.А нар Б.Б эмчийн өрөөний үүдэнд ирчихсэн Х.Хлцан заамдалцаж авсан зогсож байсан. Тэр хоёр хаанаас хаана хүртэл явсан талаар мэдэхгүй байна. Яг цамцны хоолойны хэсгээр нэг нэгнийгээ заамдаж авсан байсан ба нэг нэгнийгээ цохисон зодсон асуудал болоогүй” гэх мэдүүлэг,
7. Гэрч Ш.Л-гийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 115 дугаар хуудас/,
“... Түүнийг нь би сайн мэдэхгүй, би өдрийн 08 цаг боолт хийдэг. Тухайн үйл явдал болсны дараа буюу маргааш нь Б.Б эмч надад ирээд зүүн талын булчингаа боолгосон ба булчингийн хэсэг нь хөхөрсөн байсан тул спирт, натригаар жин тавьж өгсөн юм. ...Д.А өчигдөр барьснаас болоод булчин хөхөрлөө, булчингийн няцралттай байна гэж ярьж байсан” гэх мэдүүлэг,
8. Гэрч М.К-ы 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 116 дугаар хуудас/,
“... 2019 оны 2 дугаар сарын 18-ны өглөө би өрөөндөө өвчний түүх хөтлөөд бичилт хийгээд сууж байтал хүмүүсийн маргалдах, хэрэлдэх чимээ гарсан ба цэвэрлэгээ хийгээд явж байсан хүн Б.Б эмч болон Д.А нар маргалдаж байна гэж хэлсэн. Удалгүй тэр хоёр миний өрөөний урдуур маргалдаад явсан юм. Удалгүй Д.А манай тасгаас гараад явсан юм” гэх мэдүүлэг,
9. Гэрч Ж.Т-ы 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 117-118 дугаар хуудас/,
“... Д.А-ийг бид нар хагалгааны өрөөнд оруулалгүй Д.А цаашаа явж байхад Б.Б эмч тааралдаад Б.Б эмч чи яагаад гадуур хувцастайгаа явж байгаа юм бэ гэж хэлээд тэр хоёр маргалдаад цаашаа явсан. Би гарч хараагүй болохоор юу болсныг мэдэхгүй юм .. Хагалгаа хийх өрөө хоёр хаалгатай, өвчтөний 00-ын өрөөний үүдэнд Д.А болон Б.Б эмч нар хэрэлдэж байсан. Д.А эхний хаалгаар нь орж ирээд хоёр дахь хаалгаар нь орох гэж байхад нь бид нар оруулаагүй. Тэр үед Б.Б эмч Д.А-тэй таараад чи яагаад гадуур хувцастайгаа хагалгааны өрөөний үүдэнд явж байгаа юм бэ гэхэд хоёулаа нэг нэгнийхээ гарнаас барилцаж аваад цаашаа явсан. Тэр үеэр би хагалгааны өрөөний хаалгыг хааж авсан. Түүнээс хойш юу болсныг би мэдэхгүй юм. Амангүл тухайн үед надтай цуг байсан. Болсон зүйлийг харсан эсэхийг би мэдээгүй. Д.А Б.Б эмчийн гарнаас барьчихсан байсан юм шиг харагдсан” гэх мэдүүлэг,
10. Гэрч Х.А-ийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 119 дүгээр хуудас/,
"... 2019 оны 2 дугаар сарын 18-ны өглөө ажилдаа ирээд мэс заслын тасгийн коридорт явж байтал мэс заслын тасгийн өвчтөнүүдийн 00-ын өрөөний урд Б.Б болон Д.А нар зогсчихсон Б.Б эмч Д.А-т яагаад гадуур хувцастай явж байгаа юм бэ гэж хэлж байсан. Д.А би 00-ын өрөөг засварлах гэж байна гэж хэлж байсан юм. Тухайн үед 00-ын өрөөг засварлах гэж байсан ба тэр хоёр маргалдаад Б.Б Д.А-т хандаж чи яагаад гадуур хувцастай, хэний зөвшөөрлөөр засвар хийх гэж байгаа юм бэ гэж хэлэхэд Д.А Х.Х эмчийн зөвшөөрлөөр гэж хэлсэн бөгөөд Б.Б эмч Х.Х эмчээс асууна гэж хэлээд тэр хоёр эмч нарын өрөөг чиглэн явсан. Би асрагч Ж.Т-ы хамт хагалгааны өрөөг янзлахаар хагалгааны өрөө рүү орсон. Тэр өдөр хөлийн яс хадах хагалгаанд орох гэж байсан бөгөөд Д.А гадуур хувцастай мэс заслын тасагт орсон. Шөнө нь 00-ын өрөөний бохирыг хагалгааны өрөөгөөр дамжуулан зөөсөн гэх үндэслэлээр хагалгаа бүгд хойшлогдсон юм’ гэх мэдүүлэг,
11. Гэрч Г.Б-ийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 120 дугаар хуудас/,
“... 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн өглөө би коридорын шал угаагаад явж байтал 00-ын өрөөний урд Д.А болон Д.Ө нар гадуур хувцастайгаа засвар хийх гэж байсан ба Б.Б эмч палатуудаар явж байгаад тэр хоёртой тааралдаад ясны хагалгаанд орох гэж байна, та нар гадуур хувцастайгаа яагаад энд явж байгаа юм бэ, асуугаад орохгүй яасан бэ, хагалгаатай үгүйг нь асуухгүй яасан юм бэ гэж хэлэхэд Д.А би ажлаа хийж байна гэж хэлээд тэр хоёр заамдалцаж аваад эмч нарын өрөөг чиглэн явсан. Би тэр коридороо угаагаад үлдсэн юм” гэх мэдүүлэг,
12. Гэрч Б.Х-ийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 121 дүгээр хуудас/,
“... 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн үдээс өмнө мэс заслын тасагт З.И, Х.Х бид гурав сууж байхад Б.Б эмчийн орилох дуу гарахаар нь бүгдээрээ эмчийн өрөөнөөс гартал Д.А болон Б.Б эмч хоёр нэг нэгнийхээ цамцны мөрний хэсгээс барьчихсан тасгийн гарах хаалгыг чиглэн ирж байсан бөгөөд Д.А нь Б.Б-ий гарыг тавиулах гээд гараараа Б.Б-ий гар луу 2 удаа нудрах хөдөлгөөн хийж ирж байсан. Бид нар тэр хоёр хүний өөдөөс очиход Б.Б болон Д.А нар бие биенийгээ тавьсан. Б.Б- эмч хэлэхдээ Д.А-т чи яагаад хагалгааны өрөөнд гадны хувцастай явж байгаа юм бэ гэхэд Д.А Б.Б эмчид тайлбар хэлж байсан, яг ямар тайлбар хэлснийг нь би санахгүй байна. Б.Б эмч Х.Х-д хандаж чи яахаараа гадны хувцастай хүмүүсийг хагалгааны өрөөнд оруулаад байгаа юм бэ гэж хэлэхэд Х.Х эмч би мэдээгүй гэж хэлсэн юм. Үдээс өмнө Б.Б эмч миний гар өвдлөө гэх зүйлс хэлээгүй бөгөөд үдээс хойш миний зүүн талын гарын бугалгын булчин өвдөөд байна гэж хэлээд зовуурилаад байна гэсэн. Маргааш өглөө нь ирэхэд тэр хүний зүүн талын гарын булчингийн хэсэг нь хонхойгоод эргэн тойронд нь хөхрөлт үүсэж, хавдсан байсан тул гараа хөдөлгөж чадахгүй байна гэж хэлж байсан юм” гэх мэдүүлэг,
13. Гэрч Т.С-ы 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 122-123 дугаар хуудас/,
“... Маргааш нь буюу 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Б.Б эмч надад ирээд танай Д.А гэдэг нөхөр хагалгааны А бүсэд гадуур хувцастай яваад байна, халдвар хамгааллын журам зөрчөөд байна, шаардлага тавихаар биелүүлэхгүй хүн рүү дайраад байна, Д.А-ийг ном журмынх нь дагуу ажиллуулж өгөөрэй, миний гар хөхөрсөн байгаа гээд явсан. Тэр даруйд нь би Д.А-ийг дуудаад чи эмчийн шаардлагыг биелүүлээрэй, хагалгааны бүсэд битгий гадуур хувцастай яваарай, тасгаас зөвшөөрөл аваарай, зодуулсан асуудлаа хуулийн байгууллагаар шийдүүлээрэй, сахилга баттай ажиллана шүү гэж сануулаад гаргасан. Уг үйл явдал болсноос хэд хоногийн дараа Б.Б эмч надад ирээд гарынхаа булчингийн хэсгийн эхоны зургийг надад үзүүлэхэд би уг эхо зургийг харахад булчингийн хэсэгт голомтот өөрчлөлттэй байна, цус хурсан байж болзошгүй гэж хоёулаа ярилцсан. Би Б.Б эмчийн гарын булчин хэсгийг тэмтэрч үзэхэд хэсэг газар нь булчин чангарсан, хөхөрсөн, товойсон байсан юм. Би өөрөө дүрс оношилгооны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд эхогийн зургийг нь харахад хэсэг газар цус хурсан, булчин чангарсан байсан юм. ..Д.А намайг зодсоны улмаас миний гарын булчин ийм болсон гэж хэлсэн. Яг хэрхэн яаж зодсон талаар дэлгэрэнгүй яриагүй маш их бухимдалтай яваад байсан юм” гэх мэдүүлэг,
14. Гэрч Х.Б-ы 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 125 дугаар хуудас/,
“... Миний хүү М-ын хөл нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүнд зодуулсны улмаас хугарсан тул М эмнэлэгт хэвтсэн юм. 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр М-ын хөлөнд хагалгаа хийх ёстой байтал мэс заслын тасгийн 00-ын өрөөнд засвар хийсэн асуудлаас болоод Б.Б эмч аж ахуйн албаны даргатайгаа маргалдсан. Хагалгаанд орох гэж байхад засвар хийсний улмаас хагалгааны өрөө бохирдлоо, яг хагалгаа хийх гэж байхад засвар хийж бохирдууллаа гэж тэр хоёр маргалдсан. Б.Б эмч болон аж ахуйн албаны дарга хоёр хагалгааны өрөөний урд байдаг 00-ын өрөөний үүдэнд маргалдаж байгаад Б.Б болон Д.А нар бие биенийгээ барилцаж аваад түлхэлцэхээр нь би хажууд нь зогсож байсан тул больцгоо гэж хэлсэн боловч намайг тоолгүй, барилцаж авсан чигээрээ Б.Б эмч аж ахуйн албаны даргаа наашаа яв гэж хэлээд эмчийн өрөө рүү явцгаасан юм. Тэр өдөр М-ын хөлөнд хагалгаа хийгээгүй юм. Учир нь хагалгааны өрөө бохирдсон байх магадлалтай, цэвэрлэгээ, ариутгал хийнэ гэж хэлсэн ба 2 хоногийн дараа хагалгаа хийсэн юм. М-ын хөлөнд хагалгаа хийхэд Б.Б эмч ороогүй юм" гэх мэдүүлэг,
15. Гэрч Б.Х-ийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 126 дугаар хуудас/,
“... Би хүмүүсийн хэрэлдэх дууны чимээгээр эмч нарын өрөөнөөс гарч ирээд харахад Б.Б болон Д.А нар маргалдаад мэс заслын тасгийн коридороор үүдийг чиглэн ирж байсан. Тухайн үед Б.Б эмч Д.А-ийн баруун талын мөрний хувцаснаас зуураад мэс заслын тасгаас гаргахаар чирч байсан бөгөөд Д.А Б.Б-ийг эсэргүүцэж түүний гарыг нь тавиулахаар баруун тохойгоороо Б.Б-ий зүүн талын гарын бугалгын хэсэг рүү 2-3 удаа цохиж нидрэх, тохойлдох маягийн хөдөлгөөн хийж байсан. Хэр хүчтэй хүрч байгааг би мэдээгүй. Мөн ирж байх замдаа хэрэлдээд зогсож нэг нэгнийгээ түлхэлцэж байсан юм. Миний одоо санаж байгаа зүйл энэ байна. Тэр хоёрын нэг нэгэндээ хэлж байсан үгсийг би мартсан байна” гэх мэдүүлэг,
16. Гэрч Б.М-ын 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 127 дугаар хуудас/,
“... 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр байсан байх, оройн цагаар эмнэлгийн аж ахуйн албаны дарга гэх хүн мэс заслын тасгийн 00-ын өрөөнд засвар хийж эхэлсэн бөгөөд 2019 оны 2 дугаар сарын 18-ны өглөө би хагалгаанд орох гэж байтал Б.Б эмч тухайн ах ахуйн албаны дарга гэх хүнтэй ямар ч зөвшөөрөлгүй яагаад 00-д засвар хийсэн бэ, хагалгааны өрөөнд бохир орчихлоо, бүх хагалгааг зогсооно гээд тэр хоёр маргалдаад аж ахуйн даргыг мэс заслын тасгаас хөөж гаргаж байсан юм. Миний хөл хугарчихсан байсан тул тухайн үйл явдлыг хараагүй ба намайг хагалгаанд ороход сахиураар аав Бахытхан орсон байсан ба аав үйл явдлыг харсан юм” гэх мэдүүлэг,
17. Гэрч Б.Ж-ын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 128 дугаар хуудас/,
“... Би 2019 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт осолд орсны улмаас хэвтэн эмчлүүлсэн. Надтай цуг нэг өрөөнд Б.М гэх хөл нь хугарсан хүн хэвтэж байсан. Биднийг хэвтэж байхад Б.Б эмч нэг хүнтэй маргалдаж байсан. Би тухайн үед өрөөнөөсөө гараагүй бөгөөд Б.Б эмч нөгөө маргалдаж байгаа хүнд хандаж хагалгаа хийхгүй, цэвэрлэгээ хийж байгаад хагалгаа хийнэ гэж хэлж байсныг сонссон. Б.Б эмчийн хэнтэй юуны улмаас маргалдаж байсныг нь би мэдээгүй ба Б.М надад хэлэхдээ миний хөлөнд хийгдэх хагалгаа хойшиллоо, 3 хоногийн дараа хийх юм шиг байна гэж хэлж байсан юм" гэх мэдүүлэг,
18. Гэрч Х.М-ийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 129 дүгээр хуудас/,
“... Маргааш нь Б.Б- эмч надад орж ирээд Д.А- намайг зодлоо миний гарын булчин тасарлаа гэж хэлсэн" гэх мэдүүлэг,
19. Гэрч А.М-ы 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 131 дүгээр хуудас/,
“... 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр үдээс хойш намайг амбулаторийн тасагт өрөөндөө сууж байхад Б.Б эмч бусдад зодуулсан гээд ирж үзүүлсэн. Үзүүлэх үед хүзүүгээр өвдөж байна, зүүн гарын бугалгаар өвдөж байна гэсэн зовиур хэлж байсан юм. Түүний биеийг үзэхэд түүний хүзүүндээ арьсны зулгаралттай, улайлттай, зүүн талын гарын бугалгын булчин доошоогоо татагдаж зангирсан байсан тул эмчилгээ бичиж өгсөн юм. Амбулаторийн картанд үзүүлсэн тухай тэмдэглэл хийлгэж авсан юм. Үүнээс хойш энэ гэмтлийн улмаас надад эргэж үзүүлээгүй. Юу болсон талаар асуухад манай нэгдсэн эмнэлгийн аж ахуйн дарга Д.А нь мэс заслын тасгийн халдвар хамгааллын дэглэм зөрчиж урьдчилан сануулаагүйгээр мэс заслын тасгийн хагалгааны блокт орж ажил явуулж байсныг зогсоох гээд зүй ёсны шаардлага тавьж очиход урдаас эсэргүүцэж зодолдсон гэж хэлж байсан юм” гэх мэдүүлэг,
20. Гэрч К.А-ийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 135 дугаар хуудас/,
“Би 2019 оны 2 дугаар сард Б.Б эмчийн зүүн талын гарын булчингийн хэсгийг эхогоор үзэж байсан юм. Яг хэдний өдөр байсныг нь би сайн санахгүй байна. Намайг түүний зүүн талын гарын булчингийн хэсгийг үзэхэд атгаалын булчин нь зангирсан, зангирсан хэсэгт нь 6 см орчим шингэн хурсан байсан. Шингэн хурсан байсан тул өөр ямар гэмтэл учирсан эсэх нь харагдах боломжгүй байсан тул би шөрмөс нь тасарсан байх гэж бодоод шөрмөс тасарсан талаар бичиж өгсөн юм. Би шөрмөс тасарсан байх талаар магадлалтай гэж үзсэн. Би уг үзлэг хийсэн талаараа Б.Б эмчийн өвчтөний картанд бичсэн юм” гэх мэдүүлэг,
21. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Б-ы 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №112 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 143-144 дугаар хуудас/,
22. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №664 дугаартай дүгнэлт /хавтас хэргийн 192-194 хуудас/,
23. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:
- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 01/813 дугаартай “Д овогтой А /БЕ......................./-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх тодорхойлолт /хх-ийн 205/,
- 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр олгосон “РД:БЕ......................., овог: Х, эцэг /эх/-ийн нэр:Д, нэр:А, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар: БӨ , Буянт, төрсөн огноо:1981/01/12, хаяг:БӨ ,Ө , 4-р баг, Их булан 6 гудамж, 11 тоот, хүчинтэй хугацаа:2026/01/12, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 206/,
- БӨ аймгийн Автотээврийн төвийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 92 дугаартай “Д овогтой А /БЕ......................./-ийн нэр дээр 1011 БӨҮ дугаартай Toyota Rummion” маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна” гэх албан бичиг /хх-ийн 207/,
- Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Д.А-ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасныг баримтлан 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байжээ. /хх-ийн 210-218/,
- БӨ аймгийн Прокурорын газрын 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 5/146 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тогтоолын хуулбар /хх-ийн 219/,
- БӨ аймгийнӨ сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Тус багийн иргэн Д овогтой А нь БЕ....................... регистрийн дугаартай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг” гэх тодорхойлолт /хх-ийн 220/
- Шүүгдэгч Д.А нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 221/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг танилцуулж, шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Шүүгдэгч Д.А нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч БӨ аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өглөөний 10 цагийн үед мэс заслын зөвлөх эмч Б.Б гадуур хувцастай орлоо, халдвар хамгааллын журам зөрчлөө гэх үндэслэлээр шаардлага тавихад түүнтэй маргалдаж, улмаар түүний зүүн талын гарын булчин хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч Б.Б-ий “...Бид хоёр зууралдаж чирэлцэж коридорт явж байхад миний гарыг өөрөөсөө салгахаар миний зүүн талын гарын булчингийн хэсэг рүү 2-3 удаа гараараа хүчтэй цохиж базаж авч байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Ө-ы “... 2019 оны 02 дугаар сарын 19-ний өглөө аж ахуйн албаны дарга Д.А-мэс заслын тасгийн 00-ын өрөөний цахилгааны утсыг аваадах гэж дуудахаар нь би ажлын хувцастайгаа ороод мэс заслын тасгийн 00-ын өрөөний утсыг аваад зогсож байтал Б.Б эмч намайг хараад яагаад гадуур хувцастайгаа мэс заслын тасагт яваад байгаа юм бэ гэж загнахаар нь би мэс заслын өрөөний аваарын хаалгаар гадагш гараад явчихсан, тэрнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй” гэх мэдүүлэг, гэрч З.И-ын “...Б.Б эмч Д.А-тэй маргалдсаныхаа дараа зүүн гарын бугалгын хэсэг өвдөж байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, гэрч Х.Х-гийн: “...би өрөөнөөсөө гартал Б.Б эмч болон Д.А нар нэг нэгнийгээ заамдаж барьж авсан хоорондоо хэрэлдээд байхаар нь Б.Х эмч бид хоёр очиж салгаж авсан...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Л-гийн: “...Д.А өчигдөр барьснаас болоод булчин хөхөрлөө, булчингийн няцралттай байна гэж ярьж байсан” гэх мэдүүлэг, гэрч М.К-ы “...Б.Б эмч болон Д.А нар маргалдаж байна гэж хэлсэн ба удалгүй тэр хоёр миний өрөөний урдуур маргалдаад явсан” гэх мэдүүлэг, гэрч Ж.Т-ы “...Д.А Б.Б эмчийн гарнаас барьчихсан байсан юм шиг харагдсан” гэх мэдүүлэг, гэрч Х.А-ийн “... Б.Б Д.А-т хандаж чи яагаад гадуур хувцастай, хэний зөвшөөрлөөр засвар хийх гэж байгаа юм бэ гэж хэлэхэд Д.А Х.Х эмчийн зөвшөөрлөөр гэж хэлсэн бөгөөд Б.Б эмч Х.Х эмчээс асууна гэж хэлээд тэр хоёр эмч нарын өрөөг чиглэн явсан” гэх мэдүүлэг, гэрч Г Б-гийн “...Д.А би ажлаа хийж байна гэж хэлээд тэр хоёр заамдалцаж аваад эмч нарын өрөөг чиглэн явсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Х-ийн: “...Б.Б эмч миний гар өвдлөө гэх зүйлс хэлээгүй бөгөөд үдээс хойш миний зүүн талын гарын бугалгын булчин өвдөөд байна гэж хэлээд зовуурилаад байна гэсэн ба маргааш өглөө нь ирэхэд тэр хүний зүүн талын гарын булчингийн хэсэг нь хонхойгоод эргэн тойронд нь хөхрөлт үүсэж, хавдсан байсан..” гэх мэдүүлэг, гэрч Т.С-ы: “...Уг үйл явдал болсноос хэд хоногийн дараа Б.Б эмч надад ирээд гарынхаа булчингийн хэсгийн эхоны зургийг надад үзүүлэхэд би уг эхо зургийг харахад булчингийн хэсэгт голомтот өөрчлөлттэй байна, цус хурсан байж болзошгүй гэж хоёулаа ярилцсан. Би Б.Б эмчийн гарын булчин хэсгийг тэмтэрч үзэхэд хэсэг газар нь булчин чангарсан, хөхөрсөн, товойсон байсан” гэх мэдүүлэг, гэрч Х.Б-ы “...00-ын өрөөний үүдэнд маргалдаж байгаад Б.Б болон Д.А нар бие биенийгээ барилцаж аваад түлхэлцэхээр нь би хажууд нь зогсож байсан " гэх мэдүүлэг, гэрч Б.М-ын “...Б.Б эмч тухайн ах ахуйн албаны дарга гэх хүнтэй ямар ч зөвшөөрөлгүй яагаад 00-д засвар хийсэн бэ, хагалгааны өрөөнд бохир орчихлоо, бүх хагалгааг зогсооно гээд тэр хоёр маргалдаад ах ахуйн даргыг мэс заслын тасгаас хөөж гаргаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Ж-ын “...Б.Б эмч нөгөө маргалдаж байгаа хүнд хандаж хагалгаа хийхгүй, цэвэрлэгээ хийж байгаад хагалгаа хийнэ гэж хэлж байсныг сонссон " гэх мэдүүлэг, гэрч Х.М-ийн “... Маргааш нь Б.Б эмч надад орж ирээд Д.А намайг зодлоо миний гарын булчин тасарлаа гэж хэлсэн" гэх мэдүүлэг, гэрч А.М-ы “...Б.Б эмч бусдад зодуулсан гээд ирж үзүүлсэн” гэх мэдүүлэг, гэрч К.А-ийн: “...намайг түүний зүүн талын гарын булчингийн хэсгийг үзэхэд атгаалын булчин нь зангирсан, зангирсан хэсэгт нь 6 см орчим шингэн хурсан өөр ямар гэмтэл учирсан эсэх нь харагдах боломжгүй байсан тул би шөрмөс нь тасарсан байх гэж бодоод шөрмөс тасарсан талаар бичиж өгсөн” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Б-ы 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №112 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №664 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн үл ойлголцох нөхцөл байдал, бусадтай харилцах харилцааны соёл дутмаг, дээрэлхүү байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, архидан согтуурсан үедээ, хувийн сэдэлтээр, бусдыг үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Б.Б-ий биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа нь өвчний түүх, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Б-ы 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №112 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №664 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.А-ийн дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С нь шүүхийн хэлэлцүүлэгт “... Миний үйлчлүүлэгч Д.А хохирогч Б.Б-ийг зодоогүй ба Б.Б эхэлж довтлоход өөрийгөө хамгаалах зорилгоор заамдаж авах асуудал гарсан тул аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Тиймээс цагаатгах саналтай” гэж тайлбарлаж маргах боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудад шүүхээс дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Д.А-ийн үйлдэлд өөрийгөө хамгаалах зорилгоор аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.
Халдлага бодитой байх нь иргэний ашиг сонирхолд хор хохирол учирч байгаа эсхүл тийм хор хохирол учрах бодитой шууд аюул тулгарсан, заналхийлэл бий болгосныг ойлгоно. Өөрөөр хэлбэл аюул нь хамгаалалт хийж буй хүний төсөөлөлд биш, харин бодитой оршиж байх ёстой юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3-д “хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж заажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “...Энэ хэргийн гол гэрч Б.Х нь мөрдөн шалгах ажиллагаанд 2 удаа мэдүүлэг өгөхдөө зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй. Бусад гэрч нар Д.А нь хохирогч Б.Б-ийг зодож байсныг хараагүй ба зөвхөн хүнээс сонссон, зодолдоогүй заамдалцаж явж байсан” гэж тайлбарлаж маргах боловч хавтаст хэргээс гэрч Б.Х-ийн мэдүүлгийг судалж үзэхэд уг хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг үгүйсгэх хэмжээний зөрүүтэй мэдүүлэг өгөөгүй байна./хх-ийн 121, 126 дугаар хуудас/
Мөн бусад гэрч нарын мэдүүлгийг дүгнэж үзэхэд шүүгдэгч хохирогч нар маргаж байсан, нэг нэгэнтэйгээ заамдалцаж ирж байсан гэдгийг нотолсон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.А-ийн хууль бус үйлдэл болон хохирогч Б.Б-ий биед учирсан хүндэвтэр гэмтэл хоёрын хооронд цаг хугацаа, орон зайн хувьд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Д.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Энэ хэргийн хохирогч нь би байсан. Гэтэл би өнөөдөр шүүгдэгч болон сууж байна. Би хууль зөрчөөгүй, зөвшөөрлийн дагуу 00 өрөөг янзлах гэж яваад Б.Б болон түүний хүү Б.Д нарт зодуулсан. Миний биед хөнгөн гэмтэл учирсан байхад дахин шинжилгээ хийж шинжээч нар миний биед гэмтэл учраагүй гэж худлаа дүгнэлт гаргасан явдалд гомдолтой байна” гэж тайлбарлаж маргах боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.А нь хохирогч Б.Б-тэй маргалдаж түүний биед хүндэвтэр гэмтэл учруулж хэргийн газраас явсны дараа байгууллагын 3 давхарт Д.А-ийн өрөөнд хохирогч Б.Б-ий хүү Б.Д болон шүүгдэгч Д.А нар маргалдаж, заамдалцаж, ноцолдож байсан нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД бичлэг болон гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон байна. Уг зөрчилд холбогдогч Б.Д-ы үйлдлийг шалгаж, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэжээ.
Мөн шүүгдэгч Д.А нь өөрийн биед гэмтэл учирсан гэж дүгнэлт гаргуулахаар мөрдөгчид хүсэлт гаргасан бөгөөд БӨ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 110 дугаар дүгнэлтээр иргэн Д.А-ийн биед хөнгөн гэмтэл учирсан гэдгийг тогтоосон. Гэтэл шинжээчийн уг дүгнэлтийг Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 458 дугаар дүгнэлт, мөн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2019 оны 05 дүгээр сарын 20-ний өдрийн 665 дугаар шүүх эмнэлгийн давтан магадлан шинжилгээгээр Д.А-ийн биед учирсан хүзүүний арьсны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. БӨ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 110 дугаар дүгнэлт үндэслэлгүй байна. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын комисс шинжээчийн гаргасан 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 458 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэжээ. Шинжээч нарт дүгнэлт гаргахдаа Монгол улсын шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу шинжилгээ хийлгэхийг даалгаж, тус хуулийн 13,14 дүгээр зүйлд заасан эрх үүргийг тайлбарлан өгч зориуд худал дүгнэлт гаргавал Монгол улсын Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйд заасан хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж хуульд заасан журмын дагуу дүгнэлт гаргасан байна.
Иймд шүүгдэгч Д.А-ийг бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл учруулаагүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ий эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан ба хавтаст хэрэгт авагдсан “MED TRAUMA” эмнэлэгт дүрс оношилгоо хийлгэхэд төлсөн 220,000 төгрөг /хх-ийн 160,161, 236 дугаар хуудас/ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлэхэд эмчлүүлэгчээс төлсөн 31,242 төгрөг /хх-ийн 46 дугаар хуудас/ бүгд 251,242 төгрөгийг шүүгдэгч Д.А-ээс гаргуулан хохирогч Б.Б-д олгож, хохирогч Б.Б-ий онгоцны зардал гэх 464,000 төгрөгийн нотлох баримтаа хуульд заасан шаардлагыг хангаж, аймгийн нэгдсэн эмнэлэг нь байгууллагад учирсан хохирол гэх нэгдсэн эмнэлэгт хэвтэхэд зарцуулсан даатгалаас төлсөн 281,178 төгрөг, эмийн зардал 96,279 төгрөгийн төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Харин хохирогчийн илүү нэхэмжилсэн өмгөөллийн хөлс гэх 340,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгов. Учир нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан ба хохирогч өөртөө хууль зүйн туслалцаа авах зорилгоор өмгөөлөгчид төлсөн хөлсийг шүүгдэгчээр гаргуулах боломжгүй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.А-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч Д.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар болон шүүх хуралдаанд талуудын гаргасан саналуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850000 төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.А цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болно.
Шүүгдэгч Д.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээж, хэргийн хамт ирүүлсэн СД бичлэг 2 ширхгийг хэргийн хамт хадгалж хадгалж, шүүгдэгчийн гадаад паспортыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Д-ий А-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ийг 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850000 /найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.А нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.А-ээс 251,242 /хоёр зуун тавин нэгэн мянга хоёр зуун дөчин хоёр / төгрөг гаргуулан хохирогч Б.Б-д олгож, илүү нэхэмжилсэн 340,000 /гурван зуун дөчин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б-ий онгоцны зардал гэх 464,000 төгрөг /дөрвөн зуун жаран дөрвөн мянга/, аймгийн нэгдсэн эмнэлэг нь байгууллагад учирсан хохирол гэх даатгалаас төлсөн 281,178 /хоёр зуун наян нэгэн мянган нэг зуун далан найм/ төгрөг, эмийн зардал 96,279 /ерөн зургаан мянган хоёр зуун далан ес/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч Д.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.А-ийн Е1861352 дугаартай гадаад паспортыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК