Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 01112

 

 

 

 

 

 

 

 

 

       2016 оны 11 сарын 15 өдөр

   Дугаар 183/ШШ2016/01112

                       Улаанбаатар хот

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,                                                                                              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн 11-р хороо, 50-15 тоотод оршин суух Балдангийн Уранцэцэгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11-р хороо, өөрийн байр, Удирдлагын Академид холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 20 163 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Солонго оролцов.

 

Нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Уранцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2015 оны 11 сарын 15-нд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Энэ үедээ би Удирдлагын академийн багш ажилтны үйлдвэрчний хорооны даргын сонгуульт үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хууль дахь Үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийнх нь болон хамт олны зөвшөөрлийн үндсэнд ажил олгогчийн санаачилгаар халах тухай заалт зөрчсөн хэмээн шүүхэд хандсан билээ. Шүүх 2016 оны 01 сарын 18-ны өдрийн шийдвэрээр өмнөх ажилд эргүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг нь хэсэгтээ хүлээсэн ч сайн дураараа биелүүлэх нь эргэлзээтэй болсон тул 2016 оны 04 дүгээр сарын эхээр тамгын газрын дарга О.Дондовын гар утасруу шаардан мессеж илгээсний зэрэгцээ бичиг хэрэг, архивын ажилтан Оюунгэрэлээр дамжууулж удирдлагад бичиг хүргүүлсэн. Иймд Удирдлагын академиас 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 11 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 20 163 000 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлд заасны дагуу нөхөн гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ...Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлд заасны дагуу нэхэмжлэгч Б.Уранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж хариуцагч Удирдлагын академитай дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав. Ажилгүй байсан хугацааны цалин болох 20 163 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Удирдлагын академийн захиргаанаас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 сарын 28-ны өдрийн 1019 дугаар шүүхийн шийдвэрт зааснаар Б.Уранцэцэгийн ажилгүй байсан нийт хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, Б.Уранцэцэгийг Удирдлагын академид 50 хувийн ноогдол бүхий багшаар ажиллуулж, Б.Уранцэцэгт ажилгүй байсан хугацааны төлбөрт 10 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцов. Иймд бидний байгуулсан эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Уранцэцэг нь хариуцагч Удирдлагын Академид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 20 163 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Уранцэцэг нь ажилгүй байсан хугацааны цалин болох 20 163 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, хариуцагч Удирдлагын Академийн захиргаанаас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 сарын 28-ны өдрийн 1019 шийдвэрийн дагуу Б.Уранцэцэгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, Б.Уранцэцэгийг 50 хувийн ноогдол бүхий багшаар ажиллуулж, ажилгүй байсан хугацааны цалингийн төлбөрт 10 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Уранцэцэг нь хариуцагч Удирдлагын Академид холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 20 163 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзаж, хариуцагч Удирдлагын Академи нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 сарын 28-ны өдрийн 1019 шийдвэрийн дагуу Б.Уранцэцэгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, Б.Уранцэцэгийг 50 хувийн ноогдол бүхий багшаар ажиллуулж, ажилгүй байсан хугацааны цалингийн төлбөрт 10 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 352 508 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Удирдлагын Академиас 174 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Уранцэцэгт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

  

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Б.МӨНХЖАРГАЛ