Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                Хэргийн индекс:114/ 2017/0042/3     

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан  тус шүүхийн шүүх  хуралдааны  танхимд  нээлттэй хийсэн  шүүх  хуралдаанаар

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хорооны Их тойруу-21 Премиум Паласийн 6 дугаар давхарын ******* тоотод байрлах, “Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

               Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 07 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх саналыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч   З-

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                              Ч-нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгч З-оос шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:- Манай компани нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Тариат нэртэй газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсээс бүртгэлийн 026155 дугаарт бүртгэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг хийж, дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар талбай байрших аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 2015 оны 9 дугаар сарын 09-ний өдрийн 6/6977 тоот мэдэгдлийн дагуу манай хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар Аймгийн Засаг дарга “дэмжихгүй” санал ирүүлсэн учир татгалзсан болохыг мэдэгдсэн. Ийнхүү татгалзсан болохыг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 7/5009 тоотоор хариу мэдэгдсэний дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас ямар үндэслэлээр татгалзсан, орон нутгаас ямар санал ирсэн зэргийг мэдэхээр Ашигт малтмал, газрын тосны газарт бичгээр хүсэлт тавин 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хариу хүлээн авсны үндсэн дээр Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 7 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн бөгөөд тус саналаар манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн саналыг хүргүүлсэн болохыг мэдсэн.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд Ашигт  малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т зааснаар анхан шатны шүүлтийг хийж, дээрх талбай нь ямар нэг байдлаар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцаагүй, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн тохиолдолд аймгийн Засаг даргаас саналыг авахаар явуулсан бөгөөд үүнийг хуулиар тогтоосон байхад аймгийн Засаг дарга энэ тохиолдолд татгалзах эрхгүй, газрын давхцал нь хууль зүйн хувьд татгалзах  үндэслэл болохгүй юм. Газрын хэвлийн тухай хуулиар газрын хэвлийд ашигт малтмал хайх, олборлоход газар эзэмшигч, ашиглагчийн зөвшөөрлийг авдаг хуулийн зохицуулалт байдаг. Энэ нь тусгай зөвшөөрлөө авсны дараа хийгдэх ажиллагаа юм. Тиймээс Газрын тухай хуульд зааснаар газрын гадаргуу дээрх газар эзэмшигч, ашиглагчийн давхардаж байгаа бол нөхөн төлбөр төлөх замаар зохицуулагддаг журамтай. Харин хайгуул хийхээр хүсэлт өгсөн талбайд тариалангийн газар давхцаж байгаа гэсэн үндэслэлээр Засаг даргын татгалзал нь хуульд заасан татгалзах үндэслэл болохгүй байна.

Мөн Аймаг, нийслэлийн Засаг дарга саналаа сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн саналыг авч хариуг хүргүүлэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5-д зохицуулсан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 9-д “19.4-т заасан хурлын санал нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна” гэж тайлбарласан байна. Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдын “дэмжихгүй” саналын үндэслэл нь “Хонгор сумын газар тариалангийн талбайтай бүхэлдээ давхцаж байна” гэсэн байна. Ийм төрлийн газруудад ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон хуулийн зохицуулалт байхгүйгээс гадна хуульд аймаг, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналыг авахаар заасан байхад аймаг, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс санал авалгүйгээр дангаараа санал гаргаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн  байна.

Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 07 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ыг хүчингүй болгуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 7 тоот албан бичгээр Хонгор сумын нутаг Тариат гэх газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн газар нь газар тариалангийн талбай, хадлангийн талбайтай давхцаж байсан учир  дэмжихгүй саналыг Ашигт малтмалын газарт уламжилсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь заалттай нийцэж байна.

Засаг даргын санал нь захиргааны акт биш гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан эрх зүйн шууд үр дагавар үүсгэхгүй  байгаа тул Засаг даргын саналыг захиргааны акт гэж үзэх боломжгүй байна. Харин Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 407 тоот шийдвэрийг захиргааны акт гэж үзэж байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар шийдвэрлэх эрх нь Ашигт малтмалын тухай хуулиараа Ашигт малтмал, газрын тосны газрын шийдвэрлэх асуудал юм.

Мөн Ашигт малтмалын газраас мэдэгдэл ирэнгүүт сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг хуралдуулах боломжгүй байсан. Учир нь аймгийн Засаг даргын хүсэлтээр Хурал хуралддаггүй. Иргэд, хуулийн этгээдийн газар тариалангийн газартай давхцаж байгаа учир иргэний өмчлөл, эзэмшил яригдана. Тэдгээрийн эзэмшилд халдах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                          

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж  шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн  “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 07 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ыг хүчингүй болгуулах тухай” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч  “Х-” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутгийн Тариат нэртэй газарт 2389 гектар талбайд  ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсээс өргөдлийг бүртгэж, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д “Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана” гэж заасны дагуу мэдэгдлийг Дархан-Уул аймгийн Засаг даргад хүргүүлсэн болох нь Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсээс “Х-” ХХК-ийн өргөдлийг  2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр NE-026155 дугаарт бүртгэсэн бүртгэл, анхан шатны шүүлт хийсэн тодорхойлолт, өргөдлийн дотоод хяналтын хуудас, Ашигт малтмалын газрын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 6/6977 тоот мэдэгдэл зэргээр нотлогдож байна. Анхан шатны шүүлтээр талбайг 2395.03 гектараар тодорхойлсон байх ба талууд талбайн хэмжээний талаар маргаан үүсгээгүй болно.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь дээрх мэдэгдлийг хүлээн авч хянаад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “е”-д “нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх”, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуг өгч болно” гэж  зааснаар “Хонгор сумын газар тариалангийн талбайтай бүхэлдээ давхцаж байна” гэсэн үндэслэлээр 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 7 тоот саналаар “дэмжихгүй” гэсэн хариуг 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1-1653 дугаартай албан бичгээр хүргүүлсэн байна.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь дээрх хуульд зааснаар татгалзсан хариуг өгөх эрхтэй боловч маргаан бүхий актыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12-т  “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын  саналыг авч Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах”, 30 дугаар зүйлийн 30.1.13-д “харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх”, ”  Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх ...” гэж заасныг тус тус зөрчиж тухайн талбай байрших сумын Хурал болон Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрийг авалгүйгээр саналыг хүргүүлсэн болох нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 80 дугаар, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 239 дугаар албан бичиг болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Тэргүүлэгчдийг хуралдуулах боломжгүй” гэсэн тайлбараар тогтоогдож байна.

 Иймд хариуцагч аймгийн Засаг даргын “дэмжихгүй” гэсэн санал нь хуульд заасан журмыг зөрчсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Засаг даргын санал” нь захиргааны акт биш” гэх тайлбарын тухайд:

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь харъяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч”, 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “е”-д “нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх” гэж зааснаар Дархан-Уул аймгийн Засаг дарга нь төрийн удирдлагыг хэрэгжүүлэх төрийн албан тушаалтан бөгөөд  тусгай зөвшөөрөл олгох эсэхэд санал өгөх хуульд заасан бүрэн эрхтэй байна.

 Засаг дарга нь “санал”-ыг хуульд заасан журмын дагуу заасан хугацаанд заавал гаргаж хүргүүлэх үүрэгтэй байх бөгөөд “санал” нь  Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2,19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай олгох шийдвэр гаргаж, ...өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасны дагуу өргөдөл гаргагчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаарх харилцааг зохицуулах, төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн үндэслэл болж  эрх зүйн үр дагавар шууд бий болгож байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан шинжийг агуулсан захиргааны акт байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийн “е”, 30 дугаар зүйлийн 30.1.13, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Х-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын Тариат нэртэй газарт 2395.03 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авах өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн 07 дугаар саналыг хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг  баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  “Х-” ХХК -д  олгосугай.        

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэ хуулийн 108.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         З.ЭНХТУЯА